Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00593

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 3-2 тоотод оршин суух Халзангууд Далхсүрэнгийн Дугарсүрэн /ШЕ79111918/-д холбогдох

Гэм хорын хохирол 7.850.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 155/2017/00389/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргаар ажиллаж байсан Д.Дугардорж нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/56, Б/57 дугаар тушаалаар машинист Д.Батсайхан, Э.Баасандаваа нарыг ажлаас халсан боловч Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд нь буцаан томилж, Э.Баасандаваад 2.746.236 төгрөгийн цалин олгож, НДШ-д 49.607 төгрөг, Д.Батсайханд 2.579.904 төгрөгийн цалин олгож, НДШ-д 49,333 төгрөг төлсөн байна. Мөн сантехникийн механикч ажилтай Б.Батхуягийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны Б/42 дугаар тушаалаар ажлаас халсныг Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд нь буцаан томилж, Батхуягт 2.250.000 төгрөгийн цалин олгох, НДШ-д 175.500 төгрөгийг төлж байгууллагыг 7.850.580 төгрөгөөр хохироосон болох нь Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 САГ-2017/370/СТА-ТШЗ актаар тогтоогдож "Төлбөр барагдуулах тухай” актаар нотлогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж тус тус заасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн дагуу Д.Дугардоржоос /Д.Батсайхан, Э.Баасандагва, Б.Батхуяг/ нарт нөхөн олгосон 7.850.580 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Дугардорж нь Мөрөн Нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа 14-15 хүн ажлаас халж 14-15 хүн шинээр авсан байдаг. Энэ үйл явдалтай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар түүнийг ажлаас халсан. Гэтэл Дугардорж үндэслэлгүй ажлаас халагдсан хэмээн үзэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан боловч түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Дугардоржийн ажлаас халсан нэр бүхий хүмүүс нь  Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажлаас халагдсан иргэнд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 7.850.580 төгрөгийн нөхөн олговор олгож, байгууллагад хохирол учруулсан. Удирдах байгууллагын зүгээс байгууллагадаа учирсан хохирлыг Д.Дугардоржоос нэхэмжилж байгууллагыг хохиролгүй болго гэсэн Үндэсний аудитын газрын акт гарсан байдаг. Энэ актын дагуу Мөрөн нисэх буудлын газрын даргаар ажиллаж байсан иргэн Дугардоржоос тус хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд иргэн Д.Дугардоржоос 7.850.580 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Гэм буруутай гэдгийг нь 2 шатны шүүх тогтоосон. Аудитын байгууллагын акт гарсан байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Иймд бид ажлаас халагдсан иргэдэд тэтгэмж олгох мөнгийг Дугардоржид өгсөн. Одоо түүнээс мөнгөө нэхэмжилж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.  

Хариуцагч Д.Дугардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Дугардорж миний бие нь 2017 оны 04 дүгээр сар 04-ний өдөр нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын зүгээс надад холбогдуулан тус шүүхэд гаргасан, гэм хорын төлбөрт 7.850.580 /Долоон сая, найман зуун тавин мянга, таван зуун наян/ төгрөг төлүүлэх утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, доорх тайлбарыг хүргүүлж байна.

Хариуцагч нь 2016 оноос 03 сарын 10-ны өдөр Б/50 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг мөрдөж, үүргээ шударгаар биелүүлж ирсэн. Нэхэмжлэгч нь намайг тус байгууллагын ажилтан Д.Батсайхан, Э.Баасандаваа, Б.Батхуяг нарыг хууль бусаар ажлаас халж, байгууллагад хохирол учруулсан гэж буруутгаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг тус тус үндэслэн гэм хорын нөхөн төлбөрт 7.850.580 /Долоон сая, найман зуун тавин мянга, таван зуун наян/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Миний зүгээс дараах үндэслэлүүдээр дээрх шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нисэх буудлын газар нь энэ хэргийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” , мөн тус зүйлийн 103.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж гус тус заасан байдаг. Эндээс үзэхэд албан тушаалтнаар хохирол төлүүлэх асуудлыг тухайн захиргааны байгууллага өөрөө биш, харин дээд шатны байгууллагын дотоод аудит, хэрэв байхгүй бол, төрийн аудитын байгууллага хариуцдаг байна. Гэвч, манай тохиолдолд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас хохирол амссан гэх Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын газар нь өөрөө нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд энэ асуудлын хувьд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх нь зүйтэй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-ийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй. Бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг гол үндэслэлээ болгож байна.Тус хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”гэж заасан байдаг.

          Өөрөөр хэлбэл, 498.5-ыг хэрэглэх гол шалгуур, урьдчилсан нөхцөл нь тухайн хохирол учруулсан этгээдэд шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл байх гэсэн нөхцөл юм. Тодруулбал, хариуцагч хууль бусаар нэхэмжлэлд дурдагдсан 3-н ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл нь хангалтгүй бөгөөд, тухайн хууль бус гэх шийдвэрийг хариуцагч нь илтэд болгоомжгүй эсхүл санаатайгаар гаргасан гэсэн үйл баримт тогтоогдох ёстой юм.

          Гэвч, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тогтоогддоггүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн урьдчилсан нөхцөлийг хангагдаагүй гэж үзэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, гэм хорын төлбөрт 7.850.580 төгрөг гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХ-н 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа хэлье. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан зохицуулалтыг авч үзэх шаардлага гарна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зохицуулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн тухайд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн. Гэтэл болсон үйл явдал нь уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө байдаг. Нэхэмжлэгч  талын суурилж байгаа хуулийн зохицуулалт нь бидний маргаж байгаа үйл явдал эхэлсний дараа хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалт юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол” гэж шууд санаатай, илтэд болгоомжгүй гэж хуульчилж өгсөн байдаг. Тэгвэл хариуцагчид шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл байсан гэдэг нь тогтоогдох ёстой. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2 шүүхийн шийдвэр байна. Энэ 2 шийдвэр нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь хууль бус байсан гэдгийг тогтоож байгаа юм. Гэхдээ энэ шүүхийн шийдвэр нь Дугардоржийг илтэд болгоомжгүй, шууд санаатай тухайн үйлдлийг хийсэн гэдгийг нотлохгүй. Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл нь хангагдаагүй юм байна. Энэ нөхцөл хангагдсан гэдэг нь одоогийн байдлаар тогтоогдохгүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шаардах эрхгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан байдаг. Дээд шатны аудитын байгууллага хохирол төлүүлнэ гэж зохицуулсан байдаг. Хэрвээ дээд шатны аудитын байгууллага байхгүй бол энэ хуулийн 103.3. Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасан байдаг. Тиймээс манай зүгээс үүнийг хариуцах үндэслэл болохгүй.  Иймээс тухайн хохирлыг иргэн төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал нь Д.Дугардоржид холбогдуулж гэм хорын хохирол 7.850.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ... “албан тушаалтнаар хохирол төлүүлэх асуудлыг тухайн захиргааны байгууллага өөрөө биш, харин дээд шатны байгууллагын дотоод аудит, хэрэв байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцах тул нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн хариуцагч Д.Дугардорж нь санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д.Дугардорж нь Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар сантехникийн механикч Б.Батхуягийг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/56, Б/57 дугаар тушаалаар машинист Д.Батсайхан, Э.Баасандаваа нарыг ажлаас халсан боловч Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаартай шийдвэрүүдээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд нь буцаан томилж, Э.Баасандаваад 2.746.236 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 49.607 төгрөг, Д.Батсайханд 2.579.904 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 49,333 төгрөг, Б.Батхуягт 2.250.000 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 175.500 төгрөгийг тус тус төлж байгууллагыг 7.850.580 төгрөгөөр хохироосон” гэх тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д.Дугардорж Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар тус байгууллагад сантехникийн механикчаар ажиллаж байсан Б.Батхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 132 дугаар зүйлийн 132.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам” –ын 2.8.6.2, 3.3.6.6, 3.10.2 дахь заалт, Зам тээврийн сайдын 2016 оны “ажлын хэсэг байгуулах тухай 56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1011 дугаартай албан бичгийг үндэслэж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/56, 57 дугаартай тушаалуудаар галчаар ажиллаж байсан Э.Баасандаваа, Д.Батсайхан нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./хх-23-25/

Б.Батхуяг, Д.Батсайхан, Э.Баасандаваа нар нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай магадлалаар Б.Батхуягийг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын сантехникийн механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаартай шийдвэрээр Д.Батсайхан, Э.Баасандаваа нарыг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоож, Д.Батсайханд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.2559.904 төгрөгийг, Э.Баасандаваад 2.543.944 төгрөгийг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал нэхэмжлэл гаргах эрхгүй, харин дээд шатны байгууллагын дотоод аудит, хэрэв байхгүй бол төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй юм гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 дугаартай актад Д.Батсайхан, Э.Баасандаваа, Б.Батхуяг нарт нөхөн олгосон 7.850.580 төгрөгийн цалингийн зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга асан Д.Дугардоржоор нөхөн төлүүлэх, биелэлтийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд даалгажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, мөн зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

Хариуцагч Д.Дугардорж нь Иргэний нисэхийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 680 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 26-ны Төлбөрийн даалгавар гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гэх баримтуудаар тус тус нотлогдож байх тул хариуцагч Д.Дугардоржоос 7.850.580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудалд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Г.Мөнхбаяр нь өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Д.Дугардоржоос 7.850.580 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 140.559 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Д.Дугардоржоос 7.850.580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугара зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Дугардоржоос 140.559 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

                                                                                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.БЯМБАСҮРЭН

          

                  ШҮҮГЧИД                          Б.ОТГОНБЯМБА

  

                                                       Г.ДАВААХҮҮ