Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 182/2016/00279/И |
Дугаар | 181/ШШ2017/01042 |
Огноо | 2017-04-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2017/01042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: г.г ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.К ХХК-д холбогдох
7.571.609 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.г.га, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
тодорхойлох нь :
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ Т.К ХХК-тай байгуулж, урьдчилгаа төлбөр 30 хувийг төлсөн. Нийт 48.36 метр квадрат талбайг 50.785.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний 2.2 дах хэсэгт захиалагч тал гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг банкны зээлээр төлнө гэж заасан. Банкны зээлээр төлөхдөө Т.К ХХК барилгыг ашиглалтад оруулж орон сууцны гэрчилгээ ордер гарсан тохиолдолд төлнө гэж заасан. Тэлсэн констракшн ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, 2-3 жил хугацаа хожимдуулсан. Орон сууц нь өөрөө шаардлага хангахгүй, обой нь хууларсан, өвөлдөө хүйтэн бага насны хүүхэд байнга ханиад хүрч, нэмэлт паар тавьснаас болж дулааны төлбөр их гарах асуудал үүссэн тул нэхэмжлэл гаргасан. Т.К ХХК-иас нэг өдрийн алданги 15.023 төгрөгөөр бодож нийт 403 хоногийн алданги нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хугацаа хэтэрсэн алданги нэхэмжилж байна. Гэрээний талууд үүргээ дуусгавар болгосон, энэ нь хэргийн материалын 58 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа. Гэрээ байгуулсан талууд гэрээг дуусгавар болгодог, сунгадаг үргэлжлүүлдэг. Гэтэл хоёр тал гэрээг дүгнээд дуусгавар болгосон. Гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Нэмж хэлэхэд ёс зүйн талаасаа ийм байж болохгүй. Гэрээг дүгнээд манай талаас ийм байна, танай талаас ийм байна гэж ярилцсан атлаа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй. Гэрээгээ талууд нэгэнт дүгнээд дуусгавар болгосон. Хавтаст хэргийн 57 хуудсанд нэхэмжлэгч шүүхэд ажиллаж байсан талаар баримт байгаа. Тухайн үед манайх гэрээ байгуулахдаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Учир нь Г.г.га нь Багахангай, Налайх дүүргийн шүүхэд нарийн бичгийн даргаар ажилладаг байсан тул бид хөнгөлөлт үзүүлсэн. Ёс зүйн талаас ийм байж болохгүй гэдгийг нотлохын тулд бид үүнийг ярьж байгаа юм. Бид зөрүү алданги нэхэмжлээд, сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой. Г.г.гын төлбөр төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бид Г.г.гыг төлбөр төлсөн гэдэгтээ маргахгүй. Ипотекийн зээл буюу банкны зээлээр төлөх байсан гэж тайлбарлаж байна. Банкны зээлээр төлнө гэдгийг зөвшөөрч байна. Банкны зээл гэдгийг ипотекийн зээл гэж ойлгохгүй, банкны зээлээр, цалингийн зээлээр ямар ч зээлээр төлөх боломжтой. Байрны доголдлын талаар ярьж байна. Энэ нь хэрэгт хамааралгүй асуудал юм гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.г.га хариуцагч Т.К ХХК-д холбогдуулан 7.571.609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.К ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн тул уг гэрээнээс шаардах эрх үүсэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 0103 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Налайх хорооллын 6 байр, 1 дүгээр орц, 3 давхар, 10 тоот 48.36 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 0103 тоот гэрээний 2.1-т заасан 15.023.034 төгрөгийг гэрээ байгуулах өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23.055 төгрөг, нийт 15.023.055 төгрөг шилжүүлсэн ба гэрээний 1.5-д заасан хугацаанд орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад өгөөгүй тул 15.023.034 төгрөгийн 50 хувиар тооцож 7.571.609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч тал 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөг төлсөн үйл баримт дээр маргаагүй тул баримтаар нотлох шаардлагагүй гэж үзлээ. Мөн ХХ-ийн 4, 5 дах талд авагдсан мөнгө төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д Гүйцэтгэгч тал 2014 оны 2 дугаар улиралд захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заажээ.
Хариуцагч нь Шинэ Налайх хорооллыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад орсон болох нь талуудын тайлбар, 0103 тоот гэрээг дүгнэсэн актаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Анзын гэрээг бичгээр байгуулна, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т Гүйцэтгэгч тал нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацааг 45 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0103 тоот гэрээг дүгнэснээс актын 1-т Гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хугацаа хоцруулсан алданги 16.440.185 төгрөг, 2-т ...Гэрээний 5.5-д заасан ам долларын ханштай холбоотой 1 м.кв зөрүү 6.692.779 төгрөг гэж тус тус заасан ба гүйцэтгэгч тал нь энэхүү актын 1, 2-т заасан алдангиудаас Захиалагч талыг чөлөөлсөн тул гэрээний талаар өөр ямар нэгэн хугацааны алданги, ам долларын ханшийн зөрүү, талбайн зөрүү зэрэг зөрчил маргаан аль нэг талд байхгүй болно гэж тооцоо нийлж түлхүүр гардуулж өгчээ.
Дээрхи тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах боломжгүй ба хариуцагч нь гэрээний 2.2-т зааснаар 80 хувийн гүйцэтгэлтэй болохыг танилцуулаагүй атлаа ямар хугацаанаас хэрхэн тооцсон нь тодорхой бус 16.440.185 төгрөгийн алданги, 6.692.779 төгрөгийн ам долларын үнийн зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 80 хувийн гүйцэтгэлтэй болохыг г.гад танилцуулаагүй гэж, нэхэмжлэгч тал 80 хувийн гүйцэтгэлтэй талаар надад танилцуулж мэдэгдээгүй гэх тайлбараас үзэхээр нэхэмжлэгч нь төлбөр төлөх хуваарь зөрчөөгүй ба хариуцагч алданги үнийн зөрүү тооцсон нь хуульд нийцэхгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д Орон сууц 2014 оны нэгээс хоёрдугаар улиралд ашиглалтад орно гэж заасан уг хугацаанаас хойш алдангийг урьдчилгаа төлбөр 15.023.034 төгрөгөөс тооцож, хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 15.023.034 төгрөгийн 0.1 хувь нь 15.023 төгрөг болж байгаа бөгөөд 2014 оны 2 дугаар улирал буюу 2014 оны 6 сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу түлхүүр гардуулсан өдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 573 хоногоор тооцоход 8.608.179 төгрөг болж байгаа бөгөөд 15.023.034 төгрөгийн 50 хувь буюу 7.511.517 төгрөгийг хариуцагч Т.К ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.092 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ :
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.К ХХК-иас 7.511.571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.г.гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.092 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 угаар 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.г.гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136.096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.К ХХК-иас 135.135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.г.гад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.