Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00342

 

Д гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2159 дүгээр магадлалтай,

   Д гын нэхэмжлэлтэй,

            В , Б , “Тав” ХК нарт холбогдох

       2010 оны 09 сарын 25-ны өдрийн Д га болон “Тав” ХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ", Д га болон Б  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон В  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 сарын 27-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д га, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагч Б , “Тав” ХК-ийн төлөөлөгч С.Ганболд, хариуцагч Б , “Тав” ХК нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч В ын өмгөөлөгч А.Энхгэрэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2009 оны 03 сарын 27-ны өдөр иргэн В тай хамтран 73,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар, 50:50 хувийн хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэй “Автобус тав” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Улаанбаатар хот-Орхон аймгийн чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн Үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах уралдаанд орохын тулд өөрийн компанийн дүрмийн санг өсгөх, өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гарааш, авто угаалгатай байх гэсэн үнэлгээ авахын тулд хууль бус гэрээ байгуулан “Автобус тав” ХХК-ийн хувьцааны 20 хувийг “Тав” ХК-д, 15 хувийг Б ид тус тус худалдах, иргэн В аас 17.5 хувийн хувьцаа худалдаж авах зэргээр хуурамчаар хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан юм. Тухайн үед хувьцаагаа шилжүүлснээр компани үл хөдлөх хөрөнгөтэй болдог юм байна гэсэн буруу ойлголттой байлаа. Гэвч эдгээр нь өөрийн өмчлөлийн гэрчилгээгүй учир түрээсээр эзэмшдэг гэж дүгнэгдсэн. Эдгээр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн “Тав” ХК-ийн захирал С.Ганболд, иргэн Б  нар нь өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд “Автобус тав” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй атлаа одоо бид компанийн хувь эзэмшигч, ашиг авна, хөрөнгө оруулалт хийнэ гэх зэргээр авирлах боллоо. Тухайн үед хөрөнгө оруулалт хийх нь бүү хэл түрээсийн төлбөр нэхэж, хувьцаанаасаа татгалзаж байгаагаа удаа дараа амаар болон бичгээр өгч байснаа умартан компанийн үйл ажиллагаа тогтворжиж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй болох нөхцөл байдал бүрдэх үед хууль бусаар байгуулсан гэрээ, түүнд нийцүүлсэн дүрмээр түрүү барин компанийн дотоод ажилд оролцож, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өөрсдийн тээврийн хэрэгслийг манай компанийн шугам замд оролцуулж, ашиг олох зорилгоор компанийг өөрсдийн мэдлээр хөдөлгөхийг санаархаж, ил далд хэлбэрээр шахалт, дарамт үзүүлэх зэргээр нөлөөлж байна. Ийнхүү хууль бус гэрээгээр шалтаглан миний 7 жилийн хүч хөдөлмөр, өөрийн болон төрсөн эгчийнхээ орон сууцыг барьцаалан зээл авч босгосон хөрөнгийг минийх биш, “Автобус тав” ХХК-ийн хөрөнгө гэж сүрдүүлэн булаан авахыг санаархаж, ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрлээ. Тухайн үед эрсдэл үүрээгүй, дэмжлэг үзүүлээгүй байж зээлээ төлж дуусаад ирэнгүүт ашиг авна, том оврын автобуснууд чинийх биш, “Автобус тав” ХХК-ийн өмч хөрөнгө, тиймээс бид мэднэ, зорчигч тээвэрлэх шугамыг мөн чинийх биш, биднийх гэж хэлэх боллоо. Хамгийн сүүлд л гэхэд 2016 оны 12 сарын 22-ны өдрийн “Автобус тав” ХХК- ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд намайг гарын үсэг зур хэмээн тулгаж байгаа нь эрээ цээрээ алдсан хууль зөрчсөн үйлдэл боллоо. Би өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа яагаад өөрийн хүсэл зоригоос гадуур өөрөө хүсээгүй байж бусдад шилжүүлэх билээ. Уг тогтоолд намайг хувьцаа эзэмшигчээс чөлөөлсүгэй гэсэн нь бүүр ноцтой асуудал юм. Дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүд дээр зурагдсан гарын үсэг бүгд хуурамч бөгөөд хувьцаа худалдаж авсан үнийн дүнг хэн ч төлөөгүй болно. Иймд 2010 оны 09 сарын 25-ны өдрийн Д га болон “Тав” ХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон Б  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон В  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, мөн 2009 оны 03 сарын 27-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч В ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Д га нь нэхэмжлэлд дурдахдаа 2009 оны 03 сарын 27-ны өдөр иргэн В тай хамтран 73,000,000 төгрөгийн дүрмийн сантай “Автобус тав” ХХК-ийг үүсгэн байгуулсан гэж огт худал зүйл бичсэн байх юм. Үнэн хэрэгтээ В  миний бие 2001 оны 10 сарын 03-ны өдөр тус “Автобус тав” ХХК-ийг 4,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар Ц.Пүрэвжавын хамт үүсгэн байгуулсан юм. Улмаар Ц.Пүрэвжав нь өөрийн хүсэлтээр 2004 оны 10 сард “Автобус тав” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших эрхээсээ татгалзаж, компанийн 93 хувийн хувьцааг миний бие, 7 хувийн хувьцааг миний эхнэр С.Энхтуяа эзэмшихээр болсон. 2009 оны дундуур Авто тээврийн газраас Улаанбаатар-Орхон чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан учраас уг тендерт орох болж материал бүрдүүлж байтал “Тав” ХК-ийн захирал С.Ганболд нь манай баазад аав нь ажиллаж байсан, хувьдаа автобустай Д га гэж залуу байна, чи хамтраад энэ тендерт оролцвол чамд дэмтэй байх гэсэн санал тавьсан ба бид нар хоорондоо уулзаж тохиролцож тендерт хамтран орохоор болсон. Тухайн үед тендерийн материалд тавьсан шаардлагыг хангахын тулд түншлэлийн гэрээгээр “Тав” ХК-ийг оруулж байсан бөгөөд тус компанийн оффис, засварын цех, угаалга, гадаа болон дотор зогсоол зэргийг хэрэглэдэг хэмээн оруулсан. Бид дээр дурдсан тендерт миний “Автобус тав” ХХК-ийг оруулахаар болж материалаа бэлдэж байхад Д га нь тендерт оролцох хугацаа бага байх тул тендерийн нөхцөлд тохируулан “Автобус тав” ХХК-ийн дүрмийг өөрчлөх, компанийн хувьцаа эзэмшигч болох талаар санал гаргасан. Бид хоорондоо аман хэлбэрээр ярилцаж, тендерийн материалд зориулж компанийн дүрмийг 50, 50 хувь болгож өгье гээд 2009 оны 03 сарын 27-ны өдөр “Автобус тав” ХХК-ийн дүрмийг зөвхөн тендерийн материалд өгчхөөд дараа нь компанийн хувьцаатай холбоотой асуудлыг сүүлд шийдье гээд үлдээсэн. Миний бие өөрийн 50 хувийн хувьцааг ямар нэг шалтгаангүйгээр Д гад шилжүүлэх нөхцөл боломж байхгүй. Д га нь хууль бусаар материал бүрдүүлж, 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед 2009 онд Д га нь надаас гэрээний гэх тамга хийлгэх зөвшөөрөл өгөөч, би өөрийн автобусаа компаниар гэрээ хийж явуулах гэрээн дээр даръя гэхэд нь зөвшөөрч тамга хийлгэсэн байсан. Ингээд Д гатай орсон тендер амжилтгүй болж, цуцлагдсан. 2010 онд мөн Улаанбаатар-Орхон аймаг, Улаанбаатар-Архангай аймгийн чиглэлд тендер зарласан. Энэ тендерт түншлэлийн гэрээгээр орох боломжгүй болсон тул “Тав” ХК-ийг мөн Д гын танилцуулсан, түүний найз гэх Б  гэх хүмүүстэй уулзаж, тендерийн материалын шаардлагад Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн байр сав, ажилчидтай байх гэсэн шаардлага байна иймд “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж тендерт оролцохыг ярьцгаасан. Учир нь Улаанбаатар хотод “Тав” ХК-ийн оффис, засварын цех, гадна, дотор гараж, инженер техникийн ажилчид, Эрдэнэт хотод байх Б ийн засварын газар, угаалгын газар, түүний 4 автобусыг мөн оруулъя хэмээн ярьж эхний байдлаар миний бие 32.5 хувь, Д га 32.5 хувь, “Тав” ХК 20 хувь, Б  15 хувийн хувьцаа эзэмшье хэмээн дүрэм үйлдэж, тендерийн материал бүрдүүлэн өгсөн. Тендер авч үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд өгөхдөө дахин хувь хэмжээг тохирно гэж ярьсан болно. Энэ хугацаанд тендерт маргаан гарч орсон бүх байгууллагуудад чиглэлийг хуваан өгсөн. 2016 оны 12 сар хүртэл “Тав” ХК, Б , Д га бид нар хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, “Автобус тав” ХХК-нд зээл авах асуудлыг шийдвэрлэж баталгаа гаргах зэргээр ажилласаар ирсэн. Гэтэл энэ хугацаанд П.Баттулга нь өөрийнхөө 50 хувийн хувьцааг хууль бусаар авсан үйлдлээ нуух санаатайгаар тендерийн материал бүрдүүлэн өгсөн баримт, гэрээний гэх тамгыг ашиглан “Тав” ХК, Д га, Б  нарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг бид 2016 оны 12 сард мэдсэн. 2016 оны 12 сард бид хуралдаж, энэ хугацаанд хэн хэн нь “Автобус тав” ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй тул Улсын бүртгэлд бүртгүүлсэн хувьцааг надад буцаан өгөхөөр тохирсон боловч Д га гарын үсэг зураагүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ хугацаанд бүхий л үйл ажиллагаанд тусалж оролцож компанийг өдий зэрэгт хүргэсэн “Тав” ХК болон өөрийнх нь найз Б  нарыг хууль бус хэмээн үзэж байна. Мөн өөрийнхөө нэхэмжлэлийг нотлох зорилгоор Оюуны өмч, улсын бүртгэлд энэ хувьцаа шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, өөрийгөө цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа боловч нэгэнт Д гад хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг өөрөө сайтар мэдэж байгаа болохоор энэ бүх луйвраа илчилж байгаа бололтой. Д гын 50 хувийг эзэмшүүлэхээр хийгдсэн бүх баримт бичгүүд бүгд хууль бус юм. Д гын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д гын гаргасан нэхэмжлэлийг ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэгчээр өөрийн найз Б , “Тав” ХК болон надад холбогдуулан ийм асуудал гаргаж байгаад харамсаж байна гэжээ.

Хариуцагч “Тав” ХК-ийн захирал С.Ганболдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2009 оны эхээр Авто тээврийн газраас Улаанбаатар-Орхон чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан. Уг шалгаруулалтад оролцохоор “Автобус тав” ХХК-ийн үүсгэн байгуулагч В  хөөцөлдөж байсан. Д гын аав нь манай компанид ажилладаг хүн тул хүүг зүс мэдэх бөгөөд хувьдаа ганц нэг автобустай юм шиг байсан. Миний зүгээс тендерт хамтраад оролцвол дээр, ялах боломж өндөр гэж бодоод В , Д га нарыг уулзуулсан юм. 2009 ондоо Д га, В  нар хамтран тендерт оролцохоор баримт материал бүрдүүлж байсан бөгөөд манай “Тав” ХК нь туслах зорилгоор түншлэлийн гэрээ байгуулан оролцсон боловч тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар 2010 оны 8 сар орчимд дахин тендер зарлахдаа түншлэлийн гэрээгээр оролцох ямар ч боломжгүй нөхцөлөөр зарласан. Иймд уг тендерт оролцохын тулд компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, материаллаг баазтай байх шаардлагатай болсон учир “Тав” ХК-ийн материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаагаа нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар “Тав” ХК нь материаллаг бааз, ажилчдаар хангаж “Автобус тав” ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Мөн тендерт ороход Солонгос улсаас автобус оруулж ирсэн байх нь тендерийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх магадлалтай байсан тул Д гын дагуулж ирсэн, түүний найз гэх Б  нь Эрдэнэт хотод өөрийн өмчлөлийн засвар, угаалгын газартай, мөн түүний Монгол Улсад оруулж ирж зарах гэж байсан автобуснуудыг “Автобус тав” ХХК-ийн нэр дээр гаргуулах зэрэг шаардлага гарч, тендерийн материал бүрдүүлэн өгч, Б ид Автобус тав ХХК-ийн 15 хувийн хувьцааг шилжүүлэн хувь нийлүүлэгчээр бүртгэж, тухайн хуулийн этгээд маань 4 үүсгэн байгуулагчтай болон үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2010 оны 09 сарын 29-ний өдөр “Автобус тав” ХХК-ийг 4 хувьцаа эзэмшигчтэй хэмээн дүрэм үйлдсэн бөгөөд үүнийг миний бие хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ингээд тус тендерт “Автобус тав” ХХК шалгарч чадаагүй бөгөөд маргаан гарч, тендерт орсон бүх компаниудад Улаанбаатар-Орхон чиглэлийн замыг хувааж өгсөн. Өнөөдрийг хүртэл “Автобус тав” ХХК нь Улаанбаатар-Орхон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд “Тав” ХК-ийн материаллаг бааз, оффис, авто засвар, зогсоол, гараж, техникч, инженер зэргийг ашиглаж ирсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь худал юм. Түүнчлэн “Автобус тав” ХХК-ийн нэр дээр зээл авах асуудал үүсэхэд бид 4 хуралдаж байж шийдсэн зээлд нь манай “Тав” ХК нь баталгаа гаргаж өгсөн. Гэвч Д га нь өөрийн төрсөн дүүг нягтлан бодогчоор ажиллуулан уг зээлийг хувьдаа ашигласан, мөн хэдэн автобус авсан боловч жолооч нарт түрээсийн гэрээ байгуулан өгч нөгөө зээлээс "Автобус Тав” ХХК-Д орсон ашиг байхгүй харин Д га орлого олсон. Иймд бусад хувьцаа эзэмшигчдийн зүгээс түүний энэ үйлдлийг шалгуулах зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие Д гатай цэрэгт хамт алба хааж найз нөхөд болцгоосон эртний танилууд юм. Миний бие Солонгос улсаас автобус, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирж зардаг, мөн Эрдэнэт хотод авто засварын газар, угаалгын газар ажиллуулдаг бизнес эрхэлдэг юм. Д га нь “Истана” маркийн автомашины сэлбэг болон том оврын автобус надаар дамжуулан захидаг байсан, мөн газар шорооны ажлын самосвал машин захиж авчруулж байсан. Сүүлд надаар дамжуулан автобус, сэлбэг захиж авчруулсан ба дээрх захиалга хийхдээ урьдах мөнгөө өгөөгүй тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдөр ч тооцоо дуусаагүй байна. Мөн тендерт оролцож шугам авахаар мөнгийг чинь буцааж өгнө гээд тухайн үед оруулж ирэх гэж байсан автобусыг “Автобус тав” ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн. Д га нь тендерт оролцож, Улаанбаатараас-Орхон чиглэлд явах автобус шаардлагатай байна гэж гуйсны улмаас миний бие Солонгос улсаас ачуулах гэж байсан автобусыг “Автобус тав” ХХК болон Д гын нэр дээр ачуулсан, тооцоо дуусаагүй байгаа. 2010 онд Д га нь “Автобус тав” ХХК-ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б  намайг “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал тавьж анх Ёндонжамц, “Тав” ХК-ийн захирал С.Ганболд нартай уулзаж ярилцан тус компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болж, дүрэм үйлдсэн. Учир нь Орхон аймагт миний эзэмшлийн авто засварын газар, зогсоол болон авто угаалгын газрууд маань тендерт оролцоход чухал шаардлагатай байсан. Анх Д га нь надад ойлгуулахдаа “Автобус тав” ХХК-ийг өөрийнх нь үүсгэн байгуулсан компани гэж байсан бөгөөд санхүүгийн баталгаа гаргах явцад өөр хүний үүсгэн байгуулсан компани гэдэг нь илэрсэн. “Тав” ХК-ийн захирал С.Ганболд, “Автобус тав” ХХК-ийн захирал В , Д га бид 2010 оноос хойш хувь нийлүүлэгчдийн хурал хийн үйл ажиллагаа явуулж, миний Эрдэнэт хот дахь засвар, угаалгын газрыг хэрэглэсээр өдийг хүрсэн. Саяхан хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярьж хэлж байсан зүйлээсээ буцаж ийм асуудал үүсгэж, өөрөө шүүх, цагдаа болон явж байгааг ойлгохгүй байна. Иймд Д гын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                                                        

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан хариуцагч В , Б , “Тав” ХК нарт холбогдох, 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Д га болон “Тав” ХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон Б  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон В  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Д гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,051,300 төгрөгөөс 455,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 595,672 төгрөгийг Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д гад олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2159 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2159 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг болон 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх Компанийн тухай хууль /1999 он/-ийн 35 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй”. Энэ эрхээсээ хувьцаа эзэмшигчид нь татгалзсан байна гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь Компанийн тухай хууль /1999 он/-ийн “14.3.Үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ: 14.3.3.зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ; 45.2.Компанийг үүсгэн байгуулахаар гаргасан хувьцааны төлбөрийг компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө. Цаашид нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тэдгээрийг худалдан авах үед бүрэн төлнө. 45.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны төлбөрийг доорх тохиолдолд мөнгөн бус хэлбэрээр хийж болно: 45.3.1.үүсгэн байгуулах үед хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 14.6-д заасны дагуу үүсгэн байгуулах баримт бичигт зөвшөөрсөн; 14.6.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийнхээ үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж үүсгэн байгуулах хуралд оруулна. 14.7.Мөнгөн бус хэлбэрээр хийгдэж байгаа эд хөрөнгийн үнийг үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.” гэсэн заалтуудтай зөрчилдөж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Үйл баримт тогтоогдсонтой хэн ч маргаагүй. Хамгийн гол нь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-нд Д га, В ын өмнөөс гарын үсэг зурсан ч хариуцагч В  өөрөө энэхүү гэрээнүүдэд Д гыг гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй, Д гатай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй гэж шүүхэд тайлбар гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хооронд хэлцэл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон “Эрх шилжүүлэх гэрээ”-нд Б ийн өмнөөс Д га гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 70.1-д заасан “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө хэлцэл хийхийг хориглоно” гэснийг зөрчсөн, түүнтэй нийцэхгүй юм. Д га-Б  нарын хооронд ч хэлцэл байгуулагдаагүй. Түүнчлэн 2010 оны 09 сарын 29-ний өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэм дээр ч Б  гарын үсэг зураагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.03.15-ны өдрийн 001/ХТ2018/00427 тогтоолоор нэхэмжлэгч Д гын хяналтын гомдолд заасан зарим үндэслэлийг хангах боломжтой гэж үзэв гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийнхээ 4 дэх шаардлага болох “Автобус тав” ХХК-ийн 2010 оны 10 сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт, үндэслэлд нийцүүлэн тодруулсан болно. Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндсэндээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бичгээр хийх хэлцлийг Иргэний хуулийн 43.2.1-д зааснаар “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үздэг. Байгуулагдаагүй хэлцлийг хожим хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй билээ. Түүнчлэн магадлалын Хянавал хэсэгт дурьдсан "Реланз секюритиз” аудит ХХК-ийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн хараат бус аудиторын дүгнэлт зэргээр тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна. Учир нь дээрх дүгнэлт үндэслэлгүй болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн шинжээчдийн бүрэлдэхүүн 2018.06.15-ны өдрийн 082 дугаар дүгнэлт гаргаж тогтоосон болно. Дээрх дүгнэлтүүд нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа хэрэгт байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд "Реланз секюритиз” аудитын дүгнэлт хүчингүй болсон гэдэг тайлбарыг өгч байсан болно. Давж заалдах шатны шүүхээс 2010.09.25-ны өдрийн хэлцлүүдийг байгуулсан хүсэл зориг нь Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн атлаа 2016.12.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт гарын үсэг зурсан С.Ганболд, Б  нарын хүсэл зоригийн илэрхийллийг болохоор бодит биш гэж дүгнэсэн нь зөрүүтэй болсон.

Хоёр. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 2018 оны 10 сарын 17-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч миний бие өмгөөлөгчтэйгээ оролцмоор байна, өмгөөлөгч маань өөр шүүх хурал давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хүлээж аваагүй. Энэ хэрэг өмнө нь анхан шатнаас дээд шүүх хүртлээ хянагдаад буцсан хэрэг. Бүх шатны шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчтэйгээ оролцож байсан. Гэтэл өмнө нь товлогдсон байсан 2018.10.12-ны баасан гарагт болох байсан давж заалдах шатны шүүх хуралдааныг хариуцагч “Тав" ХК-ийн төлөөлөгч С.Ганболдыг БНСУ-д явж байгаа, өөрөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх тул гээд шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан билээ. Өмнө нь хариуцагч талаас янз бүрийн шалтгаан үндэслэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих болон өмгөөлөгчөө солих зэргээр 8 удаа анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэтэл би давж заалдах гомдолдоо ч дурдсан байгаа, өмгөөлөгчтэйгээ хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлж, мөн шүүхэд амаар хүсэлтээ гаргасаар байтал нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нэг удаа ч болов хангалгүй зөрчсөн болно. Урьд нь энэ хэргийг 2017.11.24-ний өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалсан бөгөөд саяын 2018.10.17-ны өдрийн хуралдааныг ч мөн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж орсон нь хардлага, эргэлзээ төрүүлж байгаа юм. Яагаад гэвэл 2018.10.12-ны өдрийн шүүх хуралдааныг Дэлгэрцэцэг шүүгч даргалж байсан ба 5 хоногийн дараах шүүх хуралдааныг дахин Ерөнхий шүүгч өөрөө даргалж орж ирсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй санагдаж байсан. Хэрвээ манай өмгөөлөгч шүүх хуралдаанд орсон байсан бол түүнээс татгалзах байсан юм гэсэн нь ч надад болон өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3-т заасан “... уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал" гэсэн эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Хуулиар хориглоогүй ч гэсэн шүүгчийн ёс зүйн хувьд ч энэхүү шүүх хуралдааныг өмнө нь бүрэлдэхүүнд орж даргалсан шүүгч жилийн дараа дахиж болж байгаа уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй байх бүрэн боломжтой, шүүгч нар ч хангалттай байсан гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 2159 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02046 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д га нь хариуцагч В , Б , “Тав” ХК нарт холбогдуулан 2010 оны 09 сарын 25-ны өдрийн Д га болон “Тав” ХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ", Д га болон Б  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон В  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 сарын 27-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д га шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч, тэрээр нэхэмжлэлээсээ татгалзаж, уг хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

Хүсэлтэд: 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д га болон “Тав” ХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон Б  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон В  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаварыг арилгуулах, 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай Д гын нэхэмжлэлтэй, хариуцагч В , Б , “Тав” ХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар, бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлье. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Д гын нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2159 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч В , Б , “Тав” ХК нарт холбогдох 2010 оны 09 сарын 25-ны өдрийн Д га болон “Тав” ХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ", Д га болон Б  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д га болон В  нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 сарын 27-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д га татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Нэхэмжлэгч Д гаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 455,628 /дөрвөн зуун тавин таван мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН