Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 138/2018/00362/И |
Дугаар | 001/ХТ2019/00328 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2019/00328
Ш ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00622 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 201/МА2018/00027 дугаар магадлалтай,
Ш ын нэхэмжлэлтэй,
С , Б нарт холбогдох
Газар албадан чөлөөлж, уг газрыг эзэмшигч нь Ш мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1995 оны 01 сарын 04-ний өдрийн Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу Хэрлэн сумын 7 дугаар баг, Ивээл хороолол, хивсний үйлдвэрийн ажилчдын байрны баруун тал, Нарлаг дэлгүүрийн зүүнд талд байрлах 300 м.кв газрын эзэмшигч нь Ш юм. Гэтэл уг газар дээр С нь өөрийн эд зүйлийг авчирч тавиад газрыг чөлөөлж өгөхгүй байна. Тухайн газрыг Ш нь 1999 оны 08 сарын 30-ны өдөр 60 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ авсан. Ш нь тус газар дээр өөрийн орон сууц барих, ногоо тарих зориулалтаар тус газрыг авсан байдаг. С ид уг газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардаж байсан. Мөн холбогдох байгууллагад хандахад газар эзэмших гэрээг С той байгуулаагүй, Ш тай гэрээ байгуулсан тул та санаа зовох зүйлгүй гэж намайг удаа дараа буцааж байсан. Иймд тус газрыг Ш ын эзэмшлийн газар мөн болохыг тогтоож, Ш ын эзэмшлийн газраас С ийг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмших, ашиглах эрх буюу узуфрукт гэдэг ойлголтын талаар Иргэний хуулийн 152 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Эзэмшигч нь өмчлөгчийн нэгэн адил эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Харин түрээслэх, захиран зарцуулахдаа өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авах ёстой учир тэр нь газар эзэмших гэрээгээр батлагдана. Үүний дагуу Ш нь 1999 оны 08 сарын 14-ний өдөр 60 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, гэрээ байгуулсан байдаг. Энэ талаар Дорнод аймгийн архиваас ирүүлсэн тодорхойлолтод тодорхой заасан байдаг. Үүнээс үзэхэд 1995 оны 01 сарын 04-ний 03 тоот тушаалаар Ш д хувийн хашаа байшин барих, өөрийн хэрэгцээний ногоо тарих зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгосон болох нь харагдаж байна. 2009 онд улсын хэмжээгээр эзэмшил газрын кадастрын зургийг гаргахад Ш нь кадастрын зургийг зуруулсан байдаг. Дорнод аймгийн Засаг дарга Жанлавын гаргасан захирамжид 6 дугаар багийн иргэн Шагдарын Энхжаргалд СМУ-н /Ивээл хорооллын/ 23-р байрны баруун талд уртаараа 20 метр, өргөнөөрөө 14 метр 280 м.кв талбайтай газрыг ахуйн хэрэгцээнд зориулж олгосон байна. Иймд Ш нь өмчлөгчийн зөвшөөрлөөр газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байна. Ш нь 2017 оны 09 сарын 19-ний өдөр газрын албанд очиж гэрээгээ хийсэн байна. Мөн жил болгон газар эзэмшсэний татвараа төлсөн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. С ид холбогдох байгууллагаас тус газар нь Ш ын нэр дээр байгаа тул тантай гэрээ байгуулах боломжгүй гэсэн албан тоот явуулсан нь хэрэгт авагдсан байна. Удаа дараагийн засаг даргын захирамжууд, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан гэрээнүүд, гэрчийн мэдүүлгүүд кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус газар нь Ш ын эзэмшлийн газар болох нь нотлогдож байна. Бусдын эд хөрөнгийг хязгаартай ашиглах эрх буюу узуфруктын дагуу эзэмшлийн зүйлийн зориулалтыг өөрчилж болохгүй бөгөөд хязгаартай эзэмших эрхийг тодорхойлуулахаар өөрийн зардлаар шинжээч томилуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу мэргэжлийн байгууллагад хандахад Ш ын газрын байршлыг тодорхойлсон кадастрын зургийг шинжлэн судалсан байдаг. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хуульд нэг газрыг эзэмшихээр хэдэн ч хүн өргөдөл өгч болохоор тусгасны дагуу өргөдлийг шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу Ш д тус газрыг эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарч, Ш нь газрын эзэмших гэрээг цаг тухайд нь сунгуулж, татвараа төлж байсан. С нь газар эзэмшихдээ хувийн хэрэг нээлгээгүй кадастрын зураг хийлгээгүй тул түүнтэй гэрээ байгуулаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус газрыг 2000 оны 10 сарын 24-ний өдрийн Хэрлэн сумын засаг даргын 225 тоот захирамжаар надад олгосон. Анх н.Болдбаярын гэх жижиг газар манай газрын баруун талд байсан. н.Болдбаяр та энэ газрыг эзэмшилдээ аваач, би зүүн талынх нь газрыг авчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд 6 дугаар багийн засаг дарга Зоригтбаатартай уулзаж тус газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлсэн. Тэгэхэд Зоригтбаатар нь би судалж үзье гэсэн хариу өгсөн бөгөөд удалгүй намайг дуудаж тус газрыг эзэмшиж байгаа хүн байхгүй байна. Та бичиг баримтаа бүрдүүлж өг гэсэн. Тэгээд би барилга зургийн товчооны Лхагвасүрэн гэдэг хүнээр газрынхаа зургийг зуруулж, хэмжилт хийлгэж, өргөдөл болон 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолтын хамт хотын захиргааны газрын албанд Болороо гэдэг хүнд материалаа өгсөн. Ингээд 2000 онд Засаг даргын захирамж гарч надад газрын гэрчилгээ олгосон. Үүнээс хойш би энэ газар дээрээ амьдарч байна. Тус газар дээр би зуны цагт ногоо тарьж, өвлийн улиралд машинаа тавьдаг байсан. Манай хашааг өвгөн, хөгшин хоёр хардаг байж байгаад ноднин жилээс хашааг маань харахаа больсон. Олон манаач сольж байгаагүй. Гэтэл Хүрэлбаатар гэдэг хүн ирээд энэ газар миний газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэрэв чиний газар мөн юм бол гэрчилгээгээ аваад ир” гэж хэлэхэд Хүрэлбаатар нь дахиж ирээгүй. Харин Хүрэлбаатар нь төмөр хаалга байсныг аваад явсан. Ингээд эзэнгүй байсан газрыг 69 машинаар 50 гаруй чиргүүл хог зөөж байж тус газрыг янзалсан. Үүнээс хойш энэ газар дээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ хугацаанд газар дээр маргаан гаргасан хүн байхгүй. Нэхэмжлэгч надтай олон удаа уулзаж байсан гэж хэлж байгаа нь үндэсгүй. Намайг газраа цэвэрлэж байхад Доржоо гэдэг хүн газар дээр минь байшингийн торх босгосон байсан тул тус торхыг холдуулж өгнө үү гэж газрын албанд 3, 4 удаа хандаж байсан. Би 2008 онд газрын гэрчилгээ, бичиг баримтаа шинэчлэх шаардлагатай гэж сонсоод холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн газрын албанд очсон. Гэтэл миний газрын гэрчилгээг газрын албанд байлгаж байгаад солих шаардлагагүй юм байна гээд буцаагаад надад өгсөн. Тухайн үед тус газар огт эзэнгүй байсан. Би 2015 онд газрын гэрчилгээгээ сунгах гэж очиход Ш гэдэг хүний нэр дээр байгаа тул таны гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тухайн үед нь Ш гэдэг хүнтэй уулзъя гэхэд уулзуулаагүй тул өнөөдрийг хүртэл маргаантай явж байна. Би Засаг даргын захирамжаар хуулийн дагуу газар эзэмшиж байгаа. Ш ын эзэмшиж байгаа газар дээр 2 хүний газар байгаа. Ш нь газраа бусдад алдчихаад миний газрыг авахаар газрын албатай хуйвалдаж кадастрын зураг хийлгэсэн. Газрын албанаас намайг 2008 оны 5 сард газрын гэрчилгээ шинэчлэх гэж байна гээд намайг баримт бүрдүүлж ир гэсэн. 2008 онд тус газрын баруун талд нь Нарлаг угаалгын газар, зүүн талд нь Болдбаярын газар байсан бөгөөд тухайн газар дээр хэний ч нэр байгаагүй хоосон байсан. Ингээд материалаа өгч хүлээх хооронд тус газар дээр хууль бусаар кадастрын зураг хийлгэсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С нь 2000 онд багийн засаг даргад өргөдөл гаргасныг багийн засаг дарга хот байгуулалтын албанд шилжүүлсний дагуу С ид газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байдаг. Тухайн үед уг газар дээр мэдээллийн санд Ш ын эзэмшил газар гэж байгаагүй. Тухайн үед Ш газар эзэмшсэний татвар төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байсан. 2005-2009 онд газрын гэрчилгээг шинээр олгож байсан. С нь бичиг баримтаа бүрдүүлэн газрын албанд өгөхөд гэрчилгээг шинэчлэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн боловч одоо газрын санд хувийн хэрэг нээгдээгүй гэж тайлбарладаг. С ийн эзэмшлийн газрын хугацаа дууссан учир газрын албанд хандахад уг газар Ш ын нэр дээр бүртгэлтэй учир давхцаж байна гэсэн хариуг өгч гэрээний хугацааг сунгаагүй. Үүнээс үзэхэд С ийн нэр дээрх газар дээр Ш ын нэрийг бүртгэсэн нь газар эзэмшил нь давхацсан харагдаж байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа кадастрын зургийг үндэслэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Мөн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус хийгдсэн байх тул иргэний шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул захиргааны хэргийн шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Миний бие 2000 оноос эхлэн Нарлагын зүүн талын С гэх хүний хашааны зүүн талд дугуй засварын байрыг түрээсэлж дугуй засах, гагнуур хийх зэргээр 16 жил ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд С гуайн эзэмшиж байсан хашаанд өөрийн хамаатан болох өвгөн хөгшин хоёроор хашаагаа мануулж, өвөлдөө машин тэргээ тавьж, зундаа ногоо тарьж одоог хүрсэн. Өвгөн хөгшин хоёр нас өндөр болж 2016 онд хүүхдүүд нь ирж аваад явсан тул С гуай намайг ажлаа хийх далимаар манай хашааг манаж өвгөн, хөгшин хоёрын амьдарч байсан пинд бууж бай гэхэд нь би зөвшөөрөн одоог хүртэл энэ хашаанд ажиллаж амьдарч байна. Намайг энд ажиллаж, амьдарч байх хугацаанд энэ газрын талаар ямар нэгэн яриа, маргаан гарч байгаагүй. Харин энэ оны 3 сард Энхжаргал гэж хүн ирж энэ миний газар, газар чөлөөлж өгөөрэй. С гэдэг хүн хаана амьдардаг вэ гэж асуусан. Би түүнд эзэн нь бишээ С той өөртэй нь уулз гэж хэлсэн гэжээ.
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00622 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 32 дугаар байрны баруун талд байршилтай 280 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшигч нь Ш мөн болохыг тогтоож, уг газар дээр байгаа С ийн /байр, хүлэмж, амбаар зэрэг/ эд зүйлийг албадан нүүлгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С оос улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш д олгож шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 201/МА2018/00027 дугаар магадлалаар: Хариуцагч С ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 201/МА2018/00027 дугаар магадлалыг буруу гарсан гэж үзэж байна. Учир нь тус шүүхийн шүүгч З.Энхцэцэг нь хариуцагч С болон түүний эхнэр н.Цэсмаа шүүгчтэй насаараа хамт ажиллаж байсан. С нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд иргэний хэргийн ахлах гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хариуцагч албан тушаалаа ашиглаж хэний газрыг авах вэ гэдгээ эртнээс судалсан гэж үзэж байна. Мөн манай эзэмшлийн газрыг би анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримтын дагуу ярьж байхад З.Энхцэцэг шүүгч хурал дээр илт нэг талыг барьсан асуулт тавьж намайг загнаж, хариуцагчийг улаан цайм хамгаалж эсрэг шийдвэр гаргана гэж мэдэгдэхээр аашилж байсан. Энэ хэрэгт З.Энхцэцэг шүүгч нөлөөлсөн гэж харагдахаар хурал дээр эвгүй ааш зан гаргасан бөгөөд олон жил хууль хяналтын байгууллагад хамтран ажиллаж байсан учир ажил, албан тушаалаа ашиглан танил талдаа үйлчилж нэг талыг барьсан шийдвэр гаргаж иргэн намайг хохироож байна. Хариуцагч энэ газар дээр өөрөө хаалгыг нь эвдэж орж ирсэн, манай хашаанд буусан, мөн манай эзэмшлийн хашаанд айл буулгасан өмч хөрөнгөө тавьсан гэдэг талаар анхан шатны хурал дээр маргаагүй. Олон жилийн өмнө энэ газар дээр хашаа барьсан байрнаасаа ч хөдлөөгүй гэдгийг гэрчүүд баталж өгсөн. Гэтэл З.Энхцэцэг шүүгч хариуцагч С нь анхан шатны шүүхэд "... албан ёсны шинжээч томилж, 32 дугаар байрны баруун тал гэж аль газрыг хэлэх, “Гантиг” ХХК-ийн зүүн тал гэж аль газрыг хэлэхийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь энэ байрлалыг анхан шатны шүүх тогтоосон, гэрч Ц.Хүрэлбаатар, Л.Нямжав нар бүүр тодорхой гэрчилсэн. Энэ газар дээр байгаа хашаанд өөрөө бууж хаалгыг нь сольсоноо хариуцагч хүлээж хэлсэн. Шүүгч үндэслэлгүй зүйл бичиж, ач холбогдолгүй зүйлийг шалгуулах гэж, цаг авч талуудыг хооронд нь хэрэлдүүлж, муудалцуулах, ач холбогдолгүй дүгнэлт гаргуулах гэж шүүхийн анхан шатны шийдвэрийг буруутгаж байна. Хариуцагч С нь манай газар дээр хашааны хаалга эвдэж, хууль бусаар бууж, манаач тавьж, цоож хийж, эд хөрөнгөө зөвшөөрөлгүй тавьсан нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон. Хариуцагч С той Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар нь газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын байршлыг тодорхойлсон кадастрын зураг байхгүй, эзэмшлийн гэрчилгээний хугацаа дууссан, газрын нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй зэрэг зөрчил байна гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, удаа дараагийн Засаг даргын захирамжууд, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай байгуулсан газар эзэмших гэрээнүүд, гэрчийн мэдүүлгүүд, кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт, бусад бүх баримтыг үндэслэж зөв шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ш нь хариуцагч С , Б нарт холбогдуулан Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 32 дугаар байрны баруун талын 280 м.кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, газрын эзэмшигч нь Ш мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С “...газрыг 2000 оны 10 сарын 24-ний өдрийн Хэрлэн сумын засаг даргын 225 тоот захирамжаар С ид олгосон, газрын гэрчилгээтэй эзэмшлийн газар дээрээ одоог хүртэл амьдарч байгаа, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч Б нь 2000 оноос эхлэн энэ хашаанд ажиллаж, амьдарч байх хугацаанд газрын талаар маргаан гарч байгаагүй, харин энэ оны 3 сард Энхжаргал гэж хүн ирж энэ миний газар, газар чөлөөлж өгөөрэй гэсэн, энэ газар С ийнх” гэсэн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 32 дугаар байрны баруун талд байршилтай 280 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшигч нь Ш мөн болохыг тогтоож, уг газар дээр байгаа С ийн /байр, хүлэмж, амбаар зэрэг/ эд зүйлийг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч С нь анхан шатны шүүхэд “... албан ёсны шинжээч томилж, 32 дугаар байрны баруун тал гэж аль газрыг хэлэх, “Гантиг” ХХК-ийн зүүн тал гэж аль газрыг хэлэхийг тогтоож өгнө үү”, мөн гэрчээр иргэн Болдбаярыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтыг зөрчсөн байна. /хх-79-80/
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч С , Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх хоёр хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт Б т холбогдох шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, улмаар тогтоох хэсэгт хариуцагч Б т холбогдох хэргийг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасныг зөрчсөн гэж үзнэ.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 201/МА2018/00027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяагийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400.00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН