Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00366

 

С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,                                                               

С ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Булган сум Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох

Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би улсад 12 жил ажилласан. Үүнээс Зэвсэгт хүчний 305 дугаар ангид 10 жил ажилласан. 2006 онд тус ангид анх галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 сарын 06-нд салбарын захирагч тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. Учир нь миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Хариуцагч байгууллага надад жилийн дөрвөн улирал ажилладаг, улирлын чанартай биш ажлын байр өгвөл би ажилд орно. Өөр ажилд орохгүй. Жолооч, слесарь гэсэн орон тоонд ажиллаж байгаа хүмүүс нь тэтгэвэрт гарах нас нь болсон. Жолоочийн ажлаа өгмөөр байна гэж ярьж байгаа. Яагаад намайг жолоочоор ажиллуулж болохгүй гэж. Би хариуцагчтай эвлэрэх боломжгүй. Ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхэд гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжилнэ. Нийт 13,913,750 төгрөгийг хариуцагч байгууллага болох Зэвсэгт хүчний 305-р салбараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баянжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны Жанжин штабын даргын тушаалаар нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь гэрээт харуулын орон тоогүй болж гэрээт харуулаар ажиллаж байсан ажилтнууд нь энгийн байсныг цэргийн болгон ахлагч нар гүйцэтгэхээр болсон. Энгийн ажилчид нь галт зэвсэг хэрэглэх болон аюулгүй байдлыг хангаж ажиллах боломжгүй болсон. Ахлагч нарыг 25 наснаас доош ажиллуулна гэж байснаа 30 наснаас доош гэж насны хязгаар тогтоосон. Одоо манайд харуулын ажилтнууд нь ахлагч цолтой ажиллаж байгаа. Иймд С ыг харуулын албанд ажиллуулах боломжгүй. Урьд нь С т галчаар ажиллах ажлын байр санал болгож байсан. Одоо манайд байгаа ажилчид нь бүгд орон тооны ажилчид С ын хэлээд байгаа жолооч, слесарийн ажилд авах боломжгүй. Жолооч, слесараар ажиллаж байгаа хүмүүсийг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх боломжгүй. Иймд С ын харуулын ажилд орох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цалингийн хувьд бид төсвийн байгууллага төсөвтөө захирагдан ажиллах ёстой гэж үзэж байна. С ын ажилгүй байсан хугацааны цалин гаргах боломжгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байна. Манайд илүү төсөв санхүү байхгүй. Тухайн үед мэдэгдэх хуудас өгсөн, мөн тушаалыг уншиж танилцуулж байсныг өөрөө ч сайн мэдэж байгаа гэжээ.                                                                    

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С ыг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар салбараас ажилгүй байсан хугацааны цалин 13,761,515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 152,235 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч С ын нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар салбараас улсын тэмдэгтийн хураамж 226,758 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 154/ШШ2018/00250 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 44 дүгээр магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал, нотлох баримтуудад хууль зүйн үүднээс бодит дүгнэлт хийгээгүй нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон. Нэхэмжлэгч С ыг 2015 оны 12 сарын 31-ний өдрийн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. С  нь Батлан хамгаалах яамны сайдын 2008 оны 75 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан ахлагчийн алба хаах журмын 3.2.3-д заасны дагуу алба хаах насны хязгаар хэтэрсэн тул шинэчлэгдэн батлагдсан харуулчны орон тоон дээр ажиллах боломжгүй. Шинэчилсэн бүтэц зохион байгуулалтад шилжинэ гэдэг асуудал 2014 оноос эхлэн яригдаж 2015 оны 06 сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын орон тоо бүтэц өөрчлөгдөж, С ын ажиллаж байсан ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөд орж, ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөд орсон тухай мэдэгдэх хуудсыг хариуцах албан тушаалтнаар бичүүлэн С т 2015 оны 06 сарын 19-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны н/106 дугаар тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харьяа 305 дугаар тусгай салбарын тайван цагийн орон тоо албан тушаалыг баталсан. Энэ тушаалаар энгийнээр ажиллаж байсан албан хаагчдыг цэргийн албан тушаалд шилжүүлсэн ба нэхэмжлэгч С  цэргийн алба хаах насны хязгаар хэтэрсэн тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүх “Хариуцагч байгууллага ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл болох н/106 тушаал, ахлагчийн алба хаах журам зэрэг баримтуудыг хариуцагч байгууллага хэрэгт ирүүлээгүй, хариуцагч С  нь нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байгаа тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй байна” гэж дүгнэсэн атлаа "3эвсэгт хүчний жанжин штабын даргын н/106, Б/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог өөрчилж мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуулчин гэдэг албан тушаал болгон өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл болохгүй” гэж нотлох баримтыг зөрүүтэй байдлаар үнэлсэн. Хариуцагч байгууллагын гаргаж өгсөн ЗХЖШ-ын даргын 2015 оны н/106 дугаар тушаал, уг тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харъя 305 дугаар тусгай салбарын тайван цагийн орон тоо, албан тушаал, 2016 оны 01 сарын 06-ны өдрийн зөвлөлийн хурлын 02 дугаартай тэмдэглэл, салбар шинэ бүтэц зохион байгуулалтад шилжсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч С т өгсөн мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, үнэлээгүй талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж ИХШХШТухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүх “ЗХЖШ-ын даргын н/106 дугаар тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тайван цагийн орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан офицер ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг өөрчлөн томилохдоо С ыг 2016 оны 01 сарын 06-ны өдөр Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн Б/05 тоот тушаалаар гэрээт харуулын ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Ингэхдээ үндэслэлээ С  нь мэргэжлийн ахлагчийн алба журмын дагуу нас хэтэрсэн гэж тайлбарласан үйл баримт тогтоогдсон байна” гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Одоо Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуул гэсэн орон тоо байхгүй, харуулын үүргийг ахлагч нар гүйцэтгэж байгаа. Ахлагчаар алба хаах журамд “30 наснаас доош насны Монгол Улсын иргэнийг ахлагчийн албанд татаж болно” гэж заажээ. С ын хувьд цэргийн албанд ажиллах насны хязгаар хэтэрсэн учир үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал бий болж ажлаас чөлөөлсөн. С ыг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр хууль ёсны юм. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 154/ШШ2018/00250 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 44 дүгээр магадлалыг хянан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч С  нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдуулан тус салбарын захирагчийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,913,750.00 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан. Хариуцагч “...гэрээт харуулын орон тоо байхгүй, 30 наснаас доош насны хүн харуулын үүрэг гүйцэтгэх ёстой. С ын нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С  нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт 2006 оноос 2011 он хүртэл галчаар, 2011 оноос 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл гэрээт харуулаар тус тус ажиллаж байсан, хариуцагч нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын н/106 дугаар тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тайван цагийн орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан офицер ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг өөрчлөн томилохдоо С ыг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр салбарын захирагчийн Б/05 тоот тушаалаар гэрээт харуулын ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон байна. С ын ажиллаж байсан гэрээт харуулын ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн эрх зүйн харилцаа болох нь ажил олгогчийн тушаал, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ажилтанд урьдчилан бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг буруутгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. С ыг ажлаас нь чөлөөлсөн 2016 оны 1 дүгээр сарын 16 өдрийн Б/05 тоот тушаалын хоёр хувь хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тушаалд хуулийн зүйл заалт баримтлаагүй, харин хариуцагчаас шүүхэд дахин ирүүлсэн тушаалд хуулийн зүйл заалт баримталсан байх тул энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ. Хариуцагч нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг С т танилцуулан мэдэгдсэн гэж тайлбарлан 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудсыг шүүхэд ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй гэж шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа “...штабын даргын н/106, Б/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог өөрчилж мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуулчин гэдэг албан тушаал болгон өөрчилсөн, нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх нас хэтэрсэн, дэд ахлагч энэ ажлын байранд ажиллахаар болсон” гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46  дугаар зүйлийн 46.2-т нийцжээ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН