Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1806

 

П.Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01419 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Хы, хариуцагч АИХ ХХК-д холбогдуулан гаргасан 14 229 000 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 байр, 2 тоот орон сууцыг 61.46 м.квадрат талбайтай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч П.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: П.Х нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч АИХ ХХК-тай “орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 42 дугаар байрны 02 тоотод байрлах 72 м.кв 2 өрөө орон сууцыг 97 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

П.Х нь 2013 оны 6 дугаар сарын сүүлээр орон сууцанд нүүн орж, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан. Орон сууцанд нүүж орсны дараа талбайн хэмжээ дутуу байх үндэслэлтэй байсан тул “Т” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 72 м.кв талбайгаас 10.54 м.кв талбай дутуу гэсэн дүгнэлт гарсан.

Дээрх зөрчилтэй холбогдуулж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус байгууллагын улсын ахлах байцаагч Ч.Б, Д.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хариуцагчид хүргүүлэхэд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

П.Х нь 10.63 м.кв талбайн зөрүү мөнгө болох 14 229 000 төгрөгт зээлийн хүү төлж, илүү талбайд орон сууцны төлбөр, СӨХ-ны мөнгө төлж хохирсоор байна.

Иймд 10.54 м.кв талбайн төлбөрт төлсөн 14 229 000 төгрөгийг хариуцагч АИХ ХХК-иас гаргуулж, уг орон сууцыг 61.24 м.кв талбайтай болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч АИХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Төмөр-Очир шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед 1, 2 давхрын карказ хийгдсэн байсан. Захиалга авах үед манай компанид санхүүжилт байхгүй байсан учраас 6 айлтай урьдчилан гэрээ байгуулж, төлбөрөө авсан. П.Хтай 2009 оны барилгын зураг төслийн дагуу заалны хэмжээг 7:2 гэж тохирсон байсан.

Ингээд төлбөрийг 97 200 000 төгрөгөөр тохирч, дотор талын барилга нь өөрөө бүрэн цутгамал тул дотор ханыг та нар хүссэнээрээ өөрчилж болно гэж хэлсэн. Гэтэл П.Х нь барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад орон сууцанд нүүж орсон. Улсын комисс барилгыг хүлээж аваад 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүх айлуудын гэрчилгээ гарсан бөгөөд хэмжээс нь 7:5 гэж гарсны дагуу 72 м.кв талбайтай гэсэн гэрчилгээг олгосон.

Энэ үйл явдлаас хойш 2 жилийн дараа П.Х шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь “Тоонто грант” ХХК-иар хэмжилт хийлгэсэн бөгөөд уг байгууллага нь 2009 оны шинэчилсэн стандартын дагуу хэмжилт хийсэн. Сүүлд байрны гэрчилгээ гарсны дараа 72 м.кв гэсэн асуудал ярьдаг боловч гэрээнд энэ талаар тусгаагүй.

Гэрээнд заагдсан талбайн хэмжээ орон сууцны “дотоод засалгүй” нийт талбайн хэмжээ бөгөөд тус барилгын бүх орон сууцыг худалдах үед дотоод засалгүй байсан, дотоод заслыг худалдан авагч бүрийн хүсэлтийн дагуу гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

Мөн дээрх орон сууцнуудыг талбайн хэмжээнээс хамаарч нэрлэсэн үнээр худалдсан. Учир нь нэхэмжлэгчийн хувьд “дотор засалгүй” 72 м.кв талбайг 97 200 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Хэргийн бодит үйл баримтын хувьд нэхэмжлэгч манай компанитай уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа барилга баригдсан байсан учраас худалдан авах байртайгаа танилцаж, гэрээг байгуулсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдан авч байгаа орон сууц нь гэрээнд заагдсан, талуудын тохиролцсон нөхцлөөс өөр байгаа эсэх, ямар нэгэн зөрчил доголдол байгаа эсэхийг шалгах, хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гэрээг байгуулахгүй байх, гэрээнээс татгалзах, төлбөрийг гэрээний үүргийн зөрчлийн хэмжээгээр саатуулах боломжтой байсан.

Гэтэл ямар нэгэн маргаан гаргаагүй атлаа гэрээг байгуулж, орон сууцанд орсноос хойш 3 жил орчим хугацааны дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь “тухайн үед гэрээ байгуулсан нөхцлөө мэдэж, хүлээн зөвшөөрч байсан” болохыг харуулж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч АИХ ХХК-иас 14 229 000 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны, 2 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Хы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Хаас 164 340 төгрөгийг гаргуулан, шинжээч “Эм Эм инженеринг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" хэмээн тодорхой заасан. Ажил гүйцэтгэх гэрээний бусад гэрээнээс ялгагдах гол шинж нь гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн захиалагч нь түүнийг буюу ажлын үр дүнг хүлээн авах юм.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бол худалдагч нь аль хэдийн буй болсон эд зүйлийг шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Харин ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүн буюу нийлүүлэх зүйлийг шинээр бүтээх шаардлагатай.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбаруудаар талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэгт маргадаггүй боловч дор дурдсан нотлох баримтаар ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан болох нь нотлогдож байна. Үүнд:

2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ"-ний 1.2-т 1 дүгээр байрны, 1 давхрын 2 тоот "орон сууц"-ыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн заасан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т дурдсан орон сууцны нийт үнэ 97 200 000 төгрөг (1 м.кв-1 350 000) байна.

Дээрх дүнд захиалагч орон сууцыг хүлээн авах хүртэлх барилга угсралт, үйлдвэрлэлийн бүх зардал (барилгын материалын үнэ, тээвэр техникийн нөхцлийн зардал, ажлын хөлс, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хөрөнгө, талбайн барилга, заслын ажил, дотоод заслын үнэ) зэрэг багтсан болно.

Ажил гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээх үүрэг нь ажлын үр дүнг бүтээхээр хязгаарлахгүй. Тэрээр захиалагчид ямар нэгэн доголдолгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх ёстой. Үүнээс гадна шударгаар хийж гүйцэтгэж, захиалагчийг хохироохоос хамгаалах нэмэлт үүрэг хүлээнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нөхцөлд ажил гүйцэтгэгч нь 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу ямар ч доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх үүрэгтэй. Мөн талууд гэрээгээр ажлын үр дүнгийн тоо хэмжээ, чанарын тухай тохирсон эсэх, эсхүл гэрээнд тодорхой зориулалтыг тусгасан эсэхийг тогтооно.

Гэрээний 4.2-т орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, Улсын комиссоор оруулж, уг комиссын актаар орон сууцыг хүлээн авсан тухай захиалагчид бичгээр мэдэгдэнэ гэх заалт нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагч АИХ ХХК нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хариуцагч талаас болон шүүхийн зүгээс талбайн зөрүүтэй асуудлыг орон сууцыг хүлээн авах үедээ гомдол гаргаагүй гэж буруутгаж байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт "хэвийн байдлаар хүлээн авахад илрэх боломжгүй дутагдлыг 3 жилийн дотор гарна" гэж заасан. Харин орон сууцны талбайн хэмжээ нь хэвийн байдлаар илэрхийлэх боломжгүй тул нэхэмжлэгч П.Х мэдэх боломжгүй.

Орон сууцны талбайн их, бага эсэхийг тогтоодог тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд буюу мэргэжлийн мэргэшсэн ажилтан нь зориулалтын шаардлага хангасан хэмжих хэрэгсэл ашиглаж тогтоодог. Гэтэл мэргэжлийн бус иргэн П.Х хараад шууд талбайн хэмжээ бага байна гэх боломжгүй тул тусгай мэдлэг шаардсан доголдолд хамаарна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэв тийм биш бол шүүх маргаанд шинжээч томилолгүйгээр өөрсдөө үзэж тодорхойлох боломжтой. Иймд хялбар биш учраас шинжээч томилдог хэмээн ойлгож байна.

Мөн анхан шатны шүүх тухайн маргааны гэрээний төрлийг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Шүүх гэрээний зорилго, гэрээгээр талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөлд талуудын хүсэл зоригоос тухайн гэрээний харилцааг тодорхойлох ёстой болно.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нийтийн орон сууц захиалгын гэрээ гэж байхгүй, бүгд худалдах-худалдан авах гэрээ гэсэн дүгнэлт хийж, тайлбарласан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.Х, АИХ ХХК-д холбогдуулан гэрээнд заасан хэмжээнээс 10.54 м.кв талбай орон сууцыг дутуу шилжүүлсэн гэх үндэслэлээр илүү төлсөн 14 229 000 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 02 тоот орон сууцыг 61.46 м.кв талбайтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ “... гэрээнд энэ талаар заагаагүй ...” гэж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад нэхэмжлэгч П.Х нь хариуцагч АИХ ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ” нэртэй гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Ариг таун” хорооллын 42 дугаар байрны 02 тоот /гэрээнд 1 давхрын 02 тоот гэж бичигдсэн/ орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон байх бөгөөд улмаар П.Х нь гэрээний үнийг төлж, орон сууцыг 2013 оны 4 дүгээр сард хүлээн авч, өөрийн өмчлөлдөө мөн оны 7 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй. /1хх-4-9, 12/

Дээрх гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь нийтийн орон сууцны зориулалттай барилгаас гэрээнд заасан байрыг сонгож, үнийг төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Зохигчид орон сууцыг 97 200 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээгээр тохиролцсон, харин орон сууцны талбайн хэмжээг тогтоосон тохиролцоо байхгүй байхад 61.46 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авсан нь тогтоогдсон гэж шүүх үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээний 2.1 дэх заалтад 97 200 000 төгрөг гэсний дараа хаалтад 1 м.кв-1 350 000 төгрөг гэж бичсэн учир 72 м.кв талбай гэж ойлгоно” гэж тайлбарлаж, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.

Учир нь талууд гэрээний 1.2, 2.1 дэх заалтаар нэхэмжлэгч П.Х нь хариуцагч компаниас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Ариг таун” хороололд баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын /42 дугаар байр/ 02 тоот орон сууцыг 97 200 000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцсон ба 1 м.кв-1 350 000 төгрөг гэх бичилтийг гараар нэмсэн нь эргэлзээтэй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний уг заалтыг үгийн шууд утгаар тайлбарлавал талууд худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны талбайн хэмжээг тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч П.Х нь хариуцагчаас дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлөхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Х нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу орон сууцны талбайн хэмжээг 61.46 м.кв болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... илүү талбайд орон сууцны төлбөр, СӨХ-ны мөнгө төлж хохирч байна” гэж тайлбарласан.

 

Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах нэг тохиолдлыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.З-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч П.Х маргааны зүйл болох 42 тоот орон сууцны нэг өмчлөгч бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн гэж үзвэл дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий газарт нь хандан бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 251 дүгээр зүйлийн 251.1.1-д заасныг тайлбарлан хэрэглэсэн шүүхийн дүгнэлт алдаатай боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй бөгөөд маргааны төрлийг зөв тодорхойлон, нэхэмжлэгч П.Хы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 229 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

           

                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                 Ч.ЦЭНД