Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1079

 

 

 

 

 

 

2019           10             24                                             2019/ДШМ/1079                                           

Г.Э-, Х.Б- нарт                                                                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Түвшинбаяр,

            хохирогч, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

            хохирогч, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, 

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б-, Г.Э- нарт холбогдох 1909017170521 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ү овгийн Х-ын Б, Улаанбаатар хотод 1974 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мод үржүүлгийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 4; эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Ойчдын 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

2001 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 75.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

 

 2. Б овгийн Ггийн Э, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1972 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, модны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хадам эх, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Ойчдын 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/;

Г.Э-, Х.Б- нар нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Х.Б-, Г.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-, Х.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-, Х.Б- нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хохирогч Г.Э- хохирол нэхэмжлээгүй, хохирогч Х.Б- 45,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хохирогч, шүүгдэгч Х.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх хэргийг бодит үнэнд тулгуурлаж шийдвэрлээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5423 тоот шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар удаа дараа цагдаа, прокурорт гомдол, хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэж намайг хохироож байна... Энэ өдрийн маргаанд Э л миний нүүрэнд 2 удаа цохисон. Түүнээс болж миний хамраас цус гарч, би доош тонгойж суусан, олон удаа бие биетэйгээ зууралдаж цохилцож, зодолдсон зүйл байхгүй. Бид хоёр хашааны газрын маргаанаас болоод хувийн таарамжгүй харилцаатай байгаа ... Г.Э- надтай маргаж намайг зодохоос өмнө хүнтэй зодоон хийж Натур гэх эмнэлэгт очиж үзүүлсэн байдаг. Энэ талаар цагдаа, прокурорт гомдол өгөхөд шалгадаггүй. Урьд нь тархиндаа гэмтэл авч тархи нь цөмөрсөн байсан. Түүнийг шинжээч дүгнэлтдээ дурьдаагүй. Тэр үед авсан гэмтэл нь одоогоор тархи доргилттой байгааг үгүйсгэхгүй.

Мөн хэргийг шийдвэрлэхдээ бид хоёрт яг адил ял оногдуулсан нь үнэнд нийцэхгүй байна. Учир нь Г.Э-ын хувийн байдалд дүгнэлт хийгээгүй. Өмнө зарласан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э- өөрөө ямар ч шалтгаангүйгээр ирээгүй байхад таслан шийдвэрлэх арга хэмжээг өөрчлөөгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй, үйлдсэн хэргээ өөрийн буруу гэдгийг ухамсарлан ойлгохгүй байгаа зэргийг харгалзан үзэхгүй, гэмт хэрэг үйлдээгүй надтай адил ял өгсөн нь хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Б- шууд хаалга нүдээд “машинаа холдуул” гээд хараалын үг хэлсэн. Би “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэж хэлсэн. Тэгтэл намайг шууд барьж аваад хоёр удаа эрүү рүү цохисон. Тэгэхээр нь би аргагүй хамгаалалт хийгээд түлхсэн. Болсон процесс харилцан зодоон л болсон. Шүүгдэгч Х.Б- өөрийгөө гэм буруугүй гэж ярьж байна. Гэм буруугүй хүн биш. Хэрэг болоход манай хойд хашааны Эрдэнээ харж байсан. Мөрдөн байцаагч Гантулгад “Эрдэнэ гэх гэрчийг яагаад байцаагаагүй юм бэ” гэхэд “наад хүнийг чинь анзаараагүй орхисон байна” гэсэн. 10 жилийн өмнө гээд байгаа зүйл нь манайх хашаагаа өргөсгөх гээд нүх ухаад байж байхад Х.Б- мөн хэрүүл өдсөн. Тэгээд өөрөө цагдаа дууддаг. Энэ хүний арга нь улам л нарийсч байна.” гэв.

            Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.Б- нь “би хүн зодоогүй, гүтгэгдэж байна” гэж мэдүүлсэн нь эрүүлжүүлэх байрны их эмч Нарантуяагийн мэдүүлэг болон эрүүлжүүлэх байранд Г.Э-ыг хүлээж авахад үйлдсэн тэмдэглэлээр нотлогддог. Хавтас хэргийн 6 дугаар хуудаст Г.Э-ын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан. Уг тэмдэглэлийн 3 дахь хэсэгт “эрүүнд зулгаралт байна” гээд тодорхой бичсэн байсан. Үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон хоёр хүний нэг болох Батхишиг гэх хүнтэй холбогдож асуухад “тухайн өрөөнд би орсон. Нэг хүн сууж байсан. Тэр хүн зүгээр байсан. Надад эрүүн дээр нь зулгаралт байсан талаар үзүүлээгүй” гэж хэлсэн. Үзлэгийн тэмдэглэлийн огноо 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэж хэрэг болсны маргааш байдаг. Гэтэл Батхишиг гэх хөндлөнгийн гэрч уг үзлэгийг 5 дугаар сарын 20-нд болсон гэдэг. Иймд мөрдөн байцаагч нотлох баримтыг нөхөж, цаг хугацааг урагшлуулж үйлдсэн байх магадлалтай харагдаж байна. 5 дугаар сарын 20-нд эрүүлжүүлэх байрнаас албан тоотоор эрүүлжүүлэхийн карт мөрдөгчид ирсэн байдаг. Цаг хугацааны хувьд давхацдаг. Нотлох баримтыг цуглуулахдаа нэг талыг барьж бүрдүүлсэн харагдаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харахаар шүүгдэгч Х.Б-ын биед маш олон тооны шинэ гэмтлүүд байдаг. Шүүгдэгч Г.Э-ын гэмтэл болохоор эрүү зулгарсан, тархи доргилт гээд хоёрхон гэмтлээр хөнгөн гэмтэл тогтоогдсон. Мөнхбаатар гэх шинжээчийн дүгнэлтэд тархи доргилт гэх зүйл байхгүй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа яг адилхан ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгч Х.Б-ын биед маш олон гэмтэл илэрсэн. Шүүгдэгч Г.Э-ын биед хуучин тархи доргилт гэх гэмтэл илэрсэн байсан. Мөрдөгч шинжээч эмчээс “Г.Э-ын тархи доргилт хуучин гэмтлээсээ болж үүссэн үү” гээд асуух боломжтой байсан. Анхан шатны шүүх цагаатгах нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж нотлох баримтын харилцан хамаарлыг судалсангүй. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай байна.” гэв.

            Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч П.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Г.Э- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харилцан зодооны улмаас хэн алиндаа гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хавтас хэргийн 6 дугаар талд авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “эрүүний баруун доод хэсэгт улайлттай” гэсэн байна. Хавтас хэргийн 16 дугаар талд гэрчээр Г.Э- мэдүүлэхдээ “энгэрээс нэг гараараа зуураад, эрүү хэсэг рүү хоёр удаа цохисон” гэж мэдүүлсэн. Хавтас хэргийн 22 дугаар талд гэрч Ариунаагийн “заамдалцаад, бие биеэ түлхээд, Б гарыг нь тавиулах гээд сэгсэрч байсан” гэх мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байдаг. Эрүүлжүүлэх төвийн эмч тархи доргисон үгүйг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул “гэмтэлгүй” гэж бичсэн гээд тайлбарласан. Цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг адилхан хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэж үзэж байна” гэв.

            Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Х.Б-ын хувьд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Г.Э-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж харилцан бие биедээ гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ариунаагийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Эрүүлжүүлэх төвийн эмч дараа нь “улайлт, зулгаралттай гэмтлийг би анзаараагүй байсан” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Х.Б- хэргийг буруу зүйлчилсэн гэж байна. Харилцан маргаан болох шалгаан нь хашааны үүдэнд автомашин байрлуулснаас болсон. Өмнөх газрын маргаантай холбоотой асуудлыг уг хэрэгт дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ял шийтгэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Х.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэрүүдтэй илт зөрүүтэй байх тул шүүхийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

1. Хэргийн 129 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг прокурорын хүсэлтээр хойшлуулж, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт хийхээр товлосон талаар тэмдэглэсэн байх боловч энэ хуралдаанаас гарсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1437 дугаартай шүүгчийн захирамж /хх 130/-д прокурор хэрэгтэй танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан мэтээр зөрүүтэй бичигджээ.

2. Хэргийн 134 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт болсон шүүх хуралдаанд улсын яллагч ирээгүй үндэслэлээр хуралдаан хойшилсон боловч тухайн цаг хугацаанаас урагш буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хойшлуулсан шүүх хуралдаанаа хийхээр товлосон байна.

Түүнчлэн улсын яллагч ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тухай дээрх тэмдэглэлд тусгасан атал мөн шүүх хуралдаанаас гарсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1510 дугаартай шүүгчийн захирамж /хх 136/-аар шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон, шүүх хуралдаанд улсын яллагч Н.Түвшинбаяр оролцож санал, дүгнэлт гаргасан гэж шүүх хуралдааны тэмдэглэлээс илт зөрүүтэй бичигдсэн.

3. Хэргийн 143-146 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон талаар тэмдэглэсэн атал мөн өдрийн шүүх хуралдаанаас гарсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1558 дугаартай шүүгчийн захирамж /хх 136/ нь шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах, шүүгдэгч Г.Э- шүүх хуралдаан ирээгүй үндэслэлээр хуралдааныг хойшлуулсан агуулгаар тэмдэглэлээс илт зөрүүтэй бичигдсэн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “нарийн бичгийн дарга Л.Ундармаа оролцсон” гэх боловч шүүгчийн захирамжид “нарийн бичгийн даргаар Д.Хандсүрэн оролцсон” гэж, шүүгдэгч Г.Э- шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр хойшлогдсон гэж шүүгчийн захирамжид дурьдсан байхад шүүх хуралдааны тэмдэглэлийг тухайн шүүгдэгчийг ирсэн мэтээр үйлдсэн гэх зэргээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хариуцсан ажилдаа илт хайнга, хариуцлагагүй хандсан байна. 

Дээрх шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч, шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Б-, Г.Э- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцэх хүртэл Х.Б-, Г.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН