Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0308/З |
Дугаар | 221/МА2023/0445 |
Огноо | 2023-07-03 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0445
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ж,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 467 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2023/0308/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/903 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендер шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны хурлын “Г” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулсан тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “...Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/903 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендер шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах”, “...2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны хурлын “Г” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулсан тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрыг захиалагч биш гэж үзсэн. Энэ тендерийн хувьд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т заасны дагуу захиалагч мөн, учир нь хуулийн 4.1.-д захиалагчийг ерөнхийлөн тодорхойлон заасан бөгөөд хуулийн 4.1.1-д заасан Төрийн ... хуулийн этгээд гэдэгт Төрийн худалдан авах ажиллагааны газар хамаарахаар байна. Ийм байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр захиалагчийн хууль бус үйлдлийг зөвтгөх шалтгаан болсон.
3.2. Захиалагчийн боловсруулсан Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.6-д заасны дагуу 2020, 2021, 2022 онуудын ижил төстэй ажлын туршлагаа нотлох холбогдох баримтууд ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардсаны дагуу манай компани нь хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллагад автобус нийлүүлж байсан баримтуудаа тендерийн материалдаа хавсарган өгсөн. Гэтэл нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлсэн байх туршлага шаардаж манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй.
3.3. Мөн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.6.2-т тендерт оролцогч нь өөрөө үйлдвэрлэгч биш бол үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хийсэн гэрээ, албан бичиг ирүүлэхийг шаардсан. Үүний дагуу манай компани нь “Хубэй чанли автомашин худалдаа” ХХК-ийн эрх бүхий борлуулагчийн гэрчилгээ, албан бичиг болон автобусны гэрээг тус тус тендерийн баримт бичигтээ явуулсан. Гэтэл анхан шатны шүүх “Хубэй чанли автомашин худалдаа” ХХК нь “Дон Фень” маркын сургуулийн автобус үйлдвэрлэдэг эсэх нь нотлогдохгүй байна” гэж үзсэн. Манай компани нь “Хубэй чанли автомашин худалдаа” ХХК-д БНХАУ-ын төрийн байгууллагаас олгосон аюулгүй ажиллагааны гэрчилгээ, авто ослын үеийн аюулгүй ажиллагааны гэрчилгээ, авто ослын үеийн аюулгүй ажиллагааны тест зэрэг баримт бичгийг орчуулгын хамт гарган өгсөн. Өөрөөр хэлбэл уг гэрчилгээнүүдээс “Хубэй чанли автомашин худалдаа” ХХК нь “Дон Фень” маркийн сургуулийн автобус үйлдвэрлэдэг болох нь харагдана. Эдгээр гэрчилгээнүүд БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагаас зөвхөн үйлдвэрлэгчид олгодог гэрчилгээнүүд юм. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн.
3.4. Тендерт оролцогчид тавигдах шаардлага нь техникийн тодорхойлолт биш. Техникийн тодорхойлолт гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.19-д заасны дагуу тухайн худалдан авах гэж байгаа барааны техникийн үзүүлэлт, технологийн шаардлагыг хэлж байгаа. Гэтэл хариуцагчийн техникийн тодорхойлолт гэж үзээд байгаа 2/4110 тоот бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн “... техникийн тодорхойлолт” гэх хүснэгтэд тендерт оролцогчдод тавигдах шаардлагыг бичсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/903 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендер шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны хурлын “Г” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулсан тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
2.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн үндэслэлийг “... Тендерийн шаардлагад нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлсэн байх шаардлага тавьсан болохоос хүлээн авсан байгууллага нь нийтийн тээврийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байх шаардлага тавигдаагүй ... Боловсрол шинжлэх ухааны яам нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер зохион байгуулах байгууллага болон тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ байхгүй. Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжөөс татгалзах эрх хэмжээгүй” гэж тайлбарлан маргасан, харин хариуцагч нараас “Тендерийн материалд ирүүлсэн автобусны танилцуулга, зураг зэргээс харахад тухайн тендерт санал болгосон автобусны үйлдвэрлэгч болон загвар тодорхой бус, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон захиалгын гэрээнээс “Дон фень” загварын автобус нийлүүлэх мэдээлэл байгаа бөгөөд “Хубэй чанли” ХХК-ийн хувьд үйлдвэрлэгч биш нийлүүлэгч байхаар захиалгын гэрээнд заасан байгаа тул үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ тендерт ирүүлсэн материалын хүрээнд хийсэн. ... захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлтэй гэж үзэн хууль тогтоомжид нийцүүлэн зөрчлийг арилгаж, үнэлгээний дүгнэлтийг дахин гаргасан. Хуульд заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга нь үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих эрхтэй ...” гэж эс зөвшөөрч маргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт “Г” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан маргаан бүхий акт болох Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн байх бөгөөд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2.3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар XIII.1.3.13 “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдаж, улмаар мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар Үнэлгээний хорооны нэг гишүүнийг чөлөөлж, өөр гишүүнийг томилсон өөрчлөлт оруулж, 01 дүгээр сарын 19-ний өдөр тендер шалгаруулалтыг зарлан /хх-ийн 44 дэх талд/, 02 дугаар сарын 28-ны өдөр тус тендерийг нээхэд нэг оролцогч (“Г” ХХК) санал ирүүлсэн байна.
2.4. Уг тендерт нэхэмжлэгч “Г” ХХК-иас ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, 03 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаар тайлангаар нэхэмжлэгч компаниас ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснээр[1] “Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн тендерийн тодорхойлолтод заасан нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлсэн эсэх, нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч эсэхийг хянан үзэх” шаардлагатай гэсэн Үнэлгээний хорооны мөн өдрийн 01 дугаартай зөвлөмж гарчээ[2].
2.5. Улмаар Үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дээрх тендерийн үнэлгээ дахин хийх эсэх, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгон шалгаруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр хуралдаж[3], мөн өдрийн №02 дугаартай тайлангаар хорооны гишүүдийн олонхын саналаар “Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх, нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх гэсэн шаардлагуудыг хангаагүй” гэсэн үндэслэлээр “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзаж, шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн байна[4].
2.6. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-1/903 дугаар албан бичгээр “Г” ХХК-д тус компаниас ирүүлсэн тендерийг “Нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх” гэсэн шалгуурыг хангахгүй, “нийлүүлэгч “Хубэй чанли” ХХК нь үйлдвэрлэгч эсэх нь тодорхойгүй, үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч мөн эсэх талаарх мэдээллийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлүүдээр тендерийн “техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй” гэж үзэж татгалзаж байгаа талаар мэдэгдсэн байна.[5]
2.7. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу Монгол Улсын Сангийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1331 дүгээр албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэж, мөн 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 дугаар албан бичгээр “Г” ХХК-аас гаргасан гомдлыг хянан захиалагчийн татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй бөгөөд захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгож буйг мэдэгдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
2.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана:”, 45 дугаар зүйлийн 45.4-т “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 45.5-д заасан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.”, 53 дугаар зүйлийн 53.5-д “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан захиалагчийн эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 53.5.1-д “худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;” гэж тус тус хуульчилсан.
2.9. Мөн XIII.1.3.13 “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах баримт бичгийн II бүлэг. “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн В/Тендер бэлтгэх хэсгийн ТШЗ 18.6-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагад “... 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн байх, бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх, ижил төстэй ажилд санал болгосон тээврийн хэрэгсэл болон түүнтэй дүйцэхүйц тээврийн хэрэгсэл нийлүүлсэн туршлагатай байх шаардлага тавигдсан байх бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус худалдан авахад тавигдах техникийн тодорхойлолтод “Үйлдвэрлэгч нь сургуулийн зориулалтын автобус үйлдвэрлэж байсан туршлагатай байх, нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх, нийлүүлэлтийн туршлагыг борлуулалтын орлого болон НӨАТ-ын баримтаар баталгаажуулсан байх, нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх, зам тээврийн ослын үеийн аюулгүй байдлыг хангах тест хийгдсэн, түүнийг гэрчилгээгээр баталгаажуулсан байх” гэсэн шаардлага тавигдсан, яамны уг техникийн тодорхойлолтын шаардлага цахим тендерийн баримтад байсан талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч уг баримт цахим тендерийн шаардлагад байсныг үгүйсгээгүй байна.
Иймээс анхан шатны шүүх эдгээр шаардлагуудтай холбогдуулан тендерийн баримт бичгийн шаардлага гэж үзэх үндэслэлтэй талаар болон хариуцагчаас нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ирүүлсэн тендер уг шаардлагуудад нийцээгүй” гэж үзсэн нь зөв эсэх хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.
2.10. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд, Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг нээсний дараа тендерт оролцогч нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага буюу ерөнхий болон санхүү, техникийн чадавхи, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичиг болон хуульд заасан үзүүлэлт тус бүрээр хянан үзэж, захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах эрхтэй, хариуцагчаас нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тендерийг “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталсан “2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус худалдан авахад тавигдах техникийн тодорхойлолт”-д заасан “Нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх”, “Нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх” гэсэн шалгуурыг хангаагүй гэж татгалзаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл хууль зүйн үндэслэлтэй.
2.11. Тухайлбал, анхан шатны шүүх “... “БНХАУ-ын Хубэй Чанли автомашины худалдаа ХХК-ийн тамга тэмдэгтэй, англи хэлнээс орчуулсан баримтад дээр дурдсанчлан автобуснаас гадна олон төрлийн машиныг бүгдийг нь үйлдвэрлэдэг гэх агуулга харагдахгүй, зөвхөн БНХАУ-д үйлдвэрлэсэн нэр төрөл бүхий авто машиныг Монгол Улсын зах зээлд борлуулах албан ёсны итгэмжлэгдсэн борлуулагчаар томилсон байна, үүгээрээ сургуулийн сурагчдад зориулсан автобусны каталог, фото зураг дахь “Дон фэнь” маркийн сургуулийн автобусыг үйлдвэрлэдэг гэх баримт нотлогдохгүй, хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь зөв, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.12. Иймээс нэхэмжлэгч “Г” ХХК-д автомашин нийлүүлдэг “Хубэй Чанли автомашины худалдаа” ХХК-ийг үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хэргийн нотлох баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн гэж үзнэ.
2.13. Түүнчлэн дээрх хятад хэлнээс орчуулсан баримтад тус компани Монгол улсын “Г” ХХК-д 20 ширхэг сургуулийн автобус нийлүүлэх бөгөөд гэрээний дагуу 2023 онд 1 ширхэг, үлдсэн 19 ширхэг автобусыг 2024 онд нийлүүлэх нь үнэн болно” гэсэн байр боловч энэ нь “Нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх” гэсэн шалгуурыг хангахгүй байна.
2.14. Мөн хариуцагчаас “Г” ХХК-ийн тендерээс татгалзсан дараагийн үндэслэл болох “Нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх” гэсэн шалгуурыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2.15. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин ... хэрэгслийг”, 3.1.2-т “зорчигч гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг, үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт ...”, 3.1.11-д “... эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.1.9-д “автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх”, 6.1.10-т “улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах” гэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах”, 4.1.5-д-д “энэхүү дүрмийн 4.1.4-т заасан үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл нийтийн тээврээр зорчигч тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ байна.
2.16. Иймд нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай эсэх тухайд Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас эрх олгогдсон, холбогдох гэрээ байгуулсны үндсэн дээр уг үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдийг нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “... Улаанбаатар хотод хувиараа нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК, “К” ХХК-уудад бага, дунд, том оврын автобус гэрээгээр нийлүүлсэн байхад “тээврийн салбарт автобус нийлүүлээгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
2.17. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамнаас “... “К” ХХК, “А” ХХК нарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /www.opendata.burtgel.gov.mn/-ээс хянан үзэхэд ... мэдэээлэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх талаар бүртгэгдээгүй байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү дүгнэлт, үндэслэлийг няцаах баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ж-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ