Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00365

 

"Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2128 дугаар магадлалтай

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н ” ХХК болон “Б ” ХХК-д  холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,504,850.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хариуцагч “Б ” ХХК-ийн өмгөөлөгч С.Сансартуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2015 оны 5 дугаар сард туслан гүйцэтгэгчээр “Б ” ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэр, аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн төсөл дээр ажиллаж байсан. Туслан гүйцэтгэгчийн гэрээнд үнийн дүн заагдаагүй. Тухайн жилийн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгээр төлбөрийг тооцохоор тохиролцон 2016 онд манай компани нийт 185,144,400 төгрөгийн ажил гүйцэтгэж, “Н ” ХХК-д 98 хувийн гүйцэтгэлтэй ажлыг хүлээлгэн өгсөн. Тус ажлыг 2016 оны 09 сарын 15-ны өдөр захиалагч хүлээн авч, талууд гэрээгээ дүгнэн протокол үйлдэж баталгаажуулсан. “Б ” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч компаниас авсан атлаа манай компанид ажлын хөлс төлөөгүй. Одоогоор төлөгдөөгүй 77,000,000 төгрөг байгаа бөгөөд өмнө нь 108,000,000 төгрөгийг төлсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад “Б ” ХХК нь манайх санхүүжилтээ аваагүй учир танай төлбөрийг төлж чадахгүй байна гэсэн тайлбар гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н ” ХХК нотлох баримтыг ирүүлснээр “Б ” ХХК-д 185,000,000 төгрөгийн ажлын хөлсийг 100 хувь төлсөн байсан. Эндээс үзвэл “Б ” ХХК нь туслан захиалагч атлаа ерөнхий захиалагчийн төлсөн төлбөрийг туслан гүйцэтгэгчид дутуу олгосон нь тогтоогдож байгаа тул “Б ” ХХК-аас үлдэгдэл 77,504,850 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Н ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компани нь “Г ” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаагүй. Гэтэл “Г ” ХХК нь манай компанид холбогдуулж, нэхэмжлэл гаргаж хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компани 2015 оны 05 сарын 27-ны өдөр “Б ” ХХК-тай харилцан тохиролцож 151251 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хамтран ажилласан. Гэрээний дагуу “Б ” ХХК нь гэрээт ажлыг 2016 оны 9 сард бүрэн дуусгаж, хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасны дагуу зүлэг, мод тариалах ажлыг хүлээлгэж өгсний дараа 3 жил арчилгаа, усалгаа хийхээр гэрээнд заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн нь 111,800,000 төгрөг, 3 жилийн арчилгааны төлбөр 21,200,000 төгрөг, нийт 133,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, хамтран ажилласан. Гэрээний дагуу манай компани гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Санхүүжилтийг цаг тухай бүрт нь шилжүүлсэн. Гэхдээ 2016 оны ажлын гүйцэтгэлээр тоо хэмжээ өөрчлөгдөж, гэрээний үнийн дүн 185,144,400 төгрөг болсон. Үүнийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Манай компанийн зүгээс тус санхүүжилтээс 166,829,960 төгрөгийг “Б ” ХХК-д олгосон. Санхүүжилтийг олгосон тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 18,314,440 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлийг манайх “Б ” ХХК-д төлөх ёстой, үүнийг төлнө. Төлөхгүй гэх маргаан байхгүй. Талуудын хооронд байгуулсан 3 жилийн арчилгааны төлбөр энэ оны сүүлээр дуусна. Дуусах үед нь шилжүүлж өгнө. Өнөөдрийн байдлаар “Б ” ХХК болон манай компанийн хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Иймд “Г ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                      

Хариуцагч “Б ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Н ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Мөн туслан гүйцэтгэгчийн гэрээ буюу нэхэмжлэгч “Г ” ХХК болон “Б ” ХХК-ийн хооронд 2016 оны 10 сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдсаныг үгүйсгэхгүй. Уг гэрээний 3.1-т заасны дагуу нийт төлбөр нь тухайн жилийн ажлын гүйцэтгэл байна гэж тохирсон. Тэгэхээр 185,144,000 төгрөг нь зөвхөн 2016 оны ажлын гүйцэтгэл буюу тухайн жилд “Г ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил байх боломжтой. Учир нь 2016 оны 09 сарын 15-ны өдрийн протокол дээр туслан гүйцэтгэгчээр орсон “Г ” ХХК, “Б ” ХХК-ийн ямар нэгэн зохих зөвшөөрөл, ямар нэгэн төлөөлөх эрхгүйгээр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, н.Нарантуяа гарын үсэг зурсан байна. “Н ” ХХК-иас гаргаж өгч байгаа нийт санхүүжилт болох 185,144,400 төгрөгийн үнийн дүнг зөвхөн 2016 оны санхүүжилт гэж үзээд буруу ойлголттой яваад байна. 2016 оны хийж гүйцэтгэсэн ажил 185,144,400 төгрөгийн үнэ бүхий байж болно. Хамгийн гол нь “Н ” ХХК-иас 185,144,400 төгрөг шилжүүлэх ёстой гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар ажил хийгээгүй гэж байгаа бол гэрээний урьдчилаа гэж 35,000,000 төгрөг шилжүүлэхгүй байх байсан. Мөн 2015 онд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ургуулсан зүлэг үерт автаж байсан. Тэгэхээр туслан гүйцэтгэгчийн нэхэмжилж буй 77,504,850 төгрөг нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн манай компани одоог хүртэл “Н ” ХХК-тай ажил хүлээлцэж эцсийн тооцоог гаргаагүй, 2017 оноос хойш санхүүжилт аваагүй байгаа бөгөөд 2016 оны 09 сарын 15-ны өдөр гэрээг дүгнэж протокол үйлдсэн гэх баримтыг манай талыг байлцуулахгүйгээр хийсэн. 185,144,400 төгрөгийн ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар гаргуулах боломжтой байхад шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй, энэ баримтууд хэрэгт авагдаагүй байхад эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Б ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,584,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “Н ” ХХК-иас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2128 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Уг хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх 2018.08.02-ны өдөр 181/ШШ2018/01673 тоот шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.10.12-ны өдөр 2128 тоот магадлалаар тус тус хянан шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх хуульд нийцсэн, зөв зүйтэй шийдвэр гаргасан байтал давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Магадлалын хянавал хэсэгт анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзжээ. Үүнээс үзэхэд энэ нь дараах 2 байдлаар ойлгогдохоор байна. Үүнд:

1.Хэргийн оролцогчийн эрх зөрчсөн талаар: Хэргийн оролцогчдод хэргийн материалыг 2018.08.01,02-ны өдрүүдэд танилцуулахаас өмнө энэхүү хэргийн шүүх хуралдааны товыг анхан шатны шүүхээс мэдэгдсэн байдаг. Гэтэл хэргийн оролцогчид нь товыг мэдсэн мөртлөө ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээ хэрэгжүүлэлгүй явсаар шүүх хурлын өмнөх өдөр танилцсан байгаа нь шүүхийн буруутай үйл ажиллагаа биш юм. Өөрөөр хэлбэл, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан дариуд зохигчид нэмэлт нотлох баримт, санал, хүсэлтээ шүүх хуралдааны өмнө гаргаж өгөөгүй нь хэргийн оролцогчдын өөрсдийнх нь эрхийн асуудал байсан. Түүнчлэн шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж байгаа нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж байгаа явдал бөгөөд үүнээс хойш ИХШХШТХ-ийн 25.2.3-т заасны дагуу шүүхэд хүрэлцэн ирэх үүрэг нь хэргийн оролцогчид байдаг. Гэтэл үүнийг шүүхийн үүрэг мэтээр дан ганц өрөөсгөл байдлаар тайлбарласан нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтээс харахад хэргийн оролцогч шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйгээс болж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж ойлгогдохоор байна. Хэрэв ийм тохиолдолд хэзээ ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын явагдахгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж чадахгүй байх нөхцөлд хүрнэ.

2. Нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн талаар: ИХШХШТХ-ийн 38.7-д заасны дагуу нотлох баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгөх үүрэг хэргийн оролцогчдод байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгсөн нь ИХШХШТХ-ийн 105.2-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт нь урьд нь гаргаж өгөх боломжтой байсан нотлох баримт бөгөөд чухам яагаад шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа хүндэтгэн үзэх шалтгаан нь тогтоогдоогүй. Иймд дээрх хуульд заасны дагуу зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай л бол шүүх уг нотлох баримтыг хүлээн авч болох тухай зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой л бол заавал авч судлах ёстой мэтээр тайлбарласан байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримт нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй зүйл байсан учраас энэ тал дээр зохигчид маргаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч “Б ” ХХК, “Н ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,584,850.00  төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч “Б ” ХХК нь эс зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн протокол”-д манай захирал гарын үсэг зураагүй, нэхэмжлэлд дурдсан тооцоолол нь тодорхойгүй гэж маргасан.

Хариуцагч “Н ” ХХК нь “Г ” ХХК-тай гэрээ байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг “Б ” ХХК-д бүрэн төлсөн гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нь “Н ” ХХК-иас татгалзсан байна.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах  боломжоор хангах үүргээ хуульд зааснаар бүрэн хэрэгжүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтанд үндэслэгджээ.

Зохигчдыг 2018 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцуулж, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г ” ХХК-аас маргааны үйл баримтад хамааралтай байж болохуйц 7 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн, түүнчлэн  хариуцагч “Б ” ХХК-ийн өмгөөлөгч талуудын хооронд ямар тохиролцоо явагдсан, өглөг, авлага байгаа эсэх, мөнгө хасах болсон шалтгаан, төлбөрийн талаар нотлох баримт  гаргуулах  хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2018/08872 дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг хүлээн аваагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Б ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,500.00 /таван зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН