Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/01583

 

“ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Р-д холбогдох,

“Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах, 55 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Р,

Хариуцагчийн өмгөөлөгч: В.Гэрэлт-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Р нь “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Д.Р эдгээр компаниудын гэрчилгээ, дүрэм, тамга тэмдэг, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн бүхий л хувийн мэдээллийг агуулсан санах ойг ажлын байрнаас авч явсан бөгөөд компанийн харилцагч нар болон санхүүгийн байдал, орлогын талаар нэхэмжлэгчид ямар ч мэдээлэл өгөхгүй, танилцах боломжоор хангахгүй байгаа болно. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан. Гэтэл Д.Р нь Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2014 оноос хойш зарлан хуралдуулаагүй тул түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон болно. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар хариуцагч Д.Р-аас удаа дараа шаардаж, хүсэж байсан боловч үр дүнд хүрээгүй. Д.Р бүрэн эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон байхад одоог хүртэл “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийг төлөөлөн компанийн гэрчилгээ тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй хэлцэл, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа болно. Иймд хариуцагч Д.Р-аас компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулаагүй нөхцөлд тэрээр дээрх тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг бусдад төрүүлж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн дагуу хуралдуулж, шинээр гүйцэтгэх захирлыг томилсон нөхцөлд ч компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг байхгүй тохиолдолд уг гүйцэтгэх захирлыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж чадахгүй, улмаар шинээр томилогдсон гүйцэтгэх захирал компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд ороод байна. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т “Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна”, 97 дугаар зүйлийн 97.1.6-д зааснаар компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан хадгалах үүрэгтэй, 97.6-д компани нь энэ хуулийн 97.1-т заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална, компанийн дүрмийн 5.4-д зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бусад бичиг баримт мэдээ тайлантай танилцах эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Д.Р нь “ЭЭЭ” ХХК-д “Синержи гоул” ХХК, “Навиволд Монгол” ХХК-иудыг үйл ажиллагааны болон санхүүгийн баримт бичгийг огт танилцуулахгүй, компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа болно. Мөн хариуцагч Д.Р нь 2012 оноос албан тушаалаа хууль бусаар ашиглаж “Навиволд Монгол” ХХК-ийн данснаас түрээсийн төлбөр хэлбэрээр нийт 55 000 000 төгрөгийг гарган хувьдаа завшиж, уг 55 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой Даваатын амд байрлах амралтын газар худалдаж авсан байдаг. Тэрээр “Навиволд Монгол” ХХК-ийн компанийн данснаас 55 000 000 төгрөгийн гүйлгээг хийхдээ газрын төлбөр гэсэн утгатайгаар гаргасан байдаг боловч компанийн тайлан, балансад түрээсийн төлбөр гэсэн утгатайгаар бүртгэж, тайлагнасан байдаг. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж үзэн хэрэгсэхгүй болгосон болно. Хариуцагч Д.Р-ыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25/4 байр 21 тоотод оршин суугаа болохыг эрэн сурвалжлан тогтоож, тодорхойлж өгсөн тул уг хаягийн дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Д.Р-аас “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагч Д.Р-д даалгах, хариуцагч Д.Р-аас 55 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Синержи гоул” ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011205020 дугаарт бүртгэгдсэн, 5323991 тоот регистрийн дугаартай “Синержи гоул” ХХК 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. “Синержи гоул” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай. “ЭЭЭ” ХХК нийт хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшдэг. Д.Р нийт хувьцааны 49 хувийн хувьцааг эзэмшдэг. Израиль Улсын “Веринт системс” компаниас “Синержи гоул” ХХК-д шилжүүлэх ёстой байсан 138 535 ам.долларыг “ЭЭЭ” ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч хэрэглэсэн нь 2014 онд тогтоогдсон байдаг. Үүнээс үүдэн “Синержи гоул” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүссэн. “ЭЭЭ” ХХК болон тус компанийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй. Үүний учир Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байна. Гэвч өнөөдрийн байдлаар “ЭЭЭ” ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратын оршин суугаа хаягийг тодорхойлж чадаагүй. “Навиволд Монгол” ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019002143 дугаарт бүртгэгдсэн, 5048567 тоот регистрийн дугаартай “Навиволд Монгол” XXK 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. “Навиволд Монгол” ХХК хоёр хувьцаа эзэмшигчтэй болно. “Синержи гоул” ХХК, Их Британийн Турк кайро арал улсын хуулийн дагуу байгуулагдсан “Навиволд групп” ХХК болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайд Д.Р миний бие компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирлын хувьд “Синержи гоул” ХХК, “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг “ЭЭЭ” ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратыг мэдэгдэж байсан. Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг “ЭЭЭ” ХХК-ийн захирал Яир Жакоб Поратад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлож мэдэгдэхэд Яир Жакоб Порат мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Яир Жакоб Порат хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байдаг. “ЭЭЭ” ХХК болон тус компанийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратын Монгол Улсад оршин байх хаяг нь тодорхойгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг бичгээр хүргэж өгөх боломжгүй тул ийнхүү цахим шуудангаар мэдэгдэж байсан. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд Д.Р миний бие компанийн гүйцэтгэх захирал төдийгүй компанийн хувьцаа эзэмшигч болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-тай нэгэн адил эрх, үүрэг, хариуцлага хүлээсэн хувьцаа эзэмшигч юм. Түүнчлэн миний бие “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд ажилтнууддаа цалин өгөх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ямар ч орлого, хөрөнгө мөнгөгүй болсон. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн гүйцэтгэх захиралд компаниудын хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй. “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах болно. 55 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд “Навиволд Монгол” ХХК-ийн албан тасалгааны зориулалтаар ашиглаж байсан байрыг Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат, Израиль Улсын иргэн Маймони Дахан болон Д.Р бид гурав хамтран өмчлөхөөр харилцан тохиролцож хөрөнгө өмчлөгчдийн гэрээг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Хөрөнгө өмчлөгчдийн гэрээний дагуу өмчилж буй талбайг бусдад түрээслэх тохиолдолд ... ашиглах талбайн түрээсийн төлбөрийг өмчлөгчдийн өмчлөх хувь хэмжээнд тэнцүүлж хувааж авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу “Навиволд Монгол” ХХК нь Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат, Израиль Улсын иргэн Маймони Дахан болон Д.Р нартай түрээсийн гэрээ байгуулж түрээсийг төлж байсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Р миний бие “Навиволд Монгол” ХХК-д хүсэлт гарган өөрт ногдох түрээсийн төлбөрийг “Сэргэлэн тэнгэр” ХХК-иас шилжүүлж авсан газрын төлбөрт шууд шилжүүлэхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу нийт 53 770 000 төгрөгийг шилжүүлж авсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар “Навиволд Монгол” ХХК нь Д.Р надад 37 753 128,09-ний өглөгтэй. Иймд “ЭЭЭ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Р-аас “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах, 55 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..."ЭЭЭ” ХХК-ийн иргэний хэргийн 60 дугаар талд хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа 2009 оны 9 дүгээр сарын оффисын талбайн түрээсийн гэрээг нэхэмжлэгч компани ба түүний удирдлага огт мэдээгүй байдаг. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. "Навиволд Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал ба иргэн Д.Р өөрөө өөртэйгээ хийсэн гэрээг нэхэмжлэгч талд танилцуулаагүй хууль ёсоор хийгдсэн нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай төдийгүй энэхүү гэрээг иш татан "Сэргэлэн тэнгэр” гэх компанид 55 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа нь компанийн удирдах ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн. Мөн Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.3-д “мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй", мөн хуулийн 85.2.5-д “Энэ хуулийн 98 дугаар зүйлийн мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй. 98.1-т хувьцаат компани нь жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо болон Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг өөрийн үнэт цаас эзэмшигчийн хүсэлтээр танилцуулах үүрэгтэй. Хэдийгээр хариуцагч ТУЗ-ийн хурлыг удаа дараа товлосон гэх боловч шаардсан санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй. 98.2-т компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ. 98.3 хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг хувьцаа эзэмшигч нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах эрхтэй. 98.4 компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага энэ хуулийн 98.3-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шаардлага гаргасан өдрөөр тасалбар болгон бүртгэлийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг шаардлага тавьсан этгээд хариуцна. 98.5-д “Энэ хуулийн 98.1-98.2, 98.4-т заасан үүргээ биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд энэ хуулийн 85.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг тус тус зөрчсөн. 55 000 000 төгрөгийг Хас банкан дахь тус "Навиволд” ХХК-ийн 5001129825 тоот данснаас гаргасан баримтын хуулбар байсан учир Хас банканд хандсан, гэвч итгэмжлэлгүй төлөөлөх этгээдэд л гаргаж өгнө эсхүл шүүхээр дамжуулан гаргуулах боломжтой гэсний дагуу шүүхэд хандсан боловч шүүгч хүсэлт хангахаас татгалзсан. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст өргөдөл гаргаж санхүүгийн баримт гаргуулахыг хүссэн боловч гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн гэж мэдүүлсэн атлаа шүүхэд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэх захирал гэж мэдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэтэл "Навиволд Монгол” ХХК ба "Синержигоул” ХХК-ийн үйл ажиллагаа 2015 оноос доголдож өнөөдрийг хүртэл харьяа татварын хэлтсүүдэд санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй байгаа талаарх сүүлийн мэдээллийг Баянгол дүүргийн татварын хэлтсээс нотлох баримтаар гаргуулж өгснийг анхан шатны шүүх үнэлсэнгүй. Мөн 2003 онд РД 5048567 бүртгэлтэй "Навиволд Монгол” ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр 2016 онд Д.Р-ын 100 хувийн эзэмшигчээр "Навиворлд Монгол” ХХК РД 6089437 байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа талаарх холбогдох мэдээллийг зохих журмын дагуу гаргуулахаар шүүхэд хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хангахаас татгалзсанд тус тус гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК нь хариуцагч Д.Р-д холбогдуулан “Синержи гоул” ХХК болон “Навиволд Монгол” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах, 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК нь “Синержи гоул” ХХК-ийн 51 хувийн хувьцааг, хариуцагч Д.Р нь 49 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд “Синержи гоул” ХХК нь “Навиволд Монгол” ХХК-ийн 69 хувийн хувьцааг, Туркийн “Навиворлд групп” ХХК нь 31 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 10-11, 62-75 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Р нь “Синержи гоул” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Навиволд Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д.Р нь “ЭЭЭ” ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратад 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин хийхээр товлон мэдэгдэхэд Яир Жакоб Порат 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хурал хийхийг хүсч, хурлын товыг өөрчилсөн ч хуралдаа мөн ирээгүй байна. /1 дүгээр хх-ийн 84-88 дугаар тал/

Хариуцагч Д.Р нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэсэн үүргээ биелүүлсэн байх тул мөн хуулийн 59.5 дах хэсэгт зааснаар түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон гэх үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдолдоо “Навиволд Монгол” ХХК-ийн данснаас 55 000 000 төгрөгийг хариуцагч Д.Р авч хувьдаа ашигласан, энэ талаарх нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан ч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх боловч нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК нь “Навиволд Монгол” ХХК-нийг төлөөлөн Д.Р-д холбогдуулж нэхэмжлэл гаргах, 55 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК шаардах эрхтэй гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЭНХТӨР

                                                      ШҮҮГЧ                             М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                              Г.ДАВААДОРЖ