Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00345

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01931 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2236 дугаар магадлалтай,

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдох,

тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус байгууллагад 2003 онд номын санчаар ажилд ороод ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Хамт олны саналаар байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа болно. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тооллогын комисст томилогдоод ажиллаж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн Нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого явагдаж байх үед цайны цаг /13:00-14:00/ болж манай байгууллагын хоёр ахмад настан хоол цайтай ирнэ гэсэн болохоор цайндаа оролгүй ажлаа хийж байсан. 14 цаг 30 минутын орчимд өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар 3 кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн. Хоолны дараа цүнхнээсээ архиа гарган задалж, ойр зуур ярилцангаа тэнд байсан бүх хүнд хундагалан өгснөөс амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн. Ахмад хүн юм өгөөд байхад гээд байсан. Тэнд байсан 10 хүнээс Э.Энхбаатар, Д.Энхтуяа, н.Тайванжаргал нар ажлаас халагдаж, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн бид гурав   гурван сар цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл авч, Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэнд гомдолтой байсан.  Манай байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул би 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандахад 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12 тоот зөвлөмжөөр шүүхэд ханд гэсэн. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэл гаргасны дараа ажил олгогч нь 2018 оны 6 дугаар сарын 5-ний өдөр Б/37 дугаар тушаалаар гаргаж, ажлаас халсан байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сан шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Ц- албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тэрээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цахим сүлжээнд Номын сангаа аваръя групп байгуулж, байгууллагын бүх номын санчдыг оруулж үүнийхээ дараа оройн 18 цаг 06 минутад Д.Индра миний нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон, 5 дугаар сарын 25-ны өдөр ажилчдын нэгдсэн дотоод цахим сүлжээнд нийт ажиллагсдыг өдөөн турхирсан зүйл бичиж оруулсан тул 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасан. Ирсэн гомдлын дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоог шалгалтаар очиход Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц-, О.Долгорсүрэн, Э.Энхбаатар, номын сангаас тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байдалтай байсан. Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой танилцаж, гэрч болсон ажилчдыг дуудаж тайлбар бичүүлж авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01931 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-г Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,570,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 347,440 төгрөгийн шаардлага болон 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүүтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц-гийн болон хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 56,083 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2236 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01931 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Игэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.24-ны 181/ШШ2018/01931 тоот шүүхийн шийдвэр, 2018.11.02-ны өдрийн 2236 тоот Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцаад хоёр шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байгааг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцолгүйгээр албан тушаал буулган ажлын байр нь өөр, цалин хөлс нь бууруулан ажилд томилсон. Нэхэмжлэгч хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ хүлээн зөвшөөрсөн бол хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулан ажиллах байсан тэгээгүй. Хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж байсан болно.Хөдөлмөрийн тухай хуульд харилцан тохиролцоод шилжүүлэх 3 тохиолдол байх бөгөөд үүнд ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлэн ажиллуулах гэдэгт гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэсэн болохоос ажилтантай харилцан тохиролцоод гээгүй, нэхэмжлэгчийн тохиолдолд зайлшгүй шаардлага гараагүй,үүнийгээ хариуцагч нотлоогүй болно. Нэхэмжлэгч архи уусан гэх асуудлыг хэзээ ч зөвшөөрдөггүй, тэрээр архи авчраагүй хүний хэлсэн зүйл буюу хоол авчрах гэж байгаа юм байна гэж дамжуулснаас өөр зүйл хийгээгүй. Гэтэл тэнд тийм зүйл болоогүй. Энэхүү явдлыг ажил олгогчоос ирээд шалгасан зүйл байхгүй үүнийг гэрч нар гэрчилсэн. Нэхэмжлэгчид хариуцлага тооцсон эсэх талаар танилцуулсан зүйл байхгүй, асуудлыг авч хэлэлцсэн хурал болоогүй, зөвхөн хариуцагчийн зөрчлийн тэмдэглэл гэдэг дээр л үндэслэсэн байдаг. Учир нь энэ уусан гэх асуудалд тухайн үед нэг хүн биш олон хүн байлцсаных нь төлөө сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм бол яагаад 4-ийг нь үлдээчихвээ л гэж гомдоод байгаа болно. Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн, дотоод хяналт шалгалтын комиссын дарга Ж.Золбоо шалгаад зөрчлийн тодорхойлолт хийгээд уг гарсан зөрчлийг баталгаажуулан авсан юм бол яагаад 2017.05.24-ны өдөр баталсан А/24 тоот тушаал болох Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баримтлаагүй юм бэ? Ижил зөрчилд ижил арга хэмжээ авна. Хамтын гэрээний 8.6-д “ҮЭ-ийн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх аливаа шийдвэр гаргахдаа 1 долоо хоногоос багагүй хугацааны өмнө ҮЭ-ийн хороонд танилцуулж, саналыг тусгаж байх” гэж заасан боловч ҮЭ-ийн хорооноос санал аваагүй. ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ҮЭ-ийн сонгуульт ажилтныг ҮЭ-ийн үйл ажиллагаа явуулсны төлөө хариуцлага ногдуулахгүй, ажлаас халахгүй гэсэн зохицуулалтыг хариуцагч зөрчсөн нь 2018.06.05-ны өдрийн Б/37 тоот ажлаас халах тухай тушаал шийдвэрт хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл ухуулгыг удаа дараа хийсэн тул гэсэн байгаагаас нотлогдож байгаа болно. Үүнийг 2 шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.24-ний 181/ШШ2018/01931 тоот шүүхийн шийдвэр, 2018.11.02-ны өдрийн 2236 тоот Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чандмань-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 24-ны өдрийн 181/ШШ2018/01931 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.02-ны өдрийн 2236 тоот магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн Б/37 тоот Д.Ц-г ажлаас халах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.4.4 дахь заалтыг удирдлага болгосон байна. Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.4.4-т Удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг гурав ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, ажлын байранд ёс зүйн дүрэм зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн эсвэл хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэх сөрөг мэдээлэл, ухуулга хийсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна. Үүнээс харахад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр халсан болох нь тодорхой харагдаж байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ахлах номын санчийн ажиллаж байгаад ажил олгогчтой харилцан тохиролцсоны дагуу Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн албан тушаалд ажиллаж байсан, мөн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгосон. Түүнчлэн Д.Ц- нь ажлаас халагдахдаа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн албан тушаалд ажиллаж байсан байна. Эндээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1-д заасан нөхцөлүүдийг Д.Ц- нь ажил олгогчтой тохиролцсон буюу талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 04-р сарын 25-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүүтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж хүлээн зөвшөөрсөн атал дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн явдал нь ямар ч уялдаа холбоогүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 24-ны өдрийн 181/ШШ2018/01931 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.02-ны өдрийн 2236 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд анх “...сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүйд тооцож, ...шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал 2018 оны 4 дүгээр  сарын 25-ний өдөр Б/22 дугаар тушаал гаргаж, тус номын сангийн харьяа Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Ц-гийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажлын байранд сахилгын зөрчил гаргасан гэжээ.

Түүнчлэн ажил олгогч 2018 оны 6 дугаар сарын 5-ний өдрийн Б/37 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дах заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 5, 31 дүгээр тал/.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн байгууллагад ажиллаж байсан өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар 2018 оны 4 дүгээр сарын 2-ний өдөр ажлын байранд хоол авчирч, улмаар архи задалж, тэнд байсан Д.Ц- нарын нэр бүхий хүмүүст хундагалж өгсөн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. 

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хөдөлмөрийн дотоод журмын 12.1, 12.4.3-т зааснаар ажлын байранд албан үүргээ  гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож, зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэжээ. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлын байранд сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй тул нэхэмжлэлээс “...сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүйд тооцож, ...шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх” тухай шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд заасан боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх шаардлагатай.  

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг “...удирдах дээд албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хамт олны уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл ухуулгыг удаа дараа хийсэн” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь ямар үүрэг даалгавар, шаардлагыг  биелүүлээгүй болох, мөн ямар сөрөг мэдээлэл ухуулга хийснийг хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган  Д.Ц-г номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 2.570.800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг даалгаж,  нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01931 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2236 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чандмань-Эрдэнэ нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.  

2. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ