Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0379

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.Б, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Гомдлын шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д.Б, Б.О, Ж.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0013 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 118/2022/0045/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б, Б.О, Ж.Д нараас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д.Б, Б.О, Ж.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0013 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Д.Б, Б.О, Ж.Д нарын Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д.Б, Б.О, Ж.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Б, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж нь зөвхөн газар эзэмшихтэй холбоотой зохицуулалтыг үндэслэсэн ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн нэг ч заалт үндэслээгүй, илт хууль бус акт юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 гэх заалтууд болон “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй” гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгч нарт хамааралгүй. Учир нь нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн захирамжтай, газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нар биш бөгөөд газрын төлбөр төлөх, газраа зөвхөн зориулалтын дагуу эзэмших талаар үүрэг хүлээсэн газар эзэмшигч нар биш байх тул маргаан бүхий захирамжид дурдсан ямар ч үндэслэлгүй юм.

3.2. Монгол Улсын иргэнд нэг удаа газар өмчлүүлэх нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн зохицуулалтын хүрээнд хүсэлт гаргасны дагуу 2020 оны А/395 дугаар захирамж гарсан байхад Завхан аймгийн Засаг дарга нь 2 жил орчмын дараа буюу 2022 онд А/442 дугаар захирамжаар “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож, баримтаар нотлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, иргэдэд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцээгүй. Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах гэсэн шаардлагыг хангаагүй.

3.3. Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор “2018-2038 онд хэрэгжүүлэх Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөнөөс нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрын байршлыг тодруулж үзэхэд төлөвлөлт хийх үед тухайн байршил бүхий газрууд сул хоосон байсан, ирээдүйд хийх төлөвлөлтөөр “амины орон сууцны хороолол” байхаар тусгагдсан. Мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан “Улиастай хотын 1000 айлын орон сууцны  хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд “амины орон сууц”-ны зориулалттай газар байхаар тусгасан байхад “Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосныг буруу. Хариуцагчийн төлөөлөгч нь маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй агуулгаар буюу “Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй”, “Засгийн газраас 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоогоогүй” гэх үндэслэлүүдийг нэмж гарган тайлбарлаж байхад анхан шатны шүүх дүгнэлт өгч чадаагүй.

3.4. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор “Улиастай сумын хэмжээнд зөвхөн 10 байршилд 0.75 га газрыг шинээр өмчлүүлэхээр тогтоосон” бол Монгол Улсын Засгийн газраас Завхан аймгийн хэмжээнд, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улиастай сумын хэмжээнд тус тус 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг огт тогтоогоогүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

3.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус зааснаас үзэхэд сумын Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймгийн Засаг даргад уламжлах, аймгийн Засаг дарга нь тийнхүү өргөн мэдүүлсэн өргөдлийг хүлээн авч, газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, газар өмчлүүлэх тухай өргөдлийг сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад гарахаар зохицуулсан байх боловч энэ маргааны тухайд нэхэмжлэгч нарын өргөдлийг аймгийн Засаг дарга шууд хүлээн авч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн нь  хууль зөрчсөн байна. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б-аас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

3. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар “... Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газрын тухай хууль, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, мөн Захиргааны ерөнхий хуулийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй аймаг, сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг ... захирамжийг хүчингүйд тооцох”-оор шийдвэрлэсэн, байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс хавсралтын 9-д “Улиастай хотын 1000 айлын орон хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 66 айлд газар өмчлүүлсэн” гэж заасанд нэхэмжлэгч Д.Б, Б.О, Ж.Д нарт газар өмчлүүлсэн шийдвэр багтсан гэж тайлбарласан байх тул шүүх хариуцагчийн энэхүү тайлбарт үндэслэн маргаан бүхий актад нэхэмжлэгч нар хамрагдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

3.1. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Улиастай сумын Өлзийт баг Өгөөмөрийн хэсэгт байрлал бүхий газрыг нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн нь хууль бус, ... сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн ...  Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоолд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ байршил батлагдаагүй байхад өмчлүүлсэн, Улиастай хотын 1000 айлын орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай 2014 оны Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Өлзийт баг Өгөөмөрийн хэсэгт ... газар өмчлүүлэхээр тусгагдаагүй ... “ гэж тайлбарласан байх тул шүүх маргаан бүхий актын “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ...” гэх хэсэгт хамаарсан, уг төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад газар өмчлүүлсэн нь буруу гэж үзсэн нь үндэслэлтэй эсэх хүрээнд хэргийг шийдвэрлэхээр байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэстэй дүгнэлт хийсэн ч “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүйтэй холбоотой хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

3.3. Захиргааны байгууллага нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ “хуульд үндэслэх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий” шийдвэр гаргах зарчмыг ямагт мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж тогтоохоос гадна өөрийнх нь шийдвэр чиглэгдэж буй этгээдийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох үүрэгтэй.  Харин захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, уг шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн эсэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх үүрэгтэй буюу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй. Тэр тусмаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдалд дүгнэлт хийхээс гадна хамгийн гол нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд тайлбар дүгнэлт өгөх үүрэгтэй тул маргаан бүхий захиргааны актаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлын талаар дүгнэлт хийж шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй.

3.4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ:”, 5.1.5.1-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 5.1.2-т “иргэнд газар ... өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж тус тус заасан нь энэхүү маргаанд хэрэглэгдэхээр байна.

3.5. Хэрэгт авагдсан Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ... Өлзийт багт 0.07 га газар 12 иргэнд өмчлүүлэхээр заасан байх боловч газрын байршлыг тодорхой заагаагүй байх тул нэхэмжлэгч нарын өмчилсөн газар уг төлөвлөгөөнд хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.6. Түүнчлэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Засгийн газар дараах бүрэн эрхтэй”, 9.1.2-т “аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох” гэж заасан байх бөгөөд Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолд Завхан аймагт өмчлүүлэх газрын хэмжээг 30.83 га” гэж баталсан, харин газрын байршлыг тодорхой заагаагүй, мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “2020 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай” 62 дугаар тогтоолд “өмчлүүлэх газар 30.83 га” гэж заасан байх боловч газрын байршлыг заагаагүй байх тул шүүх нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн газар уг тогтоолуудад хамрагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.7. Анхан шатны шүүх эдгээр тогтоолтой холбогдуулан “... одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээр заасан ... шинээр газар өмчлүүлэхээр тусгаагүй ...” гэж дүгнэсэн байх боловч хариуцагч энэ үндэслэлийг маргаан бүхий актад тусгаагүй байх тул нэхэмжлэгч нарыг “тухайн үед эзэмших эрх олгоогүй газрыг өмчлөхөөр хүсэлт гаргасан, улмаар газар өмчлөх эрхтэй болсон нь хууль бус” гэж буруутгах үндэслэлгүй.

 

3.8. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 14.1.1-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 14.1.3-т “аймгийн төвийн сумын ... Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, ... ийн Засаг даргад уламжлах, ... , 12 дугаар зүйлийн 12.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 12.1.1-д “иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2-т “сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж зааснаас үзвэл аймгийн төвийн сумд оршин суудаг иргэний тухайд сумын төвийн Засаг даргаар уламжлан аймгийн Засаг даргад газар өмчлөх хүсэлт гаргахаар байх боловч хариуцагчаас маргаан бүхий актад нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлийг “эдгээр хуулийн зохицуулалтыг зөрчиж газар өмчлүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлоогүй байх тул шүүх хуулийн уг зохицуулалтыг үндэслэн “нэхэмжлэгч нарыг хууль бусаар газар өмчилсөн тул хариуцагч газар өмчлүүлсэн шийдвэрээ цуцалсан нь зөв” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

            3.9. Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэж заасныг удирдлага болгосон байх боловч 1 дэх заалтад “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ... “ гэж гэж заасан ч уг төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзсэн эсэх нь тодорхой бус, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслээгүй, эдгээр хуулийн зохицуулалтад заасан нөхцөл шаардлагатай холбоотой зөрчил илэрсэн талаар огт тусгагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсанаас гадна “... нэхэмжлэгч нар ... газрыг өмчилж авах эрхтэй болсноор ... нэгж талбарын дугаар олгогдсон ч ... улсын бүртгэлд бүртгэж ... газрын хууль ёсны өмчлөгч ... болохыг баталгаажуулсан гэрчилгээ олгогдоогүй нь тогтоогдож байх тул хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй ...” гэж маргаан бүхий актын үндэслэлд тусгагдаагүй асуудлыг өөрийн санаачилгаар нэмж тайлбарлан дүгнэсэн, уг дүгнэлтдээ үндэслэн хэргийг шийдвэрлэсэн  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, ... хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

3.10. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн “Тавдугаар бүлэг”-т газар өмчлөх эрх дуусгавар болох газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэлүүдийг тодорхойлон заасан байх бөгөөд уг  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:”, 31.1.1-т “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, 31.1.2-т “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар”, 31.1.3-т “газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар”, 31.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” гэж заасан байна.

3.11. Хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэхдээ эдгээр хуулийн зохицуулалтад заасан нөхцөл үүссэн талаар тусгаагүй,  үндэслээгүй байх бөгөөд 1 дэх заалтад “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж бичиж, энэ үндэслэл нь нэхэмжлэгч нарт хамаатай гэж тайлбарласан байх боловч дээр дурдсанчлан уг төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзсэн эсэх, эсхүл уг төлөвлөгөө батлагдаагүй байхад газар өмчлүүлсэн нь буруу болсон гэж үзсэн эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус, энэ шинжээрээ илэрхий алдаатай захиргааны актын шинжийг агуулж байх боловч шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад өмчлүүлсэн нь хууль бус тул газар өмчлөх эрхийг нь хүчингүйд тооцсон” гэх тайлбараар маргаан бүхий актын үндэслэлийг тодорхойлогдсон гэж үзсэн ч дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий актын нэхэмжлэгч нарт хамаарах хэсэг үндэслэлтэй болох нь тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчийн уг шийдвэрт Монгол Улсын иргэнд газар өмлүүлэх тухай хуульд заасан газар өмчлөх эрх дуусгавар болох газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах шаардлага үүссэн гэх баримт нотолгоо бүхий үндэслэлийг заагаагүй, акт энэ үндэслэлээр  гараагүй нь уг шийдвэр хууль бус болохыг, мөн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлийг давхар илэрхийлж байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б, Б.О, Ж.Д нарын “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д.Б, Б.О, Ж.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д.Б, Б.О, Ж.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БААТАРХҮҮ

       ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ