Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 375 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0935/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” мөн сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Дотоод бүсчлэл тогтоох тухай” А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгчид ашиглах эрх олгосон талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй, хэсэгчилсэн давхцалтай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Гэтэл шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэр гаргасан. Ашиглах эрх хүссэн газрын нийт талбайгаас зарим хэсгийг хамгаалалтын бүсэд оруулж, заримыг нь хязгаарлалтын бүсэд үлдээсэн үндэслэл, аргачлал зэргийг хариуцагчаас гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны явцад талууд маргасаар байтал шүүхээс дүгнэлт өгөлгүй үлдээсэн.

3.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл, талуудын маргасан үйл баримтад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Нэхэмлэгчээс захиргааны байгууллага нь маргаан бүхий А/243, А/296 дугаартай тушаалаа батлан гаргахдаа...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийг нарийвчлан судлах үүргээ биелүүлээгүй гэж маргасаар байтал шүүх зөвхөн А/296 дугаартай тушаалд дүгнэлт өгч, А/243 дугаартай тушаалыг орхигдуулсан. Шүүхээс дүгнэлт өгөх нь маргаан бүхий тушаал нь гарах үндэслэл байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой байсан. Маргаан бүхий А/243 дугаартай тушаал нь Сайдын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот зөвлөмж, Сайдын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурадаанаас гарсан шийдвэр, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичиг зэргийг үндэслэсэн. Нэхэмжлэгчээс тушаалыг илт хууль бус гэж маргах үндэслэлдээ “тушаалын үндэслэл болсон дээрх 3 баримт бичгийн 2 нь байхгүй байна. Энэ нь захиргааны актын хэлбэрийн бус утга агуулгын алдаанд хамаарна” гэж маргасан, гэтэл шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй. Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс бүсийг шинэчлэх талаар санал, дүгнэлт гаргасан эсэх нь тодорхой бус, холбогдох шийдвэр нь хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүхээс газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

2.1. Анхан шатны шүүх “... маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүстэй давхцалтай болсон нь тогтоогдсон, үүгээрээ хариуцагч нь уг газрыг ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгох боломжгүй болсон, ... нэхэмжлэгчийн тухайд хуулиар хамгаалагдах, сэргэх эрх байхгүй ... нэгэнт  дотоод хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газрыг ашиглуулах эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүсгэхгүй, харин захиргааны үйл ажиллагааг хуульд нийцүүлэх зорилгоор, хууль зөрчиж гарсан захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрийг алдааг залруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А243 дугаар тушаал нь ... нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохоос өмнөх цаг хугацаанд батлагдаж, хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй ... илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, ... хамгаалалтын бүсэд орсон талбай нь бүхэлдээ давхацсан, ... хариуцагч ... д дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглуулах эрх олгох ... хуулиар үүсэхгүй, ... шүүхээс дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх үүсгэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй ... маргаан бүхий шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөх нөхцөл ... байхгүй ...” гэх зэрэг дүгнэлт, үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А296 дугаар тушаалаар “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар баталсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

2.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ... тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ... бүрэн эрхтэй”, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ... зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах” гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ...” гэж тус тус заасан байна.

2.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж тус тус ангилан авч үзэхээр байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн заахдаа “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж үржих нөхцлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зааж, уг бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг нэрлэн заасны дотор 11 дүгээр зүйлийн 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 17 дугаар зүйлийн 3/-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасан байна.

2.5. Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугаца, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 36 дугаар зүйлийн 1-д “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах” боломжтой байна.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тохиололд газар ашиглуулах шийдвэр гаргах боломжтой байна.

2.6. Гэтэл нэхэмлэгчид ашиглуулахаар олгосон газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/243 дугааар тушаалаар батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүстэй давхцалтай болох нь тогтоогдсон байх тул уг газрыг аливаа этгээдэд ашиглуулах хууль зүйн боломжгүй болсон байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг шүүх хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэх үндэслэлгүй.

2.7. Хэдийгээр цаг хугацааны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дотоод бүс шинэчлэн тогтоосон 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаал гарсны дараа 2022 оны 07 дугаар сарын 08-нд нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнтэй холбогдуулан хариуцагчийг уялдаа холбоогүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байх боловч шүүх нэгэнт хариуцагчаас гаргасан “Дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүс тогтоосон” шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байх тул газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон А/296 дугаар шийдвэрийн үндэслэлтэй, нэхэмжлэгчид хамгаалагдах хууль ёсны эрх байхгүй гэж үзэх үндэстэй байна.

2.8. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаар “С” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, дархан цаазат газрын дэглэм болон хууль зөрчиж аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон өөрийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1утга агуулгын илэрхий алдаатай47.1.3.-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...захиргааны акт.., илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж тус тус заажээ. 

2.10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/243 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” тушаал нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу он цаг дарааллын хувьд нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгохоос өмнөх цаг хугацаанд батлагдаж, хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ... тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ... бүрэн эрхтэй”, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ... зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах” гэж заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагч тус тушаалыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлд хамаарахгүй, ийнхүү хамгаалалтын бүс тогтоосон газарт нэхэмжлэгч газар ашиглах боломж хуулиар хязгаарлагдсан байх тул уг шийдвэрийг илэрхий алдаатай гэж үзэх, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.11. Хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” тушаалын үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот зөвлөмж[1], 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр шийдвэр нь дотоод бүсийг шинэчлэн тогтоох тухай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаал болж албажиж гарсан талаарх хариуцагчийн тайлбар[2], Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгээр ирүүлсэн санал[3] тус тус авагдсан байх тул нэхэмжлэгчийн “... маргаан бүхий А/243 дугаартай тушаалын үндэслэл болсон 3 баримт бичгийн 2 нь байхгүй тул илт хууль бус гэж үзнэ ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2.12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” тушаалаар дархан цаазат газрын дотоод хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосноор уг тушаал журам тогтоосон асуудлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэм тогтоосон хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны чиглэлээр гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, заавал мөрдүүлэхээр гаргасан шийдвэр байхад анхан шатны шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” тушаалыг дотогш чиглэсэн, газар ашиглуулахаар олгохгүй байх үүргийг  зөвхөн сайдад бий болгосон ...” гэж дүгнэсэн нь буруу байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Түүнчлэн уг акт хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй нь тогтоогдсон байх боловч хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] 1хх-ийн 201 дэх тал

[2] 1хх-ийн 224 дэх тал

[3] 1хх-ийн 202 дахь тал