Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0424

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т , Ж.С , Г.Д , Д.М ,

Д.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах ... тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Т.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2021/0926/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Т , Ж.С , Г.Д , Д.М , Д.Б нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д , Д.М , Д.Б , Ж.С , Г.Т  нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  надад болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй явдалд гомдолтой байна. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Шүүгч захиргааны хэргийг ... шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийг оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6.2-т “Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас баримт 12-ыг үйлдэн, бичиг хүргэгчид хүлээлгэн өгч хүргүүлнэ” гэж, 6.2.2-т “Бичиг хүргэгч энэ аргачлалын 5.1.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдэх үүргээ шүүх байгууллага биелүүлээгүйн улмаас миний бие, өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцож чадаагүй. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Шүүхийн өмнө тэгш байх зарчим”, 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим” ноцтой зөрчигдсөн.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайн солбицлыг тодорхойлохдоо аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд Засаг дарга нь тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч хариу өгөх үүрэгтэй. Мөн Засаг дарга нь хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болохыг хуульчилсан. Үүний дагуу Завхан аймгийн Засаг дарга Д.Б-с 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1/726 дугаар албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт хандаж “Манай аймгийн 5 сумын 53043,63 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтын дагуу дэмжихгүй тухай саналаа хавсралтаар хүргэж байна” гээд мөн хавсралтад “Дэмжихгүй үндэслэл” хэсэгт “Шилүүстэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 15 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцаж байна, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.5, Амьтны тухай хуулийн 6.1.3, Газрын тухай хуулийн 52.2, 52.4 дэх заалтуудыг зөрчиж байна гэж маш тодорхой хуулийн үндэслэлтэй татгалзлыг хүргүүлсэн байна. Мөн 2018 оны 05 сарын 31-ний өдрийн Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, хуралдаанаас гарсан 21 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх тухай” тогтоолд “...Хайгуул хийлгэхээр ирүүлсэн солбицол бүхий 251.257.238 дүрсийн дугаар бүхий талбай нь 2014-2018 онд агнуурын менежмент төлөвлөгөө хэрэгжиж байгаа нутаг, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.1 дэх заалт зөрчигдөхөөр байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг аймгийн Засаг даргад уламжилсугай” гэж, харин Шилүүстэй сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/726 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн. Тус татгалзсан хариу өгөхтэй холбоотойгоор Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тодорхой тайлбарласан бөгөөд үүнтэй нийцсэн байна. Гэтэл ийнхүү татгалзлаа хуульд заасны дагуу илэрхийлсээр байхад Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайн солбицолд оруулж баталсан нь хууль зөрчсөн байна.

3.3. Мөн тусгай зөвшөөрлийн талбай нь Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоол”, Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоол, Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолуудаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар юм. Эдгээр тогтоолуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад холбогдох мэдээллийн хамт хүргүүлсэн байх шаардлагыг хангасан эсэхийг шүүх байгууллага тогтоогоогүй байна. Тодруулбал Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн 8/1184 дугаар албан бичигт “... тогтоолууд нь зураг зүйн мэдээллийн санд бүртгэгдээгүй” талаар зөвхөн дурдсан байх буюу үүнээс үзэхэд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллийг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Говь-Алтай аймгийн зарим сумдыг дамнан оршдог. Гэтэл Говь-Алтай аймгийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайн солбицлыг тодорхойлох журмын дагуу огт ажиллагаа явуулаагүй байдаг. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/232 тоот албан бичигт “...Ашигт малтмал газрын тосны газраас тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3759 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээж аваагүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/72 тоот албан бичиг ... Тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан аймаг, сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй гэсэн албан бичгүүд хэрэгт баримтын шаардлага хангагдсан байдлаар авагдсан байхад шүүх байгууллага дүгнэж үзсэнгүй.

3.4. Гуравдагч этгээд “М ” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хүн, малын ундны эх үүсвэр болох Завхан гол, Гэгээн нуур, Дарханбулаг, Зүүн булаг, Даваан хөндлөнгийн булаг, Харганы гол, Ар булаг, Ар зүүн булаг, Хавиргын гол зэрэг булаг шанд, голууд, олон горхи бүхий байгалын өвөрмөц гойд тогтоц бүхий газартай давхцалтай байдаг болох нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/873 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...ХҮ-021645 тоот талбай нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр хуралдааны тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11.85 га талбайгаар давхцалтай байна” гэж дүгнэснээс тодорхой харагдаж байна. Энэ нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг xориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Гэтэл шүүх байгууллага үүнийг огт анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

3.5. Мөн тусгай зөвшөөрлийн талбай нь Халхын 88 шидтэй Наробанчин хутагт, Дилов хутагт нарын хийдийн туурь зэрэг соёлын хосгүй түүхт газар нутаг байршдаг. Тухайлбал энэ талаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 07/116 дугаар албан тоотод “...Шалгалтаар талбайд 42 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгалыг шинээр олж тогтоосон. Мэдээллийн санд бүртгэгдсэн дурсгалууд нь Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1заасан түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарч байгаа болно. Иймд М  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 78 ширхэг соёлын ул хөдлөх дурсгал байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах үндэслэлтэй байна” гэж, Соёлын өвийн үндэсний төвийн 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 01/304 дугаар албан тоотод “... Харин Археологи палеонтологийн хайгуул, малтлага судалгааны тайланд Шүүт нэртэй уул уурхайн талбайд 26 тооны түүх, соёлын үл хөдлөх дурсгал байна” гэж Соёлын яамны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8/480 тоот албан бичгээр “Говь-Алтай аймгийн Тайшир сумд байрлах Наробанчин хийдийн туурийг Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд барилга, архитектурын дурсгал ангиллын сүм хийдийн туурь төрөлд бүртгэсэн” Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/204 тоот албан бичгээр “...Наробанчин хийдийн туурь нь одоогийн Засаг захиргааны нэгжээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутагт сумын төвөөс зүүн урд зүгт ... Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161-р тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтаар Говь-Алтай аймгийн Тайшир суманд бүртгэгдсэн” гэх зэргээр тодорхой дүгнэсэн байдаг. Дээрхээс үзэхэд тусгай зөвшөөрөл бүхий талбай нь олон жилийн түүх агуулсан дурсгал ихтэй байх бөгөөд зарим хэсэгт нь өнөөдрийг хүртэл судалгаа хийгдээгүй байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д Ашигт малтмалын хайгуул хийхдээ ... мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа, хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй.

3.6. М ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-021645 тоот тусгай зөвшөөрлөөр авсан гэх хамар булаг нэртэй хайгуулын талбай нь 81642 дугаартай бэлчээр ашиглалтын Ундарга хэсэгт сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар 121105 тоот бэлчээр ашиглуулах гэрээг байгуулан улсын кадастрын мэдээллийн санд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн 2032 оны хүртэл 15 жилийн хугацаатайгаар 3926.2 га бэлчээрийн 48 малчин өрх ашиглахаар, М ХХК-д ашигт малтмалын малтмалын хайгуулын ХV-021645 тоот зөвшөөрлөөр авсан гэх Шүүт гэх нэртэй хайгуулын талбай нь 81643 бэлчээр ашиглалтын Гэгээн овоот хэсэгт сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/121 тоот захирамжаар 121106 тоот бэлчээр ашиглуулах гэрээг байгуулан улсын кадастрын мэдээллийн санд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн 2032 он хүртэл 15 жилийн хугацаатайгаар 4658.7 га бэлчээрийг 61 малчин өрх ашиглахаар тус тус гэрээ байгуулан ажиллаж байна. Нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй газрын гэрчилгээнүүд хавтас хэрэгт авагдсан байна.

            3.7. Мөн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаар албан бичигт ... Г.Т гийн 8114000584, 8114000596 нэгж талбарын дугаар бүхий өвөлжөө, хаваржааны газрууд нь ашигт малтмалын хайгуулын ХV-021645 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байна гэж дүгнэсэн байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

        ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Г.Т , Ж.С , Г.Д , Д.М , Д.Б нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр Говь-Алтай, Завхан аймгийн Тайшир, Шилүүстэй сумдын нутагт орших Хамар булаг нэртэй 2213.47 га бүхий талбайд XV-021645 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт орших Шүүт нэртэй 3745.95 га бүхий талбайд XV-021821 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна.

2.3. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалгүй болох нь тогтоогдсон. Энэ тохиолдолд маргаан бүхий актын улмаас дээр дурьдсан нэхэмжлэгч нарын субьектив эрх зөрчигдсөн гэж үзэхгүй ... Нөгөө талаас, маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Засгийн газрын тогтоолуудаар тогтоосон сонгон шалгаруулалтаар журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицол бүхий талбайд хамаарч байх ба нэхэмжлэгч талаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайг сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбилцолд оруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбилцлыг тогтоосон Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байх тул уг шийдвэрийг үндэслэж зохион байгуулагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын уг тусгай зөвшөөрлүүдийг олгох талаар нутгийн иргэд биднээс санал аваагүй, мэдэгдээгүй, танилцуулаагүй явагдсанд гомдолтой тайлбарт шүүх дүгнэлт хийх боломжгүй ... нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь өөрийн нэрийн өмнөөс өөрийн субьектив эрх зөрчигдсөн тухайд түүнийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч иргэд нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбай дахь түүх, соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бүртгүүлэх, хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээсэн, ийнхүү хайгуулын талбайд түүх соёлын өв байгаа нь хуулийн зөрчил үүсгэхгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар Засгийн газар улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй, 9.1.11“геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох” 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ”, 11.1.19-дтүгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заасан.

2.5. Хавтас хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь улсын тусгай хамгаалалттай газартай, гол мөрний ус бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, он сан бүхий газартай, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай, нэхэмжлэгч Г.Д , Д.Б , Ж.С  нар нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй, нэхэмжлэгч Д.М д эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалгүй, нэхэмжлэгч Г.Т гийн эзэмшлийн газрыг Ихэр мянганы оргил ХХК-ийн эзэмшилд шатахуун түгээх станцын зориулалттайгаар олгогдсон болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж боломжгүй юм.

2.6. Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нарын тухайд тэдгээрийн эзэмшиж буй газар нь маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн байдлаар давхцалтай болох нь тогтоогдохгүй байна.

2.7. Дээрхээс үзвэл “хариуцагч ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан олгосон” гэж үзэхээргүй байна.

2.8. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-т зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, 17.5.3-д зааснаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаж байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

2.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...Тусгай зөвшөөрөлтэй талбай нь Халхын 88 шидтэй Наробанчин хутагт, Дилов хутагт нарын хийдийн туурь зэрэг соёлын хосгүй түүхт газар нутаг байршдаг гэжээ.

2.10. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлд Соёлын өвийг хамгаалах гээд 401.1“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 402, 46 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 401.2“Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно”, 402.1.2“ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

2.11. Анхан шатны шүүхэд ирүүлсэн Соёлын үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/304 дүгээр ... Хамар булаг нэртэй уул уурхайн талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгал байхгүй. Харин Археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгааны тайланд Шүүт нэртэй уул уурхайн талбайд 26 тооны түүх, соёлын үл хөдлөх дурсгал байна” гэх албан бичиг, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07/278 тоот “...Хамар булаг болон Шүүт нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй нийт 78 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгал байна” гэх албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн маргаан бүхий газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл зэргээс үзэхэд Халхын 88 шидтэй Наробанчин хутагт хийдийн туурь нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд хамаарахгүй, ашигт малтмал эрэх хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.12. Мөн давж заалдах гомдолд “...Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  надад болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй явдалд гомдолтой байна” гэжээ.

2.13. Анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид мэдэгдэж, энэ талаарх баримтыг үйлджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтэд үндэслэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээ гэж үзнэ.

2.14. Тодруулбал, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хэргийн нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. “Мэтгэлцэх зарчим” нь хэргийн оролцогчдод маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, шүүх хуралдаанд оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхийг олгодог болохоос шүүх хуралдаанд заавал байлцуулах тухай хуулийн ойлголт биш юм.

2.15. Нөгөө талаас шүүх хуралдааныг хойшлуулах эрх нь хэргийн оролцогчийн хязгааргүй эрх биш бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нь нэхэмжлэгчийн хувьд зүй ёсны асуудал, үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх мэдэгдэх хуудас хүргүүлээгүй гэх үндэслэл нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг ноцтой зөрчсөн гэх хангалттай үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2.16. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн тус хэргийг анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1“Давж заалдах гомдол гарсан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр товлон зарласан. Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч Б.У нь энэ хэрэгт оролцохгүй байгаа гэх тайлбарыг шүүгчийн туслахад утсаар хэлсэн байна. Улмаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр товлосон боловч тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... эрүүл мэндийн шалтгаанаар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн. 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлоход  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин ... Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл ажлаас чөлөөлсөн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байсан Б.Д-тай дахин гэрээ байгуулсан байх боловч өмгөөлөгч товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагч нартай уулзалт хийхээр Төв аймаг руу томилолтоор явсан гэх боловч холбогдох баримт материалаа ирүүлээгүй тул хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэргэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргэлсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ