Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00296

 

“Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01544 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2124 дүгээр магадлалтай,

“Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

“Т” ХХК, Д.Ж-д холбогдох,

2.284.867.900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны хөрөнгөөр хангуулах, биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Тотрусь союз” ХХК, Д.Ж- нарын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул, Х.Хадбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ж- захиралтай “Тотрусь союз” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр барьцаат зээлийн 201710028862 тоот гэрээ байгуулан 30 хоногийн 3.98 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 1,750,000,000 төгрөгийг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 30 хоногийн 3.98 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 200,000,000 төгрөгийг нийт 1,950,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө буюу “Нийтийн зориулалттай Орон сууцны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цахилгаан шатны нийлүүлэлт, Угсарч суурилуулах” ажлын тендерийг хэрэгжүүлэх зориулалтаар манай "Н" ХЗХоршооноос авсан. Зээлийн гэрээний барьцаанд Төсөвт суугдсан 2,900,000,000 буюу “Нийтийн зориулалттай Орон сууцны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цахилгаан шатны нийлүүлэлт, Угсарч суурилуулах ажил гүйцэтгэх тухай” тендерийг барьцааны гэрээ байгуулан барьцаалсан. Гэтэл зээлдэгч “Тотрусь союз" ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ огт биелэгдээгүй, гэрээний 3.1.14-т заасан“...гэрээний 3.1.12-т заасны дагуу санхүүжилтээр орж ирсэн орлогыг шууд зээлийн төлбөрт төлнө гэсэн" үүргийг зөрчсөн зөрчлүүд гаргасан тул “Н” ХЗХ нь зээлдэгчийн гаргасан эдгээр үйлдлийг зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзсэн. Зээлдэгч “Тотрусь союз” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, зээлийн гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу мэдэгдэн, зээлдэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа сунгах шимтгэлд урьдчилан байршуулсан 9,750,000 төгрөгийг Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон ба нийт нийт төлсөн 235,759,607 төгрөгийг бүхэлд нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдпаар: Зээл 1,950,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 279,994,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,844,400 төгрөг, бусад зардал нотариатын үйлчилгээ 29,500 төгрөг, нийт 2,284,867,900 төгрөгөөр хохироосоор байна. Барьцаа хөрөнгө устаж, зээл эргэн төлөгдөх боломжгүй нөхцөл байдал бий болсон, цаашид эрсдэлтэй байдал нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байгаа.

Иймд Д.Ж- захиралтай “Тотрусь союз” ХХК-иас зээл 2,284,867,900 төгрөгийг гаргуулж, төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Тотрусь союз” ХХК, Д.Ж- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 143 тоот гэрээний дагуу тус яамнаас холбогдох төлбөрийг манай компанийн Чингис хаан банк дахь нэрийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч Хас банкны дансаар шилжүүлсэн байсныг бид тухайн үед мэдээгүй байсан. Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлэгдсэн талаар мэдээд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 813.190.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 500.000.000 төгрөгийг тус тус барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан. Гэтэл Н ХЗХ-ны зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан эрүүгийн журмаар Д.Ж- намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах болсон. Миний бие яамнаас төлбөр шилжүүлэхээс хэд хоногийн өмнө зарим ажлын явц удаашралтай байснаас Н ХЗХ-д зээлийн гэрээг сунгах хүсэлт тавихад ХЗХ-оос эхний байдлаар гэрээг сунгах талаар нааштай хариу ирүүлж, хүсэлтээ албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэх болсон. Барьцааны гэрээний дагуу барьцааны дансанд 1.003.210.635 төгрөгийг шилжүүлэн байршуулсан, нийт 791.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, уг үнэлгээг гэрээгээр тодорхойлж тогтоосон, барьцаа хөрөнгийн өмчлөгчдийн болон бусад мэдээлэлтэй холбоотой баримт бичгийг гэрээ байгуулах үед гаргаж өгсөн. Гэтэл барьцаа хөрөнгө нь өөр хүний өмчлөлийнх байхад өмчлөгчдийг утсаар дарамталснаас өмчлөгчид барьцаа хөрөнгийн талаар маргаан гаргасан, мөн хөрөнгийн үнэлгээ бага гэх мэтээр өөрсдийн гэрээгээр тохиролцсон байр сууринаас ухарч үндэслэлгүй зүйл нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01544 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тотрусь союз ХХК-иас бүгд 1.978.020.249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 306.847.651 төгрөг болон төсөвт суугдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Тотрусь союз ХХК-иас үл хөдлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Ж-аас төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Н ХЗХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.652.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тотрусь союз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10.048.051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2124 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тотрусь союз ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 2.284.867.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХЗХ-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5, 5 дахь заалтыг 6 гэж тус тус дугаарлан, 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар Н ХЗХ болон Тотрус союз ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн БГ20170028862 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БГ201710029027 дугаартай барьцааны гэрээ тус бүрт заасан санхүүжилт буюу үйл ажиллагаа, борлуулалтын орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж, 5 дахь заалтын “...хариуцагч Тотрус Союз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10.048.051 төгрөгийг гаргуулан” гэснийг “...хариуцагч Тотрус Союз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11.652.490 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй “Тотрусь союз” ХХК, иргэн Д.Ж- нарт холбогдох иргэний хэрэгт хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Манай компанийн Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2017.11.10-ны өдрийн 143 тоот гэрээний дагуу тус яамнаас холбогдох төлбөрийг манай компанийн Чингис хаан банкин дахь 5101000344 тоот дансанд шилжүүлэх ёстой байсан боловч Барилга хот байгуулалтын ажилтны алдаанаас болоод Хасбанкны дансаар шилжүүлсэн байсныг бид ч тухайн үедээ мэдээгүй байсан. Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлснийг мэдсэн даруйдаа 2018.12.28-ны өдөр 813,190,000 төгрөгийг, 2018.01.02-ны өдөр 500,000,000 төгрөгийг тус тус Н ХЗХ-той байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан. Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлснийг мэдээд 2018.12.28-ны өдөр 813,190,000 төгрөгийг, 2018.01.02-ны өдөр 500,000,000 төгрөгийг тус тус барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан. Гэтэл Н ХЗХ-ны зүгээс 2018.01.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандан эрүүгийн журмаар захирал Д.Ж-ыг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах болсон.

Бүр тодруулж хэлбэл Н ХЗХ-оосс авсан зээлээ төлөх л зорилгоор тус ХЗХ-той тохирсон дансанд 2018.12.28-ны өдөр 813,190,000 төгрөгийг, 2018.01.02-ны өдөр 500,000,000-ыг тус тус шилжүүлсэн нь маш тодорхой буюу энэхүү төлбөрөөс Н ХЗХ-ны зээлийг төлчих боломжтой байхад данс битүүмжилснээс болоод тухайн үедээ төлж чадаагүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн явдалд хариуцагч гэм буруугүй тул хэтэрсэн хугацаанд ч хүү төлөх үндэслэлгүй. Н ХЗХ нь 2018.09.25-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа Тотрусь союз ХХК-ийг гишүүнээр элсүүлээгүй зээлийн хороо шийдвэр гаргаагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, зээл олгохоос татгалзаж байсан байхад зохих захирал н.Баярсайхан даалгавраар зээлийн гэрээ байгуулсан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18.1.2, мөн хуулийн 38.8.2, Н ХЗХ-ны дүрмийн 15.2, 15.4, 15.5- т заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн барьцаа хөрөнгийн талаар анхан шатны шүүх “хариуцагчийн барьцаалуулсан болон өмчлөлийн хөрөнгө биш байх тул тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй.” гэж үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 2124 дугаартай магадлалыг хүчингүй болгож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.06-ны өдрийн 181/ШШ2018/01544 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Н” ХЗХ нь хариуцагч “Тотрусь союз” ХХК, Д.Ж- нарт холбогдуулан зээл 1.950.000.000 төгрөг, хүү 279.994.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54.844.400 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 29.500 төгрөг нийт 2.284.867.900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны хөрөнгөөр хангуулах, биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзжээ /хэргийн 1 дүгээр хавтас 1-3, 71-73, 250 дугаар тал/. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 4/96 дугаар гэрчилгээгээр “Н” ХЗХ-д хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгожээ.

Зохигчийн  хооронд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр “Тотрусь союз” ХХК нь нэхэмжлэгчээс 1.750.000.000 төгрөгийг 30 хоногт 3.98 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, 2017 оны 11 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар 3.98 хувийн хүүтэй тус тус зээлэх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ. 

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үйл ажиллагаа, борлуулалтын бэлэн болон бэлэн бус харилцах дансны орлого, нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан ба зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Ж- нь төлбөрийг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр батлан даалтын гэрээ байгуулсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна /хэргийн 1 дүгээр хавтас 12-38 дугаар тал/.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр, энэ тохиолдолд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан 1.750.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр, 200.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус шилжүүлсэн бол зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн, батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч “...хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заагаагүй, ... төсөвт суугдсан гэх хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш...” гэж үзэж, нэхэмжлэлээс 306.847.651 төгрөгийн болон төсөвт суугдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол үндсэн зээл болон хүү мөн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба дээрх зээлийн гэрээний 2.6-д зээлдэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээгээр хариуцагч нь нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл засварын цех төсөл арга хэмжээний багц-2, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажлын үйл ажиллагаа борлуулалтын бэлэн болон бэлэн бус харилцах дансны орлогыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Иймд нэхэмжлэгч нь нийт 3.255.000.000 төгрөгийн санхүүжилт буюу үйл ажиллагаа борлуулалтын орлогыг барьцаалсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангахдаа  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

“Номин холдинг” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж улмаар 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдөр “Тотрусь союз” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан, энэ нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хийгдсэн ажиллагаа байна.  

“Тотрусь союз” ХХК-ийн захирал Д.Ж- нь “Н” ХЗХ-ийн гишүүнээр элсэх, зээл хүсэх өргөдөл гаргасан байх ба хоршооны тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоолоор гишүүнээр элссэнийг улсын бүртгэлд бүртгэгдсэн /хэргийн 237 дугаар тал/ байх тул хариуцагчийн гишүүнээр элсүүлээгүй талаарх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Тотрусь союз” ХХК болон Д.Ж- нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 1.692.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ