Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00320

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2018/00896 дугаар шийдвэр,

            Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

   Б ын нэхэмжлэлтэй,

            Н , Н  нарт холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгчээс 2014 оны 02 сарын 11-ний өдөр хариуцагч нарын ээж болох З.Оюунтунгалагт 7,000,000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй бөгөөд эд зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагддаг. Энэ хүрээнд З.Оюунтунгалагийн эзэмшиж байсан Хаан банкны 5721361495 тоот дансруу 7,000,000 төгрөгийг Б  шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нас барсан бөгөөд тухайн үүргийг түүний өв хүлээн авагч нар хариуцахаар болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс тогтоосон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй бөгөөд Н , Н  нар түүний өвлөгч буюу өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тогтоосон. Түүнчлэн тухайн 7,000,000 төгрөгийг хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шаардсан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба Б ыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан гэж үзэхээр байна. Иймд тухайн зээлийн гэрээний үүргийг түүний өв хүлээн авагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюуны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2014 оны 2 дугаар сард намайг Солонгос Улсад байж байхад дүү залгаад “надад мөнгөний хэрэг боллоо 7,000,000 төгрөг зээлээч” гэхээр нь хүү рүүгээ ярьсан. Хүү маань Солонгосоос Монголд ирсэн байсан. Манай хүү эгч рүү яриад тэр мөнгийг шилжүүлээд туслаад өгье гэсэн. Эргээд хүүтэйгээ ярихад “мөнгө шилжүүлсэн шүү ээж” гэж хэлсэн. Би 2014 оны 4 сард ирэхэд манай хүү мөнгө шилжүүлсэн байсан. Тийм л үйл явдал болсон. Миний хүүгийн мөнгө, Худалдаа хөгжлийн банкны данснаас 7,000,000 аваад авсан өдрөө З.Оюунтунгалаг руу шилжүүлсэн байдаг. Хадгаламжийн дэвтрийг нь би саяхан юм ухаж байгаад олж авсан. Дэвтрээр бол 2014 оны 02 сарын 11-ний өдөр мөнгөө авч шилжүүлсэн байдаг юм байна лээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хэдийгээр Б  болон З.Оюунтунгалаг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч З.Оюунтунгалаг нь нас барсан учраас түүний хууль ёсны өвлөгчид нь Иргэний хуульд зааснаар өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд бусдад өгөх үүргийг гүйцэтгэх байгаа. Энэ хүрээнд Н , Н  нарыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү 7,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй, эд зүйлийг шилжүүлснээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг энэ үүднээс зээлийн гэрээний харилцаа байна гэж үзэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би зээл авсан гэж мэдэхгүй. Авсан байлаач авсан мөнгийг яаж зарцуулсныг мэдэхгүй байна. Миний хувьд мэдэх зүйл байхгүй. Өвлөж авсан хөрөнгийн хэмжээнд төлүүлэхийн тухайд ярьж байна. Надад одоогоор төлөх мөнгө байхгүй. 7,000,000 төгрөгийг зээлсэн гээд байна. Зээлийн гэрээ байгаа юм уу гэжээ.

Хариуцагч Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 7,000,000 төгрөгийг шилжүүлснээр хэлцэл хийгдсэн гэж үзээд байгаа. 7,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Энэ баримтаар Иргэний хуульд заасан зохицуулалтаар л зээлийн гэрээний хэлцэл хийгдсэн гэж үзэж нэхэмжлээд байгаа. Энэ мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч талаас нотолсон зүйл байхгүй. Талийгаач нар зуурдаар нас барсан учраас хүүхдүүддээ мөнгөний асуудал байгаа талаар хэлсэн зүйл байхгүй. Өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцна гэсэн зохицуулалт байгаа бөгөөд өвлөгдсөн хөрөнгө бол З.Оюунтунгалаг, Нацагдорж гэдэг 2 хүний хөрөнгийг хүүхдүүд нь өвлөж авсан. 2 хүний хөрөнгийг өвлөж авсан байхад ганцхан З.Оюунтунгалагийн хөрөнгөөр ингэж гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага хэнээс хэдэн төгрөг гаргуулах гэж байгааг хэлсэнгүй. Хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцуулах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой. Ямар учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байна. Иймд 7,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2018/00896 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б ын Н , Н  нарт холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2018/00869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдолд: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 151/ШШ2018/00869 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 25 дугаар магадлалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулах гомдлын шаардлага гаргаж байна. 2014 оны 02 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б  нь өөрийн эх болох З.Оюуны хэлснээр З.Оюунтунгалагт 7,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээний дагуу түүний өмчлөлд шилжүүлсэн байдаг. Тухайн үйл явдлаас хойш З.Оюунтунгалаг харамсалтай байдлаар нас барсан ба үүнээс хойш түүний хууль ёсны өвлөгч нараас дээрх үнийн дүнтэй холбоотой шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс “Б  З.Оюунтунгалагт мөнгө зээлүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч зээлийн зориулалт, ямар хугацаатай, хариу төлбөртэй зээлүүлсэн, зээлсэн гэх үйл явдлыг нотлоогүй” давж заалдах шатны шүүхээс “зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан гэж тооцохын тулд хэлцлийн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой бөгөөд гэрээний нөгөө талын хүсэл зоригийн илэрхийллийг тогтоохгүйгээр эд зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох боломжгүй юм” гэж дүгнэсэн байдаг.  Шүүхийн шийдвэр, магадлалд нөгөө талын хүсэл зоригийг тогтоох боломжгүй гэсэн байдлаар шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд хэлцэл хийгч тал нь Н , Н  нар биш болохыг анхаарч үзээгүй байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу зээлдэгчийн зүгээс мөнгө зээлэх хүсэлтэй байсан бол зээлдүүлэгч түүнд мөнгийг түүний өмчлөлд шилжүүлснээр талуудын хооронд байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Мөн хуулийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байдаг ба шүүхийн зүгээс З.Оюунтунгалаг, Б  нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг няцаагаагүй бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нарын зүгээс гаргадаг тайлбар нь зөвхөн зээлийн гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй, энэ нь зээлийн гэрээ биш байсан гэж маргадаг. Гэтэл шүүхийн зүгээс эхний ээлжид З.Оюунтунгалаг, Б ын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгч байж шийдвэрлэх ёстой байтал “хариуцагч зээлийн гэрээ биш гэж байгаа учраас зээлийн гэрээ биш байна” гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч хүсэл зоригоо бүрэн хангалттай илэрхийлсний дагуу түүнийг нь хүлээн авч мөнгийг түүнд шилжүүлсэн болохоо баримтаар гаргаж өгсөөр байтал орлого хүлээн авсан З.Оюунтунгалаг нас барсан учраас талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн болохыг тогтоох боломжгүйн дээр хариу төлбөртэй эсэх ямар нөхцөлөөр талууд хоорондоо хэлэлцэн тохирч байсан эсэх, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн болохыг тодорхойлох боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн ерөнхий ангийн 43.3-т “хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол” хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэснээр хэлцэл хийгдсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шилжүүлсэн мөнгөний баримтаа шүүхэд гарган “зээл байсан буцааж авах ёстой байсан мөнгө” гэж нэхэмжлэлээ дэмжиж маргадаг бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн талаар мэдэхгүй зээл биш байсан гэдэг ба хэрвээ энэ талаар маргаж байгаа бол “биш” болохыг тогтоох баримтаа гаргаж өгөх үүрэг нь хариуцагчид оногдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 535.1-т “өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэсэн хуулийн зохицуулалтаар хариуцагч нарыг тодорхойлсноос биш үүргийн харилцааны нөгөө тал буюу өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн этгээд гэдэг утгаар нэхэмжлээгүй ба хариуцагчийн зүгээс өв хүлээн авсан эд хөрөнгийн асуудлаар маргаанд оролцох боломжтой тул шүүхийн зүгээс тэдний тайлбарыг үндэслэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэг маргааныг шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Мөн хариуцагч шүүх хуралдааны тэмдэглэлд “...ээжийн бор дэвтэр дээр Б аас зээлсэн мөнгөө буцаан өгсөн” гэдэг бичвэр байсан тиймээс энэ мөнгийг өгсөн байх ёстой гэх агуулга бүхий тайлбар өгдөг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т “нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар” нь хэргийн нотлох баримт болох ба мөн хуулийн 42.1-т ”бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасанчлан зохигчийн тайлбарыг шүүх хэрэгт хамааралтай эргэлзээгүй байдлаар үнэлэлт өгөх ёстой ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс мөнгө зээлдүүлсэн гэх тайлбар, хариуцагчийн зүгээс мөнгө зээлсэн талаар огт мэдэхгүй, мөн бор дэвтэр дээр зээлсэн мөнгөө өгсөн гэх тайлбарууд нь нотолгооны хувьд ижил ач холбогдолтой байна.  

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн хүсэл зоригийг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлтийг дээрх тайлбарууд үгүйсгэж байна. Гэтэл дээрх нөхцөл байдал дээр үндэслэж нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлэх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй бөгөөд 282.4-т эд зүйлийг шилжүүлэн өгсөн байх нь гэрээг байгуулсанд тооцогдох үндэслэл юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...” үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн ба хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хууль ёсны өвлөгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн” байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт “зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэдгийг бичгээр нотлоогүй” гэсэн нь хуулийн дээрх зарчимтай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилуулах тухай хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний нэмэлт оруулна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч  Н , Н  нарт холбогдуулан  хариуцагч нарын ээж З.Оюунтунгалагт 7,000,000.00 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр түүний данс руу шилжүүлж, зээлүүлснийг хариуцагч нараар төлүүлнэ гэсэн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...зээл авсан, зээлийн гэрээ байгаа эсэх талаар мэдэхгүй” гэжээ.

Хариуцагч Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “...7,000,000.00 төгрөг шилжүүлсэн мөнгөний баримтад ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхой бус, талийгаач нь авто ослоор нас барсан учраас энэ мөнгөний талаар хүүхдүүддээ хэлсэн зүйл байдаггүй, зээл гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулгаар маргажээ. 

Хариуцагч нарын эх З.Оюунтунгалагийн Хаан банкны 5721361495 дугаар дансанд 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000.00 төгрөгийн орлого орсон, хариуцагч нар талийгаач З.Оюунтунгалагийн хууль ёсны өв залгамжлагч болох талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б ыг талийгаач З.Оюунтунгалагт мөнгө зээлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй буюу орлого хүлээн авсан З.Оюунтунгалаг нас барсан учраас талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн болохыг тогтоох боломжгүй, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн нь тодорхой бус байна.

Түүнчлэн мөнгө шилжүүлсэн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс З.Оюунтунгалагийг нас барах хүртэлх 4 дүгээр сарын 03-ны хооронд З.Оюунтунгалагаас Б д төлбөр төлж байсан баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Талийгаач З.Оюунтунгалагийг зээлдэгч гэж үзэх боломжгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хаан банкны 5721361495 дугаар дансанд 7,000,000.00 төгрөгийн орлого орж ирсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэгт тулгуурлан З.Оюунтунгалаг агсантай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож, түүний өв хүлээн авагч нар болох хариуцагч нарт төлбөр хариуцуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигчдын хооронд үүссэн маргаан буюу нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарыг өв залгамжлагч мөн эсэх, өвийн хөрөнгөөр үүрэг хариуцах эсэх талаар бус харин нэхэмжлэгчийн З.Оюунтунгалагт шилжүүлсэн 7,000,000.00 төгрөг нь зээл мөн эсэх тухайд маргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан зарчим зөрчигдсөн” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг банкны шилжүүлгийн баримтаас өөр баримтаар нотолж чадаагүй, хоёр шатны шүүх энэ төрлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэснийг зөв гэж үзэх тул “...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг хэрэглээгүй” гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх маргаан бус харин З.Оюунтунгалагийн хууль ёсны өв залгамжлагч нараас Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан үндэслэлээр үүрэг шаардсан байх   тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2018/00896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “535 дугаар зүйлийн 535.1” гэж нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Б ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 126,950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН