Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“БУ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.Золзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н

Хариуцагч А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0182/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасныг тус тус баримтлан “БУ” ХХК-иас нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.З-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүүний өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийгээгүй, нотлох баримтын шаардага хангаагүй, хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримт буюу хариуцагчийн гар утсаар бэхжүүлсэн гэх, хэзээ авсан нь тодорхойгүй гэрэл зургуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, шүүх талуудын тэгш эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцагчийн гар утсанд үзлэг хийгээгүй.

3.2. Нэгэнт зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг хуульд тусгайлан заасан байхад зөрчлийн талаар дахин нотлох баримт бүрдүүлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д нийцэхгүй.

3.3. Улсын байцаагчийн зүгээс компанийн эрх бүхий албан тушаалтанд ямар зөрчилд холбогдуулан шалгалт хийж байгаагаа мэдэгдэж тайлбарласан баримт байхгүй. Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхдээ холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан баримт байхгүй. Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг хийгээгүй, тэмдэглэлд тавигдах хуулийн шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн зүйлийн 2-т зааснаар тэмдэглэлд компанийн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг зуруулаагүй, гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ талаар тэмдэглэлийг хийж, бэхжүүлээгүй алдаанууд гаргаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй байхад шүүх 6.15 дугаар зүйлийн 5.1 заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Гэрч Ц.М-ийн “тэмдэглэлд гарын үсэг зураагүй, энэ миний гарын үсэг биш” гэсэн мэдүүлэг, Ц.Т-ийн “улсын байцаагчийн гуйсны дагуу, түүнд итгэж, төлөөлөх эрх бүхий этгээд биш мөртлөө гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлгийг шүүх үнэлээгүй.

3.5. Улсын байцаагч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1, 10.1.7 заалтуудыг зөрчсөн, энэ нь Коронавируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын 3 дугаар зүйлд заасан арга хэмжээнд хамаарч байна гэж үзэж улсын байцаагч торгууль ногдуулсан байхад анхан шатны шүүх тусдаа зөрчил, гэж үзсэн атлаа шүүхээс шийдвэрлэх, дүгнэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

3.6. Анхан шатны шүүх шийдвэртээ “Хариуцагч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мах, махан бүтээгдэхүүний үйлвэрлэлийн явцад шалгалт хийх эрхгүй гэж үзэхээргүй, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “эрхгүй этгээд шалгалт хийж, шийтгэл оногдуулсан” гэх гомдол үндэслэлгүй” гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

2.1. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсаар БУ” ХХК-ийг Мах махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг мөрдөж ажиллаагүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзэж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гаргасан “БУ” ХХК-ийн гомдлыг шүүх хангаагүй нь буруу биш байна.

2.3. Анхан шатны шүүх “... Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З нь “БУ” ХХК-ийг Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага МNS 5023:2001 стандартын 3.4.4, 3.5.1-3.5.4, 4.5, 5.1.1, 6.2.3, 6.2.5, 6.2.6, 7.1, 7.4, 7.7, 8.2.3, 8.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Тухайлбал “БУ” ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болохынхоо хувьд бууз баншны үйлдвэрлэл болон мах ангилан савлах үйл ажиллагаагаа тогтоосон стандартын шаардлага хангасан байранд явуулах, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан фото зургууд болон гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн гомдол гаргагчаас хийж ирүүлсэн видео бичлэгээр тус тус тогтоогдсон ... шийтгэлийн хуудас нь бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байгаа эсэх асуудлаар бус Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн байдлын үндсэн шаардлага. MNS 502352001 стандартын шаардлага хангаагүй асуудлаар гарсан байх тул уг гомдолд тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2.4. Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага МNS 5023:2001 стандартын 3.4.4-т “Мах, бэлэн бүтээгдэхүүн хөргөх, хөлдөөх хонгил, өрөө, хадгалах зоорь нь технологи, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн  хангасан байна”, 3.5.1-т “Шал нь ус нэвтэрдэггүй, ус шингээдэггүй, угааж цэвэрлэхэд тохиромжтой, гулгадаггүй, материалаар зай завсаргүй хийгдсэн, цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжтой байх ёстой. Мөн шал нь ус чөлөөтэй урсаж, бохир усны хоолой руу орж байхаар налуу хийгдсэн байхын дээр зохих шаардлагын дагуу байрлуулсан тор бүхий нүхтэй байна. 3.5.2-т “Хана нь ус нэвтэрдэггүй, ус шингээдэггүй, угаахад тохиромжтой материалаар хийгдсэн, цэвэрлэхэд хялбар, цагаан, цайвар өнгөтэй байна...” 3.5.3-т “Тааз нь тоос шороо хуримтлагдахгүй, ус, чийг аль болох багаар үүсгэх, мөөгөнцөр, хөгц ургаж үржихгүй, будаг, шохой нь хуурч унахгүй цэвэрлэхэд хялбар байвал зохино”, 3.5.4-т “Цонх нь тоос шороо орж хуримтлагдахгүй, шавьж нэвтрэхгүй торон хаалттай, угааж цэвэрлэхэд хялбар, хуурч унахааргүй тогтвортой будагдсан байна. Цонхны тавцанг тавиур болгон ашиглах боломжгүй, налуу байдалтай хийсэн байна. Хаалгыг тэгш гөлгөр гадаргуутай, ус шингээдэггүй материалаар хийсэн байхын дээр бүрэн хаагддаг, боломжтой бол өөрөө хаагддаг байвал зохино”, 4.5-т “Мах сэврээх, хөлдөөх, хадгалах өрөө, хонгил, зоориуд нь орчны дулааны хэмийг хэмжих, бичиж тэмдэглэх хэрэгсэлтэй байна”, 5.1.1-т “Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээг “Ундны ус” MNS 900:92 стандартын шаардлагыг хангасан ундны усаар хангана”, 6.2.3-т “Ажлын байр, талбай, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажиллагааны эхэнд болон явцын дунд, төгсгөлд ариун цэврийн дүрмийн дагуу цэвэрлэж ариутгаж байна. Цэвэрлэгээ ариутгалд эрүүл ахуйн байгууллагын зөвшөөрсөн бэлдмэл, бодисыг хэрэглэнэ”, 6.2.5-т “Технологийн тодорхой дамжлага дээр тухайн ажилбараас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 6.2.6-т “Мах шулах, татах үйл ажиллагаа явуулахад орчны дулаан нь 160С хэмээс илүүгүй байхаар дулаан солилцоог зохицуулна. Технологийн үйл ажиллагааг 4-5 цаг үргэлжлүүлсний дараа ажлын байр, талбай, тоног төхөөрөмжийг цэвэрлэж, ариутгана. 7.1-т “Махны үйлдвэрт ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл болох нь бүрэн тогтоогдсон байна” 7.4-т “Ажиллагсдын хувийн ариун цэврийн байдлыг үйлдвэрийн захиргаанаас томилогдсон комисс, хяналтын хэсэг, эрх бүхий ажилтан шалгаж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 7.7-т “Үйлдвэрт ...зөвхөн хамгаалах хувцас (халат, улавч, малгай г.м)-тэй нэвтрүүлнэ. 8.2.3-т “Мал, амьтны мах түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь ... улиралд 1 удаа шинжилнэ”, 8.2.5-т “Мал, амьтны мах, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд эрх бүхий байгууллагаас томилогдсон мал эмнэлгийн ариун цэврийн байцаагч үзлэг хийж, тамга дарна. Мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдлын тодорхойлолтыг эрх бүхий лабораториос шинжилгээний үндсэн дээр гаргана. Мал эмнэлэг, ариун цэврийн байцаагчийн үзлэг болон лабораторийн шинжилгээгээр энэхүү стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлнэ” гэж тус тус заажээ.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-т “зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, ... гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ... шүүх хуралдааны тэмдэглэл, ...бусад баримтаар тодорхойлогдоно” гэж тус тус заасан.

2.6. Хэрэгт авагдсан фото зургууд, гэрчүүдийн мэдүүлэг, гомдол гаргагчаас хийж ирүүлсэн видео бичлэг зэрэг баримтаар БУ” ХХК-ийн бууз баншны болон мах ангилах цехийн шал нь бараан өнгөтэй, хагарсан, зай завсартай, цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ бохир, ажиллагсад нь ажлын бус, гадны гутал хувцастай байсан нь тогтоогдсон байх тул хариуцагчаас тус компанийг Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага МNS 5023:2001 стандартын 3.4.4, 3.5.1-3.5.4, 4.5, 5.1.1, 6.2.3, 6.2.5, 6.2.6, 7.1, 7.4, 7.7, 8.2.3, 8.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл “БУ” ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болохынхоо хувьд бууз баншны үйлдвэрлэл болон мах ангилан савлах үйл ажиллагааг дээр дурдсан стандартын шаардлага хангасан байранд явуулах, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гомдол гаргагчаас тус баримтуудыг няцаах буюу эдгээр зөрчил огт байгаагүй талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрч Ц.М (БУ” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай) улсын байцаагч нарын хяналт шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлсэн фото зургууд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гарал үүслийн талаар мэдүүлсэн[1] байх тул анхан шатны шүүх “... гэрч Ц.М нь “А.З нарын улсын байцаагч нар тус компанийн цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн, зураг авсан” болохыг мэдүүлсэн, хавтаст хэргийн 42-44 дэх талд авагдсан фото зургуудыг цехийн болоод агуулахын, мэдэхгүй гэсэн ангиллаар ялгаж нэрлэсэн, гэрч Ц.Т-ээс уг фото зургуудад дүрслэгдсэн “Жэюүг” бүтээгдэхүүн нь тус компанийн нэрийн бүтээгдэхүүн гэж тайлбарласан тул фото зургуудыг зөрчлийг нотлох баримт биш гэж үзэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

2.8. Түүнчлэн Улсын байцаагчийн актаар зөрчилтэй гэж үзэж шийтгэл ногдуулсан 2021 оны 12 дугаар сарыг 17-ны өдрөөс хойшхи цаг хугацаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан жил гаруй хугацаанд гомдол гаргагчаас улсын байцаагчийн зөрчилд тооцсон үндэслэлийг няцаах баримт, нотолгоог шүүхэд гаргаж ирүүлэх боломжтой, нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхийг “маргааны үйл баримтын талаар баримт нотолгоог цуглуулж бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэлгүй.  Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас “бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгч эрүүл ахуйн шаардлага хангаж ажилласан, температурыг тогтмол хянаж бүртгэл хөтөлдөг байсан талаар болон  үйлдвэрлэлийн байр ариун цэврийн шаардлага хангаж байсан, бүтээгдэхүүн хэрэглэгдэх болон технологийн хэрэгцээт усыг лабораторын шинжилгээнд хамруулдаг, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг стандартын шаардлагад нийцүүлэн хийдэг байсан, мөн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдаагүй, ажиллагсдыг эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангасан, бүтээгдэхүүнийг улиралд 1 удаа лабораторын шинжилгээнд хамруулсан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг мөрдөж ирсэн”-ийг нотлох баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

2.9. Мөн хуульд гэрэл зургийг заавал тусгай тоног төхөөрөмжөөр авсан байхыг шаардаагүй, гомдол гаргагчаас хэрэгт авагдсан зурган баримтуудыг няцаахуйц өөрийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн байр, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа холбогдох хууль журам стандартыг хангаж байгааг нотлох зураг болон бусад баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй байх тул шүүх хариуцагчийг хууль бус баримт нотолгоог хэрэгт бүрдүүлсэн, уг баримтыг үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

              2.10. Анхан шатны шүүхийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл нэгэн зэрэг бус аль нэг нь бүрдсэн тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрхийг эрх бүхий албан тушаалтанд олгосон агуулгатай тул холбогдогч гомдлоо хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” нөхцөл байдал байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмыг хэрэглэх боломжтой” гэсэн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

              2.11. Түүнчлэн шүүх “... "БУ" ХХК-ийн захирал Д.А нь эрх бүхий албан тушаалтнаас хяналт шалгалт хийсэн, зураг авсан талаар тухайн өдөр мэдсэн атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлэх талаар хүсэлт, шаардлага гаргаагүй, эрх бүхий албан тушаалтнаас мэдэгдсэний дагуу очоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэстэй.

2.12. Тухайлбал, “БУ” ХХК-ийн захирал Д.А нь эрх бүхий албан тушаалтаас хяналт шалгалт хийгдсэн болохыг мэдсэн болох нь Ц.М-ийн гэрчээр өгсөн “улсын байцаагч нар ирээд явсаны дараа би эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг (2-хх-ийн 16 дахь тал), ** гэх хаягтай фейсбүүк чатаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн талаарх гэрэл зургуудыг явуулсан, иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг мэдэгдэхэд хариу зурвас илгээсэнээр, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.А-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол зэргээс үзвэл нэгэнт тус компани эрх бүхий албан тушаалтан шалгалт хийсэн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна улсын байцаагчаас компанийн захиралд ирэх талаар мэдэгдсэн, хариу зурвас илгээсэн зэргээс үзвэл хариуцагчийн зүгээс мэдэгдэх танилцуулах арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул гомдол гаргагчийн  “... улсын байцаагчийн зүгээс компанийн эрх бүхий албан тушаалтанд ямар зөрчилд холбогдуулан шалгалт хийж байгаагаа мэдэгдэж тайлбарласан баримт байхгүй, холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулаагүй ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд улсын байцаагч эрх үүрэг танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь гэх гомдол, тайлбар нь тус компани шийтгэлийн хуудаст заасан зөрчил үйлдээгүйг нотлохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              2.13. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар “БУ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1-т заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан Коронавируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журамд заасан “ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө, шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байрлуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийдэггүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан талаар тэмдэглэгдээгүй байх тул анхан шатны шүүх “... маргаан бүхий шийтгэлийн хуудас нь ... Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага. МNS 5023:2001 стандартын шаардлага хангаагүй асуудлаар гарсан, ... Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан Коронавируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журамд заасан арга хэмжээнд хамаарч байх тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэх зөрчилд хамаарахгүй, ... “ гэж дүгнэсэн нь зөв.

              2.14. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүнсний сүлжээнд ашиглах ..., барилга байгууламж, ажлын байр нь эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг шалгалт хийх;”, 18.1.3-т “...дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох” гэж заасан чиг үүргийг хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “Мэргэжлийн яналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.15, ...-д заасан зөрчил”-д шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар, Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага. МNS 5023:2001 стандартын хамрах хүрээ нь ... зах зээлд нийлүүлэх зорилгоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх”-д мөрдөгдөхөөр байх тул  хариуцагч нь Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн хувьд “мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад шалгалт хийх эрхтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “эрхгүй этгээд шалгалт хийж, шийтгэл оногдуулсан” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

               Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] 2хх-ийн 19 дэх тал