Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1629

 

 

 

 

 

        2017          07            19

            1629

 

 

Д.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01682 дугаар шийдвэртэй Д.Баяраагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Уранчимэгт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 820 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Баяраа нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Уранчимэгтэй харилцан тохиролцон Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг удирдлага болгон зээлийн гэрээ байгуулан, 20 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч талаас үндсэн зээлийн хүүг огт төлөөгүй, зээлийн хугацаа 45 хоногийн өмнө дууссан. Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү сарын 3% ба 12 сарын хүү 7 200 000 төгрөг, алданги 0.5% буюу төлбөл зохих 45 хоног 6 120 000 төгрөг, нийт 33 320 000 төгрөг болсон байна. Иймд хариуцагчаас 33 320 000 төгрөг, зээлийн гэрээний 3.6 дахь заалтын дагуу өмгөөлөгчийн ажлын хөлс 500 000 төгрөг, нийт 33 820 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Уранчимэгийн тайлбарт: Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баяраа эгчээс 35 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 2012 онд 35 000 000 төгрөгийг зээлсэн. Би зээлийн эргэн төлөлтийг хийсээр байгаад 47 000 000 төгрөг төлсөн. Би 2016 оноос зээлийн хүүг төлж чадаагүй. Энэ зээлийн талаар тооцоог нийлж, төлсөн болон үлдэгдэл зээлийн талаар мэдээлэл авах талаар санал тавихад зээлдүүлэгч Д.Баяраа үл зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг нөхөн хийж, 20 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан мэтээр баримтын гэрээг нөхөн байгуулж, гарын үсэг зур гэж шаардсанаар мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан бөгөөд энэ нь миний аргагүй гачигдсан, зээлдэгчийн хүчинд буюу бэрхшээлийн дор үйлдсэн гэрээ баримт. Тухайн гэрээг байгуулах өдөр хоёр гэрч байсан ба Д.Баяраагийн нөхөр нь би мэдэхгүй, орж гараад байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Үнэхээр тэр өдөр Д.Уранчимэг мөнгө өгсөн бол тэр хүн хэлнэ. Тийм учир 20 000 000 төгрөг өгсөн нь нотлогдохгүй байна. Энэ зээлийн гэрээ нь өмнөх зээлийн халхавч бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хийсэн хэлцэл байна. Өмнөх зээл дууссан бол дууссан талаар нотлох ёстой. Хэрэв гэрээ хийгээгүй мөнгө зээлсэн бол хүү авах эрхээ алдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Уранчимэгээс 31 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баяраад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 120 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн  60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 327 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уранчимэгээс 316 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баяраад олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч тал "10 сая төгрөг зээлээч гэж гуйхаар нь үхрээ зараад 20 сая төгрөг өгсөн" гэж хэлснийг юу гэж ойлгох вэ? Хаана байсан хэдэн үхрийг зээл өгөхийн тулд хэдэн төгрөгөөр зарсан бэ? гэдэг нь Иргэний Хуулийн 282.4 дэх заалтад заагдсан үйлдлийг тодорхойлоход шаардлагатай байсан. Маргааны зүйл нь халхавчилж хийсэн хүүний 20 000 000 төгрөгийн гэрээ ба өмнөх өгсөн авалгын тооцоо байсан. Тийм учир шүүх хурал дээр нэхэмжлэгч тал дансны хуулгаас 98 000 000 төгрөгийн тооцоо гаргаад хариуцагч тал 120 000 000 төгрөг төлсөн тооцоог шүүх гаргаж мэттэлцсэн. Гэтэл шүүх маргааны үндсэн мэтгэлцээн болох зээлийн талаар үндэслэх хэсэгтээ нэг ч үг дурдаагүй байгаа нь 2011 оны гэрээний үргэлжлэл мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Хариуцагч тал шүүх хурал дээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрхсэн талаар шийдвэрт огт дурдаагүй байна. Зүй нь хүлээн авахаас татгалзаж захирамж гаргах эсхүл шийдвэрийн тогтоох хэсэгтээ заах ёстой. Нэхэмжлэгч, хариуцагч нарын нөхрүүдийг шүүх гэрчээр асуусан ба шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль сануулж асуусан гэрч Цэрэвсамбуугийн талаар дурдаагүй, харин гэрч Баасанжавыг болохоор нэгдмэл сонирхолтой учир үнэлэхгүй гэсэн байна. Гэрч худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх учир үнэлж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт ИХШХШТХ-д байхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Баяраа хариуцагч Д.Уранчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 820 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Уранчимэг нь нэхэмжлэгч Д.Баяраагаас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан байх ба зээлийн гэрээнд хариуцагч нь “2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг хүлээн авав” гэж, нэхэмжлэгч нь “2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг хүлээлгэж өгөв” гэж тус тус тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн “2011, 2012 онд Д.Баяраагаас зээлдэн авсан 65 000 000 төгрөгийн дутуу төлөлт 20 000 000 төгрөгт нөхөж зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр мөнгө хүлээн аваагүй” гэх тайлбараа бичгийн баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт гэрч Н.Баасанжавын “... өмнө нь зээлж авсан мөнгөний үлдэгдэлд зээлийн гэрээ байгуулсан ба гэрээгээр мөнгө шилжүүлээгүй” гэх, гэрч Г.Цэрэвсамбуугийн “...мөнгө өгч авсныг мэдэхгүй, гэхдээ нотариат руу хамт орж гэрээнд гарын үсэг зурсан” гэх, гэрч Д.Даваачулууны “...өмнө нь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийн хэмжээнд нотариат орж гэрээ байгуулсан” гэх гэрчүүдийн мэдүүлэг нь талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээг үгүйсгэх хэмжээний баримт болж чадахгүй тул  2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсаны дагуу түүний эрхшээлд автаж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхын зэрэгцээ шүүхэд зээлийн гэрээг баталсан нотариатчийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаагүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас үндсэн зээлд 20 000 000 төгрөг, хүүд 7 200 000 төгрөг, алдангид 4 500 000 төгрөг, нийт 31 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

   Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Баяраагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Уранчимэгт холбогдох 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 450 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

                                             

 

    

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.ЭНХТӨР

 

                                        ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                                                                А.МӨНХЗУЛ