Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0414

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Нэхэмжлэлийн шаардлага: “... Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхх... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 378 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.А нь “Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А-с Цагдаагийн ерөнхий газрын А ын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 0378 дугаартай шийдвэрийг үндэслэх нь хэсгийн 4-т “Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...Намайг буруутгаж байгаа гол үндэслэл нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.11 дэх хэсэгт заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл миний бие 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй бөгөөд миний согтолтын зэргийг тогтоосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэн нэгэн этгээд шалгаагүй, тэр талаар ямар ч баримт байхгүй, нүд чих улаан байна гэсэн үндэслэлээр согтуу байна гэж үзсэнд туйлын гомдолтой байгаа бөгөөд согтолтын зэрэг шалгахдаа надтай хувийн таарамжгүй харилцаа бүхий этгээдүүдээс авсан мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн согтолтын зэргийн хуульд заасны дагуу шалгаж тогтоосон, зүйл байхгүй бөгөөд хэрэгт хавсаргасан нотлох баримтууд ч мөн адил байхгүй. Тийм байхад ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнд гомдолтой байна.

3.2. Байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэх зэргээр эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, үр дагавар бий болгох үйлдэл, эс үйлдэхүйг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд “ноцтой зөрчил”-д тооцохоор заасан, албаны шалгалтын материалаас үзвэл зөвхөн архидан согтууруулах үндэслэлээс гадна үүрэг даалгавар үл биелүүлсэн, өмч хөрөнгө үрэгдүүлсэн үндэслэлүүдээр шалгалт явуулсан байхад ноцтой болон бусад зөрчил гаргасан алба хаагчид албанаас халах сахилгын шийтгэлээс бусад төрлийн сахилгын шийтгэл оногдуулаагүй нь буруу гэж шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх буюу сонгох боломжид халдах хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ. Эд хөрөнгөд хохирол учруулсан гэж мэдэгдсэн л болохоос ямар эд хөрөнгөд хохирол учруулсан, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тогтоосон зүйл байхгүй байхад шүүхээс энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй зөвхөн тайлбар дээр үндэслэн хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэнд гомдолтой байна.

3.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0378 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/238 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Ашиглалтын хэлтсийн цагдаа, жолооч, цагдаагийн ахлагч О.А нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1, 4.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 3.1, 3.2, 2.4.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-т заасныг баримтлан, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж”, 2 дахь заалтаар ... Цагдаагийн ахлагч цолыг хурааж шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасанд ... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, алба хаагчийг мөргөн түрж байгууллагын хөрөнгө эвдлэн гарч зугтаасан талаар жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлагч Г.М, дэд хурандаа Б.А, нэхэмжлэгч О.А-н мэдүүлэг зэргээс гадна хэрэгт авагдсан гэрэл зураг, тухайн өдрийн камерын бичлэг зэрэгт үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/238 дугаар тушаал үндэслэлтэй. ... нэхэмжлэгч нь зөрчил гаргах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцжээ.  

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй бөгөөд миний согтолтын зэргийг тогтоосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэн нэгэн этгээд шалгаагүй, тэр талаар баримт байхгүй, нүд чих улаан байна гэсэн үндэслэлээр согтуу байна гэж үзсэнд туйлын гомдолтой байгаа ... Эд хөрөнгөд хохирол учруулсан гэж мэдэгдсэн болохоос ямар эд хөрөнгөд хохирол учруулсан, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тогтоосон зүйл байхгүй” гэжээ.

2.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4“Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гэж, 81.4.5“цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2.Энэ хуулийн 81.1-д “цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2-т заасан “Нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх”, 2.3.2-т заасан Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” гэж 2.4-д “Алба хаагч ёс суртахуунтай зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө” гэж, 2.4.1“согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж, 3.1“Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ” гэж, 3.2“Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна” гэж тус тус заасан.

2.5. Хэрэгт авагдсан албаны шалгалт явуулсан тухай тэмдэглэл, цагдаагийн ерөнхий газрын А ын жижүүрийн шалгах механикч цагдаагийн ахлагч Г.М-н илтгэх хуудас, ашиглалтын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.А, М.О нарын тайлбар, А ын засварын хэлтсийн дарга, ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд ахлагч Г.Э-н тайлбар, жижүүр шалгах механик цагдаагийн ахлагч Г.М-н тайлбар, фото зураг болон Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

2.6. Нэгэнт нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хэм хэмжээг зөрчсөн учир маргаан бүхий актаар Цагдаагийн албаны тухай 81 дүгээр зүйлийн 81.5-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын арга хэмжээ авсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

2.7. Хэрэгт авагдсан баримтуудаар Цагдаагийн ерөнхий газрын А ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/238 дугаар тушаал нь хуульд нийцэж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

      

 

 

ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ