Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т Б” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Б.А

Нэхэмжлэгч “Т Б” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, “Т Б” ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0015 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2021/0235/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т Б” ХХК-иас  “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, “Т Б” ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0015 дугаар шийдвэрээр: “Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1, Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус баримтлан “Т Б” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, “Т Б” ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “

3.1. “...537 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд...Эрчим хүчний зохицуулах хороо манай компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг “хангалтгүй” үнэлгээгээр дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн...нөхцөл шаардлагыг биелүүлэхийн тулд олон ажлууд дэс дараалалтайгаар хийгдсэн байхад “нөхцөл шаардлагыг биелүүлсэн гэдгийг нотлохгүй байна” гэж дүгнэсэн. Мөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд авсан техникийн нөхцөл 5 хуудас нотлох баримтыг буруу үнэлсэн, хүндэтгэн үзэх шалтгаан байхад нэхэмжлэгчийг буруутгасан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй...”,

3.2. “...487 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд...шүүх нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн болох нь ...тогтоогдож байх бөгөөд тус тогтоол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий 487 дугаар тогтоол гарган тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь... Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”

3.3. “...526 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд...анхан шатны шүүх манай компанид олгосон Эрчим хүчний барилга байгууламж...салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн хугацааг буруу дүгнэсэн. Хариуцагчаас 487 болон 526 дугаар тогтоол гарах хуралд нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хийсэн, ...сонсох ажиллагаа хийгээгүй, тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс тухайн асууудлаар тайлбар, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн...”,

3.4. “...Т Б” ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

            2. Нэхэмжлэгч “Т Б” ХХК-аас “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, “Т Б” ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Т Б” ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж /50МВт-ын цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар олгосныг үндэслэн 20/2015 дугаар гэрчилгээ олгож, тусгай зөвшөөрлийн 8 нөхцөл шаардлагыг баталсан байна.

            2.2. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар гаргасан байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалаар сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна.

            2.3. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана”, 22.3-т “Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана” гэж тус тус заасан байна.

            2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4.1 дэх хэсгийн “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах” гэснийг 10%-иар, 4.2 дахь хэсгийн “Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах” гэснийг 50%-иар, 4.3 дахь хэсгийн “зураг төсөл хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх” гэснийг 0%-иар, 4.4 дэх хэсгийн “тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг каасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн санхүүжилтийн талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх” гэснийг 80%-иар, 4.5 дахь хэсгийн “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх” гэснийг 20%-иар, 4.6 дахь хэсгийн “төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 6 сарын дотор ирүүлсэн байх” гэснийг 20% хувиар тус тус үнэлж, нийт биелэлт 30 хувьтай үнэлэгдэж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн байна.

            2.5. Харин ажлын хэсэг “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын ...-д заасан Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах, барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах, барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх, Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх, төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 6 сарын дотор ирүүлсэн байх гэсэн шаардлагуудын тухайд ... гэж үнэлснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

2.6. Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.7-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах, 4.8-д “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт  хийх дүрэм /БНбД 11-04-09/-ийг мөрдөж ажиллах мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийн барилга угсралтын ажилд хийсэн үзлэг, шалгалтын үр дүнд өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах” гэж заасан нөхцөл шаардлагуудыг биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс энэ талаарх үндэслэлийг үгүйсгэх баримт нотолгоог гаргаж маргаагүй байх тул  нэхэмжлэгчийн “... анх тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.7, 4.8-д заасныг ажлын хэсэг үнэлээгүй гэж маргасан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

2.7. Иймээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 537 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Т Б ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “хангалтгүй” гэж дүгнэснийг буруу гэж үзэх боломжгүй, уг шийдвэр Эрчим хүчний тухай хуулийн Эрчим хүчний тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн шийдвэр байна.

2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөл авснаас хойш цахилгаан үйлдвэрлэх тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “О” ХХК- иар хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар батлуулах, шинэчилсэн Техник эдийн засгийн үнэлгээний дагуу салхин сэнсний газрын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцож, 1760 га газрыг авах, Төвийн бүсийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагааны үеийн горимын тооцоог Эрдэм шинжилгээ судалгааны эрчим төвөөр хийлгэн, дүгнэлт гаргуулж, диспетчерийн үндэсний төв ХХК-ийн зөвшөөрлийг авах, БНХАУ-ын Hydrochino Corporation -тэй “Зураг төсөл ханган нийлүүлэлт, барилга угсралтын гэрээ” (ЕРС)-г байгуулах, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох Техникийн нөхцөл-ийг жилийн хугацаатай авах, Диспетчерийн үндэсний төв ХХК - тай Эрчим хүчний яамнаас олгосон эрхийн дагуу СЭХ-2017/12 дугаартай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ (РРА), хөрөнгө оруулалтын сан ТВР International Group Inc-тай Хөрөнгө оруулалтын гэрээ, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮТ-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг ажлуудыг хийж, тасралтгүй ажиллан, гэрээний урьдчилгаа, төлбөр, ажлын хөлс, цалин , татвар зэрэгт нийт 1.5 сая ам.долларыг зарцуулсан” гэж тайлбарлан холбогдох баримтыг хэрэгт гаргасан, хэрэгт хавсаргагдсан байх боловч эдгээр тайлбар, баримтуудаар нэгэнт тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлийг няцаах хууль зүйн боломжгүй байна.

2.9. Түүнчлэн Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4.7 дахь хэсэгт “Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах” гэж заасан шаардлага хангагдаагүй буюу барилга угсралтын ил далд ажлын акт, бичиг баримт батлагдаагүйтэй нэхэмжлэгч маргаагүй байх тул Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсэг уг шаардлагад оноо өгөөгүйг, мөн 4.8 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийн барилга угсралтын ажилд хийсэн үзлэг, шалгалтын үр дүнд өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч барилга байгууламжийн угсралтын ажил огт эхлээгүйтэй мөн маргаагүй байх тул ажлын хэсэг эдгээр шаардлагууд биелэгдээгүй гэж үзсэн нь буруу биш байна. 

            2.10. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийг 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах нөцөл боломжгүй болсон” гэж үзэж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй хариуцагчийн тус шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

2.11. Учир нь, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж тодорхой заасан, шүүх уг хуулийн зохицуулалтыг үндэслэсэн хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх боломжгүй.

2.12. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолоор “Т Б” ХХК-ийн Эрчим хүчний барилга барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Тусгай зөвшөөрөл олгогч дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно”, 24.3.1-т “Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэж заасантай нийцсэн байна.

Учир нь, нэхэмжлэгч “Т Б” ХХК-д Эрчим хүчний барилга барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрөл 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар олгогдсон, уг хугацаа 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна.

2.13. Ийнхүү нэгэнт хуулиар тогтоосон журмын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 8-н үзүүлэлтээр тогтоосон, нэхэмжлэгч уг нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байх боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр уг нөхцөл шаардлага хангалтгүй биелэгдсэн гэж дүгнэгдсэнийг шүүх буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, улмаар хуульд заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн байх” нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэсгүй тул тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэгэнт хугацаатай эзэмшсэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй нь хариуцагчаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй, тусгай зөвшөөрөл олгогч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.14. Түүнчлэн эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсэг нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага биелэгдсэн эсэхэд тогтоосон нөхцөл шаардлага тус бүрээр оноо өгч дүгнэсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл хуульд нийцсэн, үндэслэл бүхий талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

2.15. Хэрэгт авагдсан Эрчим хүчний Сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр “эрчим хүчний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэх сунгах, хугацаа дууссан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар тусгагдаагүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв  дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4.7, 4.8 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлага огт биелэгдээгүй талаарх хариуцагчийн тайлбар дүгнэлтийг баримтаар үгүйсгэж маргаагүй, мөн хариуцагчаас тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага тус бүрээр оноо өгч үнэлсэн нь буруу биш, зарим нөхцөл шаардлага биелэгдсэн нь огт биелэгдээгүй нөхцөл шаардлагыг биелэгдсэн гэх үндэслэл болохгүй, нэгэнт тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага биелэгдсэн эсэхээс хамаарч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой байхаар хуульчилсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар хариуцагчид олгогдсон, уг шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийг оролцуулснаар нөхцөл байдал өөрчлөгдөх байсан гэж үзэх үндэсгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон ... зарим шаардлагын 4.7-д заасныг буруу үнэлсэн ... техникийн нөхцөл авсан талаар баримт авагдсан ... 4.8-д ... заасан албан шаардлага авч байгаагүй байхад нөхцөл шаардлага биелүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй гэж шүүх буруу дүгнэсэн ... шүүх Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 заалтыг буруу хэрэглэсэн ... оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ