Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/502

 

  

 

 

 

 

 

2021        07         26                                     2021/ШЦТ/502    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                      

улсын яллагч Б.Амармөрөн,

шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Х.Б-, ... овогт Г.Э- нарт холбогдох эрүүгийн 1909017170521 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мод үржүүлгийн ажил эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух, 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаарт таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 75000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Х.Б-,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, модны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хадам эх, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн  / РД: ... / ... овогт Г.Э- нар нь:

Г.Э- нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Х.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Х.Б- нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Э-ыг “Авто машинаа хашааны хаалганаас холдуулсангүй” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-53 тоот хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн Тоwn ise маркийн цагаан өнгийн машинтай ээж Ариунаагийн хамт иртэл хажуу айлын Г.Э- гэгчийн машин хөндлөн зогсож байсан. Машинаасаа буугаад Г.Э-ын хашааны хаалгыг цохиж, Г.Э-ыг дуудтал Г.Э-  гэрээсээ гараад ирсэн. Би “Г.Э-аа машин оруулах гэсэн юм. Машинаа холдуулчих “ гэж хэлэхэд Г.Э- нь “ Миний машины арын зайгаар ухраад гарч чадахгүй байна уу. Чи жолооч гэж байгаад яадаг юм бэ “ гэж хэлээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн юм. ...Г.Э-тай хэрүүл хийж байхдаа ээж Ариунаад танай хүүхдийг цохих юм бол хэдэн төгрөг надаас нэхэх бол гэх мэтээр ээж рүү дайраад байсан. Г.Э- нь баруун гараараа миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиод авахад миний хамраас цус гарч эхэлсэн гэжээ.  / 1хх 11-13 /

 

Гэрч Г.Э- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би машинаа  хашааныхаа хаалгаар оруулах гээд бэлдээд тавьчихсан байхад Х.Б- гаднаас машинтайгаа ирээд хашаа руугаа орох гэж байхдаа намайг хэл амаар доромжлоод “ Пизда минь машинаа яах гэж ингэж хаалга үүд хаагаад тавьж байдаг юм бэ. Машинаа дандаа ингэж тавьдаг”  гэж хэлсэн. Тэгээд Х.Б- эхлээд миний цамцны энгэрээс нэг гараараа 2 удаа боогоод нөгөө гараараа миний эрүү хэсэг рүү 2 удаа цохьсон. Дараа нь миний зүүн талын хавирга руу 2 удаа цохьсон. Би Х.Б-ын нүүр рүү мангасдах гээд гараараа түлхтэл Х.Б-ын хамар нь миний гарт цохигдсон гэжээ.  / 1хх 14-17 /

 

 Гэрч Г.Ариунаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Х.Б-ын хамт машинаар явж байсан бөгөөд Х.Б- машинаа хашааныхаа хаалгаар оруулах гэтэл Г.Э- өөрийнхеө машиныг хаалга голлуулаад тавьчихсан байсан. Тэгээд Х.Б- нь Г.Э-т хандаж “ Машин багтахгүй байна. Чи машинаа холдуул” гэхэд Г.Э- “ Чи энэ завсраар багтаагаад оруулж чадахгүй байна уу пизда “ гэнэ үү, амьсгаа гэнэ үү “ нэг хараалын үг л хэлсэн. Тэгэхээр нь Х.Б- уурлаад энэ хоёр юу болсон юм, би гэрийнхээ хаалга руу очоод, буцаад харахад Г.Э-, Х.Б- хоёр муудалцаад заамдалцаад, бие биенээ түлхэлцээд, Г.Э- Х.Б-ын цамцны захаар  хоолойг нь бооход Х.Б- Г.Э-ын гарыг гавиулах гээд гараараа бариад сэгсэрсэн. Г.Э- Х.Б-ын нүүр хэсэг рүү нь цохьсон гэжээ. / 1хх 18-23 /

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 6-7 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5308 дугаартай дүгнэлтэд:

 1. Х.Б-ын биед хамрын ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун эгэм, баруун хөмсөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / 1хх 29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5423 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Э-ын биед тархи доргилт, эрүүний баруун урд доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / 1хх  34 /

 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл / 1х 92-93 /

 

Шүүгдэгч Х.Б-оос 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 42-47 /

 

Шүүгдэгч Г.Э-аас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 52-56 /

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58, 69 / зэрэг болно.

 

Хохирогч, шүүгдэгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тэр өдөр Г.Э- хашааны үүд хааж машин тавьснаас болоод маргалдсан. Г.Э- намайг зодсон. Маргаан болох үед Эрдэнэ байгаагүй. Зөвхөн ээж, бид гурав л байсан. Эрдэнэ мэдүүлэхдээ “ ... Өглөө босоод бие засах гээд байж байсан “ гэсэн. Энэ асуудал өглөө болоогүй. Мөн манай ээжээс мэдүүлэг авахдаа миний ямар байдалтай байсныг огт бичээгүй. Намайг буруутгахын тулд цусаа гоожуулаад хувцсаа уруулсан хүүгээ хүн сэгсэрч байсан гэх үү. Г.Э- нь намайг  хэл амаар доромжлоод эхэлж хоолой боож, баруун гараараа миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиод авахад миний хамраас цус гарсан байхад би яаж хүний биед тархи доргилт үүсгэж чадахыг харуулж өгөөч. Би цусаа гоожуулаад доошоо тонгойсон. Би түүнд гэмтэл учруулахаар ямар ч үйлдэл хийгээгүй.

 Түүнд зодуулснаас болоод миний хамар хугарсан. Тухайн үед өмсөж явсан миний цамц урагдсан. Би энэ хохирлоо нэхэмжлэх гэсэн боловч цагдаа, прокурор, шүүгч хүлээж аваагүй. Цамцаа би 45.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хохирлоо нэхэмжилнэ.

Г.Э- согтуу байсан учир маргаан үүсгэж, намайг зодсон. Би Г.Э-ыг заамдаагүй, цохиогүй. Ул мөр үүсэх ёстой. Г.Э-ын биед үүссэн улайлт нь шинэ байсан нь надтай маргалдсанаас хойш гадны халдлагад өртсөнийг нотлох гол нотолгоо юм гэв.

 

Хохирогч, шүүгдэгч Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хаалга балбаад байхаар нь гартал Х.Б- намайг заамдаж аваад эрүү рүү 2 удаа цохьсон. Ээж нь үүнийг мэдэж байгаа. Хүүгээ эхэлж намайг цохьсныг хэлбэл буруудна гэдгийг мэдэж байсан учир зөөллөсөн. Х.Б- миний нүүр рүү цохиод байхаар нь би холдуулахаар цохьсон. Түүний хамраас цус гарахаар салсан. Энэ асуудлыг Эрдэнэ харж байсан. Би тухайн өдөр эрүүлжүүлэгдсэн. 0.25 хувийн согтолттой гарсан. Болсон бүх асуудлыг мэдэж байсан.

Эмчилгээний зардал 128.000 төгрөгөө нэхэмжилнэ. Энэ хүнээс болоод би бүтэн 3 жил ажил хөдөлмөр хийж чадаагүй. Би сард 3-5 сая төгрөг олдог байсан. Үүнийгээ 20 сараар бодож 60 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Прокуророос Х.Б-ыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Э-ыг “Авто машинаа хашааны хаалганаас холдуулсангүй” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

1. Хэрэгт  авагдсан хохирогч Х.Б- / 1хх 11-13 /, гэрч Г.Э- / 1хх 14-17 /, гэрч Г.Ариунаа нарын мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн /1хх 18-23 / мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Э- хашааны хаалга хааж машинаа тавьснаас маргаан үүссэн, дээрх маргаан болсны дараа шүүгдэгч Г.Э- нь эрүүлжүүлэгдсэн бөгөөд 0.25 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба түүний биед ямар нэг гэмтэл шарх сорви байгаагүй болох нь эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлээр тогтоогджээ. / 1х 92-93 /

2. Шүүгдэгч Г.Э-ыг эрүүлжүүлэхээс гарсны маргааш буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд / 1хх 06-07 / ... Нүцгэл, эсхүл гараар тэмтрэх байдлаар үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Эрүүний баруун доод хэсэгт бага зэргийн улайлттай байсан. Энэ талаар хөндлөнгийн гэрч Ж.Одонгоо, Б.Батхишиг нар тус тус мэдүүлсэн байна. / 2хх 99-106 / Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5423 дугаартай дүгнэлтэд: Г.Э-ын биед тархи доргилт, эрүүний баруун урд доор зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / 1хх  34 /

Гэтэл маргаан болох үед эхэлж Г.Э- Х.Б-ыг цохьсон болохыг гэрч Г.Ариунаагийн  “...Г.Э-, Х.Б- хоёр муудалцаад заамдалцаад, бие биенээ түлхэлцээд, Г.Э- Х.Б-ын цамцны захаар хоолойг нь бооход Х.Б- Г.Э-ын гарыг тавиулах гээд гараараа бариад сэгсэрсэн. Х.Б-ын нүүр хэсэг рүү нь цохьсон “ гэх мэдүүлэг нотлодог / 1хх 18-23 / бөгөөд Г.Э- “ ...Х.Б- эхлээд миний цамцны энгэрээс нэг гараараа 2 удаа боогоод нөгөө гараараа миний эрүү хэсэг рүү 2 удаа цохьсон. Дараа нь миний зүүн талын хавирга руу 2 удаа цохьсон гэж мэдүүлсэн боловч боолт хийлгэсэн ул мөр болон хавирганд гэмтэл илрээгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5423 дугаартай дүгнэлтээр Г.Э-ын биед тархи доргилт, эрүүний баруун урд доор зулгаралт гэмтэл тогтоогдсон. Г.Э- нь шинжээч томилсноос хойш 3 хоногийн дараа үзүүлжээ.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Г.Э-ын биед учирсан тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7-10 хоногт эдгэрэх боломжтой. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох болон өөрөө унаж ойчих үед үүсэх боломжтой / 2хх 92-93 / гэж мэдүүлсэн ба гэрч Г.Ариунаа Х.Б- нь Г.Э-ыг цохьсон талаар мэдүүлээгүй, мөн хохирогч Х.Б-од хууль сануулж, хохирогчоор мэдүүлэг авахад “Г.Э-т цохиулаад хамраас нь цус гарсан учир цусаа гоожуулаад доошоо тонгойсон. Түүнд гар хүрээгүй” / 1 хх 11-13  / гэж тус тус мэдүүлжээ. Мөн гэрч Ц.Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Х.Б-, Г.Э- нар маргалдаж, хэрэлдэх чимээ гарахаар нь хашаан дээгүүрээ хартал Х.Б- Г.Э-ын нүүрэн тус газар нь маажчихсан” гэж мэдүүлсэн / 2хх 97-98 / нь үндэслэлгүй болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Эдгээрээс дүгнэхэд хохирогч Г.Э-ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тархи доргилт гэмтлийг шүүгдэгч Х.Б- учруулсан эсэх нь эргэлзээтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчиийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Х.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж улмаар түүнийг боож, хамар руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

...Г.Э- нь “ Миний машины арын зайгаар ухраад гарч чадахгүй байна уу. Чи жолооч гэж байгаад яадаг юм бэ “ гэж хэлээд намайг хэл амаар доромжилж, баруун гараараа миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиод авахад миний хамраас цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Б-ын мэдүүлэг / 1 хх 11-13 /,  ... Би Х.Б-ын нүүр рүү мангасдах гээд гараараа түлхтэл Х.Б-ын хамар нь миний гарт цохигдсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Э-ын мэдүүлэг / 1хх 14-17 /,   ... Х.Б- нь Г.Э-т хандаж “ Машин багтахгүй байна. Чи машинаа холдуул ” гэхэд Г.Э- “ Чи энэ завсраар багтаагаад оруулж чадахгүй байна уу пизда гэснээс маргалдсан. ...Г.Э- Х.Б-ын цамцны захаар  хоолойг нь бооход Х.Б- Г.Э-ын гарыг гавиулах гээд гараараа бариад сэгсэрсэн. Г.Э- Х.Б-ын нүүр хэсэг рүү нь цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ариунаагийн мэдүүлэг / 1хх 18-23 /,  ... Х.Б-ын биед хамрын ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун эгэм, баруун хөмсөгний цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5308 дугаартай дүгнэлт / 1хх 29 /,   ....Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл / 1х 92-93 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч, шүүгдэгч Х.Б- нь зодуулах үед өмсөж явсан цамц урагдсан тул 45.000 төгрөг, шүүгдэгч Г.Э- эмчилгээний зардал 128.000 төгрөг, 3 жилд олох байсан ашиг 60.000.000 төгрөг нийт 60.128.000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.

Хохирогч, шүүгдэгч Х.Б- нь ЦБ-д гаргасан өргөдөл болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө / 1хх 05, 10-13 / цамц урагдсан талаараа огт дурьдаагүй, гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн тухай баримтаа / 1хх 28 / өгснөөс өөр баримт өгөөгүй байна. Дээрх цамцыг эд мөрийн баримтаар тооцуулж, үнэлгээ хийлгээгүй байх тул хохирлыг тооцон гаргуулах боломжгүй, мөн шүүгдэгч Х.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Г.Э- нь буруутай этгээдээс эмчилгээний зардлаа жич нэхэмжлэн авах, түүний хэний буруугаас ямар шалтгаанаар олох байсан ямар ашгаа олж чадаагүй болох, сард 3-5 сая төгрөгний ашиг олдог байсан гэх баримтгүй тул тус тус тэдгээрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Х.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан түүнд хуульд заасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан шаардлагыг бүрэн хангаж байна.

 

“Өршөөл үзүүлэх тухай” хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарч байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ... овогт Х.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч ... овогт Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гочоогийн Г.Э-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Э-т оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Б-, Г.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Б-ын 45.000 төгрөг, Г.Э-ын 60.128.000 төгрөгний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Х.Б-, Г.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Х.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б-, Г.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ