Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 47

 

Баянгол дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Иргэдийн төлөөлөгч: Б.Баянбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: С.Чинзориг ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Л.Ганцэцэг, Б.Энхтүвшин, Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Алтантэнгэрийн Цогтбаатар, Ямаатынхан овогт Төмөрбаатарын Ганбуян, Ундрах овогт Банзараагийн Цогт-Эрдэнэ нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014260000268 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн  Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Төв аймаг Зуун мод 5-р багт эхийн хамт оршин сууж байсан, одоо тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн. Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан. Боржигон овогт Алтантэнгэрийн Цогтбаатар. НЭ-91071711 тоот регистртэй,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан  дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 81-16 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаа авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ямаатынхан овогт Төмөрбаатарын Ганбуян. УС-85022317 тоот регистртэй,

            3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, ах дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн задгай 240 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б, 169 дугаар зүйлийн в-д заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял шийтгүүлж, 1981 оны 4 дүгээр сарын 6-нд суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Ундрах овогт Банзараагийн Цогт-Эрдэнэ, ЧВ-6004119 тоот регситртэй.

Шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20-21 цагийн орчимд Баянгол дүүргийн 08 дугаар хороо 08 дугаар байрны  өмнөх гражийн дунд байрлах дулааны худагт 45 настай, эмэгтэй Н.Баярмааг архи ууж согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж танхайн сэдэлтээр онцлох шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн  чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрхи болон доорхи цусан хураа, толгойн хуйхны  цус хуралт бүхий гэмтлийг санаатай учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Цогтбаатар мэдүүлэхдээ:”…2014 онд хүний амь нас хохирсон дулааны худагт би шөнө дунд очсон. Намайг очиход талийгаач эмэгтэйн нүүр нь цус болсон толгой нь хагарсан байдалтай байсан. Тэнд Саранчимэг Нарантунгалаг нар л эрүүл бусад нь эрүүл эсэх нь мэдэгдэхгүй унтацгааж байсан. Би талийгаачийг хэн зодсоныг асуухад Саранчимэг, Нарантунгалаг нар Ганбуян, Цогт-Эрдэнэ нарыг зодсон гэж хэлсэн. Тухайн үед Цогт-Эрдэнэ ах тэнд байгаагүй. Ганбуян ах байсан. Би тэрнээс талийгаачийг яагаад зодсоныг асуухад яадаг юм гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Ганбуян ах талийгаачийн нүүрийг цус болсон байхыг хараад ах нь ийм болтол нь зодоогүй гэж хэлж байсан. Би болсон явдлыг өөрөө хараагүй. Надад талийгаачийг цохиж зодож, дарамталсан зүйл байхгүй. Намайг талийгаачийг төмрөөр цээж нуруунд нь цохьсон гэж мэдүүлсэн нь худлаа зүйл. Би талийгаачийн нүүрэн дээрх цусыг арчиж цэвэрлэсэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 гэх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүгдэгч Ганбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаач Баярмаа 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бид нартай хамт архи уусан. Тэр өдрөөс хойш буюу 02 дугаар сарын 08-ны өдрөөс 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө нас барсан. Гэтэл Саранчимэг, Мягмарсүрэн нарын мэдүүлгээр 02 дугаар сарын 04-ний өдөр алаад булсан гэсэн байдаг. Тухайн өдөр Цогт-эрдэнэ ах намайг дулааны худагт хүргэж өгөөд бид хамтдаа архи уусан. Гэтэл талийгаач надаас архи нэхээд байхаар нь би архины шилээ хажуудаа тавиад ганц хоёр удаа алгадсан. Гэтэл талийгаач “худлаа яриад бай архиа цаанаа нуучихлаа” гэхээр нь би хоосон архины шилээ харуулаад шилээр нь толгой руу нь тогшсон. Мягмарсүрэн, Саранчимэг нар намайг 10 гаруй удаа талийгаачийн толгой руу цохьсон, хаа таарсан газраа цохьсон гэж мэдүүлсэн нь худлаа. Мягмарсүрэн хэрэг гарах үед дулааны худагт байгаагүй. Намайг очиход Саранчимэг, Нарантунгалаг, Гомбо, хөлгүй Гөөнөө буюу Дашдорж болон талийгаач нар байсан. Мягмарсүрэнг яагаад худал мэдүүлэг өгч байгааг мэдэхгүй байна. Би талийгаачийн амь насыг хохироогоогүй, харин цогцсыг нь нуун далдлах үйлдлийг хийсэн. Би түүнийг цохьсондоо гэмшиж байна. Мягмарсүрэнгийн мэдүүлгээр талийгаачийн толгойг цохьсон гэх архины шилийг тушаасан гэж мэдүүлдэг. Хэрвээ би талийгаачийн толгойг тэр шилээр хагалсан бол шил бүтэн үлдэхгүй байсан гэж бодож байна” гэв.

Шүүгдэгч Цогт-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэрч Саранчимэг мэдүүлэгтээ Цогтбаатар, Мягмарсүрэн, Гөөнөө буюу Дашдорж, гаргүй Тунгаа, Гомбо, Ганбуян гэх 6 хүн байсан гэж мэдүүлсэн. Хэрэг гардаг өдөр миний бие Ганхуягийн хамт Баянгол дүүргийн харъяа хорооллын эцсийн буудалд байрлах хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр явж байгаад Ганбуянтай тааралдсан. Бид гурав мөнгөө нийлүүлж 0.75 литрийн монгол стандарт архи авч гудамжинд уусан. Ганбуян намайг хүргээд өгчих гэхээр нь түүний дулааны худагт хүргэж өгсөн. Би Ганхуягийг түүхий эд авдаг цэг дээр байж бай гэж хэлээд Ганбуянг хүргэж өгсөн. Баянгол дүүргийн 8 дугаар хороооны 8 дугаар байрны хажууд байрлах траншид хүргэж өгсөн. Тэгэхэд Саранчимэг, Нарантунгалаг, Дашдорж болон талийгаач нар хамт байсан. Гэтэл Саранчимэг тэнд 6 хүн байсан гэж мэдүүлсэн нь худал юм. Саранчимэг тасраад Нарантунгалагийн ард унтсан байсан. Дашдорж, Нарантунгалаг нар намайг тэндээс гартал байсан. Надад талийгчааийг зодож амь насыг нь хохироосон зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний төрсөн эх байгаа юм. Би ээж Баярмаа болон эмээ 70 гарсан бие муутай Дарьжавын хамт амьдардаг. Манай ээж Н.Баярмаа 1969 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний доор 10-р ангийн нэг эмэгтэй дүү байдаг боловч манай хойд эцэг Ганболдыг дагаад хамт амьдардаг. Манай ээж хойд эцэг Ганболдоос гэрлэлтийн баталгаагаа салгалгүй салаад миний мэдэхийн 5-аас дээш жил тусдаа амьдарч байгаа. Би ээжтэй хамгийн сүүлд Цагаан сараар шинийн нэгний өдөр буюу 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эмээтэй золгох гэж ирэх үед нь уулзсан. Миний мэдэхийн сүүлийн 2 жил шахуу гадуур тэнэж амьдарч байгаа. Ээжийг хаагуур яваад байдаг болохыг нь мэдэхгүй. Манай ээж эхээс 3-лаа бөгөөд айлын хамгийн бага хүүхэд. Дээр нь ах Ганболд, Сарантуяа эгч нар байдаг. Ганболд, Сарантуяа эгч нарын утсыг нь мэдэхгүй. Манай ээж гэрээсээ гараад хамгийн удаандаа сар гаруй болоод хамгийн хурдан ирлээ гэхэд 3-4 хоноод ирдэг. Удаан яваад ирэхээрээ хөдөө яваад ирлээ гэж байнга л худлаа ярьж байдаг. Архи дарс уугаад битгий тэнээд байгаач гэхээр согтуудаа уурлаад эрүүлдээ бол юу ч хэлэхгүй байж байгаад гараад явчихдаг юм. Хохиролд баримтаар 5.752.600 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /2-р хх-5-9-р хуудас/,

Гэрч Ж.Саранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өнгөрсөн цагаан сарын дараахан сар шинийн 4 бил үү 5-ны өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8-р хорооны 8-р байрны баруун талд байрлах траншей “танканд” манай найзууд болох Ганбаяр, Цогоо, Мийгаа, Гөөнөө, Гомбо, Тунгаа нарын хамт архи уугаад сууж байсан ба тэр өглөө Баярмаа траншейны дээр ирж нөхөр болох Бат-Эрдэнийгээ дуудсан ба нөхөр нь болох Бат-Эрдэнэ нь бид нар дунд байхгүй байсан тэгэхээр нь би урдаас нь нөхөр чинь энд байхгүй байна гэж хэлтэл аан за за гэж хэлээд цаашаагаа явахаар нь Ганбаяр, Цогоо хоёр гарч араас нь гүйж очиж барьж аваад траншей руу толгойг нь оруулсан тэгээд Баярмаа та хоёр яагаад байгаа юм бэ би толгойгоороо орохгүй хөлөөрөө орчихож чадна гэж хэлтэл битгий хуцаад бай чамайг  яавал гээд наад руугаа орж суу гээд оруулсан тэгээд Баярмаад ууж байсан архиа өгтөл өгсөн архинаас нь Баярмаа уугаагүй бид нар ч тэндээ уууж байсан болохоор нилээд муудаад орой болж тэндээ унтахаар болсон ба унтацгаагаад өглөө нь босч тэнд хоносон хүмүүс бүгд гороондоо хамт явцгааж гороолсон зүйлээ зараад архи авцгаагаад буцаад траншей дээрээ ирж архиа ууцгаасан. Тэр үед Ганбаяр араас дэвхрэг Цогоотой нилээд халамцуу орж ирээд учир зүггүй намайг зодоод байсан. Тэгээд зодож байснаа намайг холдож бай гэж хэлсэнээ Баярмааг Ганбаяр зодоод эхэлсэн хажуугаас нь дэвхрэг Цогоо зодсон тэгээд байж байтал гаднаас жижиг Цогоо орж ирээд крантны төмрөөр ар нуруу хэсэгт нь маш хүчтэй цохиж эхэлсэн тэгээд зодож байснаа жижиг Цогоо гараад яваад өгсөн араас нь мөн дэвхрэг Цогоо гараад яваад өгсөн. Тэгээд траншейнд Ганбаяр, Мийгаа ах, Тунгаа, Гөөнөө, Гомбо, Баярмаа бид гээд зургуулаа траншейндаа үлдэж унтацгаасан шөнө дунд гаднаас жижиг Цогоо орж ирээд Баярмаагийн хажуугаар өмдөө тайлаад унтсан ба нэг мэдсэн жижиг Цогоо орилж босч ирээд Сараа эгчээ Баярмаа өнгөрчихсөн юм шиг байна гээд хашгираад байсан” гэсэн мэдүүлэг./хэргийн 1 дүгээр хавтас, 70 дугаар хуудас/

“... Тэр өдөр нь одоо бодоод байхад цагаан сарын шинийн 5-ны орой байсан юм байна.... Тэгэхэд бид нартай хамт Гөөнөө, Мийгаа, Гаргүй Тунгаа бид нар байж байхад цагийг нь мэдэхгүй байна гэгээтэй байхад Дэвхрэг Цогоо, Ганбаяр нэлээн согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ над руу Ганбаяр дайраад та нар акуркаа түүхгүй яасан юм гээд намайг Ганбаяр цохиж аваад зодох гээд байхаар нь би хөгшин хүн намайг битгий зодооч гэж гуйсан чинь чи ийшээ бол гээд намайг холдуулаад талийгаачийг шилээр цохиж аваад зодоод байсан. Тэгээд өөрөө талийгаачийг зодчихоод дараа нь Дэвхрэг Цогоог наад гичийгээ нүд гээд өөрөө холдоод Дэвхрэг Цогоо талийгаач дээр очоод хөлөөрөө өшиглөөд л байсан. Яг хаана нь хэдэн удаа цохиж байсаныг мэдэхгүй байна.... Тэгээд шөнө нь хэдэн цагт ч юм мэдэхгүй жижиг Цогоо ирчихсэн байсан. Тэр орж ирчихээд бас талийгаачийг траншэйнд байсан крантны төмрөөр цохиж аваад байсан. Би тэгэхэд нь чи яагаад эмэгтэй хүнийг цохиод байгаа юм болиоч гэхэд талийгаач нь битгий намайг цохиод байл даа гэж дуугарч байсан. Тэгээд жижиг Цогоо талийгаачийн хажуугаар ороод хэвтсэн. Тэгсэнээ шөнө нь жижиг Цогоо Сараа эгчээ энэ Баярмаа сонин болчихож гэхэд нь би босоод хүзүүн дээр нь дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Тэгээд Баярмааг үхсэнийг нь мэдсэн. ... Тэгээд бид нар бүгд босоод одоо яах вэ гэхэд би та нар өөрсдөө мэдэцгээ гэсэн чинь Ганбаяр бид нарыг энийг хүнд хэлэх юм бол та нарыг эвгүй болгоно шүү гэж хэлсэн. Тэгээд Ганбаяр Мийгаа ах хоёр гороо хийдэг том ногоон шуудайнд талийгаачийг хийгээд аваад гарсан. Гөөнөө ах чинь хөл муутай болохоор траншэйнаас гарч чадахгүй үлдээд Тунгаа, жижиг Цогоо бид гурав араас нь дагаж гарсан. Тэгсэн чинь Ганбаяр Мийгаа ах хоёр талийгаачийг аваад 8 дугаар байрны урд талын грашнуудын тийшээ явчихсан. Бид гурав гадаа нь байж байхад Ганбаяр, Мийгаа ах хоёр булчихлаа гээд хүрээд ирсэн....Шөнө орж ирэхэд талийгаач өнгөрчихсөн байсан. Жижиг Цогоо чинь орой Ганбаяр, дэвхрэг Цогоо хоёрыг зодсоны дараа нь орж ирээд крантны төмрөөр талийгаачийг цохиж авахад амьд байсан. ...Ганбаяр талийгаачийг нууна гэсэн. Тэгээд бид нарыг  хүнд хэлэх юм бол ална шүү гэсэн.

...Тэгээд дараа нь чоно Бат-Эрдэнэд ганцаараа уйлаад явж байхад нь би ганц юм авчихаад уух хүн олдохгүй явж байгаад таараад архиа хувааж ууж байгаад талийгаачийн яасныг би хэлсэн. /хэргийн 1 дүгээр хавтас 72-73 дугаар хуудас/

... Тэгээд л Баярмаа эргээд цааш явсан чинь араас нь траншейнаас Ганбуян, Цогтбаатар нар гараад талийгаач Баярмааг траншейн руу чирээд оруулаад ирсэн юм.

...Ингээд л Ганбуян, дэвхрэг Цогт-Эрдэнэ хоёр нийлээд Баярмааг зодож эхэлсэн.... Ганбуян архины хоосон 0.75 граммын лонхоор тархи толгой болон хаа тааралдсан газар руу цохиод байсан. Мөн Цогт-Эрдэнэ хөлөөрөө өшиглөөд байсан. Траншейн дотор буланд шахаад л зодоод байсан. Ганбуян, Цогт-Эрдэнэ нар талийгаач  болдог Баярмааг 30 гаруй минут хиртээ зодсон байх ... Цогтбаатар орж ирээд Баярмаа дээр очоод чамайг хэн ингэж зодсон юм гээд асууж байгаад крантны ус гоождог махир цорго төмрөөр талийгаачийн ар нуруу цээж рүү нь 3-4 удаа цохьсон. Хэрэг болсоноос хойш 2-3 хоногийн дараа байх Цогтбаатар траншейнд гал тавьж шатаасан. Цогтбаатар өөрөө л бид нарт нөгөө хэрэг болдог траншейнд гал тавиад шатаачихлаа гэж хэлсэн. Хэргээ л нууж далдлах гэж л ийм үйлдэл хийсэн байх” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74- 76 дугаар хуудас/,

            “…Баярмааг би явлаа, гармаар байна гэхэд нь Ганбуян, Дэвхрэг Цогоо буюу Цогт-Эрдэнэ хоёр эхэлж нийлж байгаад талийгаачийг нүүр, толгой руу нь гар хөлөөрөө цохиж зодсон. Тэгэж зодохдоо Ганбуян 0.75 граммын архины хоосон шилээр талийгаачийн толгой, цээж болон хаа тааралдсан газраа 7-8 удаа цохиж зодсон харин Цогт-Эрдэнэ чи бокс мэдэх үү муу гичий миниь гээд гараа зангидаж байгаад толгой руу нь 4-5 удаа цохиж, гэдэс хөл рүү нь 5-6 удаа өшиглөсөн. Ганбуян талийгаачийг зодож байхдаа Цогт-эрдэнэд наад гичийгээ зод гэхэд Цогт-Эрдэнэ муу гичийг алчихъя гээд зодоод байсан. Энэ маягаар тэр хоёр талийгаачийг 30 гаран минут зодсон. Цогт-Эрдэнийг явсаны дараа цаг гарангийн дараа Цогтбаатар 1 шил архи авч орж ирээд бид нартай хуваасан. Тэгэж байхдаа Баярмааг ородсон тэгтэл талийгаач яах гээд байгаа юм бэ болиоч гээд траншейнаас гарах гэтэл Цогтбаатар араас нь татаж унагаад чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд гэж уурлаад хэд хэдэн удаа алгадаж авсаны дараа гаднаас барьж орж ирсэн крантны төмрөөр талийгаачийн нуруу цээж рүү нь 3-4 удаа цохиж зодож байгаад гараад явсан. ….Би Цогтбаатар, Цогт-Эрдэнэ, Ганбуян гурав гурвуулаа талийгаачийг цохиж зодсон болохоор тэр гурав гурвуулаа зодсон гэж хэлсэн. Түүнээс тэр гурвыг нийлж байгаад талийгаачийг зодсон гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /3-р хавтас хэргийн 144-145/,

Гэрч Ш.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ганбаяр, Цогоо, Гөөнөө, Гомбо, гаргүй Тунгаа Саранчимэг, Баярмаа бид нар архи ууж байж байгаад би тасраад хэсэг унтаад сэрэхэд дэвхрэг Цогоо ирчихсэн Ганбаяртай нийлээд Баярмааг зодоод байсан. Юунаас болж зодсоныг мэдэхгүй. Тэгээд Ганбаяр, дэвхрэг Цогоо хоёр гарч явсан. Тэгээд нэлээд байж байтал Цогтбаатар нэг шил Стандарт архи барьчихсан орж ирээд архи ууж байгаад Баярмаагийн толгойноос цус гарчихсан байхаар нь чи яачихсан юм бэ битгий баашлаад бай гээд крантны цоргоны төмрөөр цээж рүү нь нэлээд хэд хэдэн удаа хүчтэй цохиод зодоод байсан. ...Тэгээд унтаж байтал Цогтбаатар бид нарыг сэрээгээд Баярмаа нэг л биш байна өнгөрчихсөн юм шиг байна гэсэн.... Би айгаад хүнд хэлээгүй. Цогтбаатар, Ганбаяр хоёр хүнийг их харгис хэрцгий зоддог хүмүүс байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77 дугаар хуудас/

“Сэрэхэд харанхуй болчихсон ойролцоогоор 20 цаг болж байсан байх хажууд хүмүүс зодолдоод байхаар нь сэрээд хартал Ганбаяр, дэвхрэг Цогоо хоёр талийгаач Баярмааг худагийн буланд хоёр талаас нь Цогоо өшиглөөд, Ганбаяр нь гараараа цохиж зодож байсан.… Тэгээд дэвхэрг Цогоо, Ганбаяр хоёр зодож байгаад гараад явчихсан ба Баярмаа хэвтээд үлдсэн. Баярмаа миний хажууд хэвтэж байсан болохоор хажууд хүчтэй амьсгаадаад байхаар нь яаж байна гэхэд дуугараагүй. Тэгээд би унталгүй хэвтэж байтал Цогтбаатар гаднаас нэг шил 0.75 граммын стандарт архи авч орж ирээд өөрөө талыг нь уучихаад …Баярмаа босч ирээгүй амьсгаадаад хэвтэж байсан. Тэгснээ Баярмаагийн цус нүүрийг нь арчиж байгаад Баярмааг хэвтэж байхад нь гараараа нүүр лүү нь цохиж байгаад тушаах гэж байсан крантны махир цоргоор цээж рүү нь хэд хэд хүчтэй цохиход Баярмаа дуугарахаа больчихсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 81 дүгээр хуудас/

“Ганбуян Саранчимэгийг зайл гичий минь гээд шууд үгийн солиогүй Баярмааг цохиж зодоод байсан. Ганбуян архины шилээр талийгаачийн толгой цээж рүү цохиод байсан. Мөн Цогт-Эрдэнэ гараар бас толгой цээж рүү нь  цохиод бас гэдэс хөл рүү өшиглөж зодоод байсан.…Үүнээс хойш цаг гаруйн дараа Цогтбаатар гаднаас ганцаараа нэг шил архи авч орж ирээд бид нар хувааж уусан юм. Ингэж байж байхдаа Цогтбаатар чамайг хэн зодоо вэ хэлээч гээд Баярмаагаас асуугаад байсан чинь Баярмаа юу ч дуугарахгүй хэвтээд байсан чинь Цогтбаатар Баярмаагийн нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод хажууд байсан крантны махир төмөр цоргоор Баярмаагийн цээжний зүүн хэсэг рүү 3 удаа нилээн хүчтэй цохьсон. Ингэж цохиж зодуулж байхдаа талийгаач ердөө дуугараагүй юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 83 дугаар хуудас/

“Баярмаа луу очиж буланд зогсоож байгаад Ганбуян хоосон архины шилээр талийгаачийн толгой руу 3-4 удаа, цээж рүү нь 5-6 удаа хүчтэй цохиж байсан. Тэгээд Ганбуян Цогт-Эрдэнэд хандаж наад гичийгээ зод гэхэд Цогоо муу гичийнүүдийг битгий даврааж байгаа ч алаад хаячихъя гээ энэ гичийг гээд гараа зангидаж байгаад гараараа толгой, цээж рүү нь 4-5 удаа цохьсон, мөн гэдэс, хөл рүү нь 5-6 удаа зодсон. …1 цаг гарангийн дараа Цогтбаатар гаднаас 1 шил архи авч ирж бид нартай хувааж уусан. Тэгэхдээ Баярмаагаас чамайг хэн ингэж зодоо вэ гээд асуух зуураа түүнийг оролдоод байсан. Тэгтэл Баярмаа болиоч гээд босоод гарах гэтэл Цогтбаатар араас нь татаад нилээд хүчтэй унагаачихсан. Тэгээд муу гичий үхлээ юу гээд нүүр лүү нь 3-4 удаа хүчтэй цохиж авсан. …Цогтбаатар тушаах гэж байсан крантны төмрөөр 3-4 удаа нилээн хүчтэй цээж рүү нь цохиж аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-4-156-157/,     

Гэрч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “…Тэгээд би Сараа эгч, Зоригоо ах гээд Сараа эгчийн нөхөр хоёртой хамт тэдний шатдаг 8 дугаар байрны траншейнд нь орж архи ууж байхад би Баярмаагаа санаад байх юмаа, бүүр дасал болчихож одоо хаана явдаг юм болдоо гэхэд Сараа эгч надад эгч нь ёстой нууж чадахгүй байна. Эгч нь бүх үнэнийг хэлье гээд Баярмааг чинь Цогоо, дэвхрэг Цогоо, Ганбаяр тэр гурав алаад булаад хаячихсан байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд би яасныг асуухаар Баярмааг чинь Ганбаяр жижиг Цогоо, дэвхрэг Цогоо эд нар зодоод алаад өөр траншейнд хийчихсэн байгаа гээд надад тэр булсан траншейнг нь Сараа эгч  зааж өгсөн. Тэгээд би трашейн рүү нь өөрөө оролгүй шууд цагдаа дуудсан чинь алаг тэрэг намайг авч яваад тэр өдөр нь би согтуу байсан болохоор намайг эрүүлжүүлээд маргааш нь би эрүүгийн төлөөлөгч нартай хамт тэр булсан гэсэн Сараа эгч эд нарын амьдардаг трашейны урд талын траншейн руу  хоёр гар шийдэн тусгаж ороод хайгаад талийгаачийн цогцосыг олоогүй. Сараа эгчийн яриагаар бол Ганбаяр, жижиг Цогоо хоёр үүрээд өөрсдийнхөө амьдардаг траншейнаас гаргаад тэр урд талд нь байгаа трашейнд аваачиж хийсэн гэсэн. Дэвхрэг Цогоо, жижиг Цогоо, Ганбаяр гурав зодсон  гэсэн. Юунаас болж зодсоныг нь Сараа эгч, Мийгаа ах хоёр л хажууд нь хамт байж байснаараа мэдэх байх” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55-56 дугаар хуудас/

Гэрч Ч.Гомбын “...Тэгтэл Баярмаа бид нарын архи уугаад сууж байсан траншейн дээр ирээд гаднаас чоно Бат-Эрдэнийг бид нартай цуг байна уу гэж асуусан юм. Бид нар Бат-Эрдэнийг байхгүй гэж хэлсэн. Тэгээд л Баярмаа цаашаа эргээд явсан. Тэгтэл Ганбуян, Цогтбаатар хоёр араас нь гараад Баярмааг траншейнд хүчээр оруулж ирж байсан. Тэгээд л ууж байсан архинаасаа бид нар Баярмаад өгсөн. ...Энэ үед Саранчимэг Ганбуянгийн хэвтдэг газар нь хэвтсэн байсан чинь Ганбуян Саранчимэг рүү бос гээд дайраад хөл рүү нь хэдэн удаа цохих шиг болсон. Тэгтэл Саранчимэг тэр үед нь эгчийгээ битгий зодооч гэж хэлсэн. Тэгтэл Ганбуян холд зайл гээд Саранчимэгийн цаад талд хэвтэж байсан Баярмаа руу дайрсан. Ингээд л Ганбуян архины хоосон лонхоор Баярмаагийн урд зогсож байгаад нилээд хэдэн удаа 10 гаруй цохьсон байхаа. Мөн цээж рүү нь нэлээд хэд цохиж байсан. Тэгсэн Ганбуян Цогт-Эрдэнэ дэвхрэгт хандаад наад гичийгээ зод гэж хэлээд Цогт-Эрдэнэ бас Баярмааг гараараа толгой цээж рүү нь нилээд хэд цохьсон бас хөлөөрөө өшиглөөд байсан. Баярмаагийн хөл болон гэдэс рүү нь өшиглөөд байсан. Бид нар ч хэвтээд байж байсан чинь гаднаас шөнө Цогтбаатар траншейнд орж ирээд авч орж ирсэн архинаасаа уугаад Баярмааг хэвтэж байхад нь очоод яасан гэж асууж байгаад Баярмаагийн толгой руу 3 удаа гараараа цохьсон. Тэгээд л тушаах гэж байсан крантны махир цорго төмрийг аваад цээж рүү нь 3 удаа байх нилээд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд л би уусан архиндаа согтоод нам унтаад өгсөн. Гэтэл шөнө дунд Баярмааг үхсэн байна, цогцосыг нь булъя гэж Цогтбаатар, Ганбуян хоёр хэлээд бид нарыг сэрээж босгосон юм. Тэгээд би сэрээд харсан чинь Баярмаа орой хэвтэж байсан газраа өнгөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 87-89 дүгээр хуудас/

Гэрч Д.Бадамсүрэнгийн “... А.Цогтбаатар, Т.Ганбуян 2 ааш зангийн хувьд ширүүн  догшин зантай, танхай дуу гэж боддог. Цуг хог түүж амьдардаг хүмүүсээ дээрэлхдэг. Түүсэн шил лаазыг булаадаг гэж сонсож байсан. Цогт-Эрдэнэ ахын хувьд ахимаг насных болохоор томоотой юм шиг харагддаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 59 дүгээр хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “2014 оны 03 дугаар  сарын 25-ны өдрийн  508 дугаартай дүгнэлтэд: “ Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, толгойн хуйхны цус хуралт, баруун шилбэний шарх, цус хуралт, шагай, тавхайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 3.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Баруун шилбэнд хуучин шарх гэмтэл тогтоогдсон нь үхэлтэй шалтгаант холбоогүй. 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 14-өөс дээш  хоног өнгөрчээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.  Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.  Талийгаачийн цогцосноос авсан үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 102-103 дугаар хуудас/

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Талийгаач нь нас бараад удсан дотор эрхтэнүүд нь ялзарч муудсан, биеийн гадаргууны арьс гөлгөр, гулгамтгай, хөөж хавганасан, мөөгөнцөрдсөн, ялзарлын өөрчлөлт ихтэй байсан. Үүнээс үзэхэд талийгаач нь нас бараад ойролцоогоор 14-өөс дээш хоног өнгөрсөн байх боломжтой. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн гавал тархины зүүн чамархай тус газар цохигдох цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй. Амьд байх хугацааг бол яг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг хүний биед учирсан гэмтлийн улмаас гэмтсэн судас цус алдаж байгаа цусны хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 107-108 дугаар хуудас/,

            Гэрч Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт:

Мягмарсүрэн: Тэр хэрэг гардаг цагаан сарын шиний 4-5 өдөр л Баярмаа бид нар дээр Бат-Эрдэнийг асууж ирээд л Ганбуян, Цогтбаатар хоёр талийгаачийг хүчээр чирж оруулж ирсэн юм. Үүнээс бид нартай талийгаач болдог Баярмаа манай траншейнд хоноогүй юм. Тэр өдөр л уулзаад орой шөнө нь ийм хэрэг гарсан

Гэрч Ж.Саранчимэг: Тиймээ Мягмарсүрэн үнэн зөв мэдүүлж байна. Өнгөрсөн хавар цагаан сарын баярын шинийн 4 билүү 5-ны өдөр бид нар дээр талийгаач Баярмаа ирж Бат-Эрдэнийг асууж ирээд ийм асуудал болсон....Ганбуян намайг миний хэвтэр дээр хэвтлээ гээд намайг эхлээд зодсон юм. Тэр үед нь би эгч нь бие муутай хүн гэж хэлсэн гэтэл намайг холдож бай гээд миний цаана хэвтэж байсан Баярмааг босгож байгаад зодож эхэлсэн.

Гэрч Ш.Мягмарсүрэн: Миний бие гэрч Саранчимэгийн мэдүүлж байгааг сонслоо. Саранчимэг үнэн зөв ярьж байна. .. Тэр үед энэ хоёр хүн Баярмааг хэвтэж байхад нь босоод ир гэж хэлээд траншейны зүүн урьд буланд зогсоож байгаад Ганбуян эхлээд уусан архиныхаа 0.75 граммын хоосон лонхыг баруун гартаа бариад Баярмаагийн толгой нүүр рүү нь намайг харж байхад 3-4 удаа цохьсон мөн цээж рүү нь 5-6 удаа цохиж байсан. Тэгээд л Ганбуян Цогт-Эрдэнэд хандаж Баярмааг наад гичийгээ зод гэж хэлсэн чинь Цогт-Эрдэнэ/дэвхрэг/ алаад хаячихая энэ гичийг гээд Баярмаагийн толгой руу баруун гараа зангидаж байгаад нилээн хэдэн удаа цохиод бас хөлөөрөө хэвлий рүү нь өшиглөөд байсан юм. Тэгээд л энэ хоёр нийлээд нилээд удаан зодсон. Зодуулж байхдаа талийгаач Баярмаа би яасан юм та нарт ямар гэм хийсэн юм намайг битгий зодооч гээд байсан.

Гэрч Саранчимэг: Миний бие урьд өмнө мэдүүлэг өгөхдөө хагас дутуу өгсөн юм байна. Гэрч Мягмарсүрэнгийн мэдүүлж байгаа бүгд үнэн зөв байна. Ганбуян, Цогт-Эрдэнэ хоёр нийлж Баярмааг зодоод гараад явчихсаны дараа шөнө Цогтбаатар нэг шил архитай орж ирээд бид нартай хувааж уучихаад хэвтэж байсан Баярмаа дээр очоод нүүр нь хавагнаад хөхөрсөн байсныг хараад чамайг хэн ингэж зодоов гэж асуусан чинь талийгаач Баярмаа юу ч дуугарахгүй дээшээ хараад амьсгаадаад хэвтээд байсан чинь Цогтбаатар нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохиод, газар байсан крантны махир төмрөөр цээжний зүүн хэсэг рүү маш хүчтэй 3 удаа цохьсон.

Гэрч Мягмарсүрэн: Баярмааг нас барчихлаа гэхэд Гомбо биднээс салаад явчихсан юм. Харин Гөөнөө буюу Дашдорж хөл муутай учир траншейнд үлдсэн юм. Гаргүй Тунгаа, Саранчимэг бид гурав цугтаа Ганбуян, Цогтбаатар хоёрыг дагаж гарсан. Тэгээд Ганбуян, Цогтбаатар хоёр талийгаачийн цогцосыг нуусан. Саранчимэг:Мягмарсүрэнгийн мэдүүлэг үнэн зөв байна” гэжээ. /хх-ийн 84-86 дугаар хуудас/,

            Шүүх сэтгэц гэм судлалын 528 дугаартай магадлагааны дүгнэлтэд: “А.Цогтбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. А.Цогтбаатар нь СЭМҮТөвийн хяналтанд байсан гэх баримт үгүй байна. А.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. .А.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-ийн 110-р хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын 531 дугаартай магадлагааны дүгнэлтэд: “Б.Цогт-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Цогт-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.Б.Цогт-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ../хх-110-р хуудас/,

              Шүүх сэтгэц гэм судлалын 462 дугаартай магадлагааны дүгнэлтэд: “Т.Ганбуян нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Т. Ганбуян нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Т.Ганбуян нь СЭМТөвийн хяналтанд байдаг эсэхийг нотлох баримт алга. Т Ганбуян нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т. Ганбуян нь нь хэрэг хариуцах чадвартай байна “ гэжээ. /хх-110/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 18-21 дүгээр хуудас/, Дулааны хутагт  үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 22-24 дүгээр хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд. / хэргийн 1 дүгээр хавтас 26-30 дугаар хуудас/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 31-32 дугаар хуудас/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч А.Цогтбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаас татгалзсан болно.

            Иймд прокуророос шүүгдэгч А.Цогтбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 хэсэгт заасан үндэслэлээр буюу улсын яллагч яллахаас татгалзсан тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын болон А.Цогтбаатарын үйлдэл нь цаг хугацааны хувьд өөр өөр  цаг хугацаанд үйлдэгдсэний дээр тэдгээрийн үйлдэл нь үйлдлээрээ болон санаа зорилгоор нэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болох нь гэрч  Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн, Ч.Гомбо нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Харин шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь талийгаачийг бүлэглэн зодсоны дараа А.Цогтбаатар нь талийгаачийг зодсон бөгөөд эдгээр гурван хүн Н.Баярмааг зодсоны улмаас талийгаач Н.Баярмаагийн биед шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтэл үүсч улмаар хэсэг хугацааны дараа Н.Баярмаагийн амь нас хохирсон байгаа нь шүүгдэгч нар нь хүнийг санаатай алах хэд хэдэн гэмт хэргийг тус тусдаа үйлдсэн ойлголт биш бөгөөд тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хор уршиг нэг бөгөөд уг хор уршигтай шүүгдэгч нарын үйлдэл нь шалтгаант холбоотой байгааг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20-21 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 08 дугаар байрны  өмнөх гражийн дунд байрлах дулааны худагт 45 настай, эмэгтэй Н.Баярмааг архи ууж согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж танхайн сэдэлтээр шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн  чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрхи болон доорхи цусан хураа, толгойн хуйхны цус хуралт бүхий гэмтлийг санаатай учруулж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн,

-Шүүгдэгч Б.Цогт-Эрдэнэ нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20-21 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 08 дугаар байрны  өмнөх гражийн дунд байрлах дулааны худагт 45 настай, эмэгтэй Н.Баярмааг шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь архи ууж согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж танхайн сэдэлтээр шалтаг шалтгаангүйгээр зодсоны дараа дахин хохирогч Н.Баярмааг архи ууж согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж танхайн сэдэлтээр шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрхи болон доорхи цусан хураа, толгойн хуйхны  цус хуралт бүхий гэмтлийг санаатай учруулж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөний: “Миний төрсөн эх байгаа юм. Би ээжтэй хамгийн сүүлд Цагаан сараар шинийн нэгний өдөр буюу 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эмээтэй золгох гэж ирэх үед нь уулзсан. Миний мэдэхийн сүүлийн 2 жил шахуу гадуур тэнэж амьдарч байгаа. Ээжийг хаагуур яваад байдаг болохыг нь мэдэхгүй. Манай ээж гэрээсээ гараад хамгийн удаандаа сар гаруй болоод хамгийн хурдан ирлээ гэхэд 3-4 хоноод ирдэг. Хохиролд баримтаар 5.752.600 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Саранчимэгийн: “...Баярмааг би явлаа, гармаар байна гэхэд нь Ганбуян, Дэвхрэг Цогоо буюу Цогт-Эрдэнэ хоёр эхэлж нийлж байгаад талийгаачийг нүүр, толгой руу нь гар хөлөөрөө цохиж зодсон. Тэгэж зодохдоо Ганбуян 0.75 граммын архины хоосон шилээр талийгаачийн толгой, цээж болон хаа тааралдсан газраа 7-8 удаа цохиж зодсон харин Цогт-Эрдэнэ чи бокс мэдэх үү муу гичий миниь гээд гараа зангидаж байгаад толгой руу нь 4-5 удаа цохиж, гэдэс хөл рүү нь 5-6 удаа өшиглөсөн. Ганбуян талийгаачийг зодож байхдаа Цогт-эрдэнэд наад гичийгээ зод гэхэд Цогт-Эрдэнэ муу гичийг алчихъя гээд зодоод байсан. Энэ маягаар тэр хоёр талийгаачийг 30 гаран минут зодсон. Цогт-Эрдэнийг явсаны дараа цаг гарангийн дараа Цогтбаатар 1 шил архи авч орж ирээд бид нартай хуваасан. Тэгэж байхдаа Баярмааг ородсон тэгтэл талийгаач яах гээд байгаа юм бэ болиоч гээд траншейнаас гарах гэтэл Цогтбаатар араас нь татаж унагаад чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд гэж уурлаад хэд хэдэн удаа алгадаж авсаны дараа гаднаас барьж орж ирсэн крантны төмрөөр талийгаачийн нуруу цээж рүү нь 3-4 удаа цохиж зодож байгаад гараад явсан. ….Би Цогтбаатар, Цогт-Эрдэнэ, Ганбуян гурав гурвуулаа талийгаачийг цохиж зодсон болохоор тэр гурав гурвуулаа зодсон гэж хэлсэн. Түүнээс тэр гурвыг нийлж байгаад талийгаачийг зодсон гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Мягмарсүрэнгийн: “...Баярмаа луу очиж буланд зогсоож байгаад Ганбуян хоосон архины шилээр талийгаачийн толгой руу 3-4 удаа, цээж рүү нь 5-6 удаа хүчтэй цохиж байсан. Тэгээд Ганбуян Цогт-Эрдэнэд хандаж наад гичийгээ зод гэхэд Цогоо муу гичийнүүдийг битгий даврааж байгаа ч алаад хаячихъя гээ энэ гичийг гээд гараа зангидаж байгаад гараараа толгой, цээж рүү нь 4-5 удаа цохьсон, мөн гэдэс, хөл рүү нь 5-6 удаа зодсон. …1 цаг гарангийн дараа Цогтбаатар гаднаас 1 шил архи авч ирж бид нартай хувааж уусан. Тэгэхдээ Баярмаагаас чамайг хэн ингэж зодоо вэ гээд асуух зуураа түүнийг оролдоод байсан. Тэгтэл Баярмаа болиоч гээд босоод гарах гэтэл Цогтбаатар араас нь татаад нилээд хүчтэй унагаачихсан. Тэгээд муу гичий үхлээ юу гээд нүүр лүү нь 3-4 удаа хүчтэй цохиж авсан. …Цогтбаатар тушаах гэж байсан крантны төмрөөр 3-4 удаа нилээн хүчтэй цээж рүү нь цохиж аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бат-Эрдэнийн: “…Сараа эгч надад эгч нь ёстой нууж чадахгүй байна. Эгч нь бүх үнэнийг хэлье гээд Баярмааг чинь Цогоо, дэвхрэг Цогоо, Ганбаяр тэр гурав алаад булаад хаячихсан байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд би яасныг асуухаар Баярмааг чинь Ганбаяр жижиг Цогоо, дэвхрэг Цогоо эд нар зодоод алаад өөр траншейнд хийчихсэн байгаа гээд надад тэр булсан траншейнг нь Сараа эгч  зааж өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Гомбын “...Энэ үед Саранчимэг Ганбуянгийн хэвтдэг газар нь хэвтсэн байсан чинь Ганбуян Саранчимэг рүү бос гээд дайраад хөл рүү нь хэдэн удаа цохих шиг болсон. Тэгтэл Саранчимэг тэр үед нь эгчийгээ битгий зодооч гэж хэлсэн. Тэгтэл Ганбуян холд зайл гээд Саранчимэгийн цаад талд хэвтэж байсан Баярмаа руу дайрсан. Ингээд л Ганбуян архины хоосон лонхоор Баярмаагийн урд зогсож байгаад нилээд хэдэн удаа 10 гаруй цохьсон байхаа. Мөн цээж рүү нь нэлээд хэд цохиж байсан. Тэгсэн Ганбуян Цогт-Эрдэнэ дэвхрэгт хандаад наад гичийгээ зод гэж хэлээд Цогт-Эрдэнэ бас Баярмааг гараараа толгой цээж рүү нь нилээд хэд цохьсон бас хөлөөрөө өшиглөөд байсан. Баярмаагийн хөл болон гэдэс рүү нь өшиглөөд байсан. Бид нар ч хэвтээд байж байсан чинь гаднаас шөнө Цогтбаатар траншейнд орж ирээд авч орж ирсэн архинаасаа уугаад Баярмааг хэвтэж байхад нь очоод яасан гэж асууж байгаад Баярмаагийн толгой руу 3 удаа гараараа цохьсон. Тэгээд л тушаах гэж байсан крантны махир цорго төмрийг аваад цээж рүү нь 3 удаа байх нилээд хэдэн удаа цохиж байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 508 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Ганзоригийн: “...Талийгаач нь нас бараад удсан дотор эрхтэнүүд нь ялзарч муудсан, биеийн гадаргууны арьс гөлгөр, гулгамтгай, хөөж хавганасан, мөөгөнцөрдсөн, ялзарлын өөрчлөлт ихтэй байсан. Үүнээс үзэхэд талийгаач нь нас бараад ойролцоогоор 14-өөс дээш хоног өнгөрсөн байх боломжтой. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн гавал тархины зүүн чамархай тус газар цохигдох цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй. Амьд байх хугацааг бол яг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг хүний биед учирсан гэмтлийн улмаас гэмтсэн судас цус алдаж байгаа цусны хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд., Дулааны хутагт  үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаны дараа гэрч Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн нарыг гэрчээр дахин байцаасан байх ба тэдгээрийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар арилгасан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 99.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  

-шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэгт,

-шүүгдэгч А.Цогтбаатарыг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5.752.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Цогтбаатар нь урьд Баянгол дүүргийн  шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийг хугацааны өмнө суллагдсан байх ба түүний тэнсэн суллагдсан уг хугацаа нь Анхын ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламтент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 205 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

 

Шүүгдэгч А.Цогтбаатарын хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа нь өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал үргэлжилж байна.

Иймд урьд хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлсэний дараа ялтай байхдаа дахин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч А.Цогтбаатар нь ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч А.Цогтбаатарт оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  улаан өнгийн хүзүүний ороолт 1/ нэг/ ширхэг, улаан эрээн өнгийн юүдэнтэй цамц 1 /нэг/ ширхэг, ногоон цамц 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн фудволк 1 /нэг/ ширхэг, 53 см урттай зэв бүхий турба 1 /нэг/ ширхэг, жинсэн өмд 1 /нэг/ ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 /нэг/ ширхэг, хар дотуур өмд 2 /хоёр/ ширхэг, цэнхэр өнгийн турсик 1 /нэг/ ширхэг, өвлийн хоёр гутал 1 /нэг/ хос, хүрэн оймс 1 /нэг/ хос, хар өнгийн бээлий зэрэг  эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.