Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 276

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

“Голомт банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төвийн нэхэмжлэлтэй “Б.Долгормааг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төв  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Долгормаа нь тус банктай 2014 ны 06 сарын 05-ны өдөр 4320007150 тоот Зээлийн гэрээ байгуулж 14.300.000 төгрөгийг  сарын 1.2 хувийн хүүтэйгээр, Хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Б.Долгормаа нь тухайн үед  УБТЗ-ын Сүхбаатар депонд хэмжигч лаборант гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Зээлээ хэвийн төлж байгаад 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс хугацаа хэтэрч эхэлсэн. Тухайн үед очиж уулзахад ажлын хариуцлага алдаж ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халагдсан байсан. Ажлаас халагдсаны дараа гэр бүлийн хүнээс салж УБ хот явсан сурагтай одоог хүртэл холбоо барьж чадахгүй байна. Иймд Б.Долгормааг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Б.Долгормаагийн нөхөр  Я.Ганхуяг нь УБТЗ-ын СБ депод засварчинаар  ажиллаж байгаад мөн ажлын хариуцлага алдсаны улмаас  ажлаас халагдсан. Одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна гэх

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 10 дугаар байрны 03 тоотод оршин суух, “Голомт” банкны Сэлэнгэ салбарт харилцааны менежер ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Гөрөөчин овогт Нанжидсүрэнгийн Бат-Оргил, РД:/МЭ-82062612/ -оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Долгормаа нь “Голомт” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14.300.000 цалингийн зээл авсан. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс зээлийн хугацаа хэтэрч эхэлсэн. Б.Долгормаа нь тухайн үед УБТЗ-ын Сүхбаатар депод хэмжигч лаборант гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Ажил дээрээ архи ууснаас болж ажлаасаа халагдсан. Ажлаасаа халагдсаны дараа байшингаа зараад зээлээ төлнө гэж байсан боловч Улаанбаатар хот руу явсан гэх сураг сонссоноос өөр зүйл олж мэдээгүй. Гэр бүлийнх нь хүн бас тэр үед халагдсан. Ах дүү болон хамт ажиллаж байсан хүмүүсээс асуухад Улаанбаатар явсан гэснээс өөр зүйл хэлдэггүй. Иймээс Б.Долгормааг эрэн сурвалжилж өгнө үү гэх

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэргийн 1-11 дүгээр талд авагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Голомт банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төвийн нэхэмжлэлтэй Б.Долгормааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.  

            Учир нь: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 1-11 дүгээр  талд авагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтууаар дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байна гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Баасанжавын Долгормаа /ИЮ72051168/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаяг, газрыг олж тогтоохыг  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
  2. Б.Долгормаа нь  Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг, 095 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай болохыг  дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
  6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН