Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00321

 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01673 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2144 дүгээр магадлалтай,

   “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Д ад холбогдох

   “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгаж, 55,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:  Хариуцагч Д  нь “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Д  эдгээр компаниудын гэрчилгээ, дүрэм, тамга тэмдэг, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн бүхий л хувийн мэдээллийг агуулсан санах ойг ажлын байрнаас авч явсан бөгөөд компанийн харилцагч нар болон санхүүгийн байдал, орлогын талаар нэхэмжлэгчид ямар ч мэдээлэл өгөхгүй, танилцах боломжоор хангахгүй байгаа болно. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна, 97 дугаар зүйлийн 97.1.6-д зааснаар компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан хадгалах үүрэгтэй, 97.6 дахь хэсэгт компани нь энэ хуулийн 97.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална, Компанийн дүрмийн 5.4-д зааснаар хувьцаа эзэмшигч нь Компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бусад бичиг баримт мэдээ тайлантай танилцах эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Д  нь “Э ” ХХК-нд “Синержи гоул” ХХК, “Навиволд Монгол” ХХК-иудыг үйл ажиллагааны болон санхүүгийн баримт бичгийг огт танилцуулахгүй, компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа болно. Мөн хариуцагч Д  нь 2012 оноос албан тушаалаа хууль бусаар ашиглаж “Навиволд Монгол” ХХК-ийн данснаас түрээсийн төлбөр хэлбэрээр нийт 55,000,000 төгрөгийг гарган хувьдаа завшиж, уг 55,000,000 төгрөгөөр өөрийн нэр дээр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой Даваатын амд байрлах амралтын газар худалдаж авсан байдаг. Тэрээр “Навиволд Монгол” ХХК-ийн компанийн данснаас 55,000,000 төгрөгийн гүйлгээг хийхдээ газрын төлбөр гэсэн утгатайгаар гаргасан байдаг боловч компанийн тайлан, балансад түрээсийн төлбөр гэсэн утгатайгаар бүртгэж, тайлагнасан байдаг. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Иймд “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагч Д ад даалгах, хариуцагч Д аас 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-нд олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Синержи гоул” ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011205020 дугаарт бүртгэгдсэн, 5323991 тоот регистрийн дугаартай “Синержи гоул” ХХК нь 2009 оны 08 сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2009 оны 09 сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. “Синержи гоул” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай болно. “Э ” ХХК нийт хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшдэг, Д  нийт хувьцааны 49 хувийн хувьцааг эзэмшдэг. Израиль Улсын Веринт Системс компаниас “Синержи гоул” ХХК-нд шилжүүлэх ёстой байсан 138,535 ам.долларыг “Э ” ХХК-ийн захирал Израйль улсын иргэн Яир Жакоб Порат 2013 оны 12 сарын 01-ний өдөр өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч хэрэглэсэн нь 2014 онд тогтоогдсон байдаг. Үүнээс үүдэн “Синержи гоул” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүссэн. “Э ” ХХК болон тус компанийн захирал Израиль улсын иргэн Яир Жакоб Порат нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй. Үүний учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байна. Гэвч өнөөдрийн байдлаар оршин суугаа хаягийг тодорхойлж чадаагүй. “Навиволд Монгол” ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019002143 дугаарт бүртгэгдсэн, 5048567 тоот регистрийн дугаартай “Навиволд Монгол” ХХК 2005 оны 09 сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2006 оны 03 сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. “Навиволд Монгол“ ХХК хоёр хувьцаа эзэмшигчтэй болно. “Синержи гоул” ХХК, Их Британийн Турк Кайро арал улсын хуулийн дагуу байгуулагдсан “Навиволд групп” ХХК болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайд Д  компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирлын хувьд “Синержи гоул” ХХК, “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг “Э ” ХХК-ийн захирал Израйль улсын иргэн Яир Жакоб Поратыг мэдэгдэж байсан. Тухайлбал, 2016 оны 03 сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг “Э ” ХХК-ийн захирал Яир Жакоб Поратад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 04 сарын 29-ний өдөр хийхээр товлож мэдэгдэхэд Яир Жакоб Порат мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Яир Жакоб Порат хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байдаг. “Э ” ХХК болон тус компанийн захирал Израйль улсын иргэн Яир Жакоб Поратын Монгол Улсад оршин байх хаяг нь тодорхойгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг бичгээр хүргэж өгөх боломжгүй тул ийнхүү цахим шуудангаар мэдэгдэж байсан. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд Д  компанийн Гүйцэтгэх захирал төдийгүй компанийн хувьцаа эзэмшигч болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э ” ХХК-тай нэгэн адил эрх, үүрэг, хариуцлага хүлээсэн хувьцаа эзэмшигч юм. Түүнчлэн “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд ажилтнууддаа цалин өгөх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ямар ч орлого, хөрөнгө мөнгөгүй болсон. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн гүйцэтгэх захиралд компаниудын хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй. ”Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах болно. Тухайн 55,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд “Навиволд Монгол” ХХК-ийн албан тасалгааны зориулалтаар ашиглаж байсан байрыг Израйль улсын иргэн Яир Жакоб Порат, Израйль улсын иргэн Маймони Дахан болон Д  бид гурав хамтран өмчлөхөөр харилцан тохиролцож Хөрөнгө өмчлөгчдийн гэрээг 2009 оны 02 сарын 20-ны өдөр байгуулсан байдаг. Хөрөнгө өмчлөгчдийн гэрээний дагуу өмчилж буй талбайг бусдад түрээслэх тохиолдолд ашиглах талбайн түрээсийн төлбөрийг өмчлөгчдийн өмчлөх хувь хэмжээнд тэнцүүлж хувааж авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу “Навиволд Монгол” ХХК нь Израйль улсын иргэн Яир Жакоб Порат, Израйль улсын иргэн Маймони Дахан болон Д  нартай түрээсийн гэрээ байгуулж түрээсийг төлж байсан байдаг. 2012 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн Д  “Навиволд Монгол” ХХК-нд хүсэлт гарган өөрт ногдох түрээсийн төлбөрийг “Сэргэлэн тэнгэр” ХХК-иас шилжүүлж авсан газрын төлбөрт шууд шилжүүлэхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу нийт 53,770,000 төгрөгийг шилжүүлж авсан. 2014 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар “Навиволд Монгол” ХХК Д  надад 37,753,128.09 төгрөгийн өглөгтэй байна. Иймд “Э ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01673 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул Д аас “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах, 55,000,000 төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 573,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2144 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2144 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Магадлалын Хянавал хэсэгт "... Шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан буюу шаардан авахаас татгалзсан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гарах бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар захирамжид гомдол гаргаж болохоор байна. Гэтэл хэргийн 119-120 дугаар талд авагдсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж зааснаараа хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ” гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны эхэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллага, арилжааны банкнаас тодорхой нотлох баримтуудыг гаргуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг үндэслэсэн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар гаргасан хүсэлт байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө олж авах боломжгүй гэж тайлбарласан (гэхдээ энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй) нотлох баримтуудыг бусад этгээдүүдээс гаргуулахыг хүссэн хүсэлт байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг нь дараах агуулгыг илэрхийлж байна. Үүнд: Шүүгч тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хийсэн боловч нэхэмжлэлийг нэг мөр хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигчдоос гаргаж өгөөгүй, гаргуулах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд тухайн нотлох баримтгүйгээр уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг хойшлуулах, эсхүл зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авах тухай юм. Хуулийн энэ зүйлд заасан шаардан авах тухай зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан “зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж заасны дагуу эсрэг талаас нотлох баримт гаргуулахтай холбоотой агуулгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллага болон зохигч бус этгээдээс нотлох баримтыг гаргуулах тухай зохицуулалт нь шаардан авах гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар “бүрдүүлэх” гэсэн утгатай. Үүний учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гарах үндэслэлгүй.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг шүүгч нээхэд биечлэн байлцаж улмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээ гаргаж, хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан тул шүүхийн шийдвэрт тусгасан нь хууль зөрчих гэх үндэслэлд хамаарахгүй. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дах хэсэгт заасан зөрчлийг анхан шатны шүүх гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй. Учир нь анхан шатны шүүх шүүх хуралдааны зарыг зохигч нарт урьдчилан мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох, улмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж хэлэлцүүлсэн зэрэг нь анхан шатны шүүх зохигч нарыг эрхээ хэрэгжүүлэх бүхий л боломжоор хангасан гэж үзэх үндэслэлтэй. Гагцхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хүсэлтийг нь анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан “хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд төлөөлүүлэгчийн эрхийг хамгаалж чадахгүй” хэмээн итгэмжлэлээсээ татгалзсан нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Энэ нь тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ёс зүй, сахилга баттай холбоотой бөгөөд өөрийн ёс зүйгүй үйлдэл, шүүх хуралдааны бэлтгэлгүй байдлаараа анхан шатны шүүхийг буруутгаж байгаад харамсаж байна. Аливаа этгээд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн нотолж байгаа гэж үзсэн тохиолдолд л нэхэмжлэлээ шүүхэд гаргадаг. Гэтэл бидний тохиолдолд өөрийн гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан нотлох баримтууддаа эргэлзэн улмаар өөрт нь эрх олгосон төлөөлүүлэгчдээ мэдэгдэлгүйгээр итгэмжлэлээсээ шууд татгалзаж байгаад анхан шатны шүүхийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2144 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ201801673 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцсэн байна.  

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Д ад холбогдуулан “Синержи гоул” ХХК, “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгаж, 55,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримтыг шаардан авах буюу гаргуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны үед хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 108/ШЗ2018/07639 дугаартай захирамжаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, хүсэлтийг хангахгүй орхисон байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан буюу шаардан авахаас татгалзсан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гарах бөгөөд хэргийн 119-120 дугаар талд авагдсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж зааснаараа анхан шатны шүүх  хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-т зааснаар бүрэн эрхээсээ татгалзсан байх бөгөөд  түүнийг шүүх хуралдаанаас гарч явахыг шүүгч зөвшөөрсөн байна. Гэтэл анхан шатны  шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга нь шүүх хуралдаанд оролцсон байдлаар тусгасан, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2144 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.          

2. Хариуцагч Д ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,350.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН