Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 304

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхзул, Ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй М.Энхтөр, Б.Жаргалсайхан нарт холбогдох “Гэм хорын хохирол 7.540.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, иргэдийн төлөөлөгч Ж.Барданбаатар, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч; Цонгоол овгийн Гарамжавын Бямбасүрэн РД:/МД54082877/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Мянганы Энхтөр, Борхүүгийн Жаргалсайхан нар нь 2016 оны 10 сарын 15-ны өдөр миний бэлтгэсэн 8 машин өвсийг хулгайлж авснаа хүлээж  4 машин өвс /бонго/ өгөөд үлдэгдэл өвсийг төлөхгүй байгаа учраас 6 машин өвсний үнэ болох 1.200.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг, хоолны үнэ 10.000 төгрөг нийт 1.240.000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа  ...Г.Бямбасүрэн миний бие нь тус шүүхэд М.Энхтөр, Б.Жаргалсайхан нарт  холбогдуулан өвсний үнэ 1.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэсэн хэдий ч  би анх нэхэмжлэл гаргахдаа  өнгөрсөн намрын буюу 2016 оны  09, 10 сарын үнээр бодож нэхэмжилсэн. Өвсөө алдсаны улмаас  хаваржилт хүндэрч өөрсдөө өвс худалдаж авах шаардлага бий болж боодол өвсийг 6500 төгрөгөөр худалдаж  авсан. Иймд М.Энхтөр, Б.Жаргалсайхан нараас  750 боодол өвсний үнэ 4.875.000 төгрөг мөн иргэдээс өвс худалдаж авсан 410 боодол өвсний үнэ 2.665.000 төгрөг нийт 7.540.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 6.300.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Ерөө сум 1 дугаар баг, Тавин ганга гудамж 14-138тоотод оршин суух, тэтгэвэрт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Цонгоол овгийн Гарамжавын Бямбасүрэн РД:/МД54082877/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.Энхтөр, Б.Жаргалсайхан нар нь  2016 оны 10 дугаар сарын 15—ны өдөр миний бэлтгэсэн 8 машин өвсийг хулгайлж авснаа хүлээж 4 машин өвч өгөөд үлдэгдэл 6 машин өвсийг төлөхгүй байгаа учраас өвсний үнэ 1200,000 төгрөг, замын зардал, хоолны мөнгө 40,000 төгрөг нийт 1240,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэвч өвсөө алдасны улмаас хаваржилт хүндэрч өөрсдөө өвс худалдаж авах шаардлага  бий болж боодол өвсийг 6500 төгрөгөөр худалаж авсан. Иймд М.Энхтөр, Б.Жаргалсайхан нараас 750 боодол өвсний үнэ 4,875,000 төгрөг мөн иргэдээс өвс худалдаж авсан 41 боодол өвсний үнэ 2,665,000 төгрөг нийт  7,540,000 төгрөг болж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлт гаргасан гэв.

Хариуцагч М.Энхтөр, Б.Жаргалсайхан нар нь шүүхэд бичгээр гаргасан хариу / хх – 10 / тайлбартаа ...  Бидний бие  М.Энхтөр, Б.Жаргалсайхан нар нь Г.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өвс хадах газар нь  Г.Бямбасүрэнгийн эзэмшлийн газар биш юм.  Бид өмнөх жилүүдэд энэ газраас өвсөө хаддаг байсан. Энэ жил бас л  энэ газраасаа хадсан. Ямар нэгэн байдлаар хүний эзэмшлийн газраас өвс хулгайлсан зүйл байхгүй гэх

 

            Хариуцагч М.Энхтөр, Б.Жаргалсайхан нар нь шүүхэд бичгээр гаргасан / хх – 84-87/ хүсэлтдээ  ... Борхүү овогтой Жаргалсайхан миний бие нь Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн  2017 оны  04 сарын 23-ны  өдөр болох шүүх хуралдаанд Сэлэнгэ аймгийн  Ерөө сумын Могойтын  аманд улиралын ажил хийж байгаа тул оролцох боломжгүй болно. Миний бие нь “Баян-Ундрага Их сан” төрийн бус байгууллагын харъяа нөхөрлөлд ажилладаг юм. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг  хийхэд татгалзах зүйлгүй гэх, /1 хуудас нотлох баримт хавсаргав/

            ... Мянган овогтой Энхтөр миний бие нь Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2017 оны 04 сарын 23-ны өдөр болох шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаас болоод оролцох боломжгүй болно.  Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйл байхгүй. Миний эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч оролцох болно гэх, /1 хуудас нотлох баримт хавсаргав/

 

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч нараас шүүхэд бичгээр  өгсөн тайлбар, хүсэлт,  хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Бямбасүрэнгийн тус шүүхэд гаргасан ... хариуцагч М.Энхтөр, Б.Жаргалсайхан нараас гэм хорын хохирол  / хулгайлсан 6 машин өвсний үнэ, замын зардал, хоолны үнэ / нийт 1 240 000 төгрөг, мөн нэмэгдүүлсэн  шаардлага /  бусдаас худалдаж авсан 750, 410 боодол өвсний үнэ / 6.300.000 төгрөг, нийт 7 540 000 төгрөгийг хариуцагч М.Энхтөр, Б.Жаргалсайхан нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; Нэхэмжлэгч нь нэхэмжлэл / хх – 1 / - дээ дээрх  хариуцагч нараас хулгайлсан  6 машин өвсний үнэ 1.200.000 төгрөг, дээр нь замын болон хоолны үнэ 40 000 төгрөг, нийт 1 240 000 төгрөгийн хохирол, мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэл / хх – 44 / - ийн шаардлага болох 750, 410 боодол өвсний үнэ 6.300.000 төгрөг, нийт 7.540.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэх боловч  хавтаст хэрэгт Б.Жаргалсайхан, М.Энхтөр /хх -  63, 65/ нарын цагдаад өгсөн тайлбартаа ... андуураад өвсийг ачсан, оронд нь өвс өгч, хоорондоо тохирсон, Бямбасүрэн ах өвсөө татаж авч чадахгүй болсон үедээ биднээс өвсөө авна гэж зарга үүсгэсэн, тэр өвс нь нөгөө бидний хадлан хийсэн газартаа байгаа гэж мэдүүлэх боловч Прокурорын тогтоол / хх 69-70 / -д ... Б.Жаргалсайхан, М.Энхтөр нар нь Г.Бямбасүрэнгийн өвсийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзсан тухай 2017.02.23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор дээрх хариуцагч нар нь гэм буруугүй болох нь нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагч нартай тухайн үед тохиролцон өвсөө авсан ба үлдэгдэл өвсөө аваагүй, тухайн газартаа байгаа талаар хариуцагч нар тайлбартаа дурдсан байхаас гадна шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн / хх 73 – 74 / Ч. Шинэцогт, С.Ганбат нараас ... 2016 оны 8 сарын сүүлээр уг өвсийг бэлтгэсэн ба үлдээсэн өвс 10 ард алга болсон тухай мэдүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал өөрийн буруугаас / өвсөө авахгүй удааснаас алга болсон / өвсөө авч чадаагүй байдал тогтоогдож байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл; нэхэмжлэгч нь дээрх хариуцагч нарыг өөрийнх нь чухам ямар хэмжээний / хичнээн боодол, бухал, машин өвс / өвсийг нь хаанаас, хэзээ, хэрхэн  / хулгайлсан / авсан болох хийгээд,  тэдний гэм буруутай болохыг нотолж чадаагүй гэж үзнэ. 

Мөн нэхэмжлэгч нь уг алга болсон өвсөө ... боодол, ... бухал, ... 6 машин өвс хэмээн өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч чухам аль нь болох нь тодорхойгүй,  уг өвс нь орон нутгийн зах зээлийн ханшаар чухам ямар  үнэ, ханштай болох талаар тухайн орон нутгийн засаг захиргааны үнэлгээний комиссын албан ёсны үнэлгээ  байхгүй, нотлоогүй  байхаас гадна хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан  2017 оны  02 дугаар сарын 16-ны өдрийн үнэ тогтоох комиссын баримтанд ...   Портер өвс 100 000, 700.000 гэсэн нь  боодол, бухал, машин өвсний чухам алиных нь үнэлгээ болох нь тодорхой бус гэж үзнэ. Мөн хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын  дэргэдэх Статистикийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаартай албан / хх 75 / тоотоор ... боодол өвсний үнийг тодорхойлсон гэх боловч энэхүү тоот нь тухайн орон нутгийн засаг захиргааны үнэ тогтоох комиссын албан ёсны үнэлгээ биш тул  нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өвсний үнийг тодорхойлох боломжгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /33.350+115.750/ нийт 149.100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар  Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Жаргалсайхан, М.Энхтөр нараас 7.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй   болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон зохигч  энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                                 Б.МӨНХЗУЛ

                                                                                                     Л.ЭНХТАЙВАН