Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 635

 

                                                                                                                                

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Л.Зд холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1091 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Л.Зд холбогдох эрүүгийн 1808018360553 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Харагчин овгийн Лхагвасүрэнгийн Л.З, 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суудаг,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хууль буцаан хэрэглэж суллагдсан, /РД: /,

         

             Л.З нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Хорин нэгийн автобусны буудлаас Дүнжингарав чиглэлийн автобусанд суух гэж байсан О.Бийн “Самсунг Галакси Эс-8” загварын гар утас, гар утасны гэрэнд байсан 110.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.109.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

             Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Зд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлүүдээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:

            Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн  1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж зааснаас үзэхэд мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдэд 17 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэрэг прокурорт шилжсэн хойно Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж байгаа нь учир дутагдалтай.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-т “Прокурорын яллах дүгнэлтэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ.”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 2-т “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.” гэж тус тус заасан байхад прокуророос “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал” гэсэн яллах дүгнэлтэнд хамааралгүй баримт үйлдэж ирүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн уг баримтын гарчиг нь “хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал” гэсэн боловч уг хэргийн мөрдөн байцаалт хялбаршуулсан журмаар явагдаагүй, мөн ялын талаар биш эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний талаарх санал бичигдсэн зэргээр прокурорын гаргасан эрхийн акт хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын зөрчилтэй.

            Прокурорын яллах дүгнэлтэнд уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой гол мэдээлэл болох боловсрол, ургийн овог буруу бичигдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4, 4.6-д заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаагүй. Тухайлбал: Прокурорын ял оногдуулах тухай санал /хх-ийн 54/-д Л.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж ирүүлсэн. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд Л.З бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгогдохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлээр 1 жилээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр санал гаргасан нь шүүхээс гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад прокурор эрүүгийн хариуцлагын талаар саналаа гаргаж ирүүлсэн, мөн эрүүгийн хариуцлагын талаарх санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцэхгүй, мөн тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарахаар хуульчлагдсан, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл болох албадлагын арга хэмжээ, түүний үр дагаврыг ойлгосон эсэх талаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс тодруулж асуухад “надад тэнсэж хянан харгалзах ял оногдуулна” гэж ойлгосон гэх тайлбарыг өгч байгаа.

            Гэм бурууг хүлээн зөвшөөрнө гэдэгт гэм буруу, хохирлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна эрүүгийн хариуцлага түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагварыг бүрэн гүйцэд ойлгосон байхыг шаардах тул Л.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна.

1. Шүүгчийн захирамжид мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэрэг прокурорт шилжсэн хойно Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гаргаж байгаа нь учир дутагдалтай байна гэжээ.

Хэдийгээр прокурорт хэргийг шилжсэн дараа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргасан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа 14 хоногт явагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал байхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...яллагдагч ...хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж зааснаас үзэхэд прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралгаас бүрдэнэ” гэж тус тус заасан байхад прокуророос “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал” гэсэн яллах дүгнэлтэнд хамааралгүй баримт үйлдэж ирүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг бүрдэнэ” гэж зааснаас үзэхэд яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаар санал бичих   хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилдөж байгааг анхаарч үзэх нь зүйтэй болов уу.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд ялагдагчид түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулахаар ойлголт байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан тул прокурор ялын саналдаа яллагдагчид хүлээлгэх албадлагын apгa хэмжээг танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал тохирол, яллагдагч Г.Л.З нь зөвшөөрч гарын үсэг зурсан болно.

3. Прокурорын яллах дүгнэлтэнд хохирогчид учирсан хохирлыг тодорхойлж бичсэн буюу өөрөөр хэлбэл гар утас 2.999.999 төгрөгөөр үнэлэгдэж, бэлэн 110.000 төгрөгийн   хохирлыг нэмж тооцож 3.109.999 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн яллах дүгнэлтэнд яллагдагч Л.Згийн ургийн овгийг  зөрүүтэй бичигдсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд засагдах боломжтой.

4. Прокурорын зүгээс яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар санал тохиролцож зөвхөн саналын хэмжээнд байгаа бөгөөд шүүхийн эрх хэмжээнд халдаагүй болно. Мөн шүүх прокуророос тохиролцсон саналыг яллагдагчийн хувийн байдал, гэмт   хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзээгүй тохиолдолд эрх хэмжээнийхээ  хүрээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулах эрх байгаа бөгөөд хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй юм.

Л.З нь шүүх хуралдааны явцад эрүүгийн хариуцлага түүний улмаас үүссэн үр дагаварыг бүрэн гүйцэд ойлгож байгаагаа хэлсэн бөгөөд хууль, эрх зүйн нэр томъёог   мэдэхгүйн улмаас “надад тэнсэж хянан харгалзах ял оногдуулна” гэж хэлснийг үндэслэл болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас болон шүүгчийн захирамжинд дурдсан үндэслэлээс үзэхэд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасны дараа хийгдэх ажиллагаа огт байхгүй, хэрэгт шалгавал зохих зүйлийг шалгаж тогтоосон шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Л.Зд холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1091 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Зд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Зд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Л.Зд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, уг хэрэг прокурорын шатанд шилжсэн үед “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд прокуророос шүүгдэгчийн гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан заалтуудын дарааллыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Зд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэснийг зөрчөөгүй байна.

 

Харин дээрх прокурорын саналд /хх-150/-д “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж бичвэрийн шинжтэй алдаа гаргасан болохыг дурдаж байна.

Мөн шүүгчийн захирамжид дурдсанчлан “Самсунг Эс-8” загварын гар утасны үнэлгээ /хх-15-16/ нь 2,160,000 төгрөг болсон байхад яллах дүгнэлтэд “...гар утас, бэлэн 110,000 төгрөг, бусдад 3,109,999 төгрөгийн хохирол учруулсан...” гэж, шүүгдэгчийн ургийн овог нь “Харагчин” /хх-52/ бол яллах дүгнэлтэд “Харчин” гэж, шүүгдэгч Л.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагүй...” /хх-93/ гэж мэдүүлсэн байх ба яллах дүгнэлтэд “...бага боловсролтой...” гэж тус тус зөрүүтэй, буруу бичсэн байна. Гэвч эдгээр бичвэрийн шинжтэй алдааг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн шатанд зөвтгөх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1091 дүгээр захирамжийг хүчингүй болгож, прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Л.Зд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Л.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                   Д.МЯГМАРЖАВ