Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00341

 

Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00116 дугаар магадлалтай,

            Б ийн нэхэмжлэлтэй,

            М т холбогдох

            Хохирлын үнэ 5,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 12 сарын 31-ний орой буюу он гарсны маргааш өдөр 11 цагийн үед би дэлгүүрээ хаагаад машинтайгаа гэр рүүгээ явж байсан. Миний 58-11 БӨА дугаартай "Тоуоtо сrown" маркийн машиныг 2018 оны 01 сарын 01-ний өдөр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Бетон гүүрийн хойд замд хариуцагч М  нь 43-23 БӨА улсын дугаартай "Тоуоtа Наrriеr" маркийн машиныг жолоодож явахдаа мөргөж зам тээврийн осол гарсан юм. Хариуцагчийн машин хурдтай ирж байсныг би харсан ба машинтайгаа зогсож байсан. Хариуцагч миний машиныг урдаас нь мөргөсөн. Ослыг аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн албаны а/х Б.Мэндбаяр шалгаж М ын буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан гэж тогтоосон. Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 95 дугаартай захирамжаар Аймгийн Цагдаагийн газраас М т 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 000102 дугаартай шийтгэврээр 100,000 төгрөгөөр торгосон. Авто тээврийн шинжээч машинуудыг үзэж хараад миний машины моторыг үзэх хэрэгтэй байна. Гадаа хүйтэн тул асах боломжгүй байна, дулаан газар аваачна гэхээр нь Хангай авто засварын гараашт аваачсан. Машиныг дулаан гараашт 2 хоног байлгаад асаахад ассан. Шинжээч машины мотор эвдэрсэн байна гэж хэлсэн. Энэ үед хариуцагч байхгүй байсан. Хариуцагч адуу малаа хайж байна гээд 7 хоног байхгүй байсан. Цагдаа нар хариуцагчийг олж чадаагүй. Би хариуцагчийн эхнэрт зоогийн газарт сууж байхад нь тааралдаад машины моторыг шалгах хэрэгтэй байна, нөхөр чинь хэрэгтэй байна гэж хэлэхэд нөхөр маань мал хайгаад 7 хоног хөдөө явсан, 7 хоногийн дараа ирнэ гэж хэлсэн. Би энэ үед тэгвэл та ч гэсэн байлцаач гэж хэлэхэд за гэж хэлчихээд машинтайгаа зугтаад явсан. Шинжээч Жанатхан машины моторыг хараад тос сийлдэхгүй байна, машины хөдөлгүүрт дуу чимээ орсон, радиотар нь мөргөлдсөн машины мотор эвдрээгүй гэж байхгүй гэх дүгнэлт гаргасан. Энэ ослын улмаас миний машины эд анги, хэрэгсэл гэмтэж 7,130,000 төгрөгийн хохирол учирсан. М  нь цагдаагийн ажилтанд мэдүүлэг өгөхдөө учирсан хохирлыг өгнө гэж байснаа дараа нь өгөхгүй гэдгээ эвлэрүүлэн зуучлагчид хэлж төлбөрийг барагдуулахгүй байна. Би анх шүүхэд хариуцагч М аас хохирлын үнэ болох 7,130,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Харин шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага багасгаж баруун урд далавч карлон 115,000 төгрөг, урд салхины шил 200,000 төгрөг, зуун урд айрбак 450,000 төгрөг, копод 250,000 төгрөг, усны радиатор 230,000 төгрөг, тосны радиотар 180,000 төгрөг, баруун талын их гэрэл 180,000 төгрөг, зүүн талын их гэрэл 180,000 төгрөг, урд гупер 250,000 төгрөг, урд нүүр 230,000 төгрөг, хонхойж хэв гажсан зүүн урд далавч крилог засаж бүтэн будахад 80,000 төгрөг, зүүн урд хаалга хонхойж хэв гажсаныг засаж бүтэн будахад 80,000 төгрөг, зүүн хойд далавч корла дотогш хонхойж орсон хэсгийг засаж бүтэн будах 100,000 төгрөг, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засах 50,000 төгрөг, хөдөлгүүр мотор дуу чимээ орсон тос сэлэхгүй байгааг засахад 1 сая төгрөг, зассан эд ангиудыг баталгаат засварын газар засах ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 5,175,000 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 5,175,000 төгрөг болгож байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2018 оны 01 сарын 03-ны өдөр аймгийн хэмжээнд их хэмжээний цас орсноос болж Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан. Тухайн өдөр миний унаж байсан машин халтирч эргэхэд Б  хурдтай ирж бид хоёрын машин мөргөлдсөн нь үнэн. Гэхдээ Б  тухайн үед "аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй" хурдтай ирсэн. Осол болсноос болоод бид хоёрын машины зохих эд анги эвдэрсэн, эвдэрсэн эд ангийг тухайн үед зах зээлийн ханшаас хэт их өндөр тогтоолгосон байна, би үүнийг зөвшөөрөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас материал нь шүүхэд ирсний дараа дахин шинжээч тогтоолгох хүсэлтээ гаргах болно. Үйлдвэрээс гараад арван хэдэн жил болсон Crоwn маркийн машины үнэ нь 4-5 сая төгрөг байхад эвдэрсэн эд ангийн үнэ 7,130,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь арай зах зээлд, нийгэмд нийцэхгүй байна. Харин би хүн чанар гаргаж гадны эвдэрсэн эд ангийн үнэ 1,500,000 гаруй төгрөг төлж өгөх бодолтой. Нэхэмжлэгч тал үүнд эвлэрэхгүй бол цагдаагийн байгууллагаас материал нь ирсний дараа танилцаж шинжээч тогтоолгох хүсэлтээ тухайн үед гаргах болно гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би үнэлгээг тогтоосон асуудлын хувьд зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэтэй тогтоосон гэж үзэж байна. Би машины сэлбэгийн үнийг судалж үзсэн. Нүүр 280,000 төгрөгөөр үнэлсэн ба Улаанбаатар хотод 40,000 төгрөг гэж байна. Тухайн машинд 5,100,000 төгрөг зарцуулсан гэж байна. Нэхэмжлэгч тал надаас тус машины үнийг гаргуулахыг хүсэж байна. Би машины сэлбэгийг авчирч засаж өгье гэж хэлсэн. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                            

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М аас баруун урьд далавч крыло буюу 115,000 төгрөг, урд салхины шил буюу 200,000 төгрөг, зүүн урд аэробак буюу 450,000 төгрөг, капот буюу 250,000 төгрөг, усны радиатор буюу 230,000 төгрөг, тосны радиатор буюу 180,000 төгрөг, баруун талын их гэрэл буюу 180,000 төгрөг, зүүн талын их гэрэл буюу 180,000 төгрөг, урд буфер буюу 250,000 төгрөг, урд нүүр буюу 230,000 төгрөг, крыло засах, бүтэн будах буюу 80,000 төгрөг, зүүн урд хамгаалагчийг засах будах буюу 80,000 төгрөг, зүүн хойд далавч засах, бүтэн будах буюу 100,000 төгрөг, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засах буюу 50,000 төгрөг, мотор дуу чимээ орсныг засварлах буюу 1,000,000 төгрөг, баталгаат засварын газрын ажлын хөлс буюу 500,000 төгрөг бүгд 4,075,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М аас 80,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00116 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Д.Айбек нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00116 тоот магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Шинжилгээний байгууллагын шинжээч нь мөргөсөн машины эд ангид дүгнэлт гаргахад зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлж дүгнэлт гаргасан. Мөн Тоуаtа crown 171 маркийн хуучин машины үнэ зах зээлийн өнөөгийн байдлаар 3- 5 сая төгрөг байхад анхан шатны шүүх машины үнийн дүгнэлт гаргуулахгүйгээр шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан. Уг нь би машиныг мөргөсөн үед зөвхөн зүүн талын крило, урьд талын гупер усны болон тосны аржаатар зэрэг нь эвдэрсэн ба уг машиныг айлын хашаанд 1 сар гаруй тавчихаад сарын дараа шинжээчийн дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайн үед уг машины мотор нь эвдрээгүй асаж байсан ба өөрсдөө асаж авч явсан байсан юм. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой журмыг хэрэглээгүй, анхан шатны шийдвэрийг хэвээр нь шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнэж шийдвэр гаргаагүй. Анхан шатны шүүхэд мөргөсөн машины эвдэрсэн эд ангид дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргахад хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргах эрхтэй юм. Хариуцагч миний эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой тул иргэний хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж шийдвэр гаргах нь зүйтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч М т холбогдуулж зам тээврийн зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол 7,130,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,175,000.00 төгрөг болгож багасгасан.

“...эвдэрсэн эд ангийн үнэ 1,500,000.00 төгрөг төлж өгөх боломжтой, үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэж байгааг зөвшөөрөхгүй” гэж хариуцагч маргажээ.

Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар шүүгчийн захирамж, хохирогчоос авсан мэдүүлэг, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлд үнэ тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, бетон гүүрний хойд замд хариуцагч М  нь Тоёота Хариер маркийн, 43-23 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад нэхэмжлэгч Б ийн Тоёота Кроун маркийн, 58-11 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэний улмаас нэг зуун нэгж буюу 100,000.00 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд  4,075,000.00 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул анхан шатны шүүх уг хохирлыг  хариуцагч М аас гаргуулж Б т олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн эд ангийг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлснийг шүүх анхаараагүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй гэсэн хариуцагчийн гомдлыг хангаагүй орхисон давж заалдах шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас “...анхан шатны шүүхэд мөргөсөн машины эвдэрсэн эд ангид дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргахад хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргах эрхтэй,...миний эрхийг ноцтой зөрчсөн...” гэсэн гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг зөрчөөгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00573 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00116 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч М ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,150.00 /наян мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН