Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,  

улсын яллагч С.Б

иргэдийн төлөөлөгч Ц.Б

хохирогч Б.Ц

хохирогч Д.С, Г.П, Б.А, М.У, М.О нар /цахимаар/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т овогт Б-ын Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025003910362 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Т овогт Б-ын Б

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б нь “Мөнхцэцэг гар утас”, “Заяа Заяа”, “Тэди гар утас” гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “гар утас хямдралтай үнээр зарна” гэж хуурч,

иргэн Б.Г-с 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.М-ын Хаан банкны 5065104566 дугаартай дансаар 2.260.000 төгрөгийг залилж авсан,

иргэн Б.М-аас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Х.Д-ын Хаан банкны 5959255341 дугаартай дансаар 335.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Б.М-гээс 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Э.Мөнхсоёлын Хаан банкны 5065104566 дугаартай дансаар 425.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Х.Б-аас 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д.Б-ны Хаан банкны 5114549751 дугаартай дансаар 1.250.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Б.Цгоос 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ё.Батсүхийн 5832102466 дугаарын дансаар 1.120.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Д.Н-ээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Э.М-ын Хаан банкны 5065104566 дугаартай дансаар 530.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Г.Паас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Аз-Эрдэнийн 5017083416 дугаартай дансаар 425.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Э.Ч-оос 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Х.Дашгомбын Хаан банкны 5959255341 дугаартай дансаар 980.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн М.У, Б.А нараас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр М.Аз-Эрдэнийн 5017083416 дугаартай дансаар 885.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн О.Н-ээс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Э.Мөнхсоёлын Хаан банкны 5065104566 дугаартай дансаар 572.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн М.Оээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Э.Мөнхсоёлын Хаан банкны 5065104566 дугаарын дансаар 850.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн Д.Сгаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д.Баярсайханы Хаан банкны 5114549751 дугаартай дансаар 540.000 төгрөгийг төгрөгийг залилж авсан,

иргэн М.О-с 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Содномдашийн Хаан банкны 5017263749 дугаарын дансаар 330.000 төгрөгийг төгрөгийг залилж  авч нийт 14 хүнийг гар утас зарах нэрийдлээр залилж, 10.502.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

          Шүүхийн хэлэлцүүлэгт;

          шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ; “...Бүх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Би ихэнх мөнгөөрөө покер тоглосон.” гэв.

          хохирогч Б.Ц мэдүүлэхдээ; “...Би өөрийн гэсэн лангуутай болохоор банкнаас 6.000.000 төгрөгийн зээл авсан, зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөгөөр онлайнаар утас худалдаж авах болсон. Фэйсбүүкийн зард “...утасны кэйс, чихэвч дагалдана, дахин утас авбал хямдралтай” гэж байсан болохоор онлайнаар утсаа захиалж, мөнгөө данс руу нь шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараа “унаанд явуулна” гэж хэлээд, дахин залгахад утсаа авахгүй, дугаарыг маань блок хийсэн.” гэв.

хохирогч Г.П мэдүүлэхдээ; “...утас худалдах зарыг фэйсбүүкээс харж, “Iphone-7plus” гар утсыг 425.000 төгрөгөөр худалдаж авахаар чат бичсэн, “хөдөө орон нутагт хүргэлт үнэгүй, унаанд өгөөд явуулчихна” гэж хэлсэн. Унаанд тавьсан дугаар руу нь залгахад “ийм хүн байхгүй” гэсэн, мөн өглөө болтол чат бичихэд чатаа харахгүй, намайг блок хийсэн тул Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан.” гэв.  

хохирогч М.У мэдүүлэхдээ; “...Фэйсбүүкийн “Monhtsetseg gar utas” гэх группээс Б.Атой хамт хоёр утас авахаар Аз-Эрдэнэ гэх хүний данс руу 885.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед “хөдөө, орон нутгийн унаанд тавьж өгнө” гэж хэлсэн. Би мөнгөө шилжүүлээд холбогдох гэтэл утсыг маань блок хийсэн байсан.” гэв.  

хохирогч Б.А мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр М.Утай хамт утас захиалсан, бид хоёр “Monhtsetseg gar utas” гэх фэйсбүүк хаяг руу орж, гар утасныхаа марк, үнийг сонгоод утас захиалсан. Анх утсаар эмэгтэй хүнтэй ярьсан бөгөөд, шилжүүлсэн дансных нь эзэмшигчийн нэр нь эрэгтэй хүн байсан. Маргааш нь цагдаагийн газарт өргөдөл гаргасан, хохирлыг барагдуулаагүй байна.” гэв.      

хохирогч М.О мэдүүлэхдээ; “...Фэйсбүүкийн “Tedy gar utas” гэх хаягт “хямдралтай утас худалдана” гэх зар байсан. Уг зарын дагуу “Iphone-7plus”, “Iphone-8plus” хоёр утас авахаар болж Мөнхсоёл гэх хүний данс руу 850.000 төгрөгийг шилжүүлсэн, “утасныхаа мөнгийг хийчихээд, Сансар дээрээс очиж аваарай” гэсэн. Орой нь чат бичих гэсэн боловч блок хийчихсэн, маргааш нь фэйсбүүк хаяг нь устчихсан байсан, “хохирлыг барагдуулна” гэж хэлээд дахиж холбогдоогүй.” гэв.

хохирогч Д.С мэдүүлэхдээ; “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Monhtsetseg gar utas” гэх фэйсбүүк хаяг дээр “хичээлийн шинэ жилийг тохиолдуулан гар утас хямдралтай худалдана” гэх пост оруулсан байсан. ... “Iphone-8” гар утсыг авахаар болж Баярсайхан гэх хүний данс руу 540.000 төгрөгийг шилжүүлсэн, унаанд тавьсан гэхээр нь авахаар очиход автобусанд ирээгүй байсан, ингээд чат бичихэд хариу өгөхгүй блок хийчихээр нь цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй.” гэв.

1.Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр...“Monhtsetseg gar utas” гэсэн хаягтай хүнээс “гар утас авья” гээд хандсан, 17 ширхэг гар утас авахаар 2.260.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон. Би өөрийн 5622018891 дугаартай данснаас мобайл банкаараа 5065104566 гэсэн дугаартай, Мөнхсоёл эзэмшигчтэй хүний данс руу 15.49 минутад 700.000 төгрөг, 15.50 минутад 700.000 төгрөг, 15.52 минутад 860.000 төгрөг нийт 3 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлээд, гүйлгээний утга дээр нь 89978118 гэж утасны дугаараа бичээд явуулсан. Тэгээд би “гар утсаа явуулсан уу” гээд асуух гээд 91664441 гар утас руу залгаж үзтэл холбогдох боломжгүй болчихсон, фэйсбүүк хаягтаа байхгүй гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-23-24/,

иргэн Б.Г-ийн Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол, гомдолд хавсаргасан нотлох баримтууд /1-р хх-3-9/, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 700.000 төгрөг, 700.000 төгрөг, 860.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Э-ийн М-ын Хаан банкны 5065104566 дугаарын дансны хуулга /1-р хх-39/,

2.Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Monhtsetseg gar utas” нэртэй фэйсбүүкийн хэрэглэгчтэй холбогдоод “Iphone7” загварын хар өнгөтэй 128 GB багтаамжтай гар утас авахаар болоод 335.000 төгрөг шилжүүлсэн, орой 17 цагийн үед тухайн гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй, фэйсбүүк рүү нь 23 цагийн үед чат бичсэн чинь намайг блок хийсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Намайг дээрх данс руу мөнгө шилжүүлэх үед Дашгомбо нэртэй дансны эзэмшигч байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-186/,

          иргэн Б.М-ын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-178/, 335.000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Б.М-ын Голомт банкны 4009305065 дугаартай дансны хуулга /1-р хх-191-192/, хохирогч Б.Мөнхбат “Monhtsetseg gar utas” гэх фейсбүүк хаягтай чатаар харилцсан мессеж болон байрлуулсан зар /1-р хх-193-200/, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 335.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Хавтгайн Дашгомбын Хаан банкны 5959255341 дугаарын дансны хуулга /1-р хх-234/, Б.Бэс хохиролд Д.М-д 335.000 төгрөг төлсөн баримт /2-р хх-54/,

          3.Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт гар утас гэсэн фэйсбүүк хаягаас “баталгаат гар утаснууд Тэди төв 2 давхарт зарж байна” гэсэн пост оруулсан байсан. Би холбогдож захиалгаа баталгаажуулахад надад 5065104566 гэсэн Мөнхсоёл гэж хүний данс өгөөд “гар утасны үнэ 425.000 явуулчих” гэхээр нь Лэнд хэтэвчний 5175157014 дугаарын дансаар явуулсан, “шилжүүлчихлээ” гэж залгахад тэр эмэгтэй “таны мөнгө орсон байна, 16 цагийн Улаанбаатараас-Эрдэнэтийн автобусаар гар утсыг чинь явуулья” гэсэн. ...91664441 дугаарт залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-8/,

иргэн Б.Мягмарсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2-р хх-6/, гомдолд хавсаргасан нотлох баримтууд /2-р хх-45-47/, Б.Бэс хохирогч Б.Мягмарсүрэнд хохиролд 425.000 төгрөг төлсөн баримт /2-р хх-55/,

 

          4.Хохирогч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад 8 ширхэг гар утсыг бөөнд нь 1.250.000 төгрөгөөр авахаар болоод Хаан банкны 5114549751 тоот Д.Баярсайхан гэсэн данс руу мөнгийг хийсэн. Тэгээд мөнгөө хийсэн гээд чатаар хэлснээс хойш утас нь холбогдохоо болиод, миний хаягийг блок хийчихсэн.” гэсэн мэдүүлэг /2-р хх-85-86/,

          иргэн Х.Болатханы Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2-р хх-69/, “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягаар бичсэн чат мессежийн гэрэл зургууд /2-р хх-70-72/, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1.250.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Дамдинсүрэнгийн Баярсайханы Хаан банкны 5114549751 дугаарын дансны хуулга /2-р хх-78/,

5.Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бараандаа явах гэж байхдаа гар утсаараа фэйсбүүк орсон чинь “Заяа заяа” гэсэн фэйсбүүк хаягаас “гар утас бөөний үнээр зарна, урамшуулалтай” гэх мэт зар тавьсан байсан, ...чат бичиж мэдээлэл авсан чинь “бүх төрлийн гар утас байгаа” гэхээр нь “бөөний үнээр зардаг юм уу, боломжийн бол бөөндөж авья” гэсэн, “хэдэн утас авахаас чинь шалтгаална” гэхээр нь би утасныхаа маркийг бичиж өгсөн, “бүгд байгаа бөөний үнээр өгнө, нийт 1.120.000 төгрөг болж байна” гэхээр нь би 5832102466 дугаартай Батсүх гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн. ...миний утсыг блок хийсэн.” гэсэн мэдүүлэг /2-р хх-133-134/,

иргэн Б.Цгийн Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-131/, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.120.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Ёндонгийн Батсүхийн Хаан банкны 5832102466 дугаарын дансны хуулга /2-р хх-147/, мөн өдөр 1.120.000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Жаргалсайханы Ганбаатарын Хаан банкны 5053046174 дугаарын дансны хуулга /2-р хх-153/,

6.Хохирогч Д.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зар тавьсан байсан, би “tedy gar utas” гэх хаягаар холбогдоход “Iphone-8 маркийн гар утсыг цэнэглэгч, чихэвч, повер банк зэрэг дагалдах хэрэгслийн хамт явуулна” гэж хэлсэн. ...530.000 төгрөгийг 5065104566 дансанд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2-р хх-190/,

          иргэн Д.Номин-Эрдэнийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2-р хх-183/, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 530.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Эрдэнэсүхийн Мөнхсоёлын Хаан банкны 5065104566 дугаарын дансны хуулга /2-р хх-201/, мөн өдөр 530.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Сүрэнгийн Ундармаагийн Хаан банкны 5622529328 дугаарын дансны хуулга /2-р хх-216/,

          7.Хохирогч Г.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...“Дархан хамгийн том зарын групп” гэсэн нэртэй фэйсбүүк хуудсанд “Monhtsetseg gar utas” хаягтай харилцаж “Iphone-7plus” гар утас авахаар болоод Хаан банкны 5017083416 данс руу 425.000 төгрөг шилжүүлсэн. ...425.000 төгрөгөө шилжүүлээд энэ дугаар руу залгасан чинь эрэгтэй хүн аваад “гар утас зарна гэж хэлээгүй, юу яриад байгаа юм” гэсэн. Тэгээд “Monhtsetseg gar utas” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу чат бичих гэсэн чинь блок хийчихсэн харилцаж болохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-88/,

иргэн Д.Энхчимэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3-р хх-30/,

Ганбатын Пүрэвбатын Хаан банкны 5055799625 дугаарын данснаас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 425.000 төгрөгөөр 5017083416 дансруу зарлага гарсныг харуулсан хуулга /3-р хх-33/, Г.Пын “Monhtsetseg gar utas” гэх фэйсбүүк хаягтай мессенжер чатаар харилцсан мессежүүдийн гэрэл зураг /3-р хх-35-38/,

          гэрч Д.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; ”... манай хүү Г.П нь гар утас худалдаж авахаар фэйсбүүкээр “гар утас Мөнхцэцэг” гэсэн хаяг руу “Iphone7plus” загварын гар утасны захиалга өгөхдөө 2020 оны 8 дугаар сарын 15-нд 5017083416 дугаарын Аз-Эрдэнэ гэдэг хүний Хаан банкны данс руу утасны үнэ болох 425.000 төгрөг шилжүүлсэн. ...манай хүүгийн фэйсбүүк хаягийг блок хийгээд холбогдохоо байчихлаа.” гэсэн мэдүүлэг /3-р хх-31/,

8.Хохирогч Э.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр...“Дархан хамгийн том зарын групп” гэсэн фэйсбүүк хуудсанд “гар утас зарна' гэсэн зар “Monhtsetseg gar utas” гэсэн фэйсбүүк хаягаас тавьсан байсан. ...би “Iphone7plus” хэд вэ гэж чат бичсэн,  425.000 гэсэн, ...5959255341 Дашгомбо гэсэн данс руу Хаан банкны өөрийн 5046481707 гэсэн данснаас 980.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 88180501 дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй гээд байсан, фэйсбүүкээрээ намайг блок хийсэн.” гэсэн мэдүүлэг /3-р хх-110-111/,

          иргэн Э.Чинзоригоос Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-112/, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 980.000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Эрдэнэбатын Чинзоригийн Хаан банкны 5046481707 дугаартай дансны хуулга /3-р хх-113/, мөн өдөр 980.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Хавтгайн Дашгомбын Хаан банкны 5959255341 дугаартай дансны хуулга /3-р хх-128-144/, Э.Чинзоригийн “Monhtsetseg gar utas” гэх фэйсбүүк хаягтай мессенжер чатаар харилцсан мессежүүдийн гэрэл зураг /3-р хх-114-125/,

9.Хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...би зурагнуудаас нь харж байгаад “Iphone7plus”, “Iphone8plus” хоёр гар утсыг худалдан авахаар болж гар утасны дугаарыг нь асуухад 80567605 гэсэн дугаар явуулахаар нь тэр дугаараар холбогдоход 30 орчим насны эмэгтэй хүн аваад “та захиалга өгөхдөө утсаар ярьж мөнгө шилжүүлээд баталгаажуулаарай” гэж хэлсэн. ...5017083416 тоот данс руу 885.000 төгрөг шилжүүлсэн. Манай найз Ариунболд бас надтай хамт гар утас худалдаж авахаар миний данс руу 385.000 төгрөг шилжүүлэхээр нь би нийт 885.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь мөнгөө шилжүүлчихээд эргээд холбогдох гэтэл утсаа авахгүй байж байгаад миний фэйсбүүк хаягийг блок хийгээд алга болсон.” гэсэн мэдүүлэг /3-р хх-171-172/,

10.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...манай найз Ууганбаяр бид хоёр “Iphone” загварын гар утас худалдаж авахаар болоход чатаар над руу 80567605 дугаарын гар утас явуулсан. ...5017083416 дугаартай Аз-Эрдэнэ гэсэн хүний данс руу Ууганбаяр бид хоёр нийт 885.000 төгрөг шилжүүлсэн боловч хэсэг хугацааны дараа дээрх утас нь холбогдох боломжгүй болоод салсан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-182/,

иргэн М.Уаас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3-р хх-170/, “Monhtsetseg” гэх фэйсбүүк хаягтай мессенжер чатаар харилцсан мессежүүдийн гэрэл зураг /3-р хх-184-188/,

          11.Хохирогч О.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би “Monhtsetseg gar utas” гэх фэйсбүүк цахим хаягтай хүнтэй 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Iphone8” маркийн гар утас худалдаж авахаар болж фэйсбүүк хаягаар холбогдож байсан, ...би утасны мөнгө 572.000 төгрөгийг 5065104566 данс руу ээж Отгонсүрэнгийн Төрийн банкны 210900049378 дугаарын данснаас шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-244-245/,

          иргэн О.Нандинцэцэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3-р хх-221/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-229-230/, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 572.000, 850.000 төгрөгөөр орлого орсныг харуулсан Эрдэнэсүхийн Мөнхсоёлын Хаан банкны 5065104566 дугаартай дансны хуулга /4-р хх-73, 180/,

12.Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хэнтий гар утас худалдаа” гэсэн фэйсбүүк группт “Тэди гар утасны зар” гэсэн нэртэй фэйсбүүк аккаунт байсан. Уг аккаунт дээр “манай гар утас худалдааны төв 7 дугаар сарын 01-нийг хүртэл хямдрал зарласан” гэсэн утга бүхий зар тавигдсан, ...захирлын данс гээд 5065104566 гэсэн Мөнхсоёл гэх хүний данс руу 850.000 төгрөгийг шилжүүлсэн, ...би 91664441 гэсэн хүн рүү залгахад холбогдох боломжгүй байсан, фэйсбүүкээр ороод үзэхэд аккаунт устгасан намайг блок хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /4-р хх-170-171, 208-209/,

          иргэн М.Оээс Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-165/, иргэн Г.Уранзулаас гаргасан Tedy” гэх фэйсбүүк хаягтай мессенжер чатаар харилцсан мессежүүдийн гэрэл зураг /4-р хх-175-178/,

          13.Хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр...Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын группт байж байтал “Monhtsetseg gar utas” хаягаас “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ухаалаг гар утасны хямдралтай худалдаа” гэх зар оруулсан байсан. ...би тус хаяг руу “Iphone8 гар утас сонирхож байна” гэтэл 3 ширхэг “Iphone8” гар утасны зураг явуулаад “9 дүгээр сарын 01-нийг хүртэл 540.000 төгрөг болж хямдарсан байгаа, авахаар бол 5114549751 дугаартай дансны гүйлгээний утга дээрээ утасны дугаараа бич, мөнгө ормогц утсыг Говь-Алтай аймгийн унаанд хүргэлтээр хүргэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би тус дансанд мөнгөө хийчихээд чат бичсэн чинь “хүргэлт гарлаа” гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй, ...миний фэйсбүүк хаягийг блок хийсэн.” гэсэн мэдүүлэг /5-р хх-10/,

          иргэн Д.Сгийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /5-р хх-2/, Д.С нэртэй фэйсбүүк хаягаас “Monhtsetseg gar utas” гэх нэртэй фэйсбүүк хаягтай бичсэн чат 5 хуудас /5-р хх-14-18/, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 540.000 орлого орсныг харуулсан Дамдинсүрэнгийн Баярсайханы Хаан банкны 5114549751 дугаарын дансны хуулга /5-р хх-24/, Даваахүүгийн Сундуйгийн Хаан банкны 5323159718 дугаарын дансны хуулга /5-р хх-29/, Фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-30-32/, Д.Баярсайханы 5114549751 дансанд үзлэг хийсэн /5-р хх-33/, Үзлэгийн тэмдэглэл үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-34-35/,

          14.Хохирогч М.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай хүү болох М.Цэлмүүн /14 настай/ нь “гар утас худалдаж авна” гэж Сэлэнгэ зар цахим фэйсбүүк бүлгэмд зар байршуулсан. ...“Тedy Gar Utas” гэсэн цахим хуудаснаас “манайх маш олон төрлийн гар утсыг хямдхан зарна” гэсэн сэтгэгдэл бичсэн байсан. ...ярилцаж тохиролцоод “3 ширхэг Galaxy S6 edge маркийн гар утсыг худалдаж авна” гэж 330.000 төгрөгийг тухайн хүний данс руу байршуулсан. Тэгээд мөнгө шилжүүлсэн баримтаа эхнэрийн “majig majig” гэсэн фэйсбүүк хаягаас явуултал манай эхнэрийн фэйсбүүк хаягийг, миний 99777389 дугаарыг блок хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /5-р хх-99-100/,

          иргэн М.Отгонтөгсийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /5-р хх-96/, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 330.000 төгрөгөөр зарлага гарсныг харуулсан Мөнхбаярын Отгонтөгсийн Хаан банкны 5634140816 дугаарын дансны хуулга /5-р хх-97/,

          Б.Болд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би “Monhtsetseg gar utas” гэх нэртэй фэйсбүүк хаягийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод Зурагтад байр түрээслэн эхнэрийн хамт амьдардаг байхдаа тухайн үед барьж байсан S6 еdge маркийн гар утсаар нээж байсан. Энэ хаягаараа орон нутгийн зарын группт “Баталгаат утас зарж унаанд хийж явуулна” гэж зар оруулан, холбогдсон хүмүүсийн утасны дугаарыг асууж www.play.pokerroom.site-руу орж утасны дугаараар нь шинэ аккаунт нээж, нээсэн аккаунтдаа өөрийнхөө хаан банкны 5721378227 дугаарын дансыг холбосноор шинэ аккаунт нээдэг. Тухайн дугаар өгсөн хүний www.play.pokerroom.site-ийн дансыг групп чатнаас нь харан дугаар өгсөн хүн рүүгээ явуулаад “мөнгөө шилжүүллээ” гэж над руу чат бичихэд би шинээр нээсэн аккаунтаараа орж “cash out” гэсэн команд өгөхөд тухайн шилжсэн мөнгө нь 10-15 минутын дараа миний данс руу автоматаар ордог. Зарим тохиолдолд “cash out” гэсэн команд өгсөн ч мөнгө миний данс руу орохгүй тохиолдол гардаг. ...тогтсон ажил олдохгүй, зээлийн монгол гэр худалдан авсан байсан, мөн эхнэр төрөх гээд хүүхдийн юм бэлдэх хэрэг болоод мөнгөний хэрэг гарсан тул www.play.pokerroom.site-ийг ашиглан залилан хийх санаа төрсөн. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн www.play.pokerroom.site-ийг ашиглан залилан хийж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-149-150/,

“...надтай холбоо тогтоох гэж оролдох үед нь залилсан хүмүүсээ фэйсбүүк хаягаараа блок хийж чатаа устгадаг байсан. Тэгээд үргэлжлүүлэн фэйсбүүк группуудэд нэмж зараа оруулдаг.” гэсэн мэдүүлэг /1-р хх-158/,

“91664441 гэсэн дугаарыг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Өлзийт хороолол руу автобусанд явж байгаад олсон, харин 80567605 гэсэн дугаарыг Улаанбаатар хотод явж байгаад нэг согтуу ах “шараа тайлах гээд байна” гэхээр нь 10.000 төгрөгөөр нокиа гар утасны хамтаар худалдаж авсан, Б.Мягмарсүрэнгээс мөнгө залилж авахдаа ашигласан уг дугаарыг дахиж ашиглахгүй хаячихсан. ...Бусдаас залилж авсан мөнгөөрөө гэртээ тавилга авсан, хоол ундандаа хэрэглэдэг байсан, мөн хүүхддээ хувцас эм тариа, живх авдаг байсан, хааяа покер тоглодог байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-170-171/,

          “...Би цахим сайтаар интернет покер тоглохдоо данс барьдаг хүний Хаан банкны 5959255341 тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 335.000 төгрөгийг шилжүүлэн аваад тэгээд покер тоглож тал мөнгөө алдаад үлдэгдэл мөнгө болох 177.768 төгрөгөө өөрийнхөө Хаан банкны 5400070136 данснаас авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-249/,

          “...2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний эхнэр С.Ундармаа “Б.Мягмарсүрэнтэй холбогдон дансаар нь 425.000 төгрөгийг хийчихлээ” гэж надад хэлсэн. Би хохирол мөнгийг нь төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-51/,

          “...2020 оны 9 дүгээр сарын эхэн үед “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягнаасаа Чойр зарын группт зар оруулахад фэйсбүүк чатаар холбогдож дугаарыг нь авч ярьж байсан хүн байх шиг байна. ...би уг хүнтэй утсаар ярихдаа гудамжинд явж байгаад замд тааралдсан эмэгтэйг гуйж “мөнгөө шилжүүлчих, утсыг чинь унаанд тавьж өгье” гэж хэлээд “Nokia-choir delguur” гэсэн хаягтай хүнтэй яриулж байсан. 1.250.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө.” гэсэн мэдүүлэг /2-р хх-93, 119-120/,

          “...Би “Заяа Заяа” гэх фэйсбүүк хаягийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ашиглаж байгаа. Б.Ц гэх хүнээс 1.120.000 төгрөгийг авахдаа уг хаягаар дамжуулан залилж авсан. Гэрийнхэндээ болон өөртөө хэрэгтэй зүйлээ аваад мөнгөө үрээд дуусгасан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-138/,

          “...Би иргэн Д.Номин-Эрдэнээс 530.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаад санал нийлж байна. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ч.Бямбажавын эзэмшлийн Хаан банкны 5055665874 тоот данснаас эхнэр С.Ундармаагийн 5622529328 тоот данс руу 530.000 төгрөгийг шилжүүлсэн санахгүй байна. Зөндөө олон хүмүүстэй харьцан чаталсан болохоор санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /2-р хх-174/,

          “...Би Г.П гэх хүнтэй “Monhtsetseg gar utas” нэртэй фэйсбүүк хаягаар чатлаж 425.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан эсэхээ санахгүй байна. Хааяадаа покерын админы данснаас миний данс руу мөнгө орж ирэхгүй байх тохиолдол гардаг.” гэх мэдүүлэг /3-р хх-25/,

          “...Би “Monhtsetseg gar utas” нэртэй фэйсбүүк хаягаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “гар утас зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Х.Дашгомбын Хаан банкны 5065104566 тоот дансаар иргэн Э.Чинзоригоос 980.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаад санал нийлж байна.” гэсэн мэдүүлэг /3-р хх-103/,

          “...“зарын дагуу холбогдож байна” гээд нэг хүн холбогдоод “Хөвсгөл аймаг руу гар утас авах гэсэн юм” гэхээр нь би чатаар холбогдож байгаад онлайнаар покер тоглуулдаг хүний данс руу “885.000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн, тэгсэн чинь онлайн покерын данснаас мөнгөө буцаагаад авах гэтэл миний данс руу мөнгө орж ирээгүй...тухайн үед мөнгөө шилжүүлчихлээ гэхээр нь би гар утсаа унтраачихсан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-198/,

          “...Би 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ зар гэсэн фэйсбүүк группт оруулсан зарын доор гар утас худалдана гэсэн сэтгэгдэл бичиж хүнээс 330.000 төгрөг авснаа санахгүй байна, ...эхнэрийн амаржих хугацаа нь ойртсон байсан болохоор би тусдаа гарах, гэр болон тавилга худалдаж авах гэх мэт мөнгөний шаардлага их байсан болохоор ийм үйлдэл гаргасан.” гэсэн мэдүүлэг /5-р хх-110/,

          “...Би бусдад нийт 10.502.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, уг мөнгийг авч хэрэглэсэн нь үнэн.” гэсэн мэдүүлэг /5-р хх-235/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

          гэрч Э.Мөнхсоёлын мэдүүлэг /1-р хх-28-29, 2-р хх-13-14, 191, 3-р хх-249-250, 4-р хх 215-216/,

          гэрч Ц.Хулангийн мэдүүлэг /1-р хх 31-32/,

          гэрч Б.Аз-Эрдэнийн мэдүүлэг /3-р хх 86/,

          насанд хүрээгүй гэрч С.Ундармаагийн мэдүүлэг /2-р хх-197/,

          гэрч Г.Уранзулын мэдүүлэг /4-р хх-172-173/,

гэрч Б.Содномдашийн мэдүүлэг /5-р хх-114/,

          “Iphone7” маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-13/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-14-21/,

          Б.Болд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-78/, урьд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-79, 4-р хх-11, 186/,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-82-83/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /1-р хх-84/,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 85-87/,

          Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /1-р хх-172, 250, 2-р хх-64, 162, 3-р хх 21, 99, 158, 164, 216/,

          Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэдээлэл “Tumurkhuu Naranbold” 2015 оны 3 дугаар сарын 26-нд Буянт-Ухаа агаарын замын боомтоор Солонгос улс руу гарсан талаарх бүртгэл” /4-р хх-218/,

          2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлт “...Магадлуулагч Б.Б нь гэмт хэрэг гарах үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай. ...Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.” гэсэн дүгнэлт /5-р хх-172/,

Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-232-233/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогч нар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Хохирогч нар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар Б.Болд-Эрдэнийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдож байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

          Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан 13 удаагийн үйлдлээр 14 хүнд нийт 10.502.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь;

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

          мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ганзоригийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр...17 ширхэг гар утас авахаар 2.260.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон. ...5065104566 ...данс руу 15.49 минутад 700.000 төгрөг, 15.50 минутад 700.000 төгрөг, 15.52 минутад 860.000 төгрөг...шилжүүлээд, гүйлгээний утга дээр 89978118 гэж утасны дугаараа бичээд явуулсан.” гэх,

          хохирогч Б.Мөнхбатын “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...“Iphone7” загварын хар өнгөтэй 128 GB багтаамжтай гар утас авахаар болоод 335.000 төгрөг 12 цагийн үед шилжүүлсэн.” гэх,

          хохирогч Б.Мягмарсүрэнгийн “...2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр...надад 5065104566 гэсэн Мөнхсоёл гэж хүний данс өгөөд “гар утасны үнэ болох 425.000 явуулчих” гэхээр нь би Лэнд хэтэвчний 5175157014 дугаарын дансаар явуулсан.” гэх,

          хохирогч Х.Болатханы “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад 8 ширхэг гар утсыг бөөнд нь 1.250.000 төгрөгөөр авахаар болоод Хаан банкны 5114549751 тоот Д.Баярсайхан гэсэн данс руу мөнгийг хийсэн.” гэх,

хохирогч Б.Цгийн “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр...“Заяа заяа” гэсэн фэйсбүүк хаягаас “гар утас бөөний үнээр зарна, урамшуулалтай” гэх мэт зар тавьсан байсан, ...нийт 1.120.000 төгрөг...5832102466 дугаартай Батсүх гэсэн данс шилжүүлсэн.” гэх,

хохирогч Д.Номин-Эрдэнийн “...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зар тавьсан байсан, ...“Iphone-8 маркийн гар утсыг цэнэглэгч, чихэвч, повер банк зэрэг дагалдах хэрэгслийн хамт явуулна” гэж хэлсэн. ...530.000 төгрөгийг 5065104566 дансанд шилжүүлсэн.” гэх,

          хохирогч Г.Пын “...Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр...“Iphone-7plus” гар утас авахаар болоод Хаан банкны 5017083416 данс руу 425.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

хохирогч Э.Чинзоригийн “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр...би 5959255341 Дашгомбо гэсэн данс руу Хаан банкны өөрийн 5046481707 гэсэн данснаас 980.000 төгрөгийг интернет банк үйлчилгээ ашиглаад шилжүүлсэн.” гэх,

          хохирогч М.Уын “...би...“Iphone7plus”, “Iphone8plus” хоёр гар утсыг худалдан авахаар болж...5017083416 тоот данс руу 885.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аын “...5017083416 дугаартай Аз-Эрдэнэ гэсэн хүний данс руу Ууганбаяр бид хоёр нийт 885.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

          хохирогч О.Нандинцэцэгийн “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Iphone8” маркийн гар утас худалдаж авахаар болж...572.000 төгрөгийг 5065104566 данс руу...ээж Отгонсүрэнгийн Төрийн банкны 210900049378 дугаарын данснаас шилжүүлсэн.” гэх,

          хохирогч М.Оийн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр... 5065104566 гэсэн Мөнхсоёл гэх хүний данс руу 850.000 төгрөгийг Батноров сумын 6 дугаар багт оршин суух гэрээсээ шилжүүлсэн.” гэх,

          хохирогч Д.Сгийн “...би тус дансанд мөнгөө хийчихээд чат бичсэн чинь “хүргэлт гарлаа” гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй.” гэх,

          хохирогч М.Отгонтөгсийн “...330.000 төгрөгийг тухайн хүний данс руу байршуулсан.” гэх мэдүүлгүүдээр, мөн

          хохирогч нарын Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдол, банкны харилцах дансны баримт, “Monhtsetseg gar utas” гэх фейсбүүк хаягтай чатаар харилцсан мессеж болон байрлуулсан зар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Тайж овогт Батбаатарын Болд-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 78 хоногийн хугацаанд үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэргийг тогтвортой үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амьжиргааны эх үүсвэр болгож санхүүгийн хэрэгцээгээ харьцангуй удаан хугацаанд хангаж байсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд залилан мэхлэгчдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Энэ гэмт хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч нар нь хямд гар утас авах гэсэн хүсэл, санаа зорилго нь тэднийг бусдын арга заль мэхэнд автаж мөнгөө өгөхөд буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн,

нөгөө талаас шүүгдэгч нь анхнаасаа гар утас худалдах санаа зорилго агуулаагүй, хохирогч нараас цахим хэрэгсэл ашиглан бусдын дансаар дамжуулж шилжүүлсэн мөнгийг авч хувийн хэрэгцээнд хэрэглэхийн тулд хохирогч нарт өөрийгөө орчин үеийн “Iphone7”, “Iphone8”  загварын хүчин чадал сайтай гар утас байнга зардаг, Теди төв дээр лангуутай, хямдрал зарласан мэтээр ойлгуулан бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдыг төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал үүсгэсэн байх тул шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Гэм буруутайн хувьд маргаангүй буруутай гэж үзэж байна, нөгөө талаар иргэд өөрсдөө сонор сэрэмжгүй, хямд гэхээр нь итгээд үнэгүй юм үнэгний хавханд байгааг мартжээ. Амар хялбар аргаар амьдрах замыг сонгожээ.” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Б.Б нь 13 удаагийн үйлдлээр 14 хүнд нийт 10.502.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнхбатад 335.000 төгрөгийг, хохирогч Б.Мягмарсүрэнд 425.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Харин бусад 12 хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ тогтоогдсон ч нөхөн төлөгдөөгүй хохирол болох нийт 9.742.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бэс гаргуулж, үүнээс хохирогч Б.Ганзоригт 2.260.000 төгрөг, хохирогч Х.Болатханд 1.250.000 төгрөг, хохирогч Б.Цд 1.120.000 төгрөг, хохирогч Д.Номин-Эрдэнэд 530.000 төгрөг, хохирогч Г.Пад 425.000 төгрөг, хохирогч Э.Чинзоригт 980.000 төгрөг, хохирогч М.У, Б.А нарт 885.000 төгрөг, хохирогч О.Нандинцэцэгт 572.000 төгрөг, хохирогч М.От 850.000 төгрөг, хохирогч Д.Сд 540.000 төгрөг, хохирогч М.Отгонтөгсөд 330.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Болд-Эрдэнийг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид оногдуулах ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөөч.” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Б урьд хоёр удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байна. 

          Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  

          мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 307 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Гэвч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2  дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.

          Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил 8 сарын хорх ялаас цагдан хоригдсон 307 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 9 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Бусад асуудлын талаар;

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone” загварын гар утсыг улсын орлого  болгон шийдвэрлэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-ын Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Т овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн цагдан хоригдсон 307 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

          7.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас цагдан хоригдсон 307 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 9 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone” загварын гар утсыг улсын орлого болгосугай.

          10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бэс 9.742.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганзоригт 2.260.000 төгрөг, хохирогч Х.Болатханд 1.250.000 төгрөг, хохирогч Б.Цд 1.120.000 төгрөг, хохирогч Д.Номин-Эрдэнэд 530.000 төгрөг, хохирогч Г.Пад 425.000 төгрөг, хохирогч Э.Чинзоригт 980.000 төгрөг, хохирогч М.У, Б.А нарт 885.000 төгрөг, хохирогч О.Нандинцэцэгт 572.000 төгрөг, хохирогч М.От 850.000 төгрөг, хохирогч Д.Сд 540.000 төгрөг, хохирогч М.Отгонтөгсөд 330.000 төгрөгийг тус тус олгосугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

12.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Мөнхбат, хохирогч Б.Мягмарсүрэн нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

13.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                              Ц.АЛТАНГАДАС