Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 39

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

Хохирогч: Г.Энхцэцэг,

Гэрч: Э.Цэвээндорж,

Гэрч: С.Даваахүү,

Шүүгдэгч: А.Ганзориг, түүний өмгөөлөгч Г. Ганцэцэг, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Алтанбаганын Ганзоригт холбогдох 201626021105 тоот эрүүгийн хэргийг 2016 оны  6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, ам бүл-5 эцэг, эх, 2 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51-123 тоотод оршин суух, “Нью пластик” ХХК-ийн ээлжийн ахлах ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайжууд овогт Алтанбаганын Ганзориг. /ЧК-85060214/

 Шүүгдэгч  А.Ганзориг нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 хорооны 51-р байрны 123 тоотод иргэн Г.Энхцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ганзориг мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө 6 цаг болж байхад хаалга нүдсэн. Ээж хаалга онгойлгосон. Гэтэл нэг эмэгтэй танайх хүн унтуулахгүй дээрээс дуу чимээ гаргалаа гээд ээжийг цохих шиг болсон. Би босоод очиход ээжийг нэг гараараа барьсан, нөгөө гараараа цохьж байсан. Би салгаад гаргах гэтэл гутлаа тайлж хүүхэд рүү шидсэн. Бас үүдэнд байсан гутлуудыг шидсэн. Би хоёр гараараа гарнаас нь  бариад татаж гаргасан. Өшиглөсөн зүйл байхгүй.  Хаалга  нүдээд байхаар нь цагдаа  дуудаж болиулсан.”гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхцэцэг мэдүүлэхдээ: “…Өглөө 6 цагийн үед маш хүчтэй чимээ гараад цочоод сэрсэн. Өмнө нь олон удаа ийм  асуудал болсон. Би босоод хаалгыг нь тогшиход ээж нь хаалганы цаанаас янз бүрийн юм ярьж байгаад гэнэт хаалга онгойлгоод шүлсээ үсчүүлээд янз бүрийн  юм яриад байхаар нь би нүүр лүү нь түлхсэн. Тэр хүчиндээ гэрт нь орсон. Тэгэхэд намайг зодлоо гэж орилоход Ганзориг босч ирээд намайг түлхэж унагаагаад чирч гаргасан. Би гэрт яг юу болсныг мэдээгүй цочролд орсон. Намайг газар унагаагаад  босч амжаагүй байхад чирч гаргасан” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Даваахүү мэдүүлэхдээ: “…Өглөө унтаж байхад хаалга тогшихоор нь онгойлгоход Энхцэцэг орж ирсэн. Яасан талаар асуухад танайх дээрээс шуугиад байна гэхээр нь манайхан унтаж байна гэтэл худлаа ярьлаа гээд дайрч орж ирээд намайг цохиж зодсон. Тэр үед нь би хүүхдээ дуудсан. Манай хүүхэд босч ирэд чирч гаргасан. Тэгтэл хаалга нүдээд байхаар нь цагдаа дуудсан” гэв

  Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Цэвээндорж мэдүүлэхдээ: “…Би тэр орой гэртээ ирэхэд ээж дээд айлын хүнд зодуулсан гэж байсан. Гар нь хөхөрсөн, шалбарсан байсан. Тэгээд би  зургийг нь авч өгсөн. Дээд айл ер нь их дуу чимээ гаргадаг. Үүнээс болж маргалддаг”.гэв

Хохирогч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө үүрээр 05 цагийн үед дээд айл буюу 123 тоотын хаалгыг тогшсон, учир нь өглөө унтаж байхад дээрээс гэнэт түнхийх чимээ гарч би цочиж сэрээд шууд дээд айлын руугаа орсон. Дээд айлын эмэгтэй хаалгаа нээх хоорондоо “солиотой юмуу бид нар унтаж байхад, тэнэг юмуу гэх мэрэр хэл үгээр намайг дайрсан” байдалтай хаалгаа нээсэн. Тэгээд шүлсээ үсчүүлээд над руу  дайраад байхаар нь би түүнийг хацар руу нь түлхтэл ёоё намайг цохьчихлоо гэж хашгирсан, тэгэхэд цаад өрөөнөөс хүү нь  гарч ирээд намайг чирч гэрээсээ гаргаад базаад нааш цааш нь түлхсэн. Би гэртээ, дээд айлыхаа дуу чимээнд маш их хүчирхийлэл дарамтанд амьдарч байна. Тухайн үед миний 2 талын мөр, бугуй, гар хөл хөхөрсөн, энд тэндгүй шалбарсан байсан. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-12-р хуудас/

Гэрч С.Даваахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Би Энхцэцэг гэдэг хүүхнийг танихгүй, 10-аад жилийн өмнө л манай доод давхарт амьдарч эхлэн, Энхцэцэг Америкт амьдарч байгаад 2015 оны намраас л Монголд ирж 11 сараас хойш л байнга л манайхаар орж ирэн хэрүүл үүсгэх болсон…2016 оны 4 сарын 04-ний өглөө 06 цаг болох гэж байхад хаалга нүдсэн, нөхөр маань өглөө эрт эмчилгээтэй тул явчихсан, би 2 ачтайгаа том өрөөнд газраар, хүү Ганзориг орон дээр унтаж байсан, хаалга хүчтэй балбаад байхаар нь би босоод хаалгаа нээхэд Энхцэцэг шууд манайх руу орж ирснээ танайх чинь яахаараа дээгүүр гүйлдээд хүн амраадаггүй юм бэ гэхээр нь хүүеээ манайхан унтаж байна хараач, яагаад сонин юм яриад байгаан гэхэд битгий хуцаад бай, балай авгай минь гээд миний нүүр рүү алгадаад намайг энгэрээс зуураад нүүр бие рүү цохиод байхаар нь Ганзоригоо босоорой энэ хүн алах нь байна гэсэн чинь Ганзориг том өрөөнөөс үсрээд босож ирээд Энхцэцэгийг та яагаад байгаа юм бэ, гараач гээд түлхээд гэрээсээ гаргасан чинь хүүгийн араас дагаж орж ирээд үүдний гутлын тавиур дээр байсан гутал тавчик авч шидсэн, энэ чимээнээр 2 ач охин сэрчихсэн, хараад зогсож байхад тэдэн рүү гутал шидээд 3 настай ачийн маань хөлийг оноод, бидэн рүү харааж орилоод байсан, тэгэхээр нь Ганзориг 2 бугуйнаас нь бариад гаргах гэтэл Энхцэцэг газар суучихаад гарахгүй байсан тул чирээд хаалгаар гарган коридорын нилээн цаахна орхичихоод гэртээ гүйж ороод хаалгаа түгжсэн, Энхцэцэг коридорт  орилоод хаалга балбаад байхаар нь Ганзориг цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-15/,

Гэрч Э.Цэвээндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”… 2016 оны 4 сарын 04-ний орой гэртээ ирэхэд ээж баруун талын бугалга, бугуй орчмоор нь улайсан, шалбарснаа надад харуулаад “ээж нь дээд айл руу орж чимээ шуугиантай байна гэдгийг нь хэлтэл хүү нь зодчихлоо” гэж хэлсэн. Ээж маань удаа дараа энэ айлд орж дуу чимээгээ багасга гэсэн шаардлага тавьдаг байсан, би хичээлээ хийгээд шөнө 00 цагаас хойш унтдаг, заримдаа дээд айлынх шөнийн 01 цаг хүртэл дуу чимээ нь тасардаггүй, манай ээж 00 цагаас өмнө унтахаар орондоо ордог ба дээд айл дуу чимээ гаргаад байхаар хэцүү байдаг юм шиг байна, ээж маань зүрх муутай тул дуу чимээ их хэцүү байдаг. Манай дээд айл бага насны 2 хүүхэдтэй юм шиг байна лээ, тэд нар гүйлдээд чимээ ихтэй, заримдаа шалан дээр юм унагахаар их чанга сонсогдоод байдаг....” гэсэн мэдүүлэг / хх-19 /

Шүүх эмнэлгийн шинжээчийн 4842 дугаартай дүгнэлтэд: “Г.Энхцэцэгийн биед зүүн мөр, баруун бугалга, шуу, бугуй, сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн /цохих, цохигдох, унах, ойчих/ үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-21/.

Шүүгдэгч  А.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө  06 цаг л болж байсан байх аав өглөө 05 цагт эмчилгээндээ явчихсан, ээж бид 2 хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Ойр ойрхон хаалганы хонх дуугарахаар  нь хөдөөнөөс  хүн ирж байгаа юм боловуу  гэж бодоод ээж хаалгаа нээсэн, тэгснээ л яая туслаарай гээд хашгирахаар нь үүд рүү гүйгээд  очтол Энхцэцэг манай ээжийг зүүн гараараа үснээс нь зуурсан, баруун гараараа нүүрэнд нь цохиж байсан. Би түүнийг салгаад та гар, яаж байгаа юм гэхэд хуц, солиор та нар намайг амраагаач, новшийн хүүхдүүдээ чимээгүй байлга, шөнөжин дээрээс дэвсэчлээ, мэдрэл авгай наад хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй гэх мэтээр орилоод гэрийн коридорт хөлөө чийж суучихаад өөрийнхөө өмсөж явсан хатуу ултай бор шаргал  өнгийн углаашаа бага охин Ивээл рүү шидээд зүүн талын өвдгөнд нь оносон, гутлын тавиур орчимд байсан гутлуудыг хүүхдүүд рүү шидээд орилоод байхаар нь би Энхцэцэгийг 2 гарынх нь шуунаас бариад чирч  гаргасан, уг нь тэврээд гаргах гэтэл цээжинд маажаад алгадаад түлхсэн тул би түүнийг гарнаас нь чирч гаргаад хаалга хаасан. Манай хаалга нээлттэй Энхцэцэг дотор коридорт суусан, орилоод гутал шидэх чимээнээр хажуу айл 124 тоотын хүн хаалгаа нээгээд гайхаад харж байсан, мөн 128 тоотын  эгч хүүхэдтэйгээ шинжилгээ өгөх гээд явж  байна гээд манай  үүдэнд энэ явдал болж байхтай таарсан. Уг нь урьд орой нь манай хүүхдүүд 21 цаг гээд том өрөөндөө унтсан байсан. Намайг ажлаасааэ эрт ирвэл хамт тоглож байгаад оройтлоо гэхэд  л 22 цагт унтдаг юм” гэсэн мэдүүлэг,

 

Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, гэрэл зургууд /хх-40-43/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Ганзориг нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 хорооны 51-р байрны 123 тоотод өөрийн гэртээ иргэн Г.Энхцэцэгийг дээрээс дуу чимээ гаргалаа, амгалан тайван байдал алдагдууллаа гэснээс маргалдаж улмаас Г.Энхцэцэгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт учруулсан болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “А.Ганзориг нь хохирогч Г.Энхцэцэгийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, аргагүй хамгаалалт хийсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч Г.Энхцэцэг нь шүүгдэгч А.Ганзоригийн ээж С.Даваахүүг цохиж зодсон, энэ үйлдлийг нь аргагүй хамгаалалт хийж шүүгдэгч салгасан гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар тогтоогдохгүй байна.

Гэрч С.Даваахүү рүү чиглсэн халдлага хийсэн эсэх, түүнд гэмтэл учирсан эсэхийг тогтоосон баримтууд хэрэгт цуглараагүй байна.

Шүүгдэгч А.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэжүзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжмилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.