Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 9

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: Б.Төгс-эрдэнэ,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баярбат,

Иргэдийн төлөөлөгч:  П.Пүрэвсүрэн,

Гэрч: Б.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ариунжаргал нарт холбогдох 201626020157 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 1991 оны 11 дүгээр сарын 03-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-эхийн 3-р  гудамж, 203 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Далантай овогт Сэдийн Ариунжаргал, регистрийн дугаар НФ-91110316.

Шүүгдэгч С.Ариунжаргал нь “хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардсан” гэж үл ялих зүйлээр шалтаглан, гэрээсээ хутга авч ирж, 2015 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд танил У.Мягмарсүрэн нарыг унтаж байхад нь дайрч орон илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Төгс-Эрдэнийг хутгыг зэвсгийн чанартай ашиглан хутгалж биед нь хэвлий, цээжинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт үйлдэлдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо
‘Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж,
нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Төгс-Эрдэнийг хутгалж танхайрсан үйлдэлээ үргэлжлүүлэн, хохирогч У.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан  гэмт  хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: С.Ариунжаргал мэдүүлэхдээ: ”…2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Одгэрэлийн найзууд утсаар дуудаад шинэ жилээ тэмдэглэхээр гарсан. Би тухайн үед нь эртхэн ирээрэй гэж хэлээд явуулсан. 00 цагийн үед утсаар ярихад хороололд найзуудтайгаа байна гэж хэлсэн. Шөнө 02 цагийн үед би Одгэрэл рүү дахиад залгахад цаана нь эрэгтэй хүн ”чамайг явуулахгүй” гэх мэтээр яриад байсан. Одгэрэл надад “одоохон очлоо” гэж хэлээд утас нь газар унах шиг болоод тасарсан. Тэгээд үүрээр гэртээ нилээн согтсон байдалтай ирэхээр нь бид хоорондоо маргалдаад түүний байсан буудал руу нь очсон. Би өрөө рүү нь дайрч ороогүй, хаалга тогшиход Мягмарсүрэн хаалга нээсэн. Төгс-Эрдэнэ цаад орон дээр нь унтаж байсан. Наад талын орон дээр нь танихгүй залуус унтаж байсан. Тэд нар согтсон байсан. Би хаалганы дэргэд Мягмарсүрэнтэй маргалдаад зогсож байтал Төгс-Эрдэнэ босож ирээд намайг “чи хаана ирсэнээ мэдэж байна уу” гэж хэлээд намайг Мягмарсүрэнгээс уучлал гуйлгана гэх зэргээр маргалдаад зодолдож эхэлсэн. Би өмнө нь Одгэрэлийг нисэх орчимд байдаг буудлаас очиж авахад Төгс-Эрдэнэтэй тааралдаж байсан болохоор тэднийг хардсан. Хардалтаас л ийм зүйл боллоо” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Төгс-эрдэнэ мэдүүлэхдээ:  “...2015 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагт “ Таац” зочид буудалд очсон. Намайг очсоны  дараа Мягмарсүрэн ирсэн. Үүрээр  5-6 цагийн үед С.Ариунжаргал өрөөнд орж ирсэн байхаар нь юун  танихгүй  хүн ороод ирэв гэснээс болж маргалдаж барилцаад орон дээр унасан. Энэ үед намайг 3 удаа хутгалсан бөөр, цээж, суганд хутгалсан. Хардалтаас болоод намайг хутгалсан юм байна лээ. Шүүгдэгчээс хохиролд 1.5 сая төгрөг авсан. Одоо 1.075.000 төгрөг нэхэмжилж байна”  гэв.

Хохирогч Б.Төгс-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “….2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22-23 цагийн үед найз Ишхүү, Тэгшбаяр нартай утсаар ярьж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөө рүү орсон. Өрөө рүү ороход Ишхүү, Тэгшбаяр, Эрхэмбаяр, Одгэрэл, Жэк нар хөзөр тоглоод сууж байсан ба цуг хөзөр тоглож байгаад шампанскаа буудуулчихаад архиа ууж эхэлсэн. 23 цаг өнгөрч байхад байхаа Мягмарсүрэн гаднаас орж ирээд бид нар бүгдээрээ цуг архиа хувааж уугаад хөзөр тоглоод байж байгаад 01 цаг өнгөрч байхад өрөөний зүүн талын орон дээр хэвтээд унтаад өгсөн. Ойрдоо ажил их хоногоор ажиллаж байсан учраас ядраад унтчихсан юм. Надтай цуг байсан найзууд бүгдээрээ хөзрөө тоглоод пиво уугаад сууцгааж байсан. 05 цагийн үед байхаа нэг сэрэхэд өрөөнд Ариунжаргал ороод ирчихсэн байхаар нь би босоод чи юун хүн бэ, гар гэж хэлэхэд Ариунжаргал миний хувцаснаас зуураад би ч өөдөөс нь барьцалдаад байж байхад Ариунжаргал миний 2 талын бөөр рүү цохиод байх шиг байсан ба нуруу бөөрөөр халуу дүүгээд байхаар нь би хутгалуулчихлаа гэж бодоод Ариунжаргалыг өөрөөсөө холдуулах гээд өрөөний баруун талын ор руу дарж унагаагаад холдоход миний өмсөж явсан хувцасны зүүн суганы доод талд, цамцны баруун зүүн бөөрөнд цус болчихсон байсан. Энэ үед Эрхэмбаяр босч ирээд хүн хутгалчихлаа гээд хашгираад байсан. Энэ үед Ариунжаргал өрөөнөөс гараад явахад араас нь Мягмарсүрэн чи хүн хутгалчихлаа гэж хэлээд зулгаахад Ариунжаргал Мягмарсүрэнгийн хамар руу нь цохьчихоод яваад өгсөн гэсэн. Буудлын өрөөнд Мягмарсүрэн, Эрхэмбаяр, Тэгшбаяр бид нар байсан. Ариунжаргал бид хоёрыг барьцалдаж, Ариунжаргал намайг хутгалахыг яг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ариунжаргалыг гаднаас орж ирэх үед бид нар бүгдээрээ унтаж байсан. Ариунжаргал хаанаас хутга гаргасан талаар би мэдэхгүй байна. Анх өрөөнд орж ирэхэд Ариунжаргалын гарт хутга ажиглагдаагүй ээ. Өрөө гэрэлгүй харанхуй байсан ба цонхоор л гаднах орчны гэрэл тусч байсан. Буудлын өрөөнд ямар нэг хутга байгаагүй. Ариунжаргал ямар шалтгааны улмаас намайг хутгалах болсныг мэдэхгүй байна. Би Ариунжаргалыг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Ариунжаргал бид хоёрын хооронд ямар нэг хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Сүүлд нь ойлгоход Ариунжаргал Одгэрэлийн найз залуу байсан ба Одгэрэлийг хардаад намайг хутгалсан юм шиг байна лээ. Мягмарсүрэнгийн яриагаар Ариунжаргал намайг хутгалчихаад өрөөнөөс гараад явахад араас нь Мягмарсүрэн чи хүн хутгалчихлаа гэж хэлээд зулгаахад Ариунжаргал Мягмарсүрэнгийн хамар руу нь цохьчихоод яваад өгсөн гэсэн. Ариунжаргал бид хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг сэрэхэд ч Мягмарсүрэн Ариунжаргал хоёр хэрэлдэж маргалдсан зүйл ажиглагдаагүй. Би Ариунжаргалыг хөлөөрөө жийж өшиглөсөн, цохьсон зүйл байхгүй. Ариунжаргалд хутгалуулсны улмаас эмнэлэгт үзүүлэх эмчилгээ хийлгэх, эм тариа авах гээд надад баримтаар нийт 2.576.835 төгрөгийн хохирол учирсан. Ариунжаргалаас хохирлын мөнгөнд бэлнээр 400.000 төгрөг авсан. Үлдэгдэл 2.176.835 төгрөгийг нэхэмжилж байна. 2.176.835 төгрөгийн хохирлыг төлж барагдуулчихвал надад ямар нэг гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй байна. Одоогоор миний биеийн байдал сайн байна” гэсэн мэдүүлэг /хх-13-16 хуудас/,

Хохирогч У.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг өнгөрч байхад миний 91191047 дугаарын утас руу миний найз Одгэрэл залгаад “Тэгшжаргал, Эрхэмбаяр. Ишхүү, Жэк /Гансүх/ бид нар уулзаад хорооллын “Таац” зочид буудалд байна, миний найз хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би “гэртээ байна, унтах гэж байна, очиж чадахгүй” гэж хэлэхэд 20 орчим минутын дараа Одгэрэл дахин миний гар утас руу залгаад “миний найз одоо хурдан гараад хүрээд ирээ бид нар чамайг хүлээж байна” гэж хэлэхээр нь 23 цаг 50 минутын үед гэрээсээ гараад такси бариад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд орсон. Намайг өрөөнд ороход Төгс-Эрдэнэ, Эрхэмбаяр, Тэгшжаргал, Ишхүү, Гансүх, Одгэрэл нар байсан ба эрэгтэйчүүд нь хөзөр тоглоод өрөөний ширээ болон ширээний хажууд уугаад дуусчихсан архины шил 1 ширхэг, том пивоны сав 1 ширхэг,  шилнийхээ тал хүртэл хэмжээтэй шампанск байсан. Тэгээд би өрөөнд ороод юм ярьцгааж байтал Гансүх, Тэгшбаяр хоёр гадагш гарч 0,75 литрийн савлагаатай 1 шил архи авчраад тэр архиа бүгдээрээ хувааж ууж дуусаад Ишхүү, Гансүх хоёр өөр өрөөнд орж унтана гээд буудлын 303 тоот өрөөнөөс гарч явсан. Тэгээд Төгс-Эрдэнэ өрөөний урд талын орон дээр унтаж байсан, би Төгс-Эрдэнийн хажууд сууж байсан. Харин Одгэрэл гэр рүүгээ явна гэхэд Эрхэмбаяр Одгэрэлийг “чи их согтчихсон байна, ийм согтуу яаж явах юм бэ, эндээ хоночихоод маргааш өглөө ажилдаа яв” гэж хэлээд замд нь тээглээд зууралдаад салахгүй Одгэрэл, Эрхэмбаяр хоёр хэрэлдэж  маргалдаад байхаар нь би Эрхэмбаярт хандаж “чи болиоч, наад Одгэрэл чинь найз залуутай, найз залуу нь гэртээ хүлээж байгаа, Одгэрэлийг таксинд суулгаад зүгээр явуулаач” гэж хэлэхэд Эрхэмбаяр над руу “чамд хамаагүй, чи зүгээр наанаа сууж бай” гэж хэлээд уурлаад над руу далайгаад байсан. Энэ хооронд Одгэрэл өрөөнөөс гүйж гараад яваад өгсөн. Араас нь Эрхэмбаяр гарсан боловч “танай найз чинь нэг машинд суугаад явчихлаа” гэж хэлээд өрөөнд ганцаараа орж ирсэн. Тэгээд Эрхэмбаяр Тэгшжаргалын хажуугаар орж орон дээр хэвтээд унтаад өгсөн. Би Төгс- Эрдэнийн хажуугаар хэвтээд унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал 06 цаг өнгөрч байхад байхаа Ариунжаргал өрөөнд орж ирэхээр нь “Ариука чи энд юу хийж яваа юм бэ, Одгэрэл явчихсан шүү дээ, гэртээ очоогүй юм уу” гэж хэлэхэд Ариунжаргал “Одгэрэл ирсэн л дээ гэхдээ би та нарыг ямархуу байгааг харах гэж ирлээ, Мийгаа муу гичий минь чи дандаа ингэж хүн уруу татаж шоудаж байдгаа болиорой чи давраад байгаа шүү, ална шүү чамайг” гэж хэлээд чанга ярьхад Төгс-Эрдэнэ сэрээд “хүүе чи аятайхан байгаач, танай найз охиныг Мийгаа дагуулж явж шоудсан юм уу, чи өөрөө найз охиноо анхаарч явахад яадаг юм бэ, Мийгаад ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд Ариунжаргал Төгс-Эрдэнийн өөдөөс “чам шиг бандид хамаагүй шүү, чи наанаа дуугүй сууж бай” гэж хэлэхэд Төгс-Эрдэнэ “чи хүмүүсийг унтаж байхад орж ирчихээд олон таван юм ярих шаардлагагүй шүү” гэж хэлсэн ба Ариунжаргал Төгс-Эрдэнэ хоёр зууралдаж орон дээр хэвтэж ноцолдоод Ариунжаргал дээр нь хэвтчихсэн байсан. Энэ үед Төгс-Эрдэнэ Ариунжаргалыг түлхэж босгоод өөрөө орны хажууд зогсож байтал
Ариунжаргал Төгс-Эрдэнэ рүү ирээд гэдсээр нь тэврээд баруун гар талаараа 2-3
удаа Төгс-Эрдэнийн гэдэс хэсэг рүү нь байхаа цохих шиг болоод салсан. Энэ үед
Төгс-Эрдэнэ “өө муу пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би
Ариунжаргал руу очоод “тэнэг юм уу хүн аллаа шүү дээ чи” гэж хэлээд араас нь
өшиглөх гэж байгаад Ариунжаргалын хөлийг нь шүргээд л өнгөрсөн. Гэтэл
Ариунжаргал эргэж хараад зүүн гарынхаа тохойгоороо миний нүүр рүү нэг удаа чанга цохьчихоод гараад явсан. Тэгээд би ухаан алдаад уначихсан байсан ба Төгс-Эрдэнэ намайг сэрээсэн. Нэг сэрэхэд хамраас маш их цус гараад ам хамар руу гоожоод толгой их өвдөж байсан. Ариунжаргал найз охин Одгэрэлийг хардсаны улмаас Төгс- Эрдэнийг хутгалсан байх. Намайг өөрийг нь өшиглөх гэлээ гэж миний нүүр рүү тохойгоороо нэг удаа цохьсон. Миний мэдэхээр Ариунжаргал их хартай, Одгэрэл Ариунжаргал хоёр байнга бие биенийгээ хардаад хэрүүлтэй байдаг. Ариунжаргал Төгс-Эрдэнийг гэдсээр нь тэврээд байх үед Төгс-Эрдэнэ болиоч пизда минь гэж хэлээд зүүн гарынхаа тохойгоор Ариунжаргалын нуруу руу нь 3-4 удаа цохиж байгаа харагдсан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ариунжаргал миний нүүр хамар руу зүүн гарын тохойгоороо нэг удаа хүчтэй цохьсоны улмаас шинжээч эмчийн дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтэл миний биед учирсан. Ариунжаргал миний хамрыг янзлуулж өгсөн. Холбогдох эм тарианы мөнгө гэж 50.000 төгрөг өгсөн. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад хамраа эмнэлэгт үзүүлсэн талаар ямар нэг баримт байхгүй ээ. Тухайн үедээ эмчээр эм бичүүлсэн цаас байсан ба эмээ авчихаад л тэр цаасаа хаячихсан” гэсэн мэдүүлэг. /хх-17-19 хуудас/

Гэрч Г.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:  “…2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ишхүү, Тэгшбаяр бид нар хамт шинэ оноо тэмдэглье гэж ярилцаад Одгэрэл, Жэк нар руу утсаар яриад Одгэрэлийн гэрийн ойролцоо машинтай очоод 19 цаг өнгөрч байхад байхаа Одгэрэл Жэк нартай уулзаад Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Таац зочид буудлын доод давхарт байрлах дэлгүүр рүү орж 1 шил оргилуун дарс, 0,75 литрийн 1 шил архи, 1 том савтай пиво аваад Таац зочид буудлын 303 тоот өрөө рүү орсон. Тэгээд бид нар архи пиво уугаад байж байтал Төгс-Эрдэнэ 1 цаг орчим хугацааны дараа ганцаараа өрөөнд орж ирээд үүний дараа удаагүй араас нь Мягмарсүрэн орж ирсэн. Тэгээд бид нар архи, пивоо уугаад хөзөр тоглоод байж байтал Одгэрэл цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан шөнө болчихсон байхад явлаа гээд байхаар нь би явуулахгүй гээд Одгэрэл явна гээд ганцаараа гараад явсан. Тэгээд би буцаж өрөө рүүгээ ороход өрөөний баруун гар талын орон дээр Мягмарсүрэн, Төгс-Эрдэнэ, Тэгшбаяр гурав юм яриад сууж байсан ба би эсрэг талынх нь орон дээр гарч унтсан. Тэгээд унтаж байхад хүмүүс пижигнэх чимээгээр би сэрээд харахад нэг танихгүй залуу өрөөнд ороод ирчихсэн баруун гартаа жижигхэн цайвар өнгийн хутга барьчихсан гараа доош унжуулчихсан зогсож байсан. Энэ үед Төгс-Эрдэнэ байхаа хутгалчихлаа гээд хашгирхаар нь би хутга бариад зогсож байсан залууг араас нь тэвэрч авахад тэр залуу миний гарыг хүчээр тавиулаад өрөөнөөс гарахдаа Мягмарсүрэнгийн хамар руу гараараа цохьчихоод гараад явсан. Төгс-Эрдэнэ биеийнхээ аль ч хэсгийг билээ дарчихсан цус гарч байсан. Би яг сайн санахгүй байна. Мягмарсүрэн өрөөний хаалганы хажууд хамраа дараад байж байсан. Би Төгс-Эрдэнийг хутгалсан залуугийн араас гарсан боловч олоогүй. Одоо хараад сайн танихгүй байхаа. Тухайн үед би нойрмог бага зэрэг согтуу байсан. Ямар ч байсан туранхай, өндөр, шар залуу байсан.” гэсэн мэдүүлэг/ хх-31-32-р хуудас/

Гэрч Ц.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”…2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Одгэрэл бид хоёр ажил дээр байж байтал Эрхэмээ Одгэрэлийн гар утас руу залгаад шинэ жилээ тэмдэглье, уулзъя гээд байсан ба Одгэрэл бид хоёр уулзахгүй гээд байсан. Тэгээд 18 цагийн үед гэрт хариад байж байтал Одгэрэл миний гар утас руу залгаад “нөгөө хэд чинь уулзъя гээд гадаа ирчихсэн байна явах юм уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2 цаг орчим хугацааны дараа гэрээсээ гараад Одгэрэлийн гэрийн ойролцоо машинтай байсан Эрхэмээ, Тэгшжаргал, Ишхүү, Одгэрэл нартай уулзаад машинтай хорооллын “Таац зочид” буудлын үүдэнд очиж зогсоод дэлгүүр орж шампанск, архи, пиво аваад “Таац зочид” буудлын 303 тоот өрөөнд ороод архи пивоо хувааж уугаад шампанскаа буудуулаад бүгдээрээ юм яриад байж байтал 30 орчим минутын дараа Төгс-Эрдэнэ гаднаас орж ирсэн. Үүнээс хойш бас 30 орчим минутын дараа Мягмарсүрэн гаднаас орж ирсэн. Тэгээд бүгдээрээ ууж идэж байгаад Ишхүү бид хоёр унтаж амрахаар өөр өрөө рүү ороод унтчихсан. Нэг мэдэхэд өглөө гэгээ орчихсон байхад би сэрсэн ба гаднаас Ишхүү орж ирээд “за гялс явъя Одгэрэлийн найз залуу нь ирээд Төгсөөг хутгалчихсан байна” гэсэн мэдүүлэг /хх-35-р хуудас/,

Гэрч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “….2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гансүх буюу Жэк бид хоёр ажил дээрээ байж байтал миний гар утас руу Ишхүүгийн гар утаснаас Эрхэмээ яриад “найз нь аль дээрээс яриад байсан шинэ жилээ тэмдэглье” гэж хэлэхээр нь Гансүх бид хоёр одоо шинэ жил тэмдэглэх зав байхгүй. Шинэ жилийн дараа л уулзъя гэж хэлэхэд Эрхэмээ “аль дээрээс хойш ярьсан юм чинь явъя л даа, амралтанд явъя, тарвага бооё” гэхээр нь би ч илт дургүйцсэн. Тэгээд 18 цагийн үед Гансүх бид хоёр ажлаа тараад гэр гэртээ хариад хоолоо хийх гээд байж байтал Эрхэмээ миний гар утас руу залгаад “бид нар тарвагаа авах гээд нисэх дээр байна, тарвагаа авчихаад Гансүх та хоёр дээр яваад очъё, бид нар зорьж очих гээд байхад битгий тэг л дээ” гэж хэлэхээр нь би “хэрэггүй ээ” гэж хэлсэн боловч Эрхэмээ за за дөхөж очоод залгая гэж хэлчихээд утсаа тасалсан. Энэ үед Ариунжаргал хэн бэ гэж асуухаар нь би “манай нэг найз шинэ жил тэмдэглье” гээд байна, би гарахгүй гээд хэлчихлээ гэж хэлэхэд Ариунжаргал за за гэж хэлээд өнгөрсөн. Удаа ч үгүй Эрхэмээ дахин миний гар утас руу залгаад очиж байна шүү, аль дээрээс хойш ярьсан шүү дээ, хүний сэтгэлийг яасан боддоггүй юм бэ, би бэлдэж бэлдэж чам руу очиж байна шүү дээ” гэж хэлэхээр нь би утсаа таслаад Ариунжаргалд энэ тухай хэлэхэд Ариунжаргал “чи
өөрөө л мэдэхгүй юу, би чамайг яаж мэдэхэв дээ, ажлынхаа шинэ жилээр ч гараагүй хүнийг би юу гэхэв дээ, чи ямар шоронгийн хоригдол биш дээ, за за ганц өдөр гарвал гарахгүй юу гэж хэлсэн. Удаа ч үгүй Эрхэмээ миний гар утас руу залгаад найз нь гэрийн чинь ойролцоо ирчихлээ гараад ир гэж хэлэхээр нь би Гансүх рүү залгаад бид хоёр гарахаар болсон. Би хоол хийж байсан болохоор хоолоо дуусгачихаад 2 цаг орчим хугацааны дараа Гансүхтэй яриад хамт гарахаар болсон. Тэгээд орой 22 цагийн үед хашаанаасаа гарахад манай хашаанаас 200-300 орчим метр зайтай газарт Тэгшжаргал, Эрхэмээ, Ишхүү нар машинтай ирсэн байсан. ... Тэгээд бид нар хороолол руу Таац зочид буудлын үүдэнд очиж зогсоод
дэлгүүр орж шампанск, архи, пиво аваад Таац зочид буудлын 303 тоот өрөөнд ороод архи, пивоо хувааж уугаад шампанскаа буудуулаад байж байтал 23 цаг өнгөрч байхад Төгс-Эрдэнэ гаднаас орж ирээд юм яриад байж байтал араас нь 30-40 минутын дараа Мягмарсүрэн орж ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө архи
дарсаа ууцгаагаад юм яриад байж байгаад бүгдээрээ нилээд согтоцгоосон. Цагийг нь сайн санахгүй байна, Ариунжаргал над руу залгаад ирэх болж байна уу гэж асуухаар нь би согтох гээд байх шиг байна, жоохон байж байгаад гарлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд буцаад дахиж нөгөө хэдтэйгээ нийлээд архи дарсаа уугаад байж байснаа би согтчихсон юм шиг байгаа юм. Нэг ухаан ороход би ариун цэврийн өрөөнд Ариунжаргалтай утсаар ярьж байсан. Тэгээд би ухаан ороод Ариунжаргалд за за одоо очлоо гэж хэлээд өрөө рүү буцаж ороход өрөөний хаалга талын орон дээр гэрлээ унтраачихсан Тэгшжаргал хэвтэж байсан, цонх талын орон дээр Төгс-Эрдэнэ, Мягмарсүрэн нар хэвтэж байсан. Харин Ишхүү, Гансүх хоёр байхгүй байсан. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарахад Эрхэмээ намайг чи хаачих гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би явлаа найз залуу уурлаад байна гэж хэлэхэд Эрхэмээ миний урд зогсчихоод намайг явуулахгүй байхаар нь би уурлахад Эрхэмээ намайг гаргахгүй зууралдаад байхаар нь Мийгаад би “ямар хэцүү юм бэ, чи Эрхэмээд хэл л дээ” босоод ир гэж хэлэхэд Мийгаа босч ирээд Эрхэмээд чи болиоч наадах чинь найз залуутай гэж хэлэхэд Эрхэмээ Мийгаа руу уурлаад маргалдаж байх хооронд нь би хувцасаа өмсөөд коридор руу гарахад Эрхэмээ миний араас гарч ирээд явуулахгүй зууралдаад байх үед Ариунжаргал залгахаар нь би утсаа аваад ярьж байгаад Эрхэмээг зуураад байхаар нь чи болиоч дээ гэж хэлэхийг Ариунжаргал сонсоод “наана чинь юун эрэгтэй хүн байгаа юм бэ, чамайг зуураад байгаа юм уу” гэж уурлахаар нь би “үгүй ээ манай найз л намайг жоохон байж байгаад явчих гэхээр нь би боль гэж хэллээ” гээд зөвөөр ойлгуулах санаатай тайлбарлаад утсаа тасалсан. Тэгээд би Эрхэмээтэй
маргалдаад буудлаас гараад такси бариад гэр рүүгээ харьсан... Гэртээ хариад нэг мэдэхэд Ариунжаргал бид хоёр маргалдаж байсан. Би хутга авахыг нь
хараагүй ээ. Ариунжаргалын яриагаар өөрийнхөө аранзанд байдаг хутгыг авсан гэж хэлсэн. Би тэр хутгыг нь харж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-33-34-р хуудас/

Гэрч А.Тэгшбаярын  мөрдөн байцаалтанд өгсөн: “..Бид нар буудлын өрөөнд ороод архи, пиво ууж байгаад би цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна би буудлын гадна өөр найзуудтайгаа уулзаад машин дотор нь архи ууж сууж байгаад буцаад буудлын 303 тоот өрөө рүү ороход өрөөний цонхон талын орон дээр Эрхэмбаяр ганцаараа унтаж байсан, эсрэг талынх нь зэрэгцээ орон дээр Төгс-Эрдэнэ, Мягмарсүрэн нар хэвтэж байсан ба би Мягмарсүрэн Төгс-Эрдэнэ хоёрын хажуугаар нь хэвтээд унтчихсан байсан. 06 цагийн үед байхаа Эрхэмбаяр хутгалчихлаа шүү дээ босооч гээд хашгирхаар нь би босоход өрөөний шалаар дүүрэн цус болчихсон, Төгс-Эрдэнэ хутгалуулчихлаа гээд хувцас нь цус болчихсон сууж байсан, Мягмарсүрэнгийн хамраас цус гараад хамраа дараад сууж байсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-29-30/

Гэрч Г.Ишхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Өглөө 06 цаг өнгөрч байхад Эрхэмбаяр хаалга тогшоод байхаар нь хаалга онгойлгоход “дээр Төгсөөг хутгалчихлаа” гэж хэлээд орилоод байсан. Тэгээд би буудлын 303 тоот өрөө рүү гүйж ороход Төгс-Эрдэнэ сандал дээр суучихсан, бөөр хэсгээрээ буудлын алчуур даавуугаар ороосон, хувцас нь цус болчихсон, Мягмарсүрэнгийн хамраас нь цус гараад уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад Мягмарсүрэн “Ариунжаргал орж ирээд Төгс-Эрдэнэтэй маргалдаад түүнийг хутгалаад зугтаасан, намайг цохьсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-26-27-р хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 844 тоот дүгнэлтэд:  “Б.Төгс-Эрдэнийн биед хэвлий , цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-37-р хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 891 тоот дүгнэлтэд: “Мягмарсүрэнгийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-41-р хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 1712 тоот дүгнэлтэд: “...С.Ариунжаргалын биед баруун хөмсгөнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-45-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 157 тоот дүгнэлтэд: “С.Ариунжаргал нь “F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй“ байна.

-С.Ариунжаргал нь урьд өмнө сэтгэцийн өөр бусад өвчнөөр өвчилж байсан гэх
баримт үгүй байна.

-С.Ариунжаргал нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

-С.Ариунжаргал нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах
чадвартай байна.

-С.Ариунжаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-50-р хуудас/,

Хохирогч Б.Төгс-эрдэнийн Су Ди Жон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн түүхийн
баримт, хохирол, эмчилгээний зардлын баримт, /хх-82-109-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-10-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, тусгай дунд боловсролын гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ариунжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 05 цагийн орчим хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардсаны улмаас “Таац” зочид буудалд түүнтэй хамт байсан хүмүүс дээр очиж хохирогч У.Мягмарсүрэнтэй маргалдаж, улмаар түүнийг өмөөрсөн түүний найз Б.Төгс-Эрдэнэтэй маргалдаж хоорондын таарамж тохиромжгүй харьцааны улмаас түүнийг хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн давтан үйлдлээр У.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газарт цохиж санаатай хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь хоёр хохирогчид санаатай хөнгөн гэмтэл учруулсан байх тул түүний дээрх үйлдлийг бусдын бие махбодид давтан хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Ариунжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.5 сая төгрөг төлсөн байх ба хохирогч хохиролд 1.075.000 нэхэмжилж байгаа хохирогч нөхөн төлөхийг зөвшөөрч байх  тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Төгс-Эрдэнэд олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь хохирогч У.Мягмарсүрэнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг саарал өнгийн цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.