Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 44

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                 Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

                                 Шүүгчид                           С.Оюунцэцэг

                                                                         Г.Давааренчин

 

                         Оролцогчид

                                     Нэхэмжлэгчийн

                                 итгэмжлэгдсэн төлөөлөгч    С.Цэцэгсүрэн

                                     Хариуцагч, хариуцагчийн

                                     итгэмжлэгдсэн төлөөлөгч    Г.Батбаяр

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 513 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нарын давж заалдах гомдлоор “Хас банк” ХХК-ний нэхэмжлэлтэй, Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 2.987.31652 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”, Ж.Сэлэнгээгийн сөрөг нэхэмжлэлтэй “Хас банк”-д холбогдуулан гаргасан “Үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч  нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Хотгойд Боржигин овогт Ганбаатар Батбаяр нь манай банкнаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1100014537 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 25,2% хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг 1-р хэсэг 17-р байр 17 тоотод байрлах ГД-000125140, Y-1317000537 дугаартай 37,78 мкв талбайтай, 1987 онд ашиглалтад орсон 3 өрөө орон сууцыг тавьсан. Зээлдэгч банктай байгуулсан 1100014537 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг, хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ 2016 оны 12 дугаар сарын 02-ноос хойш төлөлгүй өнөөдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтэрч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014537 тоот зээлийн дагуу төлбөл зохих үндсэн зээл 2,584,055.52 төгрөг, хүү 361,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,228 төгрөг нийт 2,985,277.52 төгрөг төлөхөөр болсон байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Зээлдэгчтэй байгуулсан 1100014537 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-д Зээлийн нийт төлбөр, банкинд учирсан хохирол, холбогдох зардлыг бусад эд хөрөнгөөрөө бүрэн хариуцах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна гэв.

 

         Хариуцагч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн төлж барагдуулсан. Нийт 20.540.000 төгрөг төлсөн байдаг. Би Хас банкнаас эхнэртэйгээ хамт бичил бизнесийн зээл авсан. Тухайн үед Хас банкны хүмүүс бидэнтэй хууль ёсоор байгуулсан гэрээгээ илтэд хууль бусаар гуйвуулсан. Нэхэмжлээд байгаа мөнгөн дүн яаж ингэж гаргаад байгаа вэ? Миний төлсөн 5.040.000 төгрөгний хүү хоёрыг нэмэхээр 180.000 төгрөгийн хүү гараад байгаа. Гэтэл яагаад ийм хэмжээний мөнгийг яаж гаргаад, гэрээний ямар заалтыг үндэслээд, энэ хөнгөлөлттэй зээлийг олгосныхоо дараа гэнэт ингэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд тухайн үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулан гэрээтэй танилцан гарын үсэг зурсан. Манай хүн ч бас гарын үсэг зурсан. Тэр үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгаагүй. Зээл авсаны дараа л эргэн төлөлтийн хуваариа өгсөн. Эхлээд өгдөггүй юм байна лээ. Тэгээд ч гэрээний нөхцөлийг өөрчилж байгаа юм бол зээлдэгч Г.Батбаяр, барьцаалуулагч Ж.Сэлэнгэ нарыг дуудаж тайлбарлах ёстой.

        Миний авсан зээлийн гэрээнд ... зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, гээд таслал тавьсан байгаа юм. Мөн зээлийн гэрээний 1.2.3-т зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж зээлийн гэрээний 1.1-д заасан хугацааг хэлнэ гэж байгаа. Тэгээд 1.1. дэх хэсгийг уншихаар 20.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэй гээд таслал тавьж, 36 сараасаа тусгаарласан байгаа нь тухайн 365 хоногт хүү тооцох учиртайг зааж өгсөн байгаа юм. Миний маргаж байгаа гол зүйл бол зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж 1.1-д зааснаар ойлгогдож байгаа ба энд 365 хоногт 25,2 хувийн хүү төлнө гэж заасан байгаа болохоос нийт зээл авсан 36 сарын хугацаанд зээлийн хүү төлнө гэж заагаагүй байгаа юм. Хэрвээ 36 сарын хугацаанд зээлийн хүү төлөх байсан бол 3 жилдээ хүү төлнө гэж тайлбарлах боломжтой байсан. Гэгтэл банк энэ талаар огт тайлбарлаагүй, харин ч 365 хоногт л 25.2 хувийн хүү төлнө, гэдгийг л тайлбарлаж, надад зээл олгосон. Би энэ гэрээний дагуу л үүргээ биелүүлсэн. Бүр 36 сараасаа өмнө буюу гэрээнд зааснаас өмнө гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа.

         Хас банкнаас зээл авахаас өмнө миний хөөцөлдөж байсан Органик Монгол хөтөлбөр нь 1 хувийн хүүтэй зээл олгож байсан юм. Тэгтэл манай эхнэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлтэй зээл олгогдохоор болж тэр зээл нь Хас банкаар дамжин олгогдохоор болсон байсан. Тэгээд л бид Хас банкнаас зээл авсан юм. Би шинээр өгсөн баримтандаа 25.040.000 төгрөг төлсөн гэсэн баримт өгсөн. Гэтэл энэ хүн 25,2 хувийн хүүтэй, 3 жилийн зээл нэхэх юм бол би энэ банкинд 15.120.000 төгрөгийг хүү бодож төлөх ёстой байгаа юм. Энэ талаараа банк гэрээнийхээ 4.5-д ...зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө төлөхийг гэрээ зөрчсөнд тооцно гэж зааснаараа манайхыг зээлийн үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, 365 хоногийн хүү 5.040.000 төгрөгийг төлчихөөд байхад ийм хариуцлага хүлээлгэн илүү 2 сая гаруй төгрөг нэхээд байгаа нь үндэсгүй юм. Ийм авцалдаагүй, өөрсдийн дураар бидний зөвшөөрөлгүй хулгайгаар мэдэгдэхгүй нэмсэн, зээлийн гэрээнд заагдаагүй, эргэн төлөлтийн хуваарь хийчихээд одоо биднээс илүү мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгаа юм. Банкны зүгээс эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний салшгүй нэгэн хэсэг байна  гэчихээд өөрсдөө ингэж өөрчилчихөөд биднийг ингэж бухимдалд оруулаад байгааг ойлгохгүй байна.

Харин ч манайх зээлийг 6 сарын өмнө төлж барагдуулсан, одоо банкинд ямар ч өр төлбөргүй тул барьцаанд байгаа миний эхнэр Ж.Сэлэнгээгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэхийг хүсч байна... гэв.

 

Хариуцагч  Ж.Сэлэнгэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: …Хууль ёсны, хууль ёсоор үүргээ хүлээсэн, эрх үүргээ баталгаажуулсан хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сэлэнгэ миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үндсэн гэрээгээр шууд заагдсан үүргээ хууль ёсны эрх үүргийнхээ дагуу 5 сарын өмнө урьтаж үндсэн гэрээний 4-5 дугаар хуудасны 4.3 дугаар заалтын дагуу зээлийн төлбөр 20 сая төгрөг, үндсэн хүү 5.040.000 төгрөг нийт 25.040.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болгон бүрэн төлсөн.

Гэрээгээр олгогдсон хууль ёсны үүргээ бүрэн төлж барагдуулчихаад Хас банкны тус салбараас барьцаалуулагч миний бие нь өөрийн барьцаалуулсан              Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордероо нэхсэн боловч тус салбар нь үүргээ биелүүлээгүй гэж татгалзаж байна. …Гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэх ба харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулсан банк болон аль нэг барьцаалуулагчийн харилцан тохиролцож энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт бусад барьцаалуулагчид хамаарахгүй гэж заасан буюу 6.4-т банк болон аль нэг барьцаалагч харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах нь бусад барьцаалуулагчийн эрх ашиг, сонирхлыг хөндөхөөр бол барьцаалуулагч нь бусад барьцаалуулагчид энэ тухай мэдэгдэнэ гэж заажээ. 6.5-д гэрээний хавсаралтууд, нэмэлт нөхцөл болон нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж тус тус заасан байдаг ба нийт 15 заалтыг ХАС банкны салбар нь өөрийн санаачлагаар үндсэн гэрээнд өөрчлөлт ороогүй ноцтойгоор зөрчиж, барьцаалагч миний үндсэн гэрээгээр шууд заагдсан эрх, үүргийг эс хүндэтгэн гэрээ хүчин төгөлдөр байхад миний зөвшөөрөл, харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулаагүй, барьцаалагч миний гарын үсэг байхгүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулсан ч гэрээний салшгүй хэсэг байхаар заасныг бүдүүлгээр зөрчиж, дураараа авирлаж байгаад маш их гомдолтой байна.

Тус асуудлыг хүчингүй болгож, барьцаалагч миний үл хөдлөх хөрөнгө болох      Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордерийг минь тус салбараас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: Хас банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “...2014 оны 05 дугаар сард хариуцагч нартай 20.000.000 төгрөгийн зээлийн жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай аж ахуйн зориулалтаар олгосон ямар нэгэн хөнгөлөлттэй зээл биш. Энэ хүн бичил бизнесээ эрхлэхээр зээл авахаар хүсэлтээ гарган зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд заасан хүү хугацааг илтэд гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгуулсан. Энэ нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт дэлгэрэнгүй ойлгомжтой байгаа. Үүнтэй танилцаж гарын үсэг зурсан. Энэ эргэн төлөлтийн хуваарийг банк өөрөө санаачлагаараа өөрчлөх асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ч өөрчлөх боломжгүй. Тухайн үед гэрээний хоёр тал бүгд эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан байгаа, энэ талаарх нотлох баримтыг шаардлага хангуулан хэрэгт өгсөн. Эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа бол энэ талаараа нотлох хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс үндсэн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл буюу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна гэжээ.   

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 513 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Г.Батбаяр, хамтран зээлдэгч Ж.Сэлэнгэ нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2987.316.52 төгрөгийг гаргуулан ХАС банкны Сэлэнгэ салбарт олгож, хариуцагч Ж.Сэлэнгийн ХАС банкинд холбогдуулан гаргасан Үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх-ийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 17 дугаар байрны 17 тоотод байрлалтай, 37.78 мкв талбайтай, Ү-1317000537 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № ГД- 000125140 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.747.06 төгрөг, Ж.Сэлэнгээгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 62.747.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Сэлэнгэ, Г.Батбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...1.Шүүх нэхэмжлэлд дурьдагдсан төлбөрийн задаргаа буюу үндсэн зээлийн тооцоолол зөв эсэхийг хянаж үзээгүй байна. Төлбөрөө төлөхөөр Сэлэнгэ аймаг дахь салбарт хандахад нэг өөр тоо хэлдэг, Улаанбаатар хотод очиж хандахад өөр тоо хэлдэг буюу зээлийн дансан дахь үндсэн зээлийн үлдэгдлийн тооцоолол зөрж байсан. Иймд Улаанбаатар хотод байдаг Хас төв банкинд төлбөрөө төлсөн.

2.Шүүх зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд заасан хүү болон үндсэн зээлийн хугацаатай холбоотой маргааныг нэхэмжлэгч талын тайлбараар тайлбарлажээ. Зүй нь талууд Монгол хэлээр бичигдсэн гэрээг Монгол хэлний дүрэм өгүүлбэр  зүйн талаас нь маргасан байх ба хэлний мэргэжлийн хүнээр өгүүлбэрийн утгыг тайлбарлуулж болох байсан. Хас банк өөртөө хохиролтой байх заалтыг гэрээний      1.1-дээ оруулсан байх ба үйлчлүүлэгч тал тэр заалтаар маргалдах нь үйлчлүүлэгчийн эрх юм. Үүнд: Тус заалтанд энэхүү гэрээний зорилго нь банк нь зээлдэгчид 20.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрээнд заасан нөхцлийн дагуу олгох, зээлдэгч зээлийг буцаан төлөхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино. Мөн зээлийн гэрээний 1.2.3-т Ерөнхий хугацаа гэж энэхүү гэрээний 1.1-т заасан хугацааг... гэсэн тус заалтуудыг шүүх нь өөрийнхөөрөө тайлбарлажээ.

3.Дансны хуулгыг үзэхэд төв банкны хуулган дээр 24 хувийн хүү гэж бичсэн байх ба Сэлэнгийн салбарын хуулган дээр 25.2 хувийн хүү гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ салбар нь төвдөө мэдээлэхдээ 24 хувийн хүүтэй зээл олгосон гээд өөрсдөө дундаас нь 1.2 хувийн хүүг хууль бусаар авч үндэслэлгүйгээр хөрөнгөждөг байсан болно. Шүүх энэ дээр анхаарах ёстой байсан.

4. Үндсэн гэрээ хавсралт 2 зөрвөл үндсэн гэрээг баримтлах ёстой. Үндсэн гэрээн дээр зээлдүүлэгч талаас 2 хүн, зээлдэгч талаас 2 хүн нийт 4 хүн гарын үсэг зурсан байх ба хавсралтан дээр 2 хүн гарын үсэг зуржээ. Иймд үндсэн гэрээг шүүх баримтлах ёстой.

5.Үндсэн гэрээ гэдэг нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээр хийгддэг бол хавсралт нь үнийн дүнг оруулаад компьютерээр гаргасан жагсаалт байдаг. Энэ жагсаалтыг аль ч тал тооны машинаар бодож, бичиж шалгаагүй.

6.Хэрэв гэрээний 1.1 дэх заалтыг буруу бичсэн гэвэл тэр буруу бичсэн хүн нь хариуцах ба зээлдэгч 1.1 дэх заалтыг зөвшөөрч гэрээ байгуулсан. Талуудын хүсэл зориг 1.1 дэх заалтанд байгаа. Хариуцагч талын тооцоолол нь 365 хоногийн 25.2 хувийн хүүгээр тооцоолсон ба энэ тооцоо нь төв банкинд мэдээлэгдсэн 24 хувийн хүүгээр бодвол бас л зөрчилтэй гарахаар байгаа ба шүүх Сэлэнгэ аймаг дахь Хас банкны салбарынхны сар бүр 1.2 хувийн хүүг зээлийн гэрээ болгосноос ашигладаг хууль бус үйлдлийг шалгалгүйгээр мөнгө идэж ашиглах нь зөв гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү” гэжээ.

 

“Хас банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хас банкны зүгээс анхан шатны шүүхийг үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа ба  хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.Хариуцагч давж заалдах гомдолдоо “Шүүх нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийн задаргаа буюу үндсэн зээлийн үлдэгдэл тооцоолол зөв эсэхийг хянаж үзээгүй байна. Дансны хуулгыг үзэхэд төв банкны хуулган дээр 24 хувийн хүү гэж бичсэн байх ба Сэлэнгийн салбарын хуулган дээр 25.2 хувийн хүү гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ салбар нь төвдөө мэдээлэхдээ 24 хувийн хүүтэй зээл олгосон гээд өөрсдөө дундаас нь 1.2 хувийн хүүг хууль бусаар авч үндэслэлгүйгээр хөрөнгөждөг байсан болно. Шүүх энэ дээр анхаарах ёстой байсан.” гэсэн боловч шүүхийн шийдвэрийн аль хэсгийг эс зөвшөөрч байгааг болон түүнийхээ үндэслэлийг тайлбарлаагүй байна.

Хас банкны 15 жилийн ой тохиолдсонтой холбогдуулан харилцагчид ашигтайгаар 2016 оны 10 дугаар сараас зээлийн хүүг багасгаж 24 хувь болгож бууруулсан. Харин гэрээгээр 25.2 хувь гэж тохирсон байгаа бөгөөд хэрвээ зээлдэгч үүн дээр маргаж байгаа бол 25.2 хувиар тооцож буцаагаад төлөх боломжтой билээ. Талуудын байгуулсан Зээлийн гэрээнд “365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай” гээд эргэн төлөлтийн хуваарьт 36 удаагийн эргэн төлөлт харгалзах бүртээ хүүтэй байгаатай 2014 оны 05 дугаар сарын 19-нд танилцаж гарын үсэг зурсан бөгөөд хүү, зээлийн эргэн төлөлт гэрээний дагуу явагдсан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                              

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

         ХАС банк нь хариуцагч Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.987.316.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

           Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагч талаас шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад  дүгнэлт хийлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг  судлан үзвэл:

         Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ нар нь ХАС банкны Сэлэнгэ салбартай 2014 оны 05-р сарын 19-ний өдөр №1100014537 дугаартай “Зээлийн гэрээ”, №1100014537-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулан  эргэлтийн хөрөнгийн зориулалттай   20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлсэн байна.

Хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээлийг зохих ёсоор биелүүлээгүй гэж маргадаг бол хариуцагч тал нь татгалзлаа  зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарладаг.

 

Талууд ийнхүү маргахдаа зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-дэх  “20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,” гэсэн заалтын талаар гаргасан байна.

 

Хас банк нь хариуцагч нарт 20.000.000 төгрөгийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, зээлийг 36 сарын хугацаатай ямар нэгэн хөнгөлөлтгүй олгосон гэж тайлбарладаг бол хариуцагч нар нь  20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай  зээлийн 365 хоногт  нь 25.2 хувийн хүүг төлөхөөр тохиролцсон, өөрөөр хэлбэл банкнаас хөнгөлттэй зээл олгосон, банк нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн  гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нь Хас банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээл авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох баримт буюу ямар нөхцөл байдлын улмаас банк түүнд хөнгөлттэй зээл олгох болсон, энэхүү  хөнгөлөлт нь ямар хэлбэрээр зээлийн гэрээнд тусгагдсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд зөвхөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний  үг найруулга, хэлбэр талаас нь буюу зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-дэх заалтанд ...зээлдэгчид 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтай, гэсэн гэрээний нөхцөл бүрийг тодотгон таслал тавьсныг зээлийн 36 сарын хугацааны зөвхөн 365 хоногт нь л 25.2 хувийн хүү төлнө гэж тохиролцсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

          Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д ”...Гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол агуулгыг бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэсний дагуу талуудын хооронд байгуулсан 2014 оны 05-р сарын 19-ний өдөр №1100014537 дугаартай Зээлийн гэрээний хавсралт 1-д зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг баталж талууд гарын үсэг зурсан байдлаас харвал талууд зээлийн хүүг 365 хоногт төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, харин хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 513 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.747 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН