Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И ш” НҮТББ-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509, 510, 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-02**, MV-02**, MV-02** тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Э.Н, Ц.Г, А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2021/0676/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И ш” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газарт “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509, 510, 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-02**, MV-02**, MV-02** тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.1.5, 19.7, 21 дүгээр зүйлийн 21.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4-т заасныг тус тус баримтлан “И ш” НҮТББ-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 509, 510, 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах М\/-02**, М\/-02**, М\/-02** тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдаан хийж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү”,

3.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх холбогдох хуулийн шаардлагад нийцээгүй нэхэмжлэлийг хүлээн авч, оролцогчдын эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг үгүйсгэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл агуулгаас өөр, шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

2.1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.9-т заасныг үндэслэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Хайрхан нэртэй 4628.42 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын МV-02** дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар,

2.2. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Г сумын нутаг дахь Г нэртэй 2810.44 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын МV-02** дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар,

2.3. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дахь Чойр нэртэй 10386.24 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-02** дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар “Г” ХХК-д тус тус олгожээ.

2.4. Нэхэмжпэгчээс “... Цөмийн энергийн тухай хуульд зааснаар цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавигдсан шаардлагуудыг хангуулаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, орон нутгийн оролцоог хангаагүй, тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас илүү хугацаагаар олгосон, орд ашиглах гэрээ байгуулах хугацаа алдсан, хүн малын өвчлөл ихэссэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, байгалийн тэнцвэр алдагдуулсан” гэж маргасан байна.

2.5. Анхан шатны шүүх “... хариуцагч нь маргаан бүхий дээрх захиргааны актуудаар гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулсан “цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох журам, хугацаа, тусгай зөвшөөрөл эзэмшихийг хүсэгч этгээд түүнд тавигдах шаардлага, мөн цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой орд ашиглах гэрээг байгуулах хугацаа журмыг” баримтлалгүйгээр олгосон нь хууль зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...  хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ... санал авсан байна” гэж заасан байх тул хариуцагч нь Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос тус тус зөвшөөрсөн санал ирүүлсэн тохиолдолд гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргах байжээ.

2.7. Гэтэл дээрх гурван байгууллагаас Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус тус зөвшөөрсөн санал өгөөгүй байхад гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүх “хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо заавал зөвшөөрсөн санал өгөх ёстой Тагнуулын төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын төв байгууллагын зөвшөөрсөн саналыг авсан байх шаардлагыг хангаагүй болох нь баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн нь зөв байна.

2.8. Түүнчлэн “И ш” сангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр болон “Гс” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-02** тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцээд гарсан Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны  2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолд “... цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Тагнуулын төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын төв байгууллагын зөвшөөрсөн саналыг авсан байх шаардлагатай” гэсэн агуулгаар хууль тайлбарлагдсан нь нийтэд илэрхий үйл баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

2.9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн “нотлох баримт гаргуулах тухай” албан бичгийн хариуг тус газраас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирүүлэхдээ 2016 оны 3 дугаар сарын 14-ний 01/546[1] тоот албан бичгийг, хавсралтын хамт ирүүлжээ. Тус 01/546 тоот албан бичигт “...Г” ХХК-ийн...ашигт малтмалын талбайд тусгай зөвшөөрөл хүссэн ... холбогдох материалыг судалж үзэхэд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй...” гэсэн байна. Шүүх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “дахин санал авсан эсэх, авсан бол холбогдох баримтыг ирүүлэх” талаар баримт шаардсан, Тагнуулын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09/311 дүгээр албан бичгээр “дахин санал аваагүй” гэсэн хариу ирүүлсэн, мөн хариуцагч байгууллагын архивын баримтад хийсэн үзлэгээр дээр дурдсан баримтууд байхгүй талаар тэмдэглэгдсэн байна.

2.10. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрсөн санал авсан эсэх тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 тоот албан бичигт “цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргасан “Г” ХХК-д...тусгай зөвшөөрлүүдийг олгоход татгалзах зүйлгүй. Харин дараах 11 төрлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж хянуулсны үндсэн дээр улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг олгох” талаар мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд дурдсан 11 төрлийн баримт бичгийг боловсруулж дахин санал авсан эсэхийг шүүх дахин тодруулахад тус газар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/2832 дугаар албан бичгээр “... 2016-2021 онд Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл авах талаар хүсэлт гаргаж байгаагүй ...” гэсэн хариуг ирүүлсэн байх тул дээрх хуульд заасны дагуу Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

2.11. Иймээс анхан шатны шүүхийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас “Гс” ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.1.5-д заасан тусгай зөвшөөрөл хүсэгчээс цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон байна” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

2.12. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивын мэдээллийн санд болон www.eic.mn мэдээллийн санд “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, “байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө” бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан тус яамны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06а/5436[2], 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06а/2223[3], 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/6520 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон байх тул хариуцагч нь Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:”, 19.1.4-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 19.1.5-д “байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө” гэж заасан шаардлага хангагдаагүй байхад гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна.

2.13. Түүнчлэн анхан шатны шүүх “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас тусгай зөвшөөрлийг олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Энэ хуулийн 15.1.2, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгоно” гэж заасныг зөрчиж, тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар буюу 2046 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл олгосон, уг зөрчлийг арилгаж тусгай зөвшөөрлийг шинээр олгосон гэж ойлгогдохоор гэрчилгээ өөрчлөгдсөн байх боловч хавсралт дахь тэмдэглэл хэвээр, мөн Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй орд ашиглах гэрээ байгуулна”, 29.4-т “Энэ хуулийн 29.1-д заасан хугацаанд орд ашиглах гэрээг байгуулаагүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж тус тус заасан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2.14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Г” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 509, 510, 511 дугаар шийдвэрүүд нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 30 жилийн хугацаатай олгогдсон, орд ашиглах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу шийдвэр гарснаас 4 сарын дараа хийсэн болох нь тогтоогдож байх тул дээр дурдсан Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4-т заасан хуулийн зохицуулалт зөрчигдсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

2.15. Анхан шатны шүүх “шүүх хуралдааныг хариуцагч, гуравдагч этгээд нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх” хүсэлт, гуравдагч этгээдээс гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт”-ийг шийдвэрлэсэн, хэрэгт хэргийн оролцогчдын маргасан үндэслэлүүдтэй холбоотой баримтууд хэрэгт хангалттай цугларсан, бусад байдлаар хэргийн шийдэлд нөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цуггларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”,  111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гарганагэж заасантай нийцсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй  байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.16. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор “И ш” сангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр болон “Гс” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-02** тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцээд “...”И ш” сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг болон ашигт малтмалын ашиглалтын MV-02** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээс үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнээгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн эрх зүйн чадвар эргэлзээтэй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн тодорхой бус нэхэмжлэлээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] 1хх-ийн 161 дэх тал

[2] 1хх-ийн 156 дахь тал

[3]1хх-ийн 155 дахь тал