Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

                    Оролцогчид:

                               Нэхэмжлэгч                      Г.Бямбасүрэн

                            Түүний өмгөөлөгч             А.Ариунзаяа

                               Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор М.Энхтөр, Б.Жаргалсайхан нарт холбогдох “гэр хорын хохирол 7.540.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

       Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Мянганы Энхтөр, Борхүүгийн Жаргалсайхан нар нь 2016 оны 10 сарын 15-ны өдөр миний бэлтгэсэн 8 машин өвсийг хулгайлж авснаа хүлээж 4 машин өвс /бонго/ өгөөд үлдэгдэл өвсийг төлөхгүй байгаа учраас 6 машин өвсний үнэ болох  1.200.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг, хоолны үнэ 10.000 төгрөг нийт 1.240.000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү...”

Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа

“...Г.Бямбасүрэн миний бие нь тус шүүхэд М.Энхтөр, Б.Жаргалсайхан нарт холбогдуулан өвсний үнэ 1.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэсэн хэдий ч би анх нэхэмжлэл гаргахдаа өнгөрсөн намрын буюу 2016 оны 09, 10 сарын үнээр бодож нэхэмжилсэн. Өвсөө алдсаны улмаас өвөлжилт хүндэрч өөрсдөө өвс худалдан авах шаардлага бий болж боодол өвсийг 6500 төгрөгөөр худалдаж авсан. Иймд М.Энхтөр, Б.Жаргалсайхан нараас 750 боодол өвсний үнэ 4.875.000 төгрөг мөн иргэдээс өвс худалдаж авсан 410 боодол өвсний үнэ 2.665.000 төгрөг нийт 7.540.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 6.300,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна..” гэжээ.

Хариуцагч М.Энхтөр, Б.Жаргалсайхан нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

…тухайн өвч хадах газар нь Г.Бямбасүрэнгийн эзэмшлийн газар биш юм. Бид өмнөх жилүүдэд энэ газраас өвсөө хаддаг  байсан. Энэ жил бас л энэ газраасаа хадсан. Ямар нэгэн байдлаар хүний газраас өвс хулгайлсан зүйл байхгүй гэв.

  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 304 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-т, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Жаргалсайхан, М.Энхтөр нараас 7.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн     57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 …Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн миний бие Сэлэнгэ аймгийн Ерөө суманд эхнэр, хүүхдийн хамт оршинсуудаг бөгөөд миний эхнэр Оюун бид хоёр тэтгэврийн насны хөгшчүүд. Амьжиргаа залгуулдаг цөөхөн хэдэн малтай, цөөхөн хэдэн малдаа өнгөрсөн намар өвс бэлдсэн хэдий ч өвсөө бусдад алдсан юм. Цагдаагийн байгууллага хэт хайнга хандаж Энхтөр, Жаргалсайхан нарын буруутай үйлдлийг тогтоох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Тухайн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд Жаргалсайхан, Энхтөр нар нь “...Бямбасүрэн ахын өвсийг андуураад авсан байна лээ, бид хоорондоо тохиролцоод авч өгөхөөр болсон” гэж мэдүүлсээр байтал эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэхүү асуудлыг минь шийдэж өгөөгүй. Иргэн миний хувьд гомдолтой байгаа учраас иргэний хэргийн шүүхэд гэм хорын хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч нар шүүх хуралдаанд оролцохгүй, үнэнийг шүүхэд мэдүүлэхгүй байсаар хэргийг шийдвэрлүүлсэн. Үйл баримт нэгэнт тодорхой, хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.Бямбасүрэн миний бэлдсэн өвсийг ямар нэг байдлаар авсан нь тогтоогдож байхад шүүх хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтийг хангасан хэдий ч ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаагүй, мөн дараагийн шүүх хуралдаанд хариуцагч нар ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй М.Энхтөр, Б.Жаргалсайхан нарт холбогдох иргэний хэргийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хойшлогдсон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс амаар болон бичгээр гаргасан хүсэлтүүдийг хангасан хэдий ч шүүх албан ёсоор “хариуцагч нарыг албадан ирүүлэх” захирамж бичгээр гаргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэсэн 2017 оны 04-р сарын 24-ний өдөр энэ талаар лавлахад хурал дээр хариуцагч нарыг албадан ирүүлэх асуудал яригдаагүй гэсэн хариуг шүүхээс өгсөн гэсэн хэдий ч уг хурлын бичлэгийг хүсэлт гарган үзэхэд хариуцагч нарыг албадан ирүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Нэхэмжлэлийн шаардлага анх 1.240.000 төгрөг гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6.300.000 төгрөгөөр нэмээд нийт 7.540.000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа нотлох баримт гаргаагүй, ямар учраас 7.540.000 төгрөг болсон нотлох баримт байхгүй, үнэлгээ байхгүй. Анх удаа нэхэмжлэл гаргахдаа портер өвс буюу 4 машин бонго өвс гэсэн. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 750 боодол өвс гэсэн. Боодол өвс болон портер өвс ямар үнэлгээтэй байдаг гэсэн үнэлгээнүүд ерөөсөө гарч ирээгүй. …Хариуцагч нарыг хулгай хийсэн гэдэг, гэтэл прокурорын шалгалтаар хулгай хийсэн нь тогтоогдоогүй. Уг газраас хариуцагч нар 3 жил өвс хадсан. Хадлан хийх өвс бол хэн нэгний өмч биш юм. Ямар ч нотлох баримтгүй учраас гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм гэв.

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч  Г.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М.Энхтөр, Б.Жаргалсайхан нар нь намар түүний бэлтгэсэн өвсийг хулгайлсны улмаас өөрт учирсан хохирол  буюу хулгайд алдсан  6 машин өвсний үнэ 1.200.000 төгрөг, замын болон хоолны үнэ 40 000 төгрөг, нийт 1 240 000 төгрөгийн хохирол, мөн өвөл малдаа худалдан авсан өвсний үнэ  410 боодол өвсний үнэ 6.300.000 төгрөг  нийт 7.540.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл:   Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн нь 2016 оны намар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  нутаг Тагалдарга, Балбарт уулын орчим хадлан бэлтгэсэн, түүний бэлтгэсэн өвснөөс тодорхой хэмжээний өвсийг хариуцагч  Б.Жаргалсайхан, М.Энхтөр нарын хүсэлтээр иргэн Отгонжаргал, Алтангэрэл нар нь  ачиж авсан, тийнхүү авсан өвсөө нэхэмжлэгч Г.Бямбасүрэнд хариуцагч нар нь тодорхой хэмжээгээр буцаан өгсөн  болох  нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр  тогтоогдсон  гэж үзэхээр байна.

 

Гэвч хадлан бэлтгэсэн гэх газар нэхэмжлэгчийн  хэдий хэмжээний өвс байсан түүнээс хэдий хэмжээний өвсийг хулгайд алдсан, хариуцагч нар нь  түүнээс хэдийг нь авч хэдий хэмжээний өвсийг нь  буцаан өгсөн  зэрэг нь тодорхойгүй бөгөөд  нэхэмжлэлийн шаардлагадаа өвсийг бухал, боодол, “портер” машин гэх мэт хэмжигдэхүүнээр тодорхойлон  нэхэмжилдэг боловч  ямар нотлох баримтыг үндэслэн бухал, “портер” машин өвсийг хэрхэн боодолд шилжүүлэн тооцож байгаа зэрэг  нь тодорхойгүй  байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь удаа дараа тайлбарлан өгсөн, мөн  түүнд эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож, хэргийн материалтай тухай бүр нь танилцаж байсан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй байна гэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлынхоо үндэслэлийг шүүх нэхэмжлэгчийн хариуцагч нарыг шүүхэд албадан ирүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан атлаа  шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан гэж тайлбарлаж байгаа боловч ямар үндэслэлээр шүүх хуралдаанд албадан ирүүлэх шаардлага бий болсноо тайлбарлаагүй бөгөөд тус хэргийн хариуцагч нар нь ажлын шаардлагын улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрсдийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдаан  хийхэд татгалзахгүй. Хариуцагч нарын эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөө  шүүх хуралдаанд оролцуулах  талаар  шүүхэд хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах  боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1130 дугаартай  шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           

                                   ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                             С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН