Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0446

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 361 дүгээр шийдвэр

Гомдол гаргагч: “Т ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Б.Б

Хариуцагч С.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэргийн индекс: 128/2022/0874/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Т ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 361 дүгээр шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т  ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Анхан шатны шүүх “... Уг маргааны тохиолдолд “Т ” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн МБМ20225/28 дугаартай “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу дотоодын цемент үйлдвэрлэгч “М ” ХХК-ийн цементийг жижиглэнгээр худалдан борлуулдаг аж ахуйн нэгж бөгөөд зүй ёсны монополь байдалтай эсхүл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш. Зах зээлд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах үйл явц нь уг зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээс хамаарах зарчимтай. Иймд жижиглэнгээр цемент худалдан борлуулдаг гомдол гаргагч компани нь өөрсдийн зардал, ашгаа тооцоолон үнэ тогтоож, цемент худалдан борлуулсныг хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчилд хамааруулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

3.2. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М ” ХХК, “М” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу “УБТЗ” ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

3.3. Мөн “Т ” ХХК нь “УБТЗ” ХХН-ийн АБТЭМА-44-т цементийн хомстол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлах замаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй. Уг зөрчлийн хэрэгт дээрх хугацаанд цемент хүлээн авсан нийт 15 аж ахуй эрхлэгчийг холбогдуулан шалгасан бөгөөд торгууль оногдуулаагүй 9 аж ахуй эрхлэгч нь цементийн үнийг өмнөх үнээс огцом нэмэгдүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Нөгөөтээгүүр цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчлийг “өөрсдийн зардал, ашгаа тооцоолон үнэ тогтоож, цемент худалдан борлуулсныг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил гэж үзэхгүй” гэх агуулгаар дүгнэж, уг зөрчлийг илт үгүйсгэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна.

3.4. Анхан шатны шүүх “ ... хариуцагчийн дээрх шийтгэлийн хуудсаар зөрчил гэж тогтоосон ажиллагаагаар гомдол гаргагч хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны ямар арга хэрэглэсэн, түүний үр дүнд хууль бус хэдий хэмжээний орлого олсон, учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг тогтоогоогүй, зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал болон холбогдогчийн мэдүүлгээр үнээ нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон гэх тайлбарыг өгч байгаа нь хуульд нийцээгүй, зөрчлийг хуульд зааснаар шалгаж тогтоосон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэжээ. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан боловч хууль бусаар олсон хөрөнгө орлого, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоогоогүй нь тухайн компанийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх шууд үндэслэл болохгүй.

3.5. Мөн зөрчлийн хэрэгт авагдсан тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ц-н Хаан банкны ... , Ю.Ш-н Хаан банкны .... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр цементийг 1 тонн тутамд 400.000-480.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхээс “Т ” ХХК нь үнийг ийнхүү нэмэгдүүлэх бодит үндэслэл байсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь мөн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэх нэг үндэслэл болж байна.

3.6. Иймд анхан шатны шүүхээс “Т ” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу “цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд тус газрын улсын ахлах байцаагч С.Г хяналт шалгалт хийжээ.

2.2. Дээрх хяналт шалгалтыг хийгээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т ” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цемент борлуулахдаа “цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.3. Т ” ХХК-иас энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай. Аливаа зөрчилд хохирогч тогтоогдож хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй, цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй. “Т ” ХХК нь цементийн үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж гэж үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4. Хариуцагч давж заалдах гомдолдоо “Тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Дээрх онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тонн тутамд 330.000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400.000-480.000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн ... хууль бусаар олсон хөрөнгө орлого, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоогоогүй нь тухайн компанийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх шууд үндэслэл болохгүй. Зөрчлийн хэрэгт авагдсан тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ц , Ю.Ш нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр цементийг 1 тонн тутамд 400.000-480.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь тогтоогддог гэжээ.

2.5. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 12.1 дүгээр зүйлд Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 12 дугаар зүйлийн 12.1.10-т “...хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэжЗөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

2.6. Уг хуулийн зохицуулалтуудаас үзэхэд аж ахуй эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад нь тэгш өрсөлдөх боломжийг хангах, аж ахуй нэгжийн эрхийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулж, үүгээр дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалахад оршиж байна. Төрөөс аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа тухайн нөлөөлж буй хүчин зүйлс нь аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой эсэхийг нарийн ялгах шаардлагатай. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой зааж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэгслийг хориглосон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, зөрчсөн, иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг зохицуулжээ.

2.7.   Гэтэл хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагч Т ХХК нь хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хэрхэн зохиомол хомсдол үүсгэж, зах зээлийн хуваан эзэмшсэн, хэрэглэгчийг шударга бус аргаар, төөрөгдүүлсэн, худалдааны хүчилсэн арга хэрэглэсэн, бусад өрсөлдөгчидтэй худалдаа хийхэд нь үндэслэлгүйгээр саад хийсэн зэрэг хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин “шударга бус өрсөлдөөний аргыг хэрэглэж үнээ өсгөсөн эсэх, мөн гомдол гаргагч нь хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц , гэр бүлийн гишүүн Ю.Ш дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг  гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт  бүрдсэн эсэх” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

2.8. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байхад шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч уг хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоохтой холбоотой ажиллагааг огт хийлгүйгээр дан ганц торгох шийтгэлийг оногдуулсан нь ойлгомжгүй байна.

2.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 14-ий өдрийг хүртэл, 20-оос 22-ны өдрийг хүртэл цементийг уутлах уутгүй болсон, нэг тээрэм эвдэрч зогссоноор үйлдвэрийн хүчин чадал, бүтээмж буурч вагоны хангалт багассанаас шалтгаалан Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан байна.

2.10.  Өөрөөр хэлбэл, цементийн нийлүүлэлт буурахад гомдол гаргагчийн буруу байхгүй буюу түүнийг “зохиомол хомсдол үүсгэсэн” гэж үзэх үндэслэл тогтоохгүй байхаас гадна гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгчийн ... цементийн үнэ нэмэгдүүлэхдээ бусад аж ахуй эрхлэгчтэй харьцаад байдаггүй гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд үнийг хэлцэн тогтоосон гэж буруутгах боломжгүй.

2.11. Гомдол гаргагч Т ХХК-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь цементийн жижиглэнгийн худалдааны зах зээлд “давамгай байдалтай” гэж үзээгүй, мөн  “бүтээгдэхүүний үнийг бусадтай хэлцэн тогтоосон” гэж буруутгаагүй энэ тохиолдолд зөвхөн “бодит зардал өсөөгүй байхад зах зээлийн хомсдолыг далимдуулж үнээ нэмсэн” гэх нөхцөл нь дангаараа Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг хэрэглэх үндэслэл болохооргүй байна.

2.12. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан гомдол гаргагч “Т ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтухай гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ