Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХЗХ/РД: /,

 

Хариуцагч: “Т” ХХК/РД: /,

 

Хамтран хариуцагч: Д.Ж/РД: / нарт холбогдох

 

2 284 867 900 төгрөгийг гаргуулах, төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул, Я.Нацагдорж, Х.Хадбаатар, хариуцагч, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “Н” ХЗХоршоо нь “Т” ХХК-иас зээл 1 950 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 279 994 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 844 400 төгрөг, нийт 2 284 838 400/ хоёр тэр бум хоёр зуун наян дөрвөн сая найман зуун гучин найман мянга дөрвөн зуу/ төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29 500 төгрөг бүгд 2 284 867 900 төгрөгийг гаргуулж, “Н” ХЗХоршоонд олгох, мөн Зээлийн гэрээний 3.1.12, Барьцааны гэрээний 2.1,5.1-д заасны дагуу Тендерийн ажлын гүйцэтгэлийн хөлс 2 900 000 000 төгрөгийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан юм.

Энэ хүү нэхэмжлэлийг гаргах, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх явцад, хариуцагч “Т” ХХК нь Зээлийн гэрээний 3.1.14-т заасан “...гэрээний 3.1.12-т заасны дагуу санхүүжилтээр орж ирсэн орлогыг шууд зээлийн төлбөрт төлнө гэсэн” үүргийг зөрчиж, барьцаалагч нарт мэдэгдэхгүйгээр, улмаар худал ташаа мэдээлэл өгч, санаатайгаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, төсөвт суугдсан мөнгийг бүхэлд нь шилжүүлэн авч, 2 хоногийн дотор уг мөнгөн хөрөнгөөс 1 700 000 000 төгрөгийг захиран зарцуулсан нь илэрч тогтоогдсон. Энэ нь зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн зөрчил болоод зогсохгүй зээл эргэн төлөгдөх баталгаа 10 хувьд ч хүрэхгүйд хүрсэн юм.

Тухайлбал: Барьцаа хөрөнгө 1 700 000 000 төгрөгөөр багассан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/Ш32018/04837 дугаартай шүүгчийн захирамж гарч “Т” ХХК-ийн “Чингис хаан банк” дахь 51001000344 тоот дансанд байршсан 1 003 210 635.82 /нэг тэрбум гурван сая хоёр зуун арван мянга, зургаан зуун гучин таван төгрөг, наян хоёр мөнгө/ төгрөгийн хөрөнгөөс 492 997 437 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд битүүмжлэгдсэн байна.

“Т” ХХК нь Тендерийн үйл ажиллагааг явуулахдаа өөрөөсөө нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй ба бусдын хөрөнгийг барьцаалж, санхүүжилт авч байсан зэргээс үзэхэд төлбөрийн чадваргүй байж болохоор байна.

Иймээс “Т” ХХК-ийн нуугдмал болон нуусан хөрөнгийг тогтоож, битүүмжлэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан байгаа.

Мөн хариуцагч “Т” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор болон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах эдэлбэр газар бүхий Үл хөдлөхийн Ү2005000427 болон Ү2102000198 тоот гэрчилгээтэй 2 ширхэг зоорийг, 2 хэсэг газрын хамт БГ201710028862 болон БГ201710029027 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан ба уг хөрөнгө нь дахин үнэлгээ хийсэн ч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөрийн 10 хувийг хангаж чадахгүй ба энэ барьцаа хөрөнгийн өмчлөгч өөр этгээд бөгөөд тэд ч хохирч байгаа талаар гомдол мэдүүлж байна. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгөнд барьцаалбар хийгдсэн тул дахин үнэлгээ хийлгэх бодит үнийг тогтоох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байгаа болно.

Нэхэмжлэгч “Н” ХЗХоршоо нь зээлдэгч “Т” ХХК-ийн нийтийн эрх ашигт зориулагдсан ажил үйлчилгээ үзүүлж байгаа, мөн баталгаа нь Төсөвөөс санхүүжилт хийгдсэн мөнгөн хөрөнгө хүлээгдэж байгаа зэргийг харгалзан дээрх их хэмжээний зээлийг олгосон юм.

Манай хоршооноос энэ зээлийг олгоогүй бол “Т” ХХК нь 2014 онд олж авсан тендерийн эрхийн хугацаа дуусгавар болсоныг дахин сэргээх боломжгүй, тендерт дахин өрсөлдөх найдваргүй этгээдийн нэг болох байсан юм.

Мөн “Т” ХХК-ийн захирал Д.Ж нь зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээхээр хувийн батлан даалт гаргасан ба “Н” ХЗХ-той ХБДГ201710028862 болон ХБДГ201710029027 тоот хувийн батлан даалтын гэрээ байгуулсан юм.

Нэгэнт барьцаа хөрөнгийн хэмжээ батлан даагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 70 хувь нь хорогдсон, үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй болсон тул батлан даагчаар төлбөрийн үлдэгдлийг нөхөх хариуцлагыг хариуцагч “Т” ХХК-ийн өмнөөс хүлээлгэх, нөхцөл байдал аяндаа үүсч байна.

Иймээс дараах шаардлага бүхий хүсэлтийг гаргаж байна. “Т” ХХК-ийн захирал Шарнууд овгийн Дашдаваагийн Ж /РД: ЧП59032860/-ыг хариуцагчаар нэмж татах, түүний хөрөнгийг тогтоож, битүүмжлэх хүсэлт гаргасан ба Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийи 460.1-д зааснаар “Т” ХХК-ийн төлж чадаагүй төлбөрийн үлдэгдлийг Д.Жы нэр хөрөнгөөс гаргуулах,

Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар “Т” ХХК-иас төлбөрийг гаргуулахдаа, барьцаалуулсан хөрөнгийг эхний ээлжинд, дараагийн ээлжинд шүүгчийн захирамжийн дагуу тогтоосон тус компанийн хөрөнгийг, эцэст нь Батлан даагч буюу хариуцагч Д.Жы нэр хөрөнгийг гаргуулах дараалалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Төсөвт суугдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хүрэлцэхгүй тохиолдолд Д.Жы батлан даалтын гэрээ болон хариуцагчаар татагдсан хуульд болон гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Н” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хас банкаар мөнгө авснаа гэрээний дагуу Чингис хаан банк руу шилжүүлсэн гэж байна. 2018 01.02-ны өдөр би  яаманд очиж уулзахад төрийн сангийн нягтлан н.Мөнхжаргалтай уулзахад  надад юу гэж хэлсэн гэхээр мөнгө авах болгонд Т компани албан ёсоор хүсэлтээ гаргадаг. Гаргахдаа манай энэ банкны энэ данс руу шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу Хас банк руу шилжүүлсэн  гэж хэлж байсан.  Тэгэхээр өөрсдөө мэдэхгүй байж байтал Барилга хот байгуулалтын яам Хас банк руу хийгээд Хас банкнаас зээлээ төлөх гээд гүйлгээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Би өөрийн биеэр очиж уулзсан. Энийг эрүүгийн хэргээр шалгуулахдаа тайлбар гаргаж тодорхой хэлсэн. Чингис хаан банкин дахь 2-р гарын үсгээр 24-ны өдөр намайг оруулаад 9 сарын 26-ны өдөр энэ хүний гарын үсэгггүй зөвхөн н.Ж миний гарын үсгээр  оруулж байна уу гэсэн хүсэлтээ Чингис хаан банкинд өгсөн байдаг. Үүнийг би тухайн Чингис хаан банкны ажилтны дэргэд гар утсаараа бичлэг хийгээд зургийг аваад эрүүгийн хэрэгт хавсаргаж өгсөн. Зээлийн тооцоолол эхлээд 9 сарын 26-ны өдөр мөнгө авсан бол дараагийн сарынхаа тухайн өдрөө зээл хүүгээ төлөх ёстой. Гэтэл 200 сая төгрөгөөс 10 сая, 7 сая гэх мэтчилэн энэ бүгдэд хүү бодогдно. Тэр бум 750 сая төгрөгөөс сар болгон 67 сая төгрөг, 31 хоногтой бол 71 сая төгрөг гээд  хүү бодогдноо энэ хүүгээ төлөөгүй явж байснаа  12 сарын 28-ны өдөр  төлсөн 235 сая төгрөгөө үндсэн зээлээс хасуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна.  Үүнээс болоод ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал санхүүгийн зохицуулах хороон дээр яригдаж байна. 4716 гаруй гишүүнтэй нэг байгууллагын хувьд хүнд байдалтай байна. н.Баярсайхан захирал Т ХХК Номин холдонгийн хамтран ажиллах гэрээ байдаг. Энэ гэрээг зээлийн хороо дахин хэлэлцээд дээрх  гэрээг үндэслээд зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн хорооны 7 гишүүн нөхцөл байдал зэргийг харгалзаад ядаж барьцаа хөрөнгө олоод ирвэл гэхэд газар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн Барилга хот байгуулалтын яамнаас санхүүжүүлэхэд татгалзах зүйлгүй гэснийг үндэслэж зээл олгосон. Миний бие 2018.01.02-ны өдөр Эрх зүйн газрын даргатай хамт очиж уулзаад та мөнгө авсан уу гэхэд аваагүй гэсэн. Тэгээд сандраад энэ хүн гүйлгээ хийсэн байсан.” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” ХЗХ-ны 2017.04.27-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрээний үүрэгт зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 2 284 867 900 төгрөг гаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр гэсэн дараалал тогтоон үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлүүлэх тухай” хэмээх шаардлагаар нэмэгдүүлжээ. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.

Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2017.11.10-ны өдрийн 143 тоот гэрээний дагуу тус яамнаас холбогдох төлбөрийг манай компанийн Чингис хаан банкин дахь 5101000344 тоот дансанд шилжүүлэх ёстой байсан боловч Хас банкны дансаар шилжүүлсэн байсныг бид ч тухайн үедээ мэдээгүй байсан юм.

Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлэгдснийг мэдээд 2018.12.28-ны өдөр 813 190 000 төгрөгийг, 2018.01.02-ны өдөр 500 000 000 төгрөгийг тус тус барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан.

Гэтэл “Н” ХЗХ-ны зүгээс 2018.01.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандан эрүүгийн журмаар захирал Д.Жыг намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах болсон.

Миний бие БХБЯамнаас төлбөр шилжүүлэхээс хэд хоногийн өмнө зарим ажлын явц удаашралтай байснаас “Н” ХЗХ-д зээлийн гэрээг сунгах хүсэлтийг тавихад ХЗХ-ноос эхний байдлаар гэрээг сунгах талаар нааштай хариуг ирүүлж, хүсэлтээ албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэхээр болсон байсан.

Нэгэнт зээлийн гэрээг сунгах асуудал дээрх байдлаар яриа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдчихсэн гэж байсан тул 6 сараар зээлийн гэрээний хугацааг сунгуулах л гэснээс биш нэхэмжлэгчийн тайлбарлаж, гүтгээд байгаа шиг залилах, хууран мэхлэх, нэхэмжлэгчийг хохироох санаа зорилго огт байгаагүй юм.

Үүнийг ч нэхэмжпэгчийн гомдлыг эрүүгийн журмаар шалгахдаа топоож Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018.02.27-ны өдрийн 146 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзээд эрүүгийн хэргийг хаасан.

“Н” ХЗХ-ны эрүүгийн журмаар гаргасан 2018.01.02-ны өдрийн үндэслэлгүй гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс анхнаасаа харьяалал зөрчин хүлээж авах, гомдол гаргасан даруй буюу хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авах, эрүүгийн хариуцлагаар далайлгаж дарамт шахалт үзүүлэх гэсэн зорилгоор хууль хяналтын байгууллага дахь өөрсдийн нөлөө, танил талаа ашигласан хууль бус үйлдлийг гаргаж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргахдаа ч учир зүйгээ ололцох гэсэнгүй мөн л нөгөөх дарамт шахалтаа үзүүлэх гэж данс, хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авахуулсан. Өөрсдөө ихэд хууртагдаж хохирсон мэт тайлбарыг гаргаж, тооцоогүй, үндэслэлгүй төлбөрийг нэмж нэхэмжилсэн байна.

Барьцааны гэрээний дагуу барьцааны дансанд 1 003 210 635 төгрөгийг шилжүүлэн байршуулсан нийт 791 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, уг үнэлгээг гэрээгээр тодорхойлж тогтоосон, барьцаа хөрөнгийн өмчлөгчдийн болон бусад мэдээлэлтэй холбоотой баримт бичгийг гэрээ байгуулах үед гаргаж өгчихсөн байхад “барьцаа хөрөнгө нь өөр хүний өмчлөлийнх байсан байна.”, барьцаа хөрөнгийн өмчлөгчдийг утсаар ярьж дарамталчихаад “барьцаа хөрөнгийн өмчлөгчид барьцаа хөрөнгийн талаар маргаан гаргасан”, “барьцаа хөрөнгийн үнэлгээ нь бага”, гэх мэтээр өөрсдийнхөө гэрээгээр тохиролцсон байр сууринаас ухарсан, үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг болгосон байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

Хамтран хариуцагч Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““Н” ХЗХ-ны Д.Ж миний бие нэхэмжлэгчийн гаргасан 2017.04.27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрээний үүрэгт зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 2 284 867 900 төгрөг гаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр гэсэн дараалал тогтоон үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлүүлэх тухай” хэмээх шаардлагаар нэмэгдүүлжээ. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.

Д.Ж миний бие 2017.09.25-ны өдөр “Зээлийн хувийн батлан даалтын гэрээ”, 2017.11.20-ны өдөр “Зээлий хувийн батлан дааптын гэрээ”-г байгуулж “Т” ХХК-ийг үүргээ гүйцэтгэж чадна хэмээн баталгаа гаргаж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөхөн хариуцлага хүлээхээр заасан.

Харин зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах талаар ямар нэгэн баталгаа гаргаагүй, нэхэмжлэгч нь Д.Ж надад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа "Т” ХХК-иас 2 284 867 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй буюу үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байх тул миний бие уг зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.

Барьцааны гэрээний дагуу барьцааны дансанд 1 003 210 635 төгрөгийг шилжүүлэн байршуулсан нийт 791 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, уг үнэлгээг гэрээгээр тодорхойлж тогтоосон, барьцаа хөрөнгийн өмчлөгчдийн болон бусад мэдээлэлтэй холбоотой баримт бичгийг гэрээ байгуулах үед гаргаж өгчихсөн байхад “барьцаа хөрөнгө нь өөр хүний өмчлөлийнх байсан байна.”, барьцаа хөрөнгийн өмчлөгчдийг утсаар ярьж дарамталчихаад, “барьцаа хөрөнгийн өмчлөгчид барьцаа хөрөнгийн талаар маргаан гаргасан” барьцаа хөрөнгийн үнэлгээ нь бага”, гэх мэтээр хэтэрхий бодит байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Дээрх байдлаар хариуцагч “Т” ХХК үүргээ гүйцэтгэх чадахгүй нөхцөл байдалд хүрээгүй, нэхэмжлэгч ч тус компаниас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХЗХ нь хариуцагч “Т” ХХК, хамтран хариуцагч Д.Ж нарт холбогдуулан зээл 1 950 000 000/нэг тэрбум есөн зуун тавин сая/ төгрөгийг, үндсэн хүү 279 994 000/хоёр зуун далан есөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 54 844 400/тавин дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг, нийт 2 284 838 400/хоёр тэрбум хоёр зуун наян дөрвөн сая найман зуун гучин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 29 500/хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 2 284 867 900/хоёр тэрбум хоёр зуун наян дөрвөн сая найман зуун жаран долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулах, төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь өөрсдийнхөө гэрээгээр тохиролцсон байр сууринаас ухарсан, үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг болгосон гэж маргасан.

 

Хамтран хариуцагч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХЗХ хариуцагч “Т” ХХК-иас үл хөдлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ20171002886 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ-1” гэх/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ201710029027 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ-2”/, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БГ201710028862 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ-1” гэх/ болон БГ201710028862 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ-2” гэх/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БГ201710029027 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ-3” гэх/, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ХБДГ201710028862 дугаар Зээлийн хувийн батлан даалтын гэрээ/цаашид “Батлан даалтын гэрээ-1” гэх/ болон 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХБДГ201710029027 дугаар Зээлийн хувийн батлан даалтын гэрээ/цаашид “Батлан даалтын гэрээ-2” гэх/ байгуулсан болох нь Гэрээ-1, Гэрээ-2, Барьцааны гэрээ-1, Барьцааны гэрээ-2, Барьцааны гэрээ-3, Батлан даалтын гэрээ-1, Батлан даалтын гэрээ-2-ын хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээ-1-ийн 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.6-д зааснаар нэхэмжлэгч нь “Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех/Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил”-д зориулахаар 1 750 000 000/нэг тэрбум долоон зуун тавин сая/ төгрөгийг, 3/гурав/ сарын хугацаатай, сарын 3.98/гурав зууны ерэн найм/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Хавсралт №1-т заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээ-1-ийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид 1 750 000 000/нэг тэрбум долоон зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шилжүүлгийн маягтын болон 100216008862 тоот зээлийн дансны хуулгаар хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээ-2-ийн 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.6-д зааснаар нэхэмжлэгч нь “Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех/Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил”-д зориулахаар 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийг, 1/нэг/ сарын хугацаатай, сарын 3.98/гурав зууны ерэн найм/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Хавсралт №1-т заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээ-2-ын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 151 000 000/нэг зуун тавин нэгэн сая/ төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 43 000 000/дөчин гурван сая/ төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6 000 000/зургаан сая/ төгрөгийг, нийт 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  шилжүүлгийн маягтын болон Хаан банкин дахь 5062066791 тоот төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулга, 100216009027 зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Зохигчийн байгуулсан Гэрээ-1, Гэрээ-2 нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх Гэрээ-1, Гэрээ-2-ын зээлийн төлбөрт 1 950 000 000/нэг тэрбум есөн зуун тавин сая/ төгрөгийг, үндсэн хүү 279 994 000/хоёр зуун далан есөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 54 844 400/тавин дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг, бүгд 2 284 867 900/хоёр тэрбум хоёр зуун наян дөрвөн сая найман зуун жаран долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээ-1-т зааснаар хариуцагч нь 1 750 000 000/нэг тэр бум долоон зуун тавин сая/ төгрөгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3/гурав/ сарын үндсэн хүүнд нийт 208 950 000/67328333.34+71971666.66+69650000=208950000/ /хоёр зуун найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 223 077 999.99/хоёр зуун хорин гурван сая далан долоон мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ-1-ийн хуулбар, 100216008862 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээ-1-т зааснаар хариуцагч нь зээлийн үндсэн хүүнд 208 950 000/хоёр зуун найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөхөөс 14 127 999.99/арван дөрвөн сая нэг зуун хорин долоон мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг илүү төлсөн болох нь 100216008862 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч ... зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээ-1, Хавсралт №1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлж барагдуулаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүнд 41 790 000/208950000x20%=41790000/ /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ-1-ийн хуулбар, 100216008862 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээ-1-ийн 3-ын 3.1.2-т зааснаар хариуцагчийн үндсэн хүүгийн төлбөрт илүү төлсөн 14 127 999.99/арван дөрвөн сая нэг зуун хорин долоон мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй болох нь Гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27 662 000/41790000-14127999.99=27662000/ /хорин долоон сая зургаан зуун жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээ-1-ийн хуулбар, 100216008862 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 1 750 000 000/нэг тэр бум долоон зуун тавин сая/ төгрөгийн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй болох нь Гэрээ-1-ийн хуулбар, 100216008862 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээ-1-ийн үндсэн зээлд 1 750 000 000/нэг тэр бум долоон зуун тавин сая/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 27 662 000/хорин долоон сая зургаан зуун жаран хоёр мянга/ төгрөгийг, нийт 1 777 662 000/1750000000+27662000=1777662000/ /нэг тэрбум долоон зуун далан долоон сая зургаан зуун жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийг шилжүүлсэн төлөөр зохигчид маргаагүй болно.

 

Гэрээ-2-т зааснаар хариуцагч нь 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1/нэг/ сарын үндсэн хүүнд нийт 7 746 406.68/долоон сая долоон зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үндсэн хүүнд 8 542 406.67/найман сая таван зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ-2-ын хуулбар, 100216009027 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулга, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн кассын орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээ-2-т зааснаар хариуцагч нь зээлийн үндсэн хүүнд нийт 7 746 406.68/долоон сая долоон зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг төлөхөөс 795 999/8542406.67-7746406.68=795999/ /долоон зуун ерэн таван мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг илүү төлсөн болох нь Гэрээ-2-ын хуулбар, 100216009027 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулга, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн кассын орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээ-2, Хавсралт №1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлж барагдуулаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүнд 1 549 281/7746406.68x20%=1549281/ /нэг сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ-2-ын хуулбар, 100216009027 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээ-2-т зааснаар хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүнд 424 533/дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг төлсөн болох нь 100216009027 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулга, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн кассын орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээ-2-ын 3-ын 3.1.2-т зааснаар хариуцагчийн үндсэн хүүгийн төлбөрт илүү төлсөн 795 999/долоон зуун ерэн таван мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй болох нь Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 328 749/1549281-424533-795999=328749/ /гурван зуун хорин найман мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээ-2-ийн хуулбар, 100216009027 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулга, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн кассын орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй болох нь Гэрээ-2-ын хуулбар, 100216009027 тоот зээлийн дансны хуулга, Голомт банкин дахь 1102044071 тоот төгрөгийн дансны хуулга, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн кассын орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээ-2-ын үндсэн зээлд 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 328 749/гурван зуун хорин найман мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг, нийт 200 328 749/200000000+328749=200328749/ /хоёр зуун сая гурван зуун хорин найман мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “Т” ХХК нь Гэрээ-1, Гэрээ-2-ын нэг тал бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгч байх тул хариуцагч “Т” ХХК нь тэргүүн ээлжинд Гэрээ-1, Гэрээ-2-ын үүргийг хариуцах үүрэгтэй байна.

 

Зохигчид Гэрээ-1, Гэрээ-2-ыг хугацаатай байгуулсан байх ба хэтэрсэн хугацааны хүүг шууд заагаагүй байх тул хариуцагчаас зөвхөн Гэрээ-1, Гэрээ-2-т заасан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлтэй байна.    

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэрээ-1, Гэрээ-2-ын төлбөрт хариуцагчаас бүгд 1 977 990 749/нэг тэрбум есөн зуун далан долоон сая есөн зуун ерэн мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 306 847 651/2284867900-1978020249=306847651/ /гурван зуун зургаан сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын үйлчилгээний хөлсөд 29 500/хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээ-1, Гэрээ-2-т заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь маргаантай холбоотой баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэн нотариатчын үйлчилгээний хөлсөд 29 500/хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Мөнгөний тасалбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн нь хариуцагч Гэрээ-1, Гэрээ-2-ын үүргээ зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 29 500/хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Барьцааны гэрээ-2-т зааснаар Дархан-Уул аймаг, Хонгор сум, Орхон аймаг, Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн Ү-2005000427, Ү-2102000198 дугаарт бүртгэлтэй 2/хоёр/ ширхэг зоор, 2/хоёр/ хэсэг газрыг барьцаалуулсан байх боловч нэхэмжлэгч нь тус үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь Барьцааны гэрээ-1, Барьцааны гэрээ-3-т зааснаар үйл ажиллагаа, борлуулалтын бэлэн болон бэлэн бус орлого, харилцах дансны орлогыг барьцаалуулсан болох нь Барьцааны гэрээ-1, Барьцааны гэрээ-3-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулиийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдлөх ... бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.” гэж заасан.

 

Барьцааны гэрээ-1, Барьцааны гэрээ-3-т хариуцагчийн үйл ажиллагаа, борлуулалтын бэлэн болон бэлэн бус орлого, харилцах дансны орлогын хэмжээг шууд тусгаагүй тусгаагүй байх тул Иргэний хуулиийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн орлогыг барьцааны зүйл гэж үзэх үндэслэлгүй байна.

Барьцааны гэрээ-1, Барьцааны гэрээ-3-т заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан төсөвт суугдсан гэх хөрөнгө нь хариуцагчийн барьцаалуулсан болон өмчлөлийн хөрөнгө биш байх тул тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч ... гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хамтран хариуцагчтай байгуулсан Батлан даалтын гэрээ-1, Батлан даалтын гэрээ-2 нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран хариуцагч Д.Ж нөхөх хариуцлагыг хүлээж, хамтран хариуцагчаас төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн дансыг битүүмжилснээс Гэрээ-1, Гэрээ-2 заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай гэх тайлбар гаргаж байх боловч Гэрээ-1, Гэрээ-2-т заасан үүргээ гүйцэтгэх хугацаанд хариуцагчийн данс битүүмжлэгдээгүй байсан болох нь тогтоогдож байх тул тус тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нь нэхэмжлэгчийн гишүүнээр зээл олгосны дараа бүртгүүлсэн гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хариуцагч нь төлбөрийг гүйцэтгэж өрийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас бүгд 1 978 020 249/нэг тэрбум есөн зуун далан найман сая хорин мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 306 847 651/гурван зуун зургаан сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг, төсөвт суугдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Жаас төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас бүгд 1 978 020 249/нэг тэрбум есөн зуун далан найман сая хорин мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 306 847 651/гурван зуун зургаан сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг, төсөвт суугдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХЗХ хариуцагч “Т” ХХК-иас үл хөдлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Жаас төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 652 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10 048 051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ