Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 38

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын дүгнэлттэй,

Хариуцагч: Э.Ц холбогдох,

Гуравдагч этгээд: “Х Б” ХХК,

“Татварын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.А, хариуцагч Өмнөговь аймгийн Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.А шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц нь “Х б” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2016, 2017, 2018 онд 22.438.439.13 төгрөгийн хувийн хэрэглээний зардлыг тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан, нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны тайлангийн үлдэгдэл 5.371.472.5 төгрөгийг 246 хоног саатуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны тайланд 41.340.173.1 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тусгасан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2018 оны тайланд 20.670.086.6 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тусгасан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2018 оны тайлангийн үлдэгдэл 125.811.4 төгрөгийг 205 хоног саатуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын 2018 оны тайлангийн үлдэгдэл 590.264 төгрөгийг 205 хоног саатуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэх зөрчилд нийт 14.165.494.5 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хянав.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасан.

Татварын Улсын байцаагч Э.Ц нь “Х б” ХХК-д холбогдох дээрх зөрчлийг шалгахдаа зөрчил гаргагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, мэдүүлэг аваагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг холбогдогчид танилцуулаагүй байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл... талаар тусгана”, 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасан байхад 0292243 дугаартай шийтгэлийн хуудсанд “Хаан болор” ХХК-д холбогдох зөрчлийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл зэргийг тодорхой дурдаагүй, шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичсэн, шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдэд танилцуулаагүй дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын 2019 оны эрсдэлд тооцоолсон хяналт шалгалтын төлөвлөгөө, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар «Татварын хянал шалгалт хийх ерөнхий удирдамж», Татварын хяналт шалгалт хийх 11190900093 дугаар бүхий томилолтоор 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр татварын хяналт шалгалтыг Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Цэвэгмэд, Б.Мягмарцэрэн нар 3618692 тоот регистрийн дугаартай “Х б” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 -д заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар 110292243 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.А хянаж үзээд эрх бүхий албан тушаалтан нь дээрх нэр бүхий хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, мэдүүлэг аваагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг холбогдогчид танилцуулаагүй, холбогдох зөрчлийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл зэргийг тодорхой дурдаагүй, шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичсэн, шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдэд танилцуулаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 3.1, 3.2, 3.3-т заасан үүргээ биелүүлээгүй. 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2-т заасан эрхээ эдлээгүй учир 4.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй” гэж заасныг үндэслэн мэдүүлэг аваагүй. Мөн хуулийн 4.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэлд тусгасан.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд шалгалт хийгдэхээс өмнөх үеийн татвар төлөгчийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын тайлан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг хуулийн зүйл, заалт бүрээр тус тус дурдсан.

Тус хуулийн этгээдийн захирал М.Д холбогдож шалгалтад хамрагдах болсон тухай мэдэгдэхэд холбогдох баримт материалын авчирсан. Шалгалтын хугацаанд тодруулах зүйлийг М.Д холбогдож лавлаж байсан бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчруулахад захирал нь 2015 оны 10 дугаар сарын 15-нд М.М болон өөрчлөгдсөн байсан.

Гэсэн ч уг хуулийн этгээдийн үйл ажиллагааг М.Д эрхлэн явуулдаг тул 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн биеэр татварын хэлтсийн байранд ирж зөрчлийн материалтай танилцсан.

 М.М нь хөдөө ажилтай байдаг, завгүй байна гэсэн шалтгаанаар удаа дараа дуудсан хугацаанд ирээгүй учир шийтгэлийн хуудсыг утсаар танилцуулж, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл “Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг” 33.3-д “Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно.”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн        33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0292243 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х б” ХХК-д аймгийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагч Э.Ц ажилласан байна, ямар учраас яагаад манай компанид шалгалт орж байгаа талаараа надад мэдэгдээгүй, энэ талаар би 2019 оны 10 дугаар сард мэдсэн.

Татварын улсын байцаагч манай компанид хяналт шалгалт хийхдээ намайг Татварын хэлтэс дээр нэг ч удаа дуудаж уулзаагүй, хяналт шалгалт хийж байгаа талаараа ч надад мэдэгдээгүй, манай компанид хяналт шалгалт хийхдээ миний эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, эрхээ эдлэх боломж олголгүй, 2019 оны 10 дугаар сард Шуудан холбооны газрын ажилтан надад албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаагүй, ямар ч бичиг баримт үйлдэлгүй, тухайн үед ажиллаж байсан зөөгчид өгөөд явсан байсныг би сүүлд нь олж авч үзэхэд Татварын хэлтсээс ирүүлсэн албан бичиг байсан, уг албан бичигт 0292243 дугаартай "Шийтгэлийн хуудас” хэзээ бичсэн нь тодорхойгүй, он, сар, өдөр нь засвартай, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” болон зөрчлийг материалыг танилцуулаагүй, тайлбар хийх боломж олгоогүй, хяналт шалгалт явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байсан тул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх “Маргаан таслах зөвлөл”-д гомдлоо гаргаж өгсөн байгаа.

Татварын улсын байцаагч Э.Ц нь Зөрчил шалгаж шийдвэрлэх тухай хуулийн 3.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.7.8, 2.9 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй, эдлэх боломж олгоогүй тул он, сар, өдөр нь тодорхойгүй 0292243 дугаартай "Шийтгэлийн хуудас” хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Ц.А Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нь /цаашид “татварын улсын байцаагч” гэх/ гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2016, 2017, 2018 онд 22.438.439,13 төгрөгийн хувийн хэрэглээний зардлыг тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 2.243.843,9 төгрөгийн татвар, 673.153,2 төгрөгийг торгууль, 380.902,1 төгрөгийн алданги, нийт 3,297,899.2 төгрөгийн шийтгэлийг,

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны тайлангийн үлдэгдэл 5.371.472,5 төгрөгийг 246 хоног саатуулж, хуулийн хугацаанд төсөв төлөөгүй зөрчилд 1,321,381.6 төгрөгийн торгууль, 607,836.5 төгрөгийн алданги, нийт 1,929,218.1 төгрөгийг шийтгэлийг,

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны тайланд 41,340,173.1 төгрөгийг дутуу тусгасан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд 4,134,017.3 төгрөгийн нөхөн татвар, 1,240,205.2 төгрөгийн торгууль, 467,805.9 төгрөгийн алданги, нийт 5,842,028.4 төгрөгийн шийтгэлийг,

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2018 оны тайланд 20,670,086.6 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тусгасан зөрчилд 2,067,008.7 төгрөгийн нөхөн татвар, 620,102.6 төгрөгийн торгууль, 194,918.1 төгрөгийн алданги, нийт 2,882,029.4 төгрөгийг шийтгэлийг,

 Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2018 оны тайлангийн үлдэгдэл 590,264 төгрөгийг 205 хоног саатуулж, хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 25,791.1 төгрөгийн торгууль, 11,863.4 төгрөгийн алданги, нийт 37,654.5 төгрөгийн шийтгэлийг,

Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын 2018 оны тайлангийн үлдэгдэл 590,264 төгрөгийг 205 хоног саатуулж, хуулийн хугацаанд  төсөвт төлөөгүй зөрчилд 121,003.3 төгрөгийн торгууль, 55,661.6 төгрөгийн алданги, нийт 176,664.9 төгрөгийг шийтгэлийг тус тус оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж зааснаар Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалгах журмыг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргагч хуулийн этгээдийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, шийтгэл оногдуулсан шийдвэртээ үндэслэл, хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт хүргүүлжээ.

Хариуцагчаас “...нэгэнт санхүүгийн баримтуудыг шалгаад зөрчлийг илрүүлсэн тул ил тодорхой зөрчил гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн...” гэж маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; ...” гэх зэрэг 3 үндэслэлийг, уг зүйлийн 4-д “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: ... 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон “зөрчил” ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн “зөрчил”-ийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм.

Тодруулбал, татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, ногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гаргасан гэх зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлээгүй зэргээр маргаж байсан нь тогтоогдож байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл... талаар тусгана”,  6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж зохицуулжээ.

Татварын улсын байцаагч 0292243 дугаар бүхий шийтгэлийн хуудсанд “Х б” ХХК-д холбогдох зөрчлийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл зэргийг тодорхой дурдаагүй, шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, заалтыг ЗТХ.11.19 1.1.1.2.2 гэж бичсэн нь ямар хуулийн ямар зүйл, заалт болох нь ойлгомжгүй  байгаа зэрэг нь шийтгэлийн хуудас дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох юм. 

Харин татварын улсын байцаагч гаргасан шийдвэрээ албан ёсны шуудангаар холбогдогчийн хаягаар хүргүүлсэн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчсөн гэх  дүгнэлт үндэслэлгүй.

Дээрх байдлаар татварын улсын байцаагч “Х б” ХХК-ийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй  байхад гаргасан “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэхгүй тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

Прокуророос холбогдох эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэлт ирүүлсэн байх тул татварын зөрчлийн үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйл 1, 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц-ийн тогтоосон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газар нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.БАЯРМАА