Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

 

 

  2018        06          15                                                138/ШШ2018/00545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баян-Уул сумын 2-р багт А.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р багт оршин суух, А.Тд холбогдох

Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 4 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагч А.Т, гэрч Ю.Загдсүрэн, М.Баярцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Тд Стана маркийн авто машинаа зараад 7х5-ын харьцаатай байшингийн шал, тааз, дээвэр, цонх зэрэг бүх банзыг авахаар тохиролцсон. Т нь 2017 оны 3 сарын сүүлчээр Загдсүрэнгийн гаднаас машиныг минь асаагаад унаад явсан. Тэгээд 2017 оны 6 сард ой нээхэд банз модоо өгөхийг нь хүлээсэн боловч өгөөгүй. Энэ хооронд Т нь банз мод зөөсөөр л байсан. Тэгээд би арга ядаад 9 сард машинаа авахаар Баярцогттой хамт очсон. Гэтэл машин маань асахгүй байсан тул чирээд аваад явсан. Тэгээд би Баярцогтод зарахаар болоход Баярцогт нь асахгүй байгаа машиныг үнэтэй авахгүй гэсэн. Тэгэхээр нь би 100 палкаар ав, үлдсэн мөнгөө Таас гаргуулна гэж хэлээд Баярцогтод машинаа зарсан. Тухайн үед миний машины хос тросс, арын болон дотор хаалганы бариулыг авсан байсан. Т нь надаас зөвшөөрөл авалгүй машиныг минь тоносон гэж үзэж байна. Тын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан явдал юм. Энэ бүхнээс болж би машинаа Баярцогтод хямд зарсан тул Таас 6м3 банзны үнэ     1 сая төгрөг нэхэмжилж байна. Т нь машин сайн мэддэг тул миний машиныг тоносон байх магадлалтай гэж үзэж байна. Иймд А.Таас 1000000 төгрөгийн хохирол гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б ахаас 12 хүний суудалтай Стана маркийн машин худалдан авч оронд нь 7х5-ын харьцаатай байшингийн торхыг банзтай нь өгөхөөр тохиролцсон. 2017 оны 4 сарын дундуур Б ахтай хамт нутгийн айл Загдсүрэн ахын гаднаас машиныг нь авсан. Б ах машинаа Загдсүрэнгээр засуулна гэж орхиод нэлээд удсан тухайгаа тэр үед надад хэлж байсан. Машиныг хүлээж авахад гавлын жийрэг нь сэтэрсэн, халсан, мотор доголдолтой байгаа гэж хэлэхэд нь би дээрх зүйлсийг нь засуулж янзлуулахаар болсон. Загдсүрэн ахынхаас манайх 1 км хүрэхгүй зайтай. Би машиныг асааж унаад гэрийнхээ гадаа орхисноос хойш 2 сар гаруй хугацаанд дахин асааж унаагүй. Манай суманд Стана маркийн машин сайн засдаг засварчин байхгүй, мөн миний ажил төрөл амжихгүй байсан учир машиныг засуулж чадаагүй байсан. Машиныг унаж ашиглаагүй учир Б ах надаас өртөгөө аваагүй байсан. 2017 оны 7 сарын 20-ны үед Б ах Баярцогттой хамт манайд ирээд машинаа засуулах гэж байгаа гэж хэлээд аваад явсан. Би арын хаалганы бариулыг нь Зоригоо гэж хүнд өгч түр ашиглуулаад буцааж аваад өгсөн. Намайг байхгүй байхад ээж хос тросыг нь Бжаргалд өгчихсөн байсан. Хос тросны одоогийн ханш нь 35000 төгрөг юм. Машиныг нь тонож, сүйтгэсэн зүйл надад байхгүй.  2 сарын дараа Баярцогт гэх хүнээс машиныг минь засаж байгаа юм уу гэж асуухад би худалдаж авсан гэж хэлсэн. Б ах надтай уулзаад “чамд өгсөн өртөгөөсөө хямдхан машинаа зарсан, чи хоёр сар гаруй хугацаанд машиныг минь авч байсан учир зөрүү үнийг нь чамаас авна” гэж хэлсэн.  Би тухайн машиныг нэг ч удаа асааж унаагүй, өөрийн хэрэгцээнд ашиглаагүй. Иймд Б ахын нэхэмжилж байгаа 1000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин 3 м3 банзны үнэ болох 360000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Гэрч Ю.Загдсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай гэрийн гадаа байсан Б ахын Стана маркийн машиныг Т нь асаагаад унаад явсан. Би уг машины нэг эд ангийг нь сольж өгсөн тул манай гадаа байсан. Гавлын жийрэг нь сэтэрхий байсныг нь сольж чадаагүй байсан нь үнэн. Гавлын жийрэг нь усаа тургиад байдаг байсан. Тэрийг нь сольчихвол зүгээр машин байсан. Би шаариг нь хайлсан талаар мэдээгүй. Жийрэг нь сэтэрсэн машин ойрхон зуур л явдаг. Манайх Тын гэрээс ойрхон байдаг тул манай гаднаас унаад явсан гэв.

 

Гэрч М.Баярцогт шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би Баас 2017 оны 8 сард цагаан өнгийн Стана маркийн машиныг 100 палкаар сольж авсан. 100 палк нь зах зээлийн дундаж ханшаар 2 сая төгрөг болдог. Уг машиныг асаж байгаа гэсэн боловч очиход асахгүй байсан. Одоо хүртэл засаж байгаа. Намайг авахад хос тросыг нь аваад оронд нь эвдэрхий трос хийсэн байсан. Мотор нь эвдэрсэн,  гавлын жийрэг нь шатаж, гавлын халаагуур муудсан, моторт нь ус орж зэвэрсэн байсан. Тэр моторыг ашиглах боломжгүй байсан. Би 50000 төгрөгөөр хос тросыг сольж тавьсан гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч А.Тд холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...машинаа А.Тд зарж оронд нь 7х5-ын харьцаатай байшингийн торхыг бүх банзны хамт авахаар тохиролцсон,  А.Т үүргээ биелүүлээгүй учир машинаа буцаан авч бусдад зарсан, миний машины эд ангийг тоносон учир 1000000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагч А.Т нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...машиныг засуулж янзлуулсаны дараа тохирсон эд зүйлээ өгөх ёстой байсан, надаас машинаа аваад өөр хүнд зарсныг нь би сүүлд мэдсэн, 1000000 төгрөгийн хохирлыг өгөх үндэслэлгүй, 3 м3 банзны үнэ 360000 төгрөг төлөхийг зөвшөөрнө...” гэж тайлбарлаж маргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч А.Б нь Стана маркийн машиныг А.Тын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч А.Т нь 7х5-ын харьцаатай байшингийн торхыг банзын хамт А.Бын өмчлөлд шилжүүлэхээр тус тус хүсэл зоригоо илэрхийлж хэлэлцэн тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд арилжааны гэрээ амаар байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б нь машиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч А.Т нь 7х5-ын харьцаатай байшингийн торхыг банзын хамт А.Бын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ нэхэмжлэгчээс доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан, доголдлыг арилгасны дараа тохирсон эд хөрөнгийг шилжүүлэх ёстой байсан гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт  зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд хамаарна. Иймд хариуцагч А.Т нь доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан тохиолдолд  мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эсрэг шаардлага гаргах эрхтэй боловч ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч А.Б нь А.Тыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн арилжааны гэрээнээс татгалзан, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол нэхэмжилжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар А.Б нь дээрх шаардлагыг гаргах эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч, харуцагч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэтэл нэхэмжлэгч А.Б нь гэрээнээс татгалзсантай холбоотой 1000000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хариуцагчид доголдолтой машин өгсөн эсэх, ямар доголдолтой машин буцаан авсан нь тодорхойгүй, энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ю.Загдсүрэн, М.Баярцогт нар нь доголдолтой эд хөрөнгө байсан талаар мэдүүлдэг боловч хариуцагч А.Т нь нэхэмжлэгч А.Бад ямар хэмжээний хохирол учруулсан талаар тодорхой нотолж чадахгүй байна.

 

Харин хариуцагч А.Т гэрээний үүргийг биелүүлээгүй хариуцлагатайгаа холбогдуулан 360000 төгрөг төлөх санал гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагч А.Таас 360000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн           115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Таас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Таас улсын тэмдэгтийн хураамжид 11450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бад олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ