Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/01590

 

 

 

 

    

                                        

                                                                

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, “Капитрон банк”-ны байранд байрлах Капитрон банк ХХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

        

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж Мандал оффисын байранд байрлах, “М   Даатгал” ХХК /РД:................./ -д холбогдох,        

 

Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.788.115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э\, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.      

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К  банк” ХХК, “М даатгал” ХХК нар нь 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, мөн өдрөө Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах гэрээ байгуулсан байдаг. 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1285 тоот Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг М  даатгал ХХК-д даатгуулж даатгалын хураамжийг тухай бүрт төлж явж байсан.

        Зээлдэгч Б.М-д 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн зээлийн гэрээгээр 7.500.000 төгрөгийн зээл олгосон. 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/105 тоот тушаалаар Б.М нь ажлаасаа халагдсан тул Цалингийн зээлийн эрсдэлийн гэрээний 8.1.5 е-д зааснаар даатгалын тохиолдолд үүссэн. К банк ХХК-иас Мандал даатгал ХХК-руу даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар материал бүрдүүлэн өгөхөд өдийг хүртэл хариу өгөөгүй тул даатгалын нөхөн төлбөр 4.525.410 төгрөг, алданги 2.262.705 төгрөг 6.788.115 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

         Хариуцагч нь шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 10 дугаар зүйлд зааснаар К банк ХХК нь даатгалын тохиолдол гарснаас хойш 5 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний 8.5-д зааснаар даатгуулагч даатгалын тохиолдлыг өөрөө бий болгосон. Өөрөөр хэлбэл цалингийн зээл олгох журмыг зөрчиж зээл олгосон нь өөрөө цалингийн зээлийн эрсдэл үүсч байна гэдгийг Мандал даатгал ХХК удаа дараа мэдэгдсэн байдаг. К банк нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд болох нь Санхүүгийн зохицуулах хорооны актаар тогтоогдсон. Үүний дагуу бид хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргасан. Дээрхи үндэслэлүүдээр бид зөвшөөрөхгүй байгаа” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К банк ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 6.788.115 төгрөгийг хариуцагч М Даатгал ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь К банк найдваргүй зээл олгосон, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 10.3-т заасан 5 хоногийн дотор даатгалын тохиолдлыг мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.                  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.    

 

К банк ХХК нь М Даатгал ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллах зорилгоор 12/83 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” байгуулж, уг гэрээний 3.2-т заасны дагуу мөн өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийг байгуулж, уг хэлцлээр К банкнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.  

 

Нэхэмжлэгч нь 12/85 тоот хэлцлийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.М-ой байгуулсан 7.500.000 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжид 105.000 төгрөг төлсөн ба зээлдэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн цэвэр усны сантехникийн засварчин ажилтай Б.М нь өөрийн хүсэлтээр 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 12/85 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн 3.е-д заасан даатгалын тохиолдол бий болжээ.

 

Хамтын ажиллагааны ерөнхий гэрээний дагуу зохигчдын хооронд байгуулагдсан “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Талууд даатгалын тохиолдол бий болсон болон нэхэмжлэлээр шаардсан нөхөн төлбөрийн хэмжээнд маргаагүй, харин талуудын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлд заасан даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдээгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 10.2-т “Зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн Даатгагчид бичгээр мэдэгдэн нөхөн төлбөр нэхэмжилнэ” гэж заасан ба зээлдэгч Б.М-ын зээлийн дансны хуулгаас үзэхэд 2014 оны 12 дугаар сараас хойш хуваарийн дагуу төлөх төлбөрийг төлөөгүй байх тул 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мандар даатгал ХХК-д нэхэмжлэх гаргасан нь гэрээний заалтыг ноцтой зөрчсөн, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх тул гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хэдийгээр 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 12/85 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн 3.е-д заасан даатгалын тохиолдол бий болсон боловч нэхэмжлэгч Кбанк ХХК нь ажлаас халагдсан гэх үйл баримтыг мэдэх боломжгүй байсан гэх тайлбарыг буруутгах аргагүй юм.

 

Иймд хариуцагч нь даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

 

Нөхөн төлбөрийн хэмжээ нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн болон даатгалын тохиолдол болж, даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөр төлөх үүргээ даатгагч гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцсон алдангийн нийлбэр байхаар талууд даатгалын гэрээний 10 дугаар зүйлд тусгасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны байдлаар Б.Мөнх-Оршихын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4.525.410 төгрөг шаардсан тул энэ дүн дээр түүнийг хариуцагч хугацаанд төлөөгүйгээс үүссэн алданги 2.262.705 төгрөгийг нэмж, нийт 6.788.115 төгрөгийг нөхөн төлбөрт тооцох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч М даатгал ХХК-иас 6.788.155 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгож шийдвэрлэв.

                             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан Мандал Даатгал ХХК-иас 6.788.155 төгрөг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Даатгал ХХК-иас 122.476 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   С.ЭНХБАЯР