Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/01419

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны, 52-73 тоотод оршин суух П-ын Х /РД: ..................../-ы  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж, 5/2, Ариг төвийн 402 тоотод байрлах Азийн и х ХХК /РД:.................../-д  холбогдох

 

14.229.000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Х нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч “А И Хг” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 42 байр, 2 тоотод байрлах 72 метр квадрат 2 өрөө орон сууцыг 97.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 48.600.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 2013 оны 06 сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч бүрэн төлж барагдуулсан.

П.Х нь 2013 оны 06 дугаар сарын сүүлээр орон сууцанд нүүн орж 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж авсан.  Орон сууцанд нүүж орсны дараа метр квадрат дутуу байх үндэслэлтэй байсан тул “Тоонто грант” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 72 метр квадратаас 10.54 метр квадрат дутуу байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ зөрчлийн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж, Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага гарч хариуцагч компанид хүргүүлэхэд албан шаардлагыг биелүүлээгүй хариу огт өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. П.Халиун нь 10.63 метр квадратын зөрүү мөнгө болох 14.229.000 төгрөгт зээлийн хүү төлж байгаа ба илүү метр квадратны орон сууцны төлбөр СӨХ-ны мөнгө төлж хохирсоор байгаа.

 “Тоонто грант” ХХК-ийн хийсэн хэмжилтийн дагуу улсын бүртгэлийн Ү-2205049675 дугаартай орон сууц нь 61.46 метр квадрат байгаа ба, 10.54 метр квадрат талбайн хэмжээ дутсан тул 10.54 метр квадратын төлбөрт төлсөн 14.229.000 төгрөгийг хариуцагч “Азийн Идэр Хүлэг” ХХК-иас гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү2205049675 дугаартай 72 метр квадрат орон сууц нь 61.24 метр квадрат болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “2012 оны 10 дугаар сард П.Х-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед 1,2 дугаар давхарын карказ хийгдсэн байсан. Захиалга авах үед манайд санхүүжилт байхгүй байсан тул 6 айлтай урьдчилж гэрээ байгуулж төлбөр авсан. П.Халиунтай 2009 оны барилгын зураг төслийн дагуу заалны хэмжээ 7:2 гэсэн хэмжээ юм шүү гэдгийг л тохирсон. Ингээд төлбөрийг 97.200.000 төгрөгөөр тохирсон. Дотор талын барилга нь өөрөө бүрэн цутгамал тул дотор ханыг та нар хүссэнээрээ өөрөө өөрчилж болно гэж бид тохирсон. П.Х  нь барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад байрандаа нүүж орсон байдаг. Улсын комисс барилгыг хүлээж аваад 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүх айлуудын гэрчилгээ гарсан байдаг ба хэмжээсээ 7:5 хэмжээ мөн гэсэн хэмжээсийн дагуу 72 метр квадрат гэсэн гэрчилгээ олгосон байдаг. Энэ үйл явдлаас хойш 2 жилийн дараа П.Халиун шүүхэд гомдол гаргасан байдаг. 2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан ба тухайн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга н.Магнай байх үедээ метр квадратын зөрүү нэхэмжилж болох талаар мэдээлэл гаргасан. Энэ үеэр П.Хнь би ч бас метр квадратын зөрүү нэхэмжилж болох юм байна гэж бодсон байх.

“Тоонто грант” гэх байгууллагаар хэмжилт хийлгэсэн байдаг ба уг байгууллага нь 2009 оны шинэчилсэн стандартаар хэмжилт хийж шинжилгээ хийсэн байдаг. Сүүлд байрны ордер гарсны дараа 72 метр квадрат гэсэн асуудал яригддаг. Гэрээ дээр энэ талаар тусгагдаагүй” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Халиун хариуцагч Азийн идэр хүлэг ХХК нар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь харагдаж байгаа. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Анх П.Х Азийн идэр х ХХК-тай тохиролцож байх үед зураг төслөөрөө 72 м.кв байна. Танд зориулаад гадна ханыг барих боломжгүй, стандартын дагуу явагдах ба дотор хана таны хүсэлтээр яаж ч өөрчлөгдөж болно. Хэмжилт ханын хувьд 72 м.кв багасна шүү гэдгийг хэлж анхнаасаа тохирсон байдаг. П.Х 2013 оны 04 дүгээр сард орон сууцанд орсон байдаг ба улсын комисс барилгыг 2013оны 05 дугаар сард хүлээж авсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс асууж тодруулахад орон сууцыг 4 дүгээр сард хүлээж авсан гэж хариулсан. Гомдлын шаардлага гаргасан эсэх талаар асуухад гаргасан байхаа гэж хариулсан. Гомдол гаргаад ямар хариу авсан ямар шаардлага гаргаснаа нотлох үүрэгтэй. П.Х орон сууцыг хүлээж аваад 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуулийн заалтаар барилга байгууламжтай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа 3 жил гэж тайлбарласан. Иргэний хуулинд гомдлын шаардлага гаргах ерөнхий хугацааг 6 сар гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч П.Х-тай анхнаасаа тохирсон байсан ба 97.000.000 төгрөгтөө карказын барилгыг бариулж авахаар тохирсон. Мөн нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч “А идэр хүлэг” ХХК-д холбогдуулан байрны захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 14.229.000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2009 оны стандартын дагуу зурагдсан зургийг 2011 оны стандартаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг П.Х-ны өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч “Азийн идэр х” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах  гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Азийн и х” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 61.46 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг гэрээнд заасан хөлс 97.200.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талууд гэрээнд барилгыг ашиглалтад оруулах хугацааг тохиролцоогүй боловч 2013 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 42 байр, 61.46 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй болно.

 

2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2013/30 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2009 оны 6 дугаар сараас баригдаж эхлэн 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баригдаж дууссан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 5 сар гаруй хугацаанд ашиглалтад орох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Түүнчлэн нийтийн орон сууцны барилгыг зөвхөн худалдах, худалдан авахтай холбоотой эрх зүйн харилцаа үүсэх ба батлагдсан зураг төслийн дагуу баригдсан, мөн нэхэмжлэгч П.Х-д зориулж, түүний хөрөнгөөр ажлыг буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 61.46 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй тул ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэхгүй.

 

Зохигчдын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц  нь нэг давхар баригдсан байсан ба нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул П.Х болон “Азийн и х” ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

 

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

 

Нэхэмжлэгч 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2013/30 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч “Азийн идэр х” ХХК-иас 14.229.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.”, 7.4-т “ Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.” гэж тус тус заажээ.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг өмчлөгч П.Х нь тус орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцыг 61.46 м.кв талбайтай  болохыг тогтоолгох хүсэлтээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой.

 

Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар өмчлөгч болон бусад этгээдийн хооронд маргаантай байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах бөгөөд орон сууцны квадрат метрийн зөрүүтэй холбоотой асуудлаар маргаангүй байгаа тохиолдолд шүүх тогтоох шаардлагагүй.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай  болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Азийн идэр хХХК-д холбогдуулан гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд орон сууцны нь өмчлөх эрх П.Халиуны нэр дээр бүртгэгдсэн байгаа тохиолдолд уг орон сууцны квадрат метрийн өөрчлөлт оруулах асуудлыг хариуцагч шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай  болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.”  гэж заажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нөхөн төлөх зардал буюу Э Э и ХХК-ийн шинжээчийн зардал 164.340 төгрөгийг нэхэмжлэгч П.Х-аас гаргуулж, шинжээч Э Э н ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч “Азийн идэр хүлэг” ХХК-иас 14.229.000 төгрөг гаргуулах,  Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай  болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч П.Халиунаас 164.340 төгрөгийг гаргуулж, шинжээч Эм Эм инженеринг ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР