Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/01682

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу гудамж, 10 байр, 66 тоотод оршин суух А овогт Д-ийн Б /РД: ............./-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, дамбадаржаа 35 гудамж, 446 Б тоотод оршин суух М овогт Д-ийн Уг /РД:................... /-т  холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.820.000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Мандахтуяа нар оролцов.    

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч  Д.Б нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.У-тэй харилцан тохиролцон Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг удирдлага болгон “Зээлийн гэрээ” байгуулан 20.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн болно. Гэрээний хугацаанд хариуцагч талаас үндсэн зээлийн хүүг огт төлөөгүй мөн гэрээгээр авсан зээлээ бүрэн төлөх хугацаа нь 45 хоногийн өмнө дууссан. Иймд үндсэн зээлийн үнийн дүн 20.000.000 төгрөг, сар бүрийн үндсэн зээлийн хүү 3% буюу нэг сарын 600.000 төгрөг буюу нийт 12 сарын хүүний нийлбэр 7.200.000  төгрөг, үндсэн зээлийн гэрээнйи хугацаа дууссанаар тооцох алданги үндсэн үнийн дүн, түүний хүүгийн 0.5% буюу төлбөл зохих 45 хоногт 6.120.000 төгрөг буюу нийт 33.320.000 төгрөг болсон байна. Иймээс дээрхи тооцоолол гаргасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, түүний алданги  33.320.000 төгрөгийг, зээлийн гэрээний 3,6 дах заалтын дагуу өмгөөлөгчийн ажлын хөлс 500.000 төгрөг буюу нийт 33.820.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Уранчимэгийн  нөхөр Б  нь тухайн үед бэлэн мөнгө өгөөгүй гэж тайлбарлаад байгаа боловч өмнөх мөнгө нь төлөгдөөд дууссан гэсэн. Тэгэхээр өмнөх зээлийн үлдэгдэлийг төлсөн гэх үндэслэлгүй болж байна. Банкны хуулга бол нотолгоо болохгүй 35.000.000 төгрөг,  30.000.000 төгрөг гэх боловч аль ч талаас зээлийн гэрээ гарч ирээгүй тул өмнө нь тэдийг өгөөд тэдийг өгсөн юм гэж тодорхойлох боломжгүй гэж үзэж байна. 2016 оны зээлийн гэрээ бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1,  282.2, 282.3 болон 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талуудын чөлөөт байдал зэргийг хангаж байна. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар гэрээ хэлцэл хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б эгчээс 35.000.000 төгрөгийг 3-н хувийн хүүтэй, 2012 онд 35.000.000 төгрөгийг зээлсэн. Би зээлийн эргэн төлөлтийг хийсээр байгаад 47.000.000 төгрөгийн төлсөн байдаг. Би  2016 оноос зээлийн хүүг төлж чадаагүй.

Энэ зээлийн талаар тооцоог нийлж, төлсөн болон үлдэгдэл зээлийн талаар мэдээлэл авах талаар санал тавихад зээлдүүлэгч Д.Баяраа үл зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн энэ зээлийн гэрээг нөхөн хийж, 20.000.000 төгрөг бэлнээр  бэлнээр хүлээн авсан мэтээр баримтын гэрээг нөхөн байгулахдаа үйлдэн надаар гарын үсэг зур гэж шаардан, арга буюу би зээлдүүлэгч Д.Б-гийн шаардсанаар гэрээг байгуулан, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан бөгөөд энэ нь миний аргагүй гачигдсан, зээлдэгчийн хүчинд буюу эрхшээлийн дор үйлдсэн гэрэ, баримт юм.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн гэрээг хийх өдөр хоёр гэрч байсан ба Д.Баяраагийн нөхөр нь би мэдэхгүй , орж гараад байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Үнэхээр тэр өдөр Д.У мөнгө өгсөн бол тэр хүн хэлнэ. Тийм учир 20.000.000 төгрөг өгсөн нь нотлогдохгүй байна. Энэ зээлийн гэрээ нь өмнөх зээлийн халхавч бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хийсэн хэлцэл байна. Өмнөх зээл дууссан бол дууссан талаар нотлох ёстой.  Хэрэв гэрээ хийгээгүй мөнгө зээлсэн бол хүү авах эрхээ алдана. Д.Б-г Д.У-т мөнгө өгсөн талаар Д.Баяраагийн нөхөр нь ч гэрчилж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.У-т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь мөнгийг хүлээж аваагүй гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Зохигчид 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 12 сарын  хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тус тус тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч зээлийг хүлээж аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэхүү татгалзал нь баримтаар нотлогдсонгүй.

 

Зээлийн гэрээнүүдийг нотариатч баталсан байгаагаас үзвэл Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан хэлцлийг гэрчлэхээс татгалзах нөхцөл байдал илрээгүй гэж үзэх үндэслэлтэйн дээр талууд гэрээнээс үүдэн гарах үр дагавар, хариуцлагыг ойлгосны улмаас 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд “бэлнээр 20.000.000 төгрөг хүлээж авлаа Д.Уранчимэг, 20.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэж өглөө Д.Б” гэж бичиж, талууд гарын үсэг зурж баталгаажуулж, нотариатын тэмдэг дарсан байх тул мөнгө аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй байна.

 

Гэрч Н.Б “...Урьд мөнгөний үлдэгдэл дээр гэрээ байгуулсан, мөнгө шилжээгүй” гэх атлаа өмнөх зээлүүд төлөгдсөн гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн, түүнчлэн хариуцагч Д.Уранчимэгтэй нэгдмэл сонирхолтой тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтыг хэмжээнд үнэлээгүй болно.

 

Хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ тайлбараас өөр байдлаар нотлоогүй тул шүүх түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Баярааг зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүргийг Д.Уранчимэгээс шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Зээлийн гэрээгээр хүү, алданги тооцохоор тохиролцсон ба гэрээг бичгээр байгуулсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний хугацаан дахь хүүг алдангийн хамт шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь зээл, зээлийн хүү төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тэрээр үндсэн зээлд 20.000.000 төгрөг, гэрээний хугацаан дахь зээлийн хүүд 7.200.000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 6.120.000 төгрөгийн алдангийг 45 хоногоор тооцож гаргахдаа үндсэн зээл, хүүгийн дүнгээс тооцсон хуулийн дээрхи зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Үндсэн зээлийн дүн 20.000.000 төгрөгийн 0.5 хувиар тооцоход нэг хоногийн алданги 100.000 төгрөгийг 45 хоногийн 4.500.000 төгрөгийн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан зайлшгүй гарах зардалд өмгөөллийн хөлс хамаарахгүй байх тул өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иймд Д.Уранчимэгээс 31.700.000 төгрөгийг гаргуулж, Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.У-ээс 31.700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.120.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс 316.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баяраад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР