| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0038/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 21.5.2., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч Ш.Батсүх,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-н Э нарт холбогдох 1834000000140Т дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, М холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... дугаар баг, .... хотхоны ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Г-н Э /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь яллагдагч Б.Б нарт холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Ц.Д, Д.Б нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх авах эрхийг хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байхдаа 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хашаанд гэрч Ц.С, С.А нарыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаархи нотлох баримтууд болон шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед Б над руу утсаар ярьсан. Б мөрдөгч дуудсан, мэдүүлэг авна гэсэн. Би Баянталаас ирж байна гэсэн. Чамайг ирэхээр Б мөрдөгчтэй очиж уулзъя гээд орой 17 цагийн үед Б ирээд би Б-н өрөөнд Б-г дагуулж очсон. Тэгээд Б мөрдөгчийн өрөөний хаалгыг тогшиход өрөөнд нь үсээ хусуулсан хүүхэнтэй хамт сууж байсан. Тэгээд намайг та энэ хүнийг гарахаар орж ирээрэй гэсэн. Тэгээд би Б-тай хамт үүдэнд нь зогсож байхад нөгөө хүүхэн гарч ирээгүй, ороод ир гэж намайг дуудсан. Тэгээд Б бид хоёр ороход араас бүдүүн залуу орж ирсэн. Тэгээд би энэ хэн бэ? гэхэд Б нөгөө Маяти машины жолооч энэ хүн шүү дээ гэсэн. Мөрдөгч нарын ширээ нь Т хэлбэртэй урдуураа урт ширээтэй. Намайг тэр өрөөнд ороход А гэдэг хүүхэн мөрдөгчийн хажуугийн ширээнд доошоо хараад унтаж байх шиг байсан. Тэгээд Б, С нарыг Б мөрдөгч хөндлөн сандал тавьж байгаад байцаалт авсан. Тэгэхдээ хууль сануулж байгаад байцаалт авсан. Би тэр үед хажууд нь байж байсан. Би тухайн үед өөрийнхөө үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор тэнд очсон. Тэгээд Б энэ адууг тууж ирсэн үү гэхэд үнэн гэсэн. Та урьд нь яагаад ингэж мэдүүлсэн бэ? гэхэд би ташаа мэдүүлсэн байна. Шарга халзан азаргатай адууг Б ганцаараа тууж ирсэн, Б, Д нар нь худгийн хажууд хэвтсэн адууг босгох гээд явсан гэсэн яриа болсон. Мөрдөн байцаагч тэр хүмүүсээс ямар асуулт асуух гэж байгааг би мэдэхгүй. Б мөрдөгч С, А гэх хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаах гэж байна гэж хэлээгүй. Зөвхөн хүнээ дагуулаад хүрээд ир гэсэн. С-ыг байцаасан цаг буруу. Б, С нарыг байцааж байхад А хажуугаас нь орж ирээд Бираадамбыг янз бүрээр хэлээд байсан. Тэгж байхад ажлын цаг тарчихлаа, такси яанаа гэж ярьж байсан. Тэгэхэд Б мөрдөгч таксиг би зохицуулж өгье гэж байсан. Тэгж байтал Б, С хоёрын байцаалт дуусч би Б-тай хамт буцаад явсан. Надад энэ хүмүүстэй урьдчилж уулзаж ярьсан зүйл байхгүй. Би А-той уулзаагүй. А хэдэн цагийн үед байцаалт өгсөн талаар би мэдэхгүй. Мэдүүлэг дээрээс харъя гэхээр худал цаг бичсэн байсан. А юу гэж мэдүүлэг өгсөн талаар би мэдэхгүй. Надад энэ хүмүүстэй уулзаж мэдүүлэг зааж өгөх шаардлага байхгүй. Би 2018 оны 03 дугаар сараас Б, Д нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах гэж өмгөөлөгчөөр энэ хэрэгт оролцож явж байсан. Тэгэхдээ би өөрийнхөө дотоод итгэлээр энэ хүмүүс хулгай хийгээгүй юм байна гэдэг үүднээс энэ хүмүүсийн өмгөөлөгчөөр явсан. Тиймээс надад С, А хоёрыг гуйх шаардлага байхгүй. Яагаад намайг өнөөдөр ийм байдалд оруулж, энэ ширээний ард суулгаж байгааг ойлгохгүй байна. Мөн үүнийг нотлох гэхээр цаг хугацааны хувьд буруу байгаа учраас би хэлж чадахгүй байна. Тэгвэл мөрдөн байцаагчийн өрөөний камерыг шалгах ёстой байсан. Б, С хоёрыг нүүрэлдүүлэн байцаахад А тэнд байсан. Хуульд нүүрэлдүүлэн байцаахад гадны хүнийг байлгаж болохгүй гэж заасан. Тэгэхэд А бие нь тааруу байгаа бололтой унтаж, сэрээд байж байсан. Мөрдөгч цагаа яагаад зөв бичээгүй вэ? хэрэв зөв бичсэн бол би А-ыг хэзээ байцаасан, С-ыг хэзээ байцаасан энэ хоёрын хооронд нь ямар хугацаа орсон талаар харах боломжтой байсан. Мөн С-ыг яагаад өмгөөлөх эрхээр хангаагүй вэ? хэрвээ С-ыг өмгөөлөх эрхээр нь хангасан бол энэ хүмүүс ингэж худал ярихгүй байсан. Нэг цаг хугацаанд нэг дор хамт байлгаж байгаад би үг зааж өгсөн бол яагаад мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаа вэ? Жишээ нь Э ганцаараа тэгж хэлсэн гээд нөгөө нь Б, Д, Э гурав хамт байж байгаад хэлсэн гэсэн зүйл байдаг. Мөн яллагдагчаар мэдүүлэхдээ мөрдөн байцаагч хажууд байсан гэдэг. Яагаад ингэж өөр өөр мэдүүлэг өгч байхад прокурор дүгнэлт хийгээгүй вэ? А ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 22-нд Б ганцаараа Шарга халзан азаргатай 10 гаран тооны адууг тууж ирсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүмүүс урьд нь мэдүүлэг өгч байгаагүй гэдэг. Гэхдээ өмнө нь дандаа хууль сануулж олон удаа мэдүүлэг өгсөн байдаг. Хууль сануулсан байхад өнөөдөр энэ хүмүүс заавал миний нэрийг оролцуулж худал мэдүүлэг өгч байгааг гайхаж байна. А-ын зан харилцаа нь миний хэлснээр мэдүүлэг өгөх хүн биш байсан. Надтай нүүрэлдүүлэн байцаалт өгөхөд намайг хэл амаар их доромжилсон. Э өмгөөлөгчийг ингэж гарсан зардлаа авъя, Б нь Д, Б нартай хамт гарсан зардлаа хувааж төлье гэсэн санаатайгаар энэ хүмүүс гүтгэж байна. Түүнийг прокурорт дүгнэлт хийхгүйгээр 2 яллагдагчийн мэдүүлгээр намайг энэ ширээний ард суулгаж байгаад харамсаж байна. Надад энэ хүмүүстэй уулзах шаардлага байгаагүй. Цагаан өнгийн машин байсан гэдэг. Тэр нь мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Ямар улсын дугаартай машин байсан гэдгийг тогтоох ёстой байсан. Ямар нэгэн юм тодорхой байж нотлох баримтын шаардлага хангадаг. Хэний хажууд хэлж байхыг нь хэн харсан бэ? энэ бүгдийг тогтоох ёстой байсан. Зөвхөн 2 хүний мэдүүлгээр намайг яллаж болохгүй. Яагаад үүнд прокурор дүгнэлт хийгээгүй вэ? манай өмгөөлөгч надад таны нэр гарсан байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад тийм зүйл байхгүй. Битгий санаа зовоорой гэж хэлсэн. Би өнөөдөр 35 жил прокурорын байгууллагад ажиллаж тэтгэвэрт гарч, 6 жил гаран өмгөөлөгчөөр ажиллаж 40 гаран жил хуулийн байгууллагад ажилласан хэнд юу хэлэхээ би мэднэ. Ямар ч үндэслэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр яагаад намайг яллаж байгааг гайхаж байна. Би Мөнхдөл прокурортой уулзсан. Мөрдөн байцаагч нь ингэж болохгүй юм байна. Энэ мэдүүлэг нь ийм, ийм хуулийн заалт зөрчиж байна. Энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж явсан байна. Хууль сануулсан байхад энэ хүмүүс ингэж мэдүүлэг өгсөн байна гэхэд нь шүүхээс яллагдагчаар тат гэж буцаасан тул татахгүй бол болохгүй гэж яллах дүгнэлт үйлдсэн. Миний нэр төрд ингэж халдаж болохгүй. Намайг энэ хүмүүстэй уулзаж байгаагүйг нотолсон зүйл нь цагдаагийн камерын бичлэг болон мөрдөгчийн өрөөний камерын бичлэг байгаа. Энэ бүгдийг шалгаж тогтоохгүй зөвхөн энэ хоёр хүнд намайг ингэж хэлсэн болгох гэж зүтгэж байгаа нь сонин санагдаж байна. Ямар ч үндэслэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж намайг шүүхэд ирүүлсэн. Надад үйлдсэн хэрэг байхгүй. Би хүнд илүү зүйл ярьдаг хүн биш гэв.
2. Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өөрийн 150 гаруй адуугаа Төв аймгийн Баян сумын малчин Б гэдэг хүнд маллуулдаг юм. Би өөрөө Батхүү гэх залууг 2017 оны 11 сараас хойш цалинжуулаад Б-тэй цуг адуугаа харуулаад байлгаж байгаа. Манай адуу байнгын л Төв аймгийн Баян сумын Өгөөмөр цайдам гэх газраар нутаглаж бэлчдэг юм. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр шуурганаар 4 хэсэг азарга адуу Говьсүмбэр аймгийн нутаг руу алдаад 3 азарга адууг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас олж авсан. Харин 4 дэх адуу буюу Шарга халзан азаргатай нийт 18 тооны адууг олж чадаагүй байсан бөгөөд 15 тооны адуу нь миний өөрийн юм байгаа юм. Харин 3 тооны адуу нь Төв аймгийн Баян сумын Засаг дарга Э гэж хүний адуу байсан. Сүүлд М гэж хүн өөрийн алдсан Хээр халзан азаргаа Улаанбаатар хотын 361-р гарам буюу Сонгино-Хайрхан дүүргийн нутгаас О гэх хүн зарах гэж байсныг тогтоон барьж авсан. Тэгээд Сонгино-Хайрхан дүүргийн цагдаа, Төв аймгийн цагдаа нартай уг азарганы хойноос явахад миний алдсан Шарга халзан азаргатай 18 тооны адууны сураг гарсан бөгөөд Б гэдэг миний адууг хулгайлсан залуутай би өөрөө цагдаагийн хажууд уулзахад манай адууг Б зүсээр нь хэлээд 10 адууг нь махны ченж С /эхнэр нь цуг явсан гэдэг/ гэх хүмүүстэй ачиж Улаанбаатар хот Эмээлт малын зах руу авч очсон. Тэндээ 10 адууг 2 000 000 төгрөгөөр бөөнд нь зарсан гэсэн. Үлдсэн 7 адууг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн орчим нутагладаг Мэл буюу Д-ын хүүд зарсан гэж ярьсан. Миний адууг зүсээр нь хэлж байсан. Тэгээд манай 1 адууг огт ярихгүй тоо нь зөрөөд байгаа юмаа. Миний хувьд алдсан 15 адуу, Э даргын алдсан 3 тооны адууг зүс, тамгаар нь яръя. Үүнд:
1. Шарга халзан нас гүйцсэн азарга зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай. 5 саяар үнэлнэ. Хүнээр дамжуулаад Өлзийт хорооллоос 2014 онд 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан.
2. Сартай хонгор гүү нас гүйцсэн зөв талын гуяндаа давхар онги тамгатай. 5 сая төгрөгөөр үнэлнэ. Шүрэн толгойтой цагаан хаш хөөргөөр худалдаж авч байсан.
3. Шар хязаалан байдас зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн /тамга дээр нь цагаан үс ургасан/ тамгатай. Одоо Дын адуунд байгаа. Шарга хязаалан байдсыг 5 сая төгрөгөөр үнэлж байна. Миний өөрийн унаган адуу бөгөөд эцэг нь Саарал азарга хот тойрсон наадамд олон медальтай.
4. Бор хонгор гүү зөв гуяндаа хайрсан цэцгэн хэлбэртэй тамгатай. 5 сая төгрөг бөгөөд Сүхбаатар аймгийн Түвшинширээ угшилтай. Төл нь их хурдтай.
5. Сартай улаан хонгор гүү зөв гуяндаа цэгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 5 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хурдан саарал азарганы төл гүү байгаа юм.
6. Цагаан бор гүү зөв гуяндаа хайрсан /түлж дарсан/ цэцгэн хэлбэртэй тамгатай. 3 сая төгрөгөөр үнэлнэ. Дарьганга угшилтай.
7. Шарга даага /охин/ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 1,5 сая төгрөгөөр үнэлж байна. Дээрх цагаан бор гүүний төл байгаа юм. Б, С нар эмээлт рүү адуу ачихад үүнийг дарагдаж үхсэн гэж тайлбарлаж байна лээ.
8. Хар шүдлэн үрээ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2 сая төгрөг. Цагаан бор гүүний төл.
9. Зээрд хязаалан үрээ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2,5 сая төгрөг. Цагаан бор гүүний төл.
10. Хоёр чих мөлүү /чихний үзүүр байхгүй/ бор гүү зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 3 сая төгрөг. Цагаан бор гүүний төл.
11. Улаан буурал гүү зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 3 сая төгрөг. Миний өөрийн унаган адуу. Дарьгангын бүсэд айрагдсан миний хүрэн азарганы төл.
12. Зээрд халзан гүү зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй хайрч дарсан тамгатай. С-ын адуунаас олж авсан. 3 сая төгрөг.
13. Ягаан буурал хязаалан үрээ зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. Одоо Д-ын адуунд байгаа. 2,5 сая төгрөг.
14. Саарал морь зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2,5 сая төгрөг. Битүү морь. Уралдаж байгаагүй.
15. Хээр алаг хязаалан байдас зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай. 2 сая төгрөг. Зүс нь содон болохоор бойнд оруулсан гэж ярьж байсан.
Ингээд миний 15 тооны адуу алдсанаас одоогийн байдлаар Зээрд халзан гүүг Төв аймгийн Сэргэлэн сумын Авдрын уулын зүүн урдаас С-ын адуунаас очиж авсан. Одоо Д-ын адуунд Ягаан буурал хязаалан үрээ, Шарга хязаалан байдас байгаа. Би үүнийгээ авчихна. Манай адуунд байсан Э даргын 3 адуу нь
1. Эрлийз хээр соёолон үрээ зөв гуяндаа саран дэвсгэртэй нар, гал тамгатай.
2. Халиун шүдлэн үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дээрээ дөлтэй тамгатай.
3. Саарал соёолон үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дээрээ дөлтэй тамгатай. Эрлийз хээр үрээ нь л Эмээлт зах руу миний адуутай бойнд орсон байдаг. Харин Халиун үрээ нь одоо Д-ын адуунд байгаа гэсэн. Саарал соёолон үрээгээ Сын адуунаас авсан. Би 15 тооны адуугаа алдсанаас болж өөрийн үнэлгээгээр 50 сая төгрөгний хохирол учраад байна. Үүнээс би 10,5 сая төгрөгний үнэлгээтэй 3 тооны адууг олж авсан. Тэгэхээр одоогийн байдлаар 39,5 сая төгрөгний хохирол учраад байна. Махны ченж С, Баянталын Мэл буюу Д-ыг хүүтэй нь, Б нарыг шалгаж хохирол барагдуулж өгнө үү. Д нь Б-д чи өөрөө даагаарай гээд 2 сая төгрөг шилжүүлсэн гэдэг юм. Д бол манай адууг мэднэ. Манай адуу Чойроор нутагладаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119, 121, 3-р хх-ийн 5-7, 5-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
3. Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний өөрийн 1. Эрлийз хээр соёолон үрээ зөв гуяндаа саран дэвсгэртэй нар, гал тамгатай, 2. Халиун шүдлэн үрээ зөв гуяндаа хүрээтэй хас дөлтэй тамгатай, 3. Саарал соёолон үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дөлтэй тамгатай. Эдгээр 3 тооны үрээ 2018 оны 2 сард Э-ы шарга халзан азаргатай адуунд нь нийлээд шуурганаар Говьсүмбэр аймгийн нутаг руу уруудсан. Тэгээд сураггүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны үед М гэх нэг танихгүй хүн хээр халзан азарганы сургийг хотоос гаргаж, араас нь хөөцөлдөхөд 2018 оны 3 дугаар сард Чойрын Мэл гэдэг хүн Төв аймгийн Алтанбулаг сумыг Б гэх хүмүүс Мөнх-Эрдэнийн хээр халзан азаргатай адуу, Э-ы шарга халзан азаргатай адууг хулгайлж зарж ирсэн болох нь тогтоогдсон. Энэ дунд миний эрлийз хээр соёолон үрээ, халиун шүдлэн үрээ, саарал соёолон үрээ зэрэг нь хамт хулгайлагдсан байсныг би Э-аас олж мэдсэн. Тэгээд би Чойрын Мэл гэх хүнээс өөрийн халиун шүдлэн үрээг жолооч Болдбаатарыг явуулж ачиж авчруулсан. Тухайн тухайн хулгай баригдсаны дараа Маяти автомашинтай жолооч С гэх хүн миний саарал соёолон үрээг өөрөө авчирч надад хүлээлгэн өгсөн. С миний хээр үрээг Эмээлт захын махны ченжид зарсан талаараа өөрөө надад хэлсэн. Төлбөрөө барагдуулна гэсэн. Миний хувьд 3 тооны үрээ алдаад 2 үрээг нь буцааж амьдаар нь олж авсан. Одоо эрлийз хээр соёолон үрээг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Хээр үрээгээ 800 000 төгрөгөөр, саарал соёолон үрээг 800 000 төгрөгөөр, Халиун шүдлэн үрээг 500 000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай адуу Чойрын 16 дугаар зөрлөг ордоггүй юм. Баян сумаас зүүн тийш 10 км “Хүнхэр” гэх газраар бэлчдэг. 2018 оны 02 дугаар сарын шуурганаар уруудаж яваад Чойрын 16 дугаар зөрлөг орсон байна лээ. Манай Баян сумаас ТЗ-ын 16 дугаар зөрлөг хүртэл ойролцоогоор 60 км зайтай... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-127, 5-р хх-ийн 16 дугаар хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 27-ноос 28-ны үед байхаа Д надтай уулзаад банкны өр нэхэгдээд байна. Танд 1 500 000 төгрөг байна уу? танд адуу өгье, авах уу гэхээр нь би эхлээд доголон хөлтэй хар морь, хонгор гүү зэргийг 1 000 000 төгрөгөөр бодож авсан. Мөнгийг нь өгсөн. Дараа Б хямдхан адуу байна. Авах уу гэхээр нь
1. Шарга хязаалан байдас,
2. Шарга даага,
3. Саарал /ягаан буурал/ хязаалан үрээ,
4. Бор саарал сарваа зэрэг нийт 4 тооны адууг 1 000 000 төгрөгөөр бодож авсан бөгөөд эхний ээлжинд 500 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 500 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Би дээрх 6 тооны адуунд нийт 1 500 000 төгрөг өгсөн бөгөөд хар морь нь хөл орохгүй болохоор нь явуулын хүнд 500 000 төгрөгөөр маханд өгсөн. Хонгор гүүг Б өөрөө ирээд хулгайн адуу гээд ачаад аваад явсан байсан. Бор саарал сарваа, шарга даага хоёр нь хавар үхсэн. Би сэгийг нь харсан. Одоо манай адуунд саарал /ягаан буурал/ үрээ, шарга байдас хоёр байгаа. Миний хувьд Бас 500 000 төгрөгөө авч байж саарал /ягаан буурал/ үрээ, шарга байдас хоёрыг өгөх болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166, 2-р хх-ийн 148-149, 3-р хх-ийн 14, 5-р хх-ийн 50 дугаар хуудас/,
5. Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б-н хадам аав С манай эхнэр А руу утсаар яриад манай хүргэн Б адуу заръя гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр зөвшөөрөөд 2018 оны 03 дугаар сарын 13-14-ний үед уулзахад ТЗ 16-р зөрлөг орж тэндээс адуу ачиж ирнэ. Манай адуу тэнд яваа гэж хэлсэн. Тэгээд миний 51-19 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркийн авто машин дээр цагаан өнгийн Даюун маркийн мотоциклыг ачаад манай эхнэр А Б бид 3 Чойр луу явсан. Тэгээд 16-р зөрлөг дээр очихоос өмнө Б миний тэвшин дээр өөрийнхөө мотоциклыг буулгаж жолоодон ганцаараа 16-р зөрлөгөөс зүүн хойшоо явсан. Б манай эхнэр бид хоёрыг худаг дээр очиж бай, энд адуу байгаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт авто машинтайгаа худаг дээр очиход тэр худаг дээр хүмүүс адуу услаад зогсож байсан. Тэр адууны эзэн нь Төв аймгийн хүмүүс гээд настайвтар 3 хүн байсан. Худгийн эзэн Мэл гэж хүн бас байсан. Тэгээд байж байхад Мэлийн хүү Б гэх хүү 4-5 насны жоохон хүүхэд ар дээрээ сундалчихсан мотоциклтой зүүн талаасаа ирсэн. Б ч мөн удалгүй хойноосоо худаг дээр ирсэн. Тэр Төв аймгийн хүмүүсийн адууг Б, Б нар худаг дээр юүлж /унаж явсан морийг нь сольсон/ өгсөн. Тэгээд Төв аймгийн хүмүүсийг явуулчихаад Б, Б нар 4-5 насны жоохон дүүгээ голдоо хийж сундлаад нэг мотоциклоо худаг дээр үлдээгээд нэг мотоциклтой адуугаа авчирна гээд явсан. Тэгээд удалгүй тэр хоёр шарга халзан азаргатай 15 тооны адуу тууж ирсэн. Тэдгээр 15 тооны адуу нь тарга хүч муу адуунууд байсан. Би Б-н адуу юм байх гэж бодсон. Тэгсэн Б гэх хүү манай хашаа руу аваад явъя араас автомашинтайгаа дагаад хүрээд ир гэсэн. Тэгээд Б, Б нар өөрсдийнхөө мотоциклыг жолоодон шарга халзан азаргатай адууг хашаа руугаа туусан. Би эхнэрийн хамт автомашинтайгаа дагаж явсан. Тэгээд хашаанд хашиж байгаад нийт 10 тооны адуу ачаад автомашины тэвш дүүрсэн. Тэгэхэд цаана нь 5 адуу үлдсэн. Тэр 5 адуугаа зарна гээд бид хоёроос хэдээр зарах уу гэж асуусан. Мэдэхгүй чи эзэн нь юм байгаа биз дээ гэж хэлсэн. Адуу ачиж байхад Мэл ирчихсэн байсан. Тэр адууг Б Б-д үлдээсэн. Зарсан уу, харуулахаар үлдээсэн үү учрыг нь би сайн ойлгоогүй. Б мотоциклоо Бираадамбын блокоор хийсэн хашаанд үлдээсэн. Тэгээд 10 тооны адуугаа ачаад Б, манай эхнэр А бид гурав засмал замаараа яваад Төв аймгийн Зуунмод хот орсон. Тэгээд Б надтай тооцоогоо хийгээд гэртээ буусан. Миний ачсан 10 тооны адуунаас Бор гүү нь замдаа үхсэн. Зээрд халзан гүү, халиун үрээ хоёрыг би маханд өгөхгүй өсгөе гэсэндээ өөрийнхөө хашаандаа буулгаж байлгаж байгаад адуундаа сүүлд тавьсан. Тэгээд үлдсэн 7 тооны адууг Эмээлт зах дээр очоод ченжид зарсан. Тэр ченжийн нэрийг нь мэдэхгүй. Гар утасны дугаар нь манай эхнэрт байгаа байх. Манай эхнэр А тооцоог бүгдийг нь хийсэн. Хэдэн төгрөгөөр ченжид өгсөн талаар мэдэж байгаа. Энэ асуудал цагдаад мэдэгдсэний дараах нь би өөрийн адуунд байсан зээрд халзан гүүг Эд, саарал соёолон үрээг Э-т хүлээлгэн өгөхөөр өөрийн 51-19 ТӨВ улсын дугаартай Маяти маркийн автомашин дээр ачаад Төв аймгийн Баян суманд хүргэж өгсөн.
Маяти маркийн 51-19 ТӨВ улсын дугаартай автомашин миний өөрийн нэр дээр байдаг машин. Ачсан 10 тооны адууг санаж байгаагаар зүсэлбэл:
1. Шарга халзан азарга,
2. Сартай хонгор гүү,
3. Бор хонгор гүү,
4. Бор гүү,
5. 2 чих нь мөлүү бор гүү,
6. Улаан буурал бор гүү зураг,
7. Зээрд халзан гүү. Сүүлд Эд аваачиж өгсөн,
8. Саарал соёолон үрээ. Сүүлд Э гэх хүнд аваачиж өгсөн.
9. Хээр алаг хязаалан байдас ,
10. Хээр үрээ ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Б, Б хоёр жоохон хүүхэд сундлаад хамт эргэж яваад шарга азаргатай адууг тууж ирсэн. Сүүлд 2019 оны 03 сард намайг Б-тай нүүрэлдүүлж мэдүүлэг авахад манай эхнэрийн биеийн байдал тааруу БНХАУ-ын Хөх хотод шинжилгээ өгөөд явж байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сард Говьсүмбэр аймгийн цагдаа дээр мэдүүлэг өгөх гээд хүлээж байхад Б гэх хүний өмгөөлөгч Э гэж хүн Баттулгыг шарга азаргатай адууг ганцаараа тууж ирсэн гээд хэлчихвэл ахиж ирэх шаардлага байхгүй, тэгвэл хэрэг нь дууслаа, та хоёрыг ахиж дуудахгүй гэсэн. Би урьд нь мэдүүлэг өгч байгаагүй мэдэхгүй болохоор нүүрэлдүүлж байцаахад Баттулгыг ганцаараа шарга азаргатай адуу тууж ирсэн гээд худлаа мэдүүлчихсэн юм... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 22 дугаар хуудас/,
6. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
“Манай сум буюу Төв аймгийн Баян-Өнжүүл сумын иргэн С над руу утсаар яриад манай хүргэн олох хүн хэдэн адуу зарах гээд байна гэсэн. Тухайн үед адуу мал нээх авч байгаагүй болохоор тэгээд орхисон. Б-н эхнэр нь С-гийн охин манай гэрээр хэд хэдэн удаа адуу авчихаач гэж орж ирсэн. Тэгсэн С ахиж утсаар яриад аваатахаач гээд байхаар нь манайх нөхөр С бид хоёр Маяти маркийн 51-19 ТӨВ улсын дугаартай автомашинтайгаа сумынхаа Б гэж айлд хоноод, нийт 8 тооны адуу худалдаж авч байсан. 2018 оны 02 сард болсон цагаан сарын өмнө Б болон түүний эхнэр гэх охин хоёр над дээр ирээд бид хоёр шинийн найманд гэр барьж орох юм. Тэгээд мөнгөний хэрэг байна. Та бид хоёрт 1 сая төгрөг зээлүүлээч Б хэдэн адуутай л хүн. Адуугаа цагаан сараас хойш зараад өгнө гэж хэлсэн. Тэгээд би цагаан сараас хойш бие өвдөөд мөнгөний хэрэг гараад Бас мөнгөө нэхэхэд манай адуу Чойрын нутаг руу оторт явсан. Тэндээсээ очиж өгөхгүй бол боломжгүй гэсэн. Тэгээд Б мотоциклтойгоо адуундаа явлаа гэхээр нь би Баттулгыг мотоциклтой алга болчих юм болов уу гэж бодоод нөхрийн хамт автомашинтай явахаар шийдсэн. Тэгээд манай Маяти маркийн 51-196 ТӨВ улсын дугаартай автомашин дээрээ Баттулгын мотоциклыг ачаад манай нөхөр С, Б бид гурав Чойр явсан. Тэгээд байж байхад Б мотоциклтой ганцаараа ирсэн. Тэгээд худаг дээрээс Б, нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад гурвуулаа 1 мотоциклтой яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн. Тэгээд тэр адууг нутгийн залуу, Б нар хашаа руугаа туугаад явсан. тэнд хашиж байгаад 10 тооны адуу ачсан. Б өөрийнхөө мотоциклыг , 5 тооны адуутай цуг тэр нутгийн айлд үлдээсэн. Замдаа нэг адуу нь үхсэн. Хоёр адууг нь манай нөхөр адуундаа тавьсан. Үлдсэн 7 тооны адууг нь Эмээлт захад аваачин нэрийг нь мэдэхгүй ченжид борлуулсан. Нийт 7 тооны адуу 3 000 000 төгрөг болсон. С бид хоёр Бас авах ёстой байсан 1 сая төгрөгийг суутгаад дээр нь 1.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Урьдын зээлүүлсэн 1 сая төгрөгийг Баттулгын дансанд хийсэн. Маяти маркийн 51-19 ТӨВ улсын дугаартай автомашин манай нөхөр С-ын нэр дээр байдаг. Төв аймгаас анх гарахдаа Б нийт хичнээн тооны адуу байгаа, хэдэн төгрөгөөр бодож зарна гэж хэлээгүй. Б өөрөө та хоёрын 1 сая төгрөгийг л олж өгнө гэсэн. Бид хоёр Б алга болчих байх гэж санаад амьхандаа хамт явсан юм. мөн манай адуу 14-р зөрлөгт байсан бөгөөд адуугаараа бас орно гэж явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/,
Б нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад 3-лаа нэг мотоциклтэй яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн гэж 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн анхны мэдүүлэг үнэн зөв. Сүүлд миний бие өвдөөд БНХАУ-н Хөх хотод шинжилгээ өгөөд буцахад Говьсүмбэр аймгийн цагдаагаас мэдүүлэг чинь зөрүүтэй байна, ахиж ирж мэдүүлэг өг гэхээр нь би Хөх хотоос буцах замдаа Чойрт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгсөн. Манай нөхөр С бид хоёрын мэдүүлэг Б-н мэдүүлэгтэй зөрүүтэй байна. Манай нөхрийг Б гэх хүнтэй нүүрэлдүүлж асууна гэсэн. Нөхөр бид хоёр хүнээс адуу худалдаж авсан биш яг үнэндээ бид хоёрт чирэгдэл аягүй их учруулж байна. Дээр нь миний биеийн байдал муу байхад наашаа цаашаа явах гэж хэцүү байна. Тэгсэн 2019 оны 03 дугаар сард Говьсүмбэр аймгийн цагдаа дээр мэдүүлэг өгөх гээд хүлээж байхад Б гэх хүний өмгөөлөгч Э гэж хүн Б-г шарга азаргатай адууг ганцаараа тууж ирсэн гээд хэлчихвэл ахиж дуудаад байхгүй ш дээ, тэгэхгүй бол мэдүүлгийн зөрүү гарахгүй байна гээд ахиад цагдаагаас дуудна. Аягүй бол шүүх хурал дээр дуудна даа гэж хэлсэн. Тэгээд би морь босгох гэж Б, Б нар хамт явсныг нь адуу хамт тууж ирсэн гэж андуурсан байна гээд худлаа мэдүүлэг өгсөн. Учир нь ингээд хэлчихвэл ахиж дуудахгүй байх гэж бодсон юм. Яг үнэндээ бол Б, Б хоёр морь босгох гэж яваагүй... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
7. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би Баттулгын ээжтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. 2017-2018 онд манайх Баянцагаан сумын Самбарт гэх газар өвөлжсөн. Б 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яваад дахиж манайд ирээгүй. Манайх адуугаа алдсан нь үнэн. Б бол адуу алдахаас өмнө явсан хүн байгаа. Манай адуунд явж хайлцсан зүйл байхгүй. Б манай адуунд 6 тооны адуу авч ирээгүй. Манай адуу Баянтал хавиар байсан зүйлгүй, мөн манайд шарга азаргатай адуу байхгүй тул Б ямар ч адуунууд авч ирж нийлүүлсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-133 хуудас/,
8. Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын эхээр Мэлийн хүү Б гэх банди адуугаа татаж гаргаж ирсэн. Тэгээд энэ хавиараа өөрийнхөө адууг өөрийнхөө буюу зөрлөгийн худаг дээр, бусад адуугаа хойд худаг дээр усалдаг байсан. Би сүүлд 03 сарын сүүлд байх би нэг Мэлийн хашаанд давхиад очиход Мэл хүүгийн хамтаар Фронтер маркийн машинд 10-аад тооны шарга азаргатай адуу ачсан, худалдаж авсан гээд 5 тооны халиун үрээ, шарга сарваа, бор сарваа, хонгор байдас, ягаан байдас гэсэн адуу байсан. Тэгээд би зарвал авчих санаатай үзсэн юм. Тэгээд тэр 5 адуугаа азарганд хураалгана гэж байсан. Б гэх залууг танихгүй, тухайн үед шарга азаргатай адууг л ачиж байхыг нь харсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,
9. Гэрч Э.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2017 оны 05 дугаар сараас Мөнх-Эрдэнийн 11 азаргатай 200 орчим адууг маллах болсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр шуурганаар Төв аймгийн Баян сумын нутгаас анх адуугаа уруудуулж алдсан. Тэгээд араас нь эрж яваад Чойрын нутагт алдсан адуугаа бөөгнүүлсэн. Тэгэхэд хул азаргатай 9 тооны адуу олдоогүй бөгөөд зүүн тийшээ Хэнтий аймгийн нутаг руу гарсан сураг байсан. Тэрнээс хойш хул азаргатай адууг огт олоогүй. Харин хээр халзан азаргатай 14 тооны адууг Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн хойш 5-6 км газраас 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр олж авсан. Тухайн үед ойр ойрхон шуурга тавиад байсан. тэгэхэд адуунуудаа дахиж алдаад Дорноговь аймгийн үдэлтийн хаалганы орчмоос олж авсан. Тэгэхэд хээр халзан азаргатай адуу тэнд очоогүй юм билээ. Тэгээд сураг тавихад Дорноговь аймгийн ДаланЖан сумын Нартын хаданд хээр халзан азаргатай адуу сураг гарсан. Тэр хавиар хайсан боловч олдоогүй. Дараа нь 2018 оны 04 дүгээр сард хээр халзан азаргыг 16 дугаар зөрлөгийн хүн О гэж хүнд зарсан байхыг азаргаа амьдаар нь олж авсан. Хээр халзан азарга улс бүсэд айрагдаж байсан. Хурдан азарга байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-148 хуудас/,
10. Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын сүүлээр би адуугаа эргэх гэж Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очсон юм. Тэгсэн Д, Б нар нь тамир муутай, тэнхээгүй, сартай чандмань тамгатай хээр халзан азаргыг хашаандаа тэжээж байсан. Тэгээд би хээр халзан азаргыг авч 2-3 жил гүү хураалгая гэж бодоод Бд наад хээр халзан азаргаа өгчих оронд нь гүү өгье гэж хэлсэн. Уг азаргатай цуг хонгор гүү байсан бөгөөд тэр гүүг нь би 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг хоёр адууг ачаад Улаанбаатар хот 61-ийн гарамд хашаандаа аваачиж тэжээсэн. Хээр халзан азарга, хонгор гүү хоёрыг би ойролцоогоор 20 гаруй хоног тэжээж тэнхрүүлсэн. Тэгээд би фэйсбүүкт байдаг “хурдан морь сонирхогчдын групп”-д зарна гээд Хээр халзан азарганы зургийг тавиад зар тавьсан юм. Удалгүй нэг хүн 99116668 дугаарын утаснаас залгаад авъя гэхээр нь ирээд ав гэсэн. Тэгсэн тэр хүн ирээд миний азарга байна гэж хэлээд намайг хулгайч бацаанаар дуудсан. Тэр адууны эзэн гэх ах цагдаа дуудсан. Дараа нь удаагүй намайг эзгүй хойгуур ирээд хонгор гүүгээ авсан байна лээ. Би Б-д азаргын орны гүүг өгөөгүй байсан. Хонгор гүүний 800 000 төгрөгийг өгчихсөн байсан. Б хээр халзан азаргыг хүнээс худалдаж авсан талаар хэлсэн. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэж хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170 дугаар хуудас/,
11. Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 3 дугаар сард манайх 2 азарга адуу, хариулгаар 5-6 азарга адуу алдсан. 2018 оны 03 сард Говьсүмбэр аймгаас урагш Айраг орчмоос хагас адуугаа олж аваад эргүүлж авсан. Төмөр замын баруун талаараа адуугаа туусан. 16 дугаар зөрлөгийн орчим адуугаа услах гээд антен дээр байгаа хүнтэй уулзсан. Гэтэл тэр ахимаг насны хүн манай худагт услахгүй юу гэхээр нь тэр хүнийг дагуулаад төмөр замын цагаан нүхээр баруунаас зүүн тийш гарч засмал замын зүүн талд байх худаг дээр адуугаа усалсан. Тэр хүн мотороо авчирсаны дараа адуугаа дөнгөж услаад байж байтал тэр худгийн эзний хүү нь гэх залуу мотоциклтой зүүн талаасаа ирсэн. Адуугаа услаад байж байтал цагаан өнгийн Маяти машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж зогссон. Ирсэнээс нь хойш нилээд хугацааны дараа зүүн талаасаа цэнхэр дээлтэй залуу цагаан өнгийн мотоциклтой ирсэн. Мэлийн хүү болон зүүн талаас ирсэн цэнхэр дээлтэй залуу 2 бид гуравт морь барьж өгсөн. Д морио унаад адуугаа туугаад Цагаан бид 2 машинтайгаа араас нь хөдөлсөн. Манай адууг усалж байхад худаг тойроод зайтай холуур олон адуу байсан. Ер нь зүүн талаараа адуу нилээн харагдаж байсан. Бид нарыг явахад цагаан өнгийн машинтай эрэгтэй эмэгтэй 2, мөн мотоциклтой 2 залуу байсан. Тэдгээр хүмүүс нэг, нэгийгээ танихгүй байх шиг байсан. Нэг нэгнээсээ адуу сураглаад байсан. Худаг дээр адуу усалж өгсөн Мэл гэх хүн болон тэр цэнхэр дээлтэй үл таних залуу, Маяти машины жолоочийн зүгээс намайг нэг нэгнийгээ, танихгүй хүмүүс байсан гэж хэлээд өгөөч гэж ятгасан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/,
12. Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын эхээр манай 2 хүрэн азаргатай нийт 62 тооны адуу, О гэж хүний 200 гаран тооны адуу, Д гэх хүний 3 азарга адуунууд шуурганд уруудуулж алдсан. Очирбат, Д, Б нарын хамт Тоёота Ланд-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй дээрх уруудуулж алдсан адууны эрэлд явж байгаад 7 хоногийн дараа эхний О гэж хүний 4 азарга адууг 32-ын тоочиг гэх газраас олж авсан. Тэндээс азаргатай адуунуудаа цувуулж олсоор байгаад хамгийн сүүлд миний 1 азарга адуу, О-н 1 азаргатай адууг олж авсан. Тэдгээр адуунуудыг Дорноговь аймгийн урд талаас олж авсан. Тэндээс адуунуудаа бөөгнүүлж туусаар байгаад 33 билүү 35-ын тоочиг гэх газарт бүх айлууд адуугаа бөөгнүүлсэн. Б бүх адууг туугаад Говьсүмбэр чигт хөдөлсөн. Д, О бид 3 түрүүлээд машинтайгаа явсан. Очирбат бид 2 Говьсүмбэр аймгийн Баянтал суманд ирж Д-ыг гэрт нь үлдээгээд бид 2 Улаанбаатар хот руу явсан. Миний хувьд тухайн хүмүүсийг адуугаа хайж яваад таньдаг мэддэг болсон. Тэр жил олон мянган адуу уруудсан. Тэр хавиар маш олон адуучид адуугаа бөөгнүүлж явсан. Би Д гэх хүний адууг танихгүй, тэр үед машинтай хамт явж байгаад зүс тамгаар нь өөрсдөө таниад уруудаж алдсан гэх 3 азарга адуугаа олж авсан. Тэр 3 азарга нь адуу нь хул зүсмийн азаргатай, эрлийз хүрэн зүсмийн азаргатай адуунууд байсан. 1 азарганы зүсийг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 48 хуудас/,
13. Гэрч О.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 онд манайх адуугаа Баянталаас баруун хойш замынхаа баруун талд адуугаа өвөлжүүлсэн. 2018 онд цагаан сарын үеэр болсон шуурганаар манай адуунууд уруудсан байсан. Г гэдэг залуу манай уруудсан адуунуудыг Чойроос урагш Хаялага нуурын орчим бөөгнүүлж цуглуулж өгсөн. 2018 оны хавар 3, 4 сарын үед л байх цас хайлаад адуу уух юмгүй болчихсон байсан. О, Д бид 3 адууныхаа араас Төв аймгаас О-ны хар өнгийн дунд гарын жип машинтай явсан. Тэгээд Хаялга нуурын орчмоос адуугаа аваад Д морьтой туугаад О бид 2 машинтай дагасан. Тэгээд эхний өдрөө Баянтал сумын баруун талд хөдөө хээр хоночихоод хойш нь туугаад явж байгаад 16-р зөрлөгийн орчим өндөр Антен байхаар нь О бид 2 явж очиход нэг танихгүй эрэгтэй байсан. Антен хардаг хүн болов уу гэж ойлгосон. Тэр хүнээс адуу услах худаг байна уу гэхэд төмөр замын нүхэн гарцаар манай худаг байгаа, хүү адуугаа усална, тэнд очоод усалчихгүй юу гэсэн. Тэгэхээр нь О бид 2 Дд очиж замын зүүн талын худагт адуугаа услахаар бид 2 түрүүлээд очиж байя гэж хэлээд машинтайгаа түрүүлээд антен дээр байсан хүнийг дагаад явсан. Дагах ч юу байхав, тэр хүн түрүүлээд худгийн түлхүүр авчирна гээд давхисан. О бид 2 худаг дээр очиход урд талаас худгийн эзэн давхиад ирсэн. Тэр ирээд мотороо гаргаж ажиллуулаад онгоцонд ус дүүргээд байж байтал манай адуунууд ардаас ороод ирсэн. Анх худаг дээр ирж байхад ачааны цагаан машины ойр хавьд харагдаагүй. Адуу усанд ирээд услаад байхад худгийн хойд талд цагаан машин ирээд зогссон. Мотор асааж өгчихөөд антен хардаг залуу давхиад явчихсан. Тэгтэл түүний хүү гээд залуу жоохон хүүхэд сундлаад урд талаасаа худаг дээр давхиад ирсэн. Тэгээд адуу услаад байж байтад зүүн талаасаа цэнхэр дээлтэй цагаан мотоциклтой залуу ганцаараа давхиад ирсэн. Түүнийг ирэх үед би худгаас зүүн урагш адуу хориод зогсож байсан. Яг хэдэн цагийн үед усалсан гэдгээ мэдэхгүй байна. Адууг худаг дээр тууж очиход худаг дээр ямар ч хүн байгаагүй. 5-6 тооны цөөхөн адуу байсан байх. 100 гаран тооны адуу усалсан болохоор худаг дээр нэг их удаагүй. 20-30 минут л болсон байх гэж бодож байна. Адуугаа услаад буцаагаад төмөр замын нүхэн гарцаар баруун тийш нь гаргаад хойш нь Төв аймаг руу туусан. Худаг дээр Д морьтой очсон. О бид 2 хар машинтай очсон... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг болно.
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч ******* нь яллагдагч Б.Б нарт холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэрэгт Ц.Д, Д.Б нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх авах эрхийг хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байхдаа 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хашаанд гэрч Ц.С, С.А нарыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн болох гэрч Ц.С, С.А нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******-ын өмгөөлөгч Ч.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч *******-ын хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууринаас шүүх хуралдаанд оролцож байна. Прокурорын яллах дүгнэлтээс харахад шүүгдэгч *******-ыг буруутгаж байгаа нотлох баримт нь Ц.С, С.А нарын мэдүүлэг байна. Бусад нотлох баримт нь Б.Б-д холбогдох хэргийн мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтууд байна. Хоёрхон хүний мэдүүлгээр хүнийг яллаж болохгүй. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримт болно гэж байгаа боловч энэ нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдох ёстой. Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч Ц.С, С.А нарыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ. Учир нь:
Шүүгдэгч *******-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, гэж үзэх нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;”, 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;” нотлохоор заасан байхад эдгээр нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй, хэрхэн яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал гэрч Ц.С, С.А нар нь “Б гэх хүний өмгөөлөгч Э гэж хүн Баттулгыг шарга азаргатай адууг ганцаараа тууж ирсэн гээд хэлчихвэл ахиж ирэх шаардлага байхгүй, тэгвэл хэрэг нь дууслаа, та хоёрыг ахиж дуудахгүй” гэх агуулгатай мэдүүлэг өгдөг боловч эдгээр хүмүүсийг мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Гэтэл Ц.С, С.А нарын мэдүүлгийг нотлох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй байна.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн байна. Харин уг ажиллагааг холбогдох оролцогчид танилцуулаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг “Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна.” гэх заалтыг зөрчсөн, мөн зүйлийн 10 дахь хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасан байх тул 7 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Гомбын Эд холбогдох эрүүгийн 1834000000140Т дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******-ыг цагаатгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-н Э-д холбогдох эрүүгийн 1834000000140Т дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******-ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ