Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1513

 

Д.Цэдэн-Иш, Д.Ичин нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01653 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Цэдэн-Иш, Д.Ичин нарын хариуцагч П.Амарбаясгаланд холбогдуулан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч П.Амарбаясгалан, гуравдагч этгээд Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Амарбаясгалан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д.Цэдэн-Иштэй зээлийн гэрээ байгуулж, нийт 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон. Гэвч энэхүү зээлийг нэхэмжлэгч тал авч ашиглаагүй бөгөөд анхнаасаа Д.Бат-Эрдэнэ авч ашиглах талаар зохигчид мэдэж байсан. Энэ хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг Д.Цэдэн-Иш төлж байгаагүй, зээлийг авч ашигласан этгээд төлж байсан. Гэтэл хариуцагч тал зээлдэгч биш этгээдтэй зээлийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд зээл төлөгдөхгүй болоход барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар гуравдагч этгээд Д.Батсүхэд худалдсан байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тохиолдолд байгуулагдсанд тооцдог ба хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Д.Бат-Эрдэнийн Хаан банкны дансанд мөнгийг шилжүүлэх тухай хүсэлтээс үзвэл мөнгийг тэрээр хүлээн аваагүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Гэвч зээлийг ашигласан Д.Бат-Эрдэнэ зээлийг буцаан төлөхгүй байсан тул нэхэмжлэгчид түүнийг айлгаж, авсан зээлийг нэр даруй төлүүлэхээр дүр үзүүлэх хэлбэрээр П.Амарбаясгаланд барьцаалуулсан орон сууцыг түүнд худалдахаар гэрээ байгуулсан. Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд орон сууцны үнийг 68 000 000 төгрөгөөр тохирч, үнийг бэлнээр төлнө гэж заасан боловч хариуцагч талаас нэхэмжлэгчид ямар ч мөнгө төлөөгүй тул энэхүү гэрээ дүр үзүүлсэн болох нь тодорхой байна. Гэтэл хариуцагч П.Амарбаясгалан эдгээр гэрээг үндэслэн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар Д.Батсүхэд худалдсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм.

Иймд нэхэмжлэгч Д.Цэдэн Иш, хариуцагч П.Амарбаясгалан нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч П.Амарбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.Бат-Эрдэнийг танихгүй, зээлийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч Д.Цэдэн-Иш, Д.Ичин нар түүнтэй хамт ирж, хамтран ажил хийж байгаа, мөнгө хэрэг болоод байгаа тул 40 000 000 төгрөг зээлэх боломж байна уу гэхэд би зөвхөн Д.Цэдэн-Иштэй гэрээ байгуулж, зээлдүүлсэн. Зээлийн гэрээг байгуулсан өдөр Д.Цэдэн-Ишийн гаргасан хүсэлтийн дагуу 40 000 000 төгрөгийг Д.Бат-Эрдэнийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 4 сар, хүү сарын 8 хувь буюу 3 200 000 төгрөг, үүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүртлэх хугацаанд тооцож үзвэл 28 000 000 төгрөгийн хүү болсон бөгөөд бид харилцан тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээг 68 000 000 төгрөгөөр байгуулж, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би тус гэрээг байгуулсан өдрөөс хойш зээлдэгчийг авсан мөнгөө буцаан төлөхийг хүлээсэн боловч төлөөгүй тул үүрэг дуусгавар болгох тухай харилцан тохиролцоод тухайн орон сууцыг иргэн Д.Батсүхэд 50 000 000 төгрөгөөр худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч П.Амарбаясгалангаас энэхүү орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч Д.Цэдэн Иш, Д.Ичин нар амьдарч байсан ба тэд удахгүй орон сууцнаас гарна гэж тухайн үед ярьж байсан. Бид гэрээ байгуулахад орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ П.Амарбаясгалангийн нэр дээр байсан, ямар учиртай маргаан байсан талаар мэдээгүй бөгөөд нийт 50 000 000 төгрөгөөс 25 000 000 төгрөгийн бэлнээр, үлдэх хэсгийг мал, мах зэргээр төлж дуусгасан. Ингээд худалдан авсан орон сууцандаа орох болоход нэхэмжлэгчид байрыг чөлөөлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар тус хэргийг түдгэлзүүлсэн.

            Хариуцагч тал зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан боловч түүний хүсэлтийн дагуу холбогдох этгээдэд мөнгийг шилжүүлсэн, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд 68 000 000 төгрөгийг бэлнээр төлнө гэж заасан боловч ийм хэмжээний үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжлэгч буюу зээлдэгч тал төлөөгүй тул эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэдэн-Иш, Д.Ичин нарын гаргасан хариуцагч П.Амарбаясгаланд холбогдох зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 855 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Цэдэн-Иш, Д.Ичин нар бусдын худал үгэнд итгэж зээлийн гэрээ байгуулсан болон улмаар хариуцагч П.Амарбаясгалан би танай байрыг худалдаж авах санаа зорилго байхгүй, нөгөө Бат-Эрдэнэ надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байна, айлгаж байгаад мөнгөө авах хэрэгтэй байна, гэрээ байгуулаад үзүүлж айлгая" гэсэн үгэнд итгэж зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд ямар ч ач холбогдол өгсөнгүй. Байрыг өмчилдөггүй зөвхөн дүр үзүүлсэн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан Д.Батсүхийн талаар гуравдагч этгээд Д.Батсүх энэхүү бүртгэлийг үнэн зөв гэж үзэж, өмчлөгчийг П.Амарбаясгалан хэмээн тооцож, итгэх эрхтэй тул түүний итгэл үнэмшил хамгаалагдах ёстой гэж дүгнэж илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Д.Цэдэн-Иш, Д.Ичин нар нь анх зээл авах зорилгогүй гэрээ байгуулсан. Үүнийг шүүх хурлын явцад хариуцагч Амарбаясгалан нотлож мөнгийг Бат-Эрдэнэд шилжүүлсэн нь үнэн гэж мэдүүлсэн. Зээлийн гэрээг анх байгуулахдаа нэхэмжлэгч нар нэг ч төгрөг хувьдаа авч хэрэглээгүй, зээлийг авахаар Д.Бат-Эрдэнэ анх зээлдүүлэгчтэй ярьж тохирсон, Д.Бат-Эрдэнэ бүх мөнгийг дансаар авсан зэрэг нь нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж эрх ашгаа хамгаалуулах үндэслэлтэй байна. Д.Цэдэн-Иш, Д.Ичин нар нь өөрсдийн амьдарч байгаа байраа худалдан борлуулах зорилгогүй, зөвхөн үгэнд итгэж худалдах гэрээ байгуулсан байхад Шүүхээс "Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 31 дүгээр байр, 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв  талбайтай 2 өрөө орон сууцыг 68 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлийн өрөнд шилжүүлсэн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Нэхэмжлэгч нар нь Бат-Эрдэнийн зээлсэн мөнгийг хариуцагчид төлөхийн тулд өөрийн амьдардаг байраа зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож өгөх үндэслэлгүй юм. Энэ нөхцөл байдал нь П.Амарбаясгалан Д.Цэдэн-Иш нарын одоо амьдарч байгаа орон сууцыг нь нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр Батсүхэд зарсан, улмаар тэднийг байрнаас албадан гаргах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан үед олж мэдсэнээр нотлогдоно. Үнэхээр шүүхийн дүгнэж байгаагаар үл хөдлөх хөрөнгөө 68 сая төгрөгөөр зарсан бол худалдах худалдан авах гэрээний үнэ, зээлийн гэрээний үнийн зөрүүг хэрхэн тооцож, хэн нь хэндээ хэдэн төгрөг буцааж өгөх талаар тооцоо бодож өгч авалцсан баримт талуудад байх ёстой. Энэ талаар ямар нэгэн баримт үйлдээгүй, талууд тохиролцоогүй зэрэг нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэдгийг шууд нотлож байгаа. Шүүхээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасанаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж дүгнэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Шүүх зээлийн мөнгийг хүлээн авсан Бат-Эрдэнэ гэгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр хэргийн бодит байдлыг тогтоох, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ бүх байдал нь иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн зарчмыг алдагдуулсан.

Хамгийн гол нь хүний орон байрыг өрөнд авсан бол харилцан тооцоо нийлж зөрүү мөнгө болох 15200000 төгрөгийн талаар ямар нэгэн баримт байхгүй байгаад шүүх дүгнэлт өгөөгүй. Мөн тэмдэгтийн хураамжийг буруу бодсон байна. Иймд нотлох баримтад бүрэн тулгуурлаагүй, Бат-Эрдэнэ гэгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийн бодит байдлыг тогтоогоогүй хуулийн үндэслэлгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Цэдэн-Иш, Д.Ичин нар нь хариуцагч П.Амарбаясгаланд холбогдуулан зээлийн болон үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нар нь өөрсдөө хүсч гэрээ байгуулчихаад, дүр үзүүлэн гэрээ байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэдэн-Иш, хариуцагч П.Амарбаясгалан нар нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, хугацаа хэтрүүлвэл анз тооцохоор  тохиролцсон. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 40 000 000 төгрөгийг Д.Цэдэн-Ишийн зөвшөөрснөөр Д.Бат-Эрдэнэд шилжүүлсэн, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /1808/ үйлдвэрчний гудамж, 31 байрны 16 тоот сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэгэнт зээлийн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах  хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу зээлдэгчийн заасан этгээдэд шилжүүлсэн тул зээлийн гэрээг бодитойгоор байгуулагдсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлсэн гэж үзэх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин зээлийн гэрээний үүргийг худалдах худалдах авах гэрээний үүргээг сольж, өмнөх зээлийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлж буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольж байгаа тохиолдолд нэг талын хүлээсэн үүргийг ямар үүргээр сольж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд энэ талаар тусгаагүй тул зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээг сольсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /1808/ үйлдвэрчний гудамж, 31 байрны 16 тоот сууцыг хариуцагч буюу барьцаалагч нь зээлдүүлэгч албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байхад шууд худалдах худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах талаар тодорхой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд Д.Батсүх нь П.Амарбаясгалангаас худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх тул Д.Батсүхийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр бус худалдах худалдан авах хэлцлийн үр дагаврыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01653 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.3” гэснийг “115.2.2” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Д.Цэдэн-Иш, Д.Ичин нарын П.Амарбаясгалантай байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Амарбаясгалан, Д.Цэдэн-Иш нарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч П.Амарбаясгалангаас улсын тэмдэгтийн хураамжийнд 497 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

         

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                 Ч.ЦЭНД

                                                                  Ш.ОЮУНХАНД