Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э төв/РД: /-д холбогдох,

 

Захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Пушкины Б миний бие ЭМЯ-ны Хөгжлийн төвд Э төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2018 оны А/21 дүгээр тушаалаар 2018 оны 03-р сарын 01-ний өдөр Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байсан.

Гэвч байгууллагын ерөнхий захирлаар Д.Ганцэцэг томилогдож, удалгүй 2018 оны 05 дугаар сарын 01-ний Б/75 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр надад тушаал өгч ажлаа хүлээлгэж өг гэсэн. Уг тушаалаар намайг ажлаас чөлөөлж буй үндэслэлд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль байгууллагын дотоод журамд заасан ажлаас чөлөөлөх, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг чөлөөлөх ямар ч заалт байхгүй байгаа нь энэхүү тушаал нь хуульд нийцээгүй эрх зүйн үндэслэлгүй гарсан шийдвэр гэж үзэж байна.

Миний бие ажиллаж байх хугацаандаа Төрийн холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг даган мөрдөж, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

Иймд хууль зөрчсөн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч П.Бийн өмгөөлөгч Р.Мөнхтариа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э төвийн захирлын 2018 оны 5 сарын 1-ний өдрийн Б/75 тоот тушаалыг  хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, мөн хуулийн 55.1. 55.2 дах заалт, ЭМНХЯ сайдын 166 тушаалыг тус тус үндэслэж гаргасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйл 40-р зүйлд заасан үндэслэл болоогүй. Учир нь Э төвийн үйл ажилллагаа татан буугдсан, орон тоо цөөрч хасагдсан зүйл байхгүй. Тус төвийн  бүтэц зохион байгуулалтыг 2018 оны 3 сарын 1-ний өдөр өөрчлөн зохион байгуулахдаа 84 орон тоотой болж нэмэгдсэн. П.Бийн ажиллаж байсан орон тоо 1 биш 3 болж нэмэгдсэн. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-ыг үндэслэсэн боловч 1 орон тоотой байсан бол 3 болж нэмэгдсэн байдаг.  Нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан зүйл байхгүй. Үүнээс үзэхэд энэ тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1. 2 дахь заалтыг зөрчсөн учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э төв нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Пушкины Бийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гарган хүргүүлж байна.

Нэхэмжлэгч П.Б нь Э төвийн Ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт өгөхийг даатгуулах тухай нэхэмжилсэн байна.

“Э төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2018.01.31-ний өдрийн А/21, “Э төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” мөн сайдын 2018.03.01-ний өдрийн А/70 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагааны хүрээнд Э төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар “Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил тушаалын жагсаалт”-ыг баталж, мөн өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр П.Бийг томилсон.

2018 оны 04-р сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдын “Ажилд томилох тухай” Б/31 дүгээр тушаалаар тус төвийн Ерөнхий захирлаар Б.Ганцэцэг томилогдсон.

Ерөнхий захирал Б.Ганцэцэг хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд Э төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүрэг, ажил, албан тушаалын жагсаалт, тухайн ажпын байранд ажиллаж байгаа албан хаагч төрийн чиг үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзсэн.

П.Б нь Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажпаас чөлөөлсөн болно.

Тухайн ажлын байр нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

 

Боловсрол

Анагаах ухааны бакалавр

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан

 

Мэргэшил

 

Эрүүл мэндийн удирдлага

Туршлага

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжпээрээ 3-с доошгүй жил ажилласан

Ур чадвар

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэдэг, зөрчлийг зохицуулдаг, багаар ажилладаг, оновчтой шийдвэр гаргадаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний

Програмуудыг сайн эзэмшсэн, интернетийн орчин, дотоод сүлжээг бүрэн ашигладаг

Сурган заах арга зүйн болон хяналт- шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах чадвартай

П.Б нь дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа нь их дээд сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдох боломжтой.

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа талаар Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Одончимэг нар П.Бийг хүлээн авч, урьдаж танилцуулж мэдэгдэхэд энэ тухайгаа ойлголоо чөлөөлөгдөхөд татгалзахгүй зүйлгүй гэсэн хариуг өгч байсан.

Энэхүү ажлын байр нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/21 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 7.5.7-д заасан эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Эрүүл мэндийн салбарын хэмжээнд мөрдөгдөж буй Эрүүл мэндийн сайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” 98 /Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 04-р сарын 29-ний өдрийн 3531 дугаар бүртгэлтэй/, мөн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалуудаар/ Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн 3804 дугаар бүртгэлтэй/ батлагдсан журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг ажлын байр бөгөөд чухал шаардлагатай боловсрол, мэргэжил мэдлэг, туршлага, ур чадвар шаардсан ажпын байр юм. Иймд П.Бийг буцаан авсан ч ажиллах боломжгүй хүний нөөц болно.

Мөн П.Бтэй Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно.

Иймд Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг П.Бийн шүүхэд ирүүлсэн баримтууд хангахгүй байгаа тул нэмэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн П.Бээс дараах бичиг баримтуудыг гаргуулан авах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Э төвд холбогдуулан захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Э төв нь П.Б хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа гэх тайлбар гаргасан.

 

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Э төвд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлд хамаарахгүй болно.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх тайлбар гаргасан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан байх шаардлагатай болно.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 694 639/650000+716959+716959=2083918, 2083918:3=694639/ /зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун гучин ес/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 31 574/694639:22=31574/ /гучин нэгэн мянга таван зуун далан дөрөв/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн № А0121626 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

         

          Нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 2/хоёр/ сар, ажлын 12/арван хоёр/ хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 1 768 172/2x694639=1389278, 12x31574=378894, 1389278+378894=1768172/ /нэг сая долоон зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 768 172/нэг сая долоон зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2 дахь заалтад зааснаар шүүх хариуцагчийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж байх тул хариуцагчийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бийг Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1 768 172/нэг сая долоон зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бэд олгон, хариуцагч Э төвд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бийг Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1 768 172/нэг сая долоон зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бэд олгон, хариуцагч Э төвд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч П.Бэд буцаан олгон, хариуцагч “Э төв”-с улсын тэмдэгтийн хураамжид 43 240 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

                                                                                                                                               

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ