Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00318

 

  А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00028 дугаар магадлалтай,

А.Б-ын нэхэмжлэлтэй,

А.Т-д холбогдох,

1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.Т-д Стана маркийн авто машинаа зараад 7х5-ын харьцаатай байшингийн шал, тааз, дээвэр, цонх зэрэг бүх банзыг авахаар тохиролцсон. Түвшинжаргал нь 2017 оны 3 сарын сүүлчээр Загдсүрэнгийн гаднаас машиныг минь асаагаад унаад явсан. Тэгээд 2017 оны 6 сард ой нээхэд банз модоо өгөхийг нь хүлээсэн боловч өгөөгүй. Тэгээд би арга ядаад 9 сард машинаа авахаар Баярцогттой хамт очсон. Гэтэл машин маань асахгүй байсан тул чирээд аваад явсан. Тэгээд би Баярцогтод зарахаар болоход Баярцогт нь асахгүй байгаа машиныг үнэтэй авахгүй гэсэн. Тэгэхээр нь би 100 палкаар ав, үлдсэн мөнгөө Түвшинжаргалаас гаргуулна гэж хэлээд Баярцогтод машинаа зарсан. Түвшинжаргал нь надаас зөвшөөрөл авалгүй машиныг минь тоносон гэж үзэж байна. Энэ бүхнээс болж би машинаа Баярцогтод хямд зарсан тул Түвшинжаргалаас 6м3 банзны үнэ 1 сая төгрөг нэхэмжилж байна. Түвшинжаргал нь машин сайн мэддэг тул миний машиныг тоносон байх магадлалтай гэж үзэж байна. Иймд А.Т-аас 1.000.000 төгрөгийн хохирол гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч А.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Бат ахаас 12 хүний суудалтай Стана маркийн машин худалдан авч оронд нь 7х5-ын харьцаатай байшингийн торхыг банзтай нь өгөхөөр тохиролцсон. 2017 оны 4 сарын дундуур Бат ахтай хамт нутгийн айл Загдсүрэн ахын гаднаас машиныг нь авсан. Бат ах машинаа Загдсүрэнгээр засуулна гэж орхиод нэлээд удсан тухайгаа тэр үед надад хэлж байсан. Машиныг хүлээж авахад гавлын жийрэг нь сэтэрсэн, халсан, мотор доголдолтой байгаа гэж хэлэхэд нь би дээрх зүйлсийг нь засуулж янзлуулахаар болсон. Загдсүрэн ахынхаас манайх 1 км хүрэхгүй зайтай. Би машиныг асааж унаад гэрийнхээ гадаа орхисноос хойш 2 сар гаруй хугацаанд дахин асааж унаагүй. 2017 оны 7 сарын 20-ны үед Бат ах Баярцогттой хамт манайд ирээд машинаа засуулах гэж байгаа гэж хэлээд аваад явсан. Би арын хаалганы бариулыг нь Зоригоо гэж хүнд өгч түр ашиглуулаад буцааж аваад өгсөн. Намайг байхгүй байхад ээж хос тросыг нь Батжаргалд өгчихсөн байсан. Хос тросны одоогийн ханш нь 35.000 төгрөг. Машиныг нь тонож, сүйтгэсэн зүйл надад байхгүй. Иймд Бат ахын нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин 3 м3 банзны үнэ болох 360.000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Т-аас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 360.000 /гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 11.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-ад олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00028 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийн 19850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00028 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүхийн анхны хурлын протоколд гэрчүүдийн мэдүүлгийг бичээгүй, тоносон эд зүйлийн заримыг нь бичээгүй, танил тал, авилгалын сэжигтэй байна гэж үзэж байна. Иймд үнэн зөвөөр нь шийдэж миний хохирол 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тоносон эд зүйлийн үнэ 450.000 төгрөг болж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч А.Т-аас 1.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...машинаа буцаан авахад учирсан хохирол“ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...машиныг хүлээн авахад гавлын жийрэг нь сэтэрсэн, халсан, мотор доголдолтой байсан, машиныг унаж ашиглаагүй байхад аваад явсан, ээж хос троссыг нь Батжаргалд өгсөн байсан троссны үнэ 35.000 төгрөг, ...360.000 төгрөг өгөхөд татгалзахгүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

А.Б- нь Истана маркийн машинаа зарах, А.Т- нь машины үнэд 7х5-ын харьцаатай байшингийн шал, тааз, дээвэр, цонх зэрэг бүх банз өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сард Загдсүрэнгийн гаднаас очиж авчээ. Тохиролцсон банзаа өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч машинаа 2017 оны 7 дугаар сард буцаан авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь А.Т- өөрийн эзэмшилд байх хугацаандаа машиныг тоносон, үүний улмаас Баярцогтод хямд зарсан гэж үзэж, 6 м3 банзны үнэ 1.000.000 төгрөг нэхэмжилжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-т заасан арилжааны гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзжээ.

Гэвч А.Т-д машиныг анх ямар байдлаар шилжүүлсэн, буцаан авахад ямар эд анги эвдэрсэн байсан болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хариуцагч банзыг тохирсон хугацаанд өгөөгүй гээд нэхэмжлэлээс 360.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ю.Загдсүрэн, М.Баярцогт нарын мэдүүлэг тэмдэглэлд тусгагдсан /хэргийн 24-25 дугаар тал/ байх тул гэрчүүдийн мэдүүлгийг хурлын протоколд бичээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 19.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ