Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00317

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2112 дугаар магадлалтай,

П.Б-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн хөгжлийн төвд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрүүл мэндийн яамны Хөгжлийн төвд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2018 оны А/21 дүгээр тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Гэвч байгууллагын ерөнхий захирлаар Д.Ганцэцэг томилогдож, удалгүй 2018 оны 5 дугаар сарын 01-ний Б/75 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие ажиллаж байх хугацаандаа Төрийн холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг даган мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Тус төвийн бүтэц зохион байгуулалтыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөн зохион байгуулахдаа 84 орон тоотой болж нэмэгдсэн. Миний ажиллаж байсан орон тоо 1 биш 3 болж нэмэгдсэн. Иймд хууль зөрчсөн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил тушаалын жагсаалтыг баталж, мөн өдрийн Албан тушаалд томилох тухай Б/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр П.Б-ийг томилсон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдын ажилд томилох тухай Б/31 дүгээр тушаалаар тус төвийн Ерөнхий захирлаар Б.Ганцэцэг томилогдсон. П.Б- нь Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн. П.Б- нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа нь их дээд сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдох боломжтой. Энэхүү ажлын байр нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/21 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 7.5.7-д заасан эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Эрүүл мэндийн салбарын хэмжээнд мөрдөгдөж буй Эрүүл мэндийн сайдын 2015 оны Журам шинэчлэн батлах тухай 98 /Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3531 дугаар бүртгэлтэй/, мөн сайдын 2017 оны Журам шинэчлэн батлах тухай А/337 дугаар тушаалуудаар/ Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3804 дугаар бүртгэлтэй/ батлагдсан журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг ажлын байр бөгөөд чухал шаардлагатай боловсрол, мэргэжил мэдлэг, туршлага, ур чадвар шаардсан ажлын байр юм. Иймд Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг П.Б-ийн шүүхэд ирүүлсэн баримтууд хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн П.Б-ээс дараах бичиг баримтуудыг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ийг Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1.768.172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-эд олгон, хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч П.Б-эд буцаан олгон, хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв-с улсын тэмдэгтийн хураамжид 43.240 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2112 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Би Сүхбаатар дүүргийн анхан шүүхээс хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутад хуралдуулахаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар мэдэгдсэн хуралдааны товтой маргаагүй. Энэхүү товыг тус төв хүлээн авсан болно. Харин энэхүү товыг хүлээн авсан тус төвийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Одончимэг намайг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралттай байгааг мэдэгдэж хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсээд 2018 оны 07 дугаар 09-ний өдрийн 884 албан тоот бичгийг, “Ээлжийн амралт олгох тухай А/80 дугаар тушаалын хамт 07 дугаар 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Н.Батжаргалд хүлээлгэн өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий албан бичиг, тушаал шийдвэрийг хавтас хэрэгт нотлох баримт болгон авалгүй, нотлох баримт дутуу байхад хэргийг шүүн шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хавтас хэрэгт нотлох баримт дутуу, тухайн бичиг баримт яагаад байхгүй байгаа шалтгааныг тогтоохгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг магадалсныг дахин хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийг хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв эс зөвшөөрч,  “...ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Ажил олгогч нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Б/75 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч П.Б-ийг шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2 дах заалтыг үндэслэл болгосон байх ба энэхүү зохицуулалт нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг түүний эзгүйд явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2112 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ