Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 0058

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Ц.М

Шүүгдэгч                                           Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Б /онлайн/

Хохирогч                                           Г.П/онлайн/

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

   Монгол Улсын иргэн, Т овогтой Б-ын Б.

 

   Б.Б нь “М гар утас”, “Заяа Заяа”, “Тэди гар утас” гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “гар утас хямдралтай үнээр зарна” гэж хуурч,

   Б.Г-с 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.М-н Хаан банкны  дугаартай дансаар 2.260.000 төгрөг,

   Б.М-с 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х.Д-н Хаан банкны  дугаартай дансаар 335.000 төгрөг,

   Б.М-с 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Э.М-н Хаан банкны  дугаартай дансаар 425.000 төгрөг,

   Х.Б-с 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Б-ны Хаан банкны  дугаартай дансаар 1.250.000 төгрөг,

   Б.Ц-с 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ё.Б-н   дугаартай дансаар 1.120.000 төгрөг,

   Д.Н-с 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э.М-н Хаан банкны  дугаартай дансаар 530.000 төгрөг,

   Г.П-с 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.А-н дугаартай дансаар 425.000 төгрөг,

   Э.Ч-с 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Х.Д-н Хаан банкны  дугаартай дансаар 980.000 төгрөг,

   М.У, Б.А нараас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр М.А-н дугаартай дансаар 885.000 төгрөг,

   О.Н-с 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Э.М-н Хаан банкны  дугаартай дансаар 572.000 төгрөг,

   М.О-с 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Э.М-н Хаан банкны дугаарын дансаар 850.000 төгрөг,

   Д.С-с 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Б-ы Хаан банкны  дугаартай дансаар 540.000 төгрөг,

   М.О-с 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.С-н ХААН банкны  дугаарын дансаар 330.000 төгрөг буюу нийт 14 хүнд гар утас зарах нэрийдлээр 10.502.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

     Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-н Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Т овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 307 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

             2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас цагдан хоригдсон 307 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 9 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж,  аймаг  сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone” загварын гар утсыг улсын орлого болгож,

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бэс 9.742.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-т 2.260.000 төгрөг, хохирогч Х.Б-д 1.250.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 1.120.000 төгрөг, хохирогч Д.Н-д 530.000 төгрөг, хохирогч Г.П-д 425.000 төгрөг, хохирогч Э.Ч-т 980.000 төгрөг, хохирогч М.У, Б.А нарт 885.000 төгрөг, хохирогч О.Н-т 572.000 төгрөг, хохирогч М.О-т 850.000 төгрөг, хохирогч Д.С-д 540.000 төгрөг, хохирогч М.О-д 330.000 төгрөгийг тус тус олгож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.М, хохирогч Б.М нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

“ ... Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Б.Б-г 78 хоногийн хугацаанд 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэргийг тогтвортой үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амьжиргааны эх үүсвэр болгож, санхүүгийн хэрэгцээгээ харьцангуй удаан хугацаанд хангаж байсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүгдэгч Б.Бн ... тогтсон ажил олдохгүй, зээлийн монгол гэр худалдан авсан байсан, мөн эхнэр төрөх гээд хүүхдийн юм бэлдэх хэрэг болоод ... залилан хийх санаа төрсөн, ... бусдаас залилж авсан мөнгөөрөө гэртээ тавилга авсан, хоол ундандаа хэрэглэдэг байсан, мөн хүүхдэдээ хувцас эм тариа, живх авдаг байсан, хааяа покер тоглодог байсан гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь тэнсэнгийн хугацаандаа буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр залилах гэмт хэргээр хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэнийхээ дараа 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс цагдан хоригдох хүртлээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 78 хоногийн хугацаанд 13 удаагийн үйлдлээр гэмт хэргийг тогтвортой үйлдэж, санхүүгийн хэрэгцээгээ хангаж байсан нь тогтоогддог гэтэл шүүх харьцангуй удаан хугацаанд үйлдэж, санхүүгийн хэрэгцээгээ хангаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж хэт явцуу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б шүүхээр ял шийтгүүлснээс хойш залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж байсан ба түүний гэмт үйлдлийг илрүүлж, цагдан хорьсноор түүний үйлдэл таслан зогсоогдсон байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Б нь удаа дараагийн үйлдлээр буюу 13 удаагийн үйлдлээр 14 хүнийг залилан мэхэлж 10.502.000 төгрөгийн хохирол учруулсан.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.14 дэх хэсэгт ... хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2 дахь хэсэгт яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэх хуулийн шаардлага хангагдаагүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь 14 хохирогчид 10.502.000 төгрөгийн хохирол учруулснаас 2 хүнд 760.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд бусад 12 хохирогчид учирсан 9.742.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх ба шүүх хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх дан ганц үгээр дүгнэлт хийж  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь буруу байна. Хуулийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх шалгуур шинж нь шүүгдэгч ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр бус харин уг, үг баталгаа нь бодитой биелэгдэх боломжтой, нотлох баримтад үндэслэгдсэн байх учиртай.

Мөн шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэж шийдвэрлэх ёстой байсан атал ялыг нэмж нэгтгэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь буруу байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... “ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-г  нь фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан гар утас зарах нэрийдлээр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг залилан, нийт 10.502.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал: Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд бусдыг төөрөгдөлд оруулж, гар утас зарах нэрийдлээр 13 удаагийн шууд санаатай үйлдлээр нэр бүхий 14 иргэнийг залилан, нийт 10.502.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

             Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь тухайн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, олсон хууль бус орлогоо өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

            Б.Б нь урьд залилах гэмт хэрэг үйлдэж байсан ба эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй бөгөөд цахим хэрэгсэл ашиглан энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ дээрх 14 хохирогч нараас ХААН банкин дахь иргэн Э.М-н эзэмшлийн данс руу 5 удаа, иргэн Х.Д, Д.Б, Б.А нарын эзэмшлийн данс руу тус бүр 2 удаа, иргэн Б.С, Ё.Б нарын данс руу тус бүр 1 удаа, нийт 13 удаа гүйлгээ хийлгүүлэн 10.502.000 төгрөгийг залилан авч, амьдралын эх үүсвэр болгосон болох нь

      

            мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-н удаа дараа өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Б, түүний эхнэр С.У нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрч С.У-н “... миний дансанд орж ирсэн мөнгийг Б.Б надад хэлэхдээ С-с ах мөнгө явуулсан, мөн мөрийтэй тоглоод олсон мөнгө гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би тэр мөнгийг амьдралын хэрэгцээндээ зарцуулсан ... ” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон, түүний үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн агуулжээ.

 

            Гэтэл анхан шатны шүүх түүний гэм буруутай үйлдлийг нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн байх бөгөөд түүний тэнссэн хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үндэслэлд хамаарах эсэх асуудлыг дүгнээгүй байна.

            Түүнээс гадна хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөлийг үзүүлэхдээ хуулийн зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэж шийдвэрлэх атал шүүгдэгч Б.Бд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсний дараа түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 9 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгин 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ