Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00031

 

Э.Энхчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Э.Энхчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,  хариуцагч  Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын дарга Д.Хишигбат нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 513 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Энхчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Энхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Энхчимэг би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын даргын Б/103 тоот тушаалаар тус байгууллагын нислэгийн мэдээллийн ажилтнаар ажиллаж эхэлсэн билээ. Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байтал 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан ба ажил олгогч тушаалд заасан үүргээ буюу сургалтанд хамруулалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Хишигбат тайлбартаа: Тус нисэх буудалд холбогдуулан гаргасан Э.Энхчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос ажилтныг шинээр авч ажиллуулахдаа туршилтын болон сургалтын хугацаагаар авч ажиллуулж болох тухай заасан. ...Э.Энхчимэгтэй байгууллага  туршилтын хугацаа тогтоосон байх ба энэ хугацаа дууссан, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг, туршилтын хугацаанд ажилтан уг ажлыг гүйцэтгэх чадваргүй байна гэж үзсэн тул Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 513 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын захиргаанд холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Энхчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Энхчимэг давж заалдах гомдолдоо: … Миний бие нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Мөрөн нисэх буудалд мэдээллийн ажилтнаар ажиллаж байтал ажил олгогч нь өөрийн санаачилгаараа дангаараа намайг ажлаас чөлөөлсөн юм. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Тухайлбал: Ажил олгогч дангаараа ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн аль тохирох хэсгийн заалтыг баримтлах талаар заажээ (УДШ-ийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33-р тогтоолын 15 дахь заалтыг зөрчсөн байна). Би ажил үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж байсаар байхад намайг ажлаа хийж гүйцэтгэх чадваргүй гэсэн нь илтэд ойлгомжгүй байна. Ажил олгогч нь надад ажлаас чөлөөлөх "Мэдэгдэл" өгөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 513 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан намайг ажилд минь эргүүлэн тогтоож цалинг гаргуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Энхчимэгийн нэхэмжлэлийн

шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Энхчимэг нь Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Э.Энхчимэг нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар нислэгийн мэдээллийн ажилтнаар томилогдож, 11 дүгээр сарын 14-ний өдөр туршилтын болон түр хугацаагаар байгуулах  хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай  байгуулсан нь ажилд томилсон тушаал, зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ажил олгогч, ажилтан  нар хөдөлмөрийн гэрээг туршилтын буюу 3 сарын хугацаагаар байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар”  гэсэн  заалттай нийцэж байх ба гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болжээ.

Ажилтны туршилтын хугацаа дуусмагц цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг ИНЕГ-ын дарга болон салбар нэгжийн удирдлага шийдвэрлэхээр хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7-д тусгасан байх ба ажил олгогч “ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр ажилтныг цаашид ажиллуулахгүйгээр шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан  үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд мөн  хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэх, ажилтанд нэг сарын өмнө  мэдэгдэх шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах  тохиолдолд  баримтлах заалт юм.

Нэхэмжлэгч Э.Энхчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учир түүнийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Э.Энхчимэгийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл учир  нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

                            ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                Б.СОСОРБАРАМ