Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0321

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0951/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 3,3 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт  газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дугаар саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч компани газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлдөггүй талаар нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрөө төлдөг хэмээн мэдэгдсэн.  

3.3. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/250 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон байх бөгөөд үүнээс хойш 5 жил өнгөрсөн байхад газар ашиглах эрх олж авсан төслийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон. Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага бөгөөд захиргааны акт гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож газрын үзлэг хийсэн талаар мэдэгдэж 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дугаар албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгээр ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн газарт төсөлд дурдагдсан аливаа үйл ажиллагаа эрхлээгүй байсан нь тогтоогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх боловч энэхүү үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Маргаан бүхий актын “Э” ХХК-нд хамаарах хэсэгт “Усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэсэн үндэслэлийг заасан. Тус компанид 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газар ашиглах эрх олгосон бөгөөд тус газар нь Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа юм. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан зохицуулалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн. Ингэснээр тус хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0195 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул доорх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-266 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э” ХХК-нд Налайх дүүргийн Тэрэлжид байрлах горхи тэрэлжийн байгалийн цогцолбор тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 1 га, мөн сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар 1.0 га, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/250 дугаар тушаалаар 1.3 га, нийт 3.3 газар ашиглах эрх олгогдсон, гурвалсан гэрээг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2 га газарт хамаарах байдлаар байгуулж байсан, харин 3.3 га хэмжээгээр гурвалсан гэрээ байгуулагдаж байгаагүй болох нь тогтоогдсон, эдгээрт үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар маргаан бүхий тушаалаар “... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгогдсон боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр хавсралтад заасан нэр бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч “Э” ХХК багтсан, хавсралтад тус компанийн газар ашиглах  эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэж тодорхойлсон байна. 

 2.3. Маргаан бүхий актын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд хэрэгт Нийслэлийн Налайх дүүргийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/76 дугаар албан бичиг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, банкны төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байх тул анхан шатны шүүх эдгээрт үндэслэн “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй байна.

2.4. Харин анхан шатны шүүх “... хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх боловч энэ үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй ... усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй ... ямар хэмжээгээр давхацсан эсэхийг тогтоогоогүй, давхцаагүй хэсэгт нь газар ашиглаж болох эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй ... энэхүү асуудлыг дутуу шийдвэрлэсэн ... дутуу ажиллагааг шүүхийн зүгээс нөхөн хийж гүйцээх боломжгүй, газрын хэмжээ, мэдээллийн санд өөрчлөлт оруулах тушаал гаргах эрх бүхий албан тушаалтны чиг үүрэгт хамаарах асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй ... шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт, үндэслэлээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны маргаан бүхий А/358 дугаар тушаалын “Э” ХХК-нд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн  нь буруу биш байна.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

2.7. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрт хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал  энэ тохиолдолд газар ашиглах эрх үүссэнээс хойш нэхэмжлэгч газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, уг газар усны онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэртэй хэрхэн давхцаж байгаа эсэх, давхцаж байгаа бол ямар хэмжээгээр давхцаж байгаа эсэхийг газар дээр хээрийн судалгаа хийж тогтоох, мөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоосон усны хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэртэй холбоотой бүстэй хэрхэн давхцаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, шийдвэрийн үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар чиглэгдсэн этгээдэд мэдэгдэж, лавлаж тодруулах зэрэг хэлбэрээр шийдвэрийн үндэслэл тус бүрт хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй атал хариуцагч нь эдгээрийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байх тул анхан шатны шүүх “... Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх боловч энэхүү үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй ... усны хамгаалалтын бүсийн дэглэх зөрчсөн гэх үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.8. Өөрөөр хэлбэл, хэрэгт нэхэмжлэгч “Э” ХХК өөрийн эзэмшил газрыг хашаалсан[1], худаг гаргуулсан[2], байгаль орчны яамнаас шаардсаны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн[3]-тэй холбоотой баримтууд авагдсан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс эдгээр баримтыг гаргуулж, хэрхэн үнэлж дүгнэсэн  талаар шийдвэрт тусгаагүй, газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх  зэргийг тодруулж дүгнээгүй, газар ашиглагчаас хэрхэн ямар байдлаар газрыг ашигласан бол гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэх нь тодорхой бус байх тул шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж шалган, баримтаар нотолсны эцэст нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх талаар дахин шийдвэр гаргах нь зүйтэй байна.

2.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай тус тус давхцалтай /төсөл/ гэх баримт[4]-ыг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт хавсаргагдсан, мөн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын байршлын зураг” гэх баримт[5] авагдсан байх боловч нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашиглаж буй газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй ямар хэмжээгээр хэрхэн давхцаж байгаа нь тодорхой бус, эдгээр бүстэй давхцаагүй газар үлдэж байгаа эсэх, үлдэж байгаа бол уг газрыг нэхэмжлэгч ашиглаж болох эсэх нь тодорхой бус, хариуцагч маргаан бүхий актыг гаргахын өмнө эдгээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасантай нийцсэн байна.

2.10. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын “төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлтэй зөв байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь 2017 оны ... А/250 дугаар тушаалаар газар ашиглах эрх олж авсан ч төслийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон ... Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага бөгөөд захиргааны акт гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож газрын үзлэг хийсэн талаар мэдэгдэж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дугаар албан бичгийг ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн газарт төсөлд дурдагдсан аливаа үйл ажиллагаа эрхлээгүй нь тогтоогдсон ... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасанд нийцүүлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй ...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

[1] ХХ-55 дугаар талд

[2] ХХ-72-74 дүгээр талд

[3] ХХ-115-119 дүгээр талд

[4] ХХ-ийн 48