Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1791

 

“КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01590 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүрэгт 6 788 115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КБ” ХХК, “МД” ХХК нар нь 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан.

Дээрх гэрээ, хэлцлийн дагуу КБ нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн зээлийн гэрээгээр “Э У Д т с” ОНӨХК-ийн сантехникийн засварчин Б.М-д олгосон 7 500 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно.

Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/105 тоот тушаалаар Б.М нь ажлаасаа халагдсан тул Цалингийн зээлийн эрсдэлийн гэрээний 9.3.е-д зааснаар даатгалын тохиолдол үүссэн. “КБ” ХХК-иас “МД” ХХК руу даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар материал бүрдүүлэн өгөхөд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул даатгалын нөхөн төлбөр 4 525 410 төгрөг, алданги 2 262 705 төгрөг, нийт 6 788 115 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 10 дугаар зүйлд зааснаар “КБ” ХХК нь даатгалын тохиолдол гарснаас хойш 5 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний 8.5-т зааснаар даатгуулагч даатгалын тохиолдлыг өөрөө бий болгосон.

Өөрөөр хэлбэл цалингийн зээл олгох журмыг зөрчиж зээл олгосон нь цалингийн зээлийн эрсдэл үүсч байна гэдгийг “МД” ХХК-д удаа дараа мэдэгдсэн. “КБ” нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд болох нь Санхүүгийн зохицуулах хорооны актаар тогтоогдсон. Үүний дагуу бид хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргасан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “МД” ХХК-иас 6 788 155 төгрөг гаргуулж, “КБ” ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХХК-иас 122 476 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “КБ” ХХК нь “МД” ХХК-тай байгуулсан Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах гэрээ байгуулсөн бөгөөд тус гэрээгээр аль аль тал нь үүрэг хүлээж, эрх эдлэхээр заасан.

Гэтэл нэхэмжлэгч тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах гэрээний 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй учир талуудын хооронд маргаан үүссэн.

Тус гэрээгээр нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 өдөрт багтаан хариуцагч талд мэдэгдэх ёстой байсан, тус үүргээ биелүүлээгүй нь хариуцагч талд даатгалын нөхөн олговроос татгалзах эрх үүссэн.

Дээрх үйл баримтыг шүүх харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондох маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “КБ” ХХК, хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 788 115 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

КБ нь “МД” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээний 3.2-т заасны дагуу 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл байгуулж, уг хэлцлийн 4 дэх заалтаар зорилгоо “банкнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барсан, ... гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэх” гэж тодорхойлсон байна. /хх-12-14/

Нэхэмжлэгч КБ ХХК нь 12/85 тоот хэлцлийн дагуу зээлдэгч Б.Мөнх-Оршиход олгосон цалингийн зээлийг даатгалд хамруулан, холбогдох хураамжийг төлсөн байх ба зээлдэгч нь эрхэлж буй ажлаасаа өөрийн хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр чөлөөлөгджээ.

Үүний улмаас нэхэмжлэгч тал 12/85 тоот хэлцэлд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн хариуцагч компаниас даатгалын нөхөн төлбөр шаардахад хариуцагч татгалзан, “ ... нэхэмжлэгчийг даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд болох нь ... актаар тогтоогдсон, ... хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргасан, энэ үндэслэлээр зөвшөөрөхгүй, гэрээний 10.3-т зааснаар 5 хоногийн дотор даатгалын тохиолдлыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах эрх үүссэн....” гэж маргасан төдийгүй энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт талуудын хооронд үүссэн 12/83, 12/85 тоот гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай маргааныг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зарчим үйлчилнэ. /хх-19-26/

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Зохигчид цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10.3 дахь заалтаар даатгуулагч даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногт даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөхөөр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад зээлдэгч Б.Өлзий-Орших өөрийн хүсэлтээр ажлаасаа гарснаар 12/85 тоот гэрээний 9.3е-д заасан даатгалын тохиолдол бий болсон байх бөгөөд нэхэмжлэгч тал, хариуцагч “МД” ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баримтаа бүрдүүлэн, нөхөн төлбөр нэхэмжилснийг хэлцлийн 10.3-т заасан 5 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 

Гэвч зохигчид, даатгалын тохиолдол бий болсон талаар тогтоосон хугацаанд мэдэгдээгүй тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлцлээр тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол гэж зааснаар даатгагч нь нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

Анхан шатны шүүх, хариуцагчийг гэрээ болон хуульд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад нийцэж байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01590 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 123 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ

 

             ШҮҮГЧИД                         Д.БАЙГАЛМАА

 

                                           Ч.ЦЭНД