Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт ялагчаар шалгарсан “Ч” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2023/0124/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт ялагчаар шалгарсан “Ч” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны хууль бус актын үндэслэлийн талаар дардаагүй. Зүй нь захиалагч манай компанитай тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах эсэх асуудлаа шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл “манай дарга гадаад явсан, гэрээнд гарын үсэг зурах хүн байхгүй” гэсэн шалтгаанаар гэрээ байгуулахгүй байсан. Ингээд тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрсний дараа гэрээ байгуулахад нөлөөлөхгүй асуудлыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан.

3.2. Бид захиалагчийн тавьсан болзол шаардлагыг биелүүлсэн тендерийн материал хүргүүлсэн. Хэрэв тухайн тендерийн суурь үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т зааснаар зохицуулах боломжтой байсан.

3.3. Анхан шатны шүүх 2023 оны Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн учир ...даалгах шийдвэр гаргах боломжгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 2022 онд зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан. Захиалагчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тендерийн ажил гүйцэтгэх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захиргааны акт нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байхад гаргасан, тухайн нөхцөл байдал бий болоогүй байхад гаргасан хууль бус акт учир анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” “... Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн жагсаалт”-ын XV 3.1.3-т “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын батлагдсан төсөвт магадлал хийлгэх ажлыг зохион байгуулж байгаа тул танайд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн 01/1967 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “Ч” ХХК-д хүргүүлжээ.

2.1. Нэхэмжлэгч уг албан бичгийг хүчингүй болгож, тус газраас зарласан “Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт ялагчаар шалгарсан “Ч” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...манай компани тендерийн урилгад заасан нөхцөл шаардлага хангасан баримт боловсруулж захиалагчид хүргүүлж тендерт оролцсон бөгөөд захиалагчаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүлээн авсан, уг мэдэгдлийн дагуу гүйцэтгэлийн баталгаа 74.425.194 төгрөгийг 10 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкаар гаргаж захиалагчид хүргэсэн. Гэтэл захиалагчаас гэрээ байгуулах талаар огт холбогдохгүй, хэл чимээгүй байсан тул 10 дугаар сард 2-3 удаа тодруулахаар очсон боловч Ерөнхий газрын дарга гадаад явсан, гэрээнд гарын үсэг зурах хүн байхгүй гэсэн хариу өгч байсан. Гэтэл 40 хоногийн дараа Иргэний нисэхийн Ерөнхий газар дээр ирж уулз гэсэн, компанийн захирал хөдөө явж байсан тул өөрийн хүү М.Ц-ийг очиж уулзуулахад “танайх тендерийн саналд ирүүлсэн мөнгөөр ажлаа хийж чадах юмуу ... чадна гэсэн баталгаа бичиж өг ...” гэсэн ... хуульд байхгүй шаардлага тавьсан тул баталгаа бичиж өгөөгүй, компанийг төлөөлөх эрх бүхий хүн биш гэдгээ хэлээд явсан байдаг ... Гэтэл захиалагчаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1967 дугаар албан бичгээр “... баталсан төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулж, үнийн саналд туссан хөрөнгөөр барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх талаар баталгаа гаргаж өгч чадах эсэхийг тодруулахад тодорхой шийдэлд хүрээгүй, барилгын материалын үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа тул баталгаа гаргаж өгөх боломжгүй гэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1671 дугаар гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг цуцаж байгааг мэдэгдэж байна” гэсэн нь хууль бус, тендерт оролцогч ялагчаар шалгарсан бол ажлын 6-аас доошгүй хоногийн дотор гэрээ байгуулах хуулиар тогтоосон журамтай ... хэрэв материалын суурь үнэ нэмэгдэхээр бол гэрээ байгуулсны дараа гэрээнд тохируулга хийгээд асуудлыг шийдвэрлэж болох талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой заасан байхад хариуцагч “тендерийн ажлын төсөвт магадлал хийхэд үнэ өсөх магадлалтай байгаа учраас ...” гэсэн шалтгаанаар гэрээ байгуулах мэдэгдлээ цуцалсан нь хууль бус, манай хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж тайлбарласан байна.  

2.2. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Өлгий нисэх буудлын өргөтгөл засварын ажлын төсвийг Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн хавсралтад 2.515.271.117 төгрөгөөр баталсан, харин 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар 4.495.3 сая төгрөг гэж баталсан. Төсвийг 2022 онд батлахдаа материалын үнийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн дундаж үнийн судалгаа, зарим үнийг 2023 оны 1 дүгээр сарын байдлаар тооцсон ... тул татгалзсан нь үндэслэлтэй ...” гэж тайлбарлан маргажээ.

2.3. Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан  Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт нэхэмжлэгч шалгарсан болон тендерийн сонгон шалгаруулалтын үйл явцтай, мөн Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 дүгээр албан бичгээр “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдсэнтэй тус тус хэргийн оролцогчид маргаагүй байна. 

2.4. Гэтэл хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 дүгээр албан бичгээр тендерт оролцсон нэхэмжлэгч “Ч” ХХК-д “... танай ирүүлсэн тендер нь бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул ... гүйцэтгэгчээр шалгарлаа ... мэдэгдлийг авснаас хойш 6 хоногийн дараа ... холбогдох баримтыг бүрдүүлэн ... ирж гэрээ байгуулна” хэмээн гэрээ байгуулах эрх олгож, мэдэгдсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1967 дугаар албан бичгээр “...гэрээ байгуулагдах явцад Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаас “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2021 оны 01 дүгээр сард магадлал хийснээс хойш цалингийн шинэчлэл, барилгын материалын үнэ, инфляцийн өсөлт зэргийг харгалзан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй болон хэрэгжих төсөл арга арга хэмжээний баталсан төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулан үр дүнг 2022 оны 11 дүгээр сард багтаан ирүүлэх үүрэг өгөгдсөний дагуу холбогдох ажлыг зохион байгуулж, танай байгууллагатай уулзаж тухайн үнийн саналд туссан хөрөнгөөр барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулахад тодорхой шийдэлд хүрээгүй, барилгын материалын суурь үнэ өдөр ирэх тусам өсч байгаа тул баталгаа гаргаж өгөх боломжгүй хариу өгсөн. Иймд ... гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг цуцалж байгааг мэдэгдэж байна ...” гэж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлээ цуцалсныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2.5. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.7-д “тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны  баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн  үнэт цаасыг”, 5.1.18-д гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг” ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-“Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 29.3-т “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана”, 20 дугаар зүйлийн 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуульд зааснаас үзвэл хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах захиалагчийн шийдвэрийг мэдэгдсэн бол гэрээ байгуулах эрх олгогдсон гэж үзэхээр байх бөгөөд ийнхүү гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг мэдэгдэх, гэрээ байгуулах, худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах нь захиалагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх бөгөөд худалдан авах ажиллагаа бүхэлдээ ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмын хүрээнд явагдахаар, харин хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан нөхцөл үүссэн тохиололд захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулах, хэрэв энэ нөхцөл бүрдэхгүй бол дараагийн шатны хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр байна.

            2.7. Хариуцагчаас “... тухайн үнийн саналд туссан хөрөнгөөр барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулахад тодорхой шийдэлд хүрээгүй, “барилгын материалын үнэ өдөр ирэх тусам өсч байгаа тул баталгаа гаргаж өгөх боломжгүй” гэж хариу өгсөн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл”-ийг цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус байна.

2.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 16 дугаар зүйлийн 16.1-т “16.1.Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:” гэж тус тус заасан байна.

2.9. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл захиалагч нь хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулахаас өмнө тендерт оролцогчийн хувьд ерөнхий нөхцөл шаардлага хангаж байгаа эсэх, гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитай эсэх, техникийн чадавхи болон туршлагын хувьд шаардлага хангаж байгаа эсэхийг тендерийн баримт бичигт заасан шаардлагын хүрээнд дахин магадлаж болохоор байх бөгөөд ийнхүү магадлах ажиллагааг заавал хийхийг хуулиар үүрэг болгоогүй, түүнчлэн нэгэнт эдгээр шаардлага нь тендерийн баримт бичигт туссан байхыг хуулиар тогтоосон, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг эдгээр шаардлагыг хангасан, “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн шалгаруулсан, улмаар гэрээ байгуулах эрх олгосон үйл баримт тогтоогдож байна.

2.10. Гэтэл хариуцагчаас “үнийн саналд туссан хөрөнгөөр бараа барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулахад тодорхой шийдэлд хүрээгүй” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлээ цуцалсан нь хууль бус байхаас гадна хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын төгсгөл хэсэгт “... танай ирүүлсэн ... гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж байна” гэсэн, хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлээ цуцлаагүй ...” гэж тайлбарласан, дээрх хуульд заасан “тендерт шалгарсан этгээд гэрээ байгуулахаас татгалзсан” гэх нөхцөл үүсээгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлээ цуцалж, гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан” гэж заасантай нийцээгүй, хууль бус байна.  

2.11. Түүнчлэн хариуцагчаас “уг үнийн саналд туссан хөрөнгөөр бараа барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулсан, тодорхой шийдэлд хүрээгүй” гэсэн үндэслэлээр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл”-ээ цуцалсан байх боловч нэхэмжлэгчээс баталгаа гаргаж өгөх талаар шаардаж тодруулсан, улмаар тодорхой шийдэлд хүрээгүйтэй холбоотой ямар нэгэн баримт нотолгоо үйлдээгүй гэж тайлбарласан, хэрэгт энэ талаарх баримтыг гаргаж мэтгэлцээгүй байх тул хариуцагчийн энэ талаарх үйл ажиллагаа, тайлбар үндэслэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэж заасныг зөрчсөн, хариуцагчийн гэрээ байгуулах эрх олгох мэдэлдэл цуцалсан үйлдэл үндэслэлгүй болохыг нотлох бас нэг үндэслэл болж байна.

2.12. Мөн маргаан бүхий акт болох Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1367 дугаар албан бичигт “... гэрээ байгуулагдах явцад Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаас “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2021 оны 01 дүгээр сард магадлал хийснээс хойш цалингийн шинэчлэл, барилгын материалын үнэ, инфляцийн өсөлт зэргийг харгалзан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй болон хэрэгжих төсөл арга арга хэмжээний баталсан төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулан үр дүнг 2022 оны 11 дүгээр сард багтаан ирүүлэх үүрэг өгөгдсөний дагуу холбогдох ажлыг зохион байгуулж ...” гэсэн үндэслэлийг дурдсан байх боловч энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн, мөн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиудын хавсралтад туссан Өлгий нисэх буудлын өртгөтгөлийн барилга байгууламжтой холбоотой төсөл арга хэмжээний төсөвт (төсөвт өртөг өөрчлөгдөөгүй, 2.515.3 сая төгрөгөөр батлагдсан, харин санхүүжүүлэх дүн 1 сая төгрөг байснаа 500 мянган төгрөг болж багассан) дахин шинээр магадлал хийх талаар үүрэг даалгавар өгөгдсөн болох нь мөн тогтоогдохгүй, хариуцагчаас энэ талаар баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул маргаан бүхий актын энэ талаарх үндэслэлийг зөв гэж үзэх боломжгүйгээс гадна хариуцагчаас нэгэнт тендер сонгон шалгаруулалт явагдаж нэхэмжлэгч хуулийн этгээд шалгарсан үйл баримтыг дээд шатны төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, танилцуулах боломжтой, энэ нь төрийн байгууллагын ажлын зохион байгуулалттай холбоотой асуудалд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутай гэж үзэх үндэслэлгүй.

2.13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэй эсэхийг хянах үүрэгтэй буюу хариуцагчийн тухайн цаг хугацаанд гаргасан маргаан бүхий шийдвэр хуульд нийцсэн эсэх, үндэслэл бүхий эсэхийг хянаж шийдвэр гаргах хууль зүйн боломжтой, хуульд тусгайлан заагаагүй бол шүүхийн шийдвэр гарах үед хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтыг өнгөрсөн цаг хугацааны үйл баримтад буцаж үйлчлэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй.

2.14. Анхан шатны шүүх “Төсвийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 “барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэж заасны дагуу ... энэ тохиолдолд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих тендер шалгаруулалтаар гүйцэтгэгдэх ажлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 090/2020 дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажсан төсөв нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн байх шаардлагад нийцэхгүй болсон байна ... шүүхийн шийдвэр гарах цаг хугацаанд Төсвийн тухай хуулийн ... 29.2.2 ... батлагдаж, хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн нь шүүх хууль дээдлэх зармыг зөрчих...хуучин...магадлалын нэтгэсэн дүгнэлтээр баталгаажсан төсвөөр гэрээ байгуулахыг даалгах үндэслэл болохгүй ..., нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй ...” гэж дүгнэсэн нь буруу байна.

2.15. Төсвийн тухай хуулийн 291.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх:, 29 дүгээр зүйлийн 291.2.2-т “барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэж заасан зохицуулалт нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “... сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан зураг, төсөвтэй байх” гэж өөрчлөгдөн найруулагдсан 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар “... Барилгын тухай хуулийн 4.41.3-д заасан” гэсэн нэмэлт орж, өөрчлөн найруулагдсанаас үзвэл уг тендер сонгон шалгаруулалт явагдаж байх хугацаанд болон захиалагчаас нэхэмжлэгчид 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл” хүргүүлж байх хугацаанд, мөн гэрээ байгуулах боломжит хугацаа болох хуулиар тогтоосон 6-аас доошгүй хоногийн хугацаанд уг хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөгдөж байсан, захиалагчаас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах хуулиар заасан хугацаа өнгөрсний дараа буюу гэрээ байгуулах мэдэгдлээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлэх үед уг хуулийн зохицуулалт агуулгын хувьд өөрчлөгдөн батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байснаас үзвэл захиалагчийн хувьд анхнаасаа тендерийн баримт бичигт уг хуульд заасны дагуу “магадлалын нэгтгэсэн дүгнэлтэд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн байх” гэж шаардах боломжтой байсан, мөн хариуцагчаас уг хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчид хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл”-ээ цуцлаагүй байхад анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн 291.2.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2.16. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгч ... захиалагчтай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасан хугацааны дотор гэрээ байгуулж чадаагүй ... нэхэмжлэгч гэрээ байгуулагдаагүй үйл баримттай маргаагүй ... гэрээ байгуулагдаагүйг зөвхөн захиалагчийн буруу гэж дүгнэхэд учир дутагдалтай ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 5.1.1“тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.2-т “”тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах, эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж зааснаас үзвэл төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг бүхэлд нь төлөвлөх, зохион байгуулах эрх, үүрэг зөвхөн захиалагчид хадгалагдсан, түүний шийдвэр, үйл ажиллагаагаар дамжин хэрэгжихээр байх тул гэрээ байгуулагдаагүй үйл ажиллагаанд тендерийн оролцогч этгээдийг буруутгах үндэслэлгүй, захиалагч нь нэхэмжлэгч гэрээ байгуулахыг шаардахад ирээгүй гэх зэрэг агуулга, үндэслэлийг дурдаж “нэхэмжлэгчээс шалтгаалсан” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзаагүй, мөн хариуцагчаас “гэрээ байгуулахгүй” гэдгээ бодитоор илэрхийлж татгалзсан байх тул “гэрээ байгуулагдаагүйтэй маргаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

2.18. Түүнчлэн нэхэмжлэгчийн “... барилгын материалын суурь үнэ өсөх, ажлын суурь үнэ нэмэгдэхээр бол гэрээ байгуулсны дараа гэрээндээ тохируулга хийх замаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т зааснаар тохируулга хийж асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан” гэж маргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно:”, 40.4.2-т “суурь үнэ огцом өөрчлөгдсөн” гэж заажээ.

2.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, ...үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” хуульлчилж заасан зарчмын хүрээнд  нэгэнт үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр, хуульд заасан гэрээ байгуулахаас татгалзах хууль заасан үндэслэл бий болоогүй тохиолдолд суурь үнэ огцом өөрчлөгдсөн нөхцөл үүссэн бол захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай гэрээнд дээрх хуульд заасны дагуу үндсэн материал тоног төхөөрөмж, түүхий эд, хөдөлмөрийн хөлс зэргийн үнэд тохируулга хийх талаар тусгах хууль зүйн боломжтой байна. Гэтэл хариуцагчаас “... үнийн саналд туссан хөрөнгөөр барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулсан, шаардсан ... шийдэлд хүрээгүй, ... баталгаа гаргаж өгөх боломжгүй хариу өгсөн” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

2.21. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно” гэж зааснаас үзвэл улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлыг тоо хэмжээг нэмэгдүүлж баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болохоор байна.

2.22. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 090/2020 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт”-ээр Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудал”-ын өргөтгөл, засварын ажлын төсвийн нийт өртгийг 2.515.271.117 төгрөг гэж, харин мөн газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0075/2023 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт”-ээр нийт төсөвт өртгийг 4.592.887.981 төгрөг гэж дүгнэсэн байх бөгөөд тайлбар хэсэгт “Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 291.2.2-т “барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэж заасныг үндэслэсэн” талаар жич тэмдэглэсэн байна.

2.23. Хэдийгээр нэхэмжлэгчээс “ Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0075/2023 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн “Магадлалын нэгтгэсэн дүгнэлт”-д үндэслэн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч өмнө дурдсан үндэслэлээр хариуцагчаас 2022 оны 01/1967 дугаар мэдэгдэл цуцлах тухай албан бичгээр нэхэмжлэгчид өмнө хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлээ цуцалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүх захиргааны хууль бус үндэслэлгүй шийдвэрийг таслан зогсоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн сэргээн тогтоох, шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжих боломжтой байх хууль ёсны шаардлагын хүрээнд нэгэнт Төсвийн тухай хуульд “барилга байгууламжийн зураг төсөл сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх”-аар өөрчлөлт орж хүчин төгөлдөр мөрдөгдөх болсны улмаас Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 1 дүгээр сарын 23-нд Өлгий нисэх онгоцны өргөтгөлийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг шинээр баталснаар уг ажлын төсөвт өртөг шинэчлэгдэж, төсөвт өртөг нэмэгдэж батлагдсан нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно:”, 40.4.2-т “суурь үнэ огцом өөрчлөгдсөн”, 40.6-д “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно” гэж тус тус заасныг үндэслэн төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд баримтлагдах “үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцүүлэн нэхэмжлэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар батлагдсан төсөвт нийцүүлэн гэрээ байгуулах замаар хуулийг нэг мөр хэрэгжүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.  

2.24. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “... шүүх ... гэрээ байгуулагдаагүйтэй маргаагүй ... 2023 онд Төсвийн тухай хуульд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх хууль батлагдаж мөрдөгдсөн нь ... хуучин дүгнэлтээр баталгаажсан төсвөөр гэрээ байгуулахыг даалгах үндэслэл болохгүй ... гэж дүгнэсэн нь буруу, мөн шүүх захиргааны хууль бус актын талаар дүгнээгүй, дурдаагүй ... хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй талаар дүгнэх байсан ... тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрсний дараах  гэрээ байгуулахад нөлөөлөхгүй асуудалд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус ... Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн сарын 24-ний хооронд 22 хоногийн хугацаанд гэрээ байгуулах боломжтой байсан ... гэтэл шалтгаангүйгээр гэрээ байгуулахгүй ... дарга гадаад явсан, гарын үсэг зурах хүн байхгүй ... гэж цааргалсан ... бидний зүгээс гэрээ байгуулахыг хүлээхээс өөр арга байгаагүй ..., дурдаагүй ... бид 2022 онд зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор, захиалагч эрх олгосон шийдвэрээ биелүүлээгүй, цуцалсан нь хууль бус гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байхад шүүх 2023 онд Төсвийн хууль хэрэгжиж эхэлсэн гэсэн үндэслэлээр дүгнэсэн нь буруу ... бид захиалагчаас тавьсан шаардлагыг биелүүлж, тендерээ хүргүүлсэн ... суурь үнэ өссөн бол ... хуулийн 40.4.2-т зааснаар зохицуулаад явах боломжтой байхад шүүх буруу дүгнэсэн ...” гэх гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шийдвэрлэв.
 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 20 дугаар зүйлийн 20.7.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр                 

зүйлийн 40.4.2, 46 дугаар зүйлийн 46.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт ялагчаар шалгарсан “Ч” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БААТАРХҮҮ

       ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ